2020
Судар судлах олон арга бий
2020 оны 10-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Судар судлах олон арга бий

Унших дургүй байсан ч судар судлах олон арга бий.

Би Хүүхдийн хэсгийн төгөлдөр хуурчийн дуудлагадаа дуртай. Хэдэн долоо хоногийн өмнө хүүхдүүд нэг дуу давтаж байлаа. Тэднийг ийн дуулж байхад би Сүнсийг мэдэрсэн.

Залбирч, эргэцүүлж,

Эрэлхийлэн хайх ёстой.

Сүнсний тусламжаар би

Ариун судрууд бүгд үнэн болохыг мэднэ.1

Гэвч нэг асуулт толгойд орж ирэв. Дууны эхний бадагт “Ариун судруудыг унших дуртай” гэж гардаг ч хэрэв чи дургүй бол яах вэ”? Нэг бус найз минь юм унших хэцүү байдгаа надад хуваалцсан учраас сүүлийн үед унших тухай сэдэв толгойд минь эргэлдсээр байсан гэж хэлж болно. Тэгээд ч миний мэдэх олон хүн унших дургүй! Ийм хүмүүст судартай утга учиртай холбогдож, “үнэн болохыг нь баталсан гэрчлэлтэй” болох арга зам бий юү?

Мэдээллийг зураг, үг хэллэгээр олон янзаар өгч, хичээлүүдийг давтах үед хүмүүс хамгийн сайн суралцдаг юм шиг санагддаг. Тиймээс би судар судлах аль болох олон арга бодож олохыг хичээв. Энэ жагсаалтад орсон бүх зүйл бошиглогчдын гэрчлэлд маань амин чухал гэж зааж сургасан гүн гүнзгий бөгөөд сайтар тунгаан бодсон судар судлах арга биш бөгөөд зарим нь зүгээр л түргэн, хөгжилтэй санаа хэдий ч санаа өгөхөд хэрэг болж магадгүй гэж бодлоо. Дуунд гарсанчлан “ойлгохын” тулд сайн мэдээг чадах чинээгээрээ судалцгаая!

Судар судлах аргууд

  1. Патриархын адислалд тань давтагддаг үгсийг олж, судраас хай.

  2. Судалж байх явцдаа судлах тэмдэглэлдээ эсвэл Ирээд, Намайг дага гарын авлагын захын зайнд өөрт орж ирсэн бодлоо зур.

  3. Сударт гарсан түүхийн товчилсон загвар гарга.

  4. Хол амьдардаг хамаатан руугаа утсаар ярьж, хамт унш.

  5. Бурханаас асуух зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, унших үедээ хариултуудыг нь хай.

  6. BookofMormonVideos.org эсвэл BibleVideos.org хаяг дээрээс видео бичлэг үз.

  7. Судрын ямар ч бүлэг байсан нээгээд, унш.

  8. Дуулал дуулж, дууны төгсгөлд жагсааж бичсэн судруудыг үз.

  9. Topics.ChurchofJesusChrist.org хаяг руу орж, сонирхсон зүйлээ судал.

  10. Судалж буй сударт тань гардаг түүхийг харуулсан урлагийн бүтээлийг интернэтээс хайж ол.

  11. Зөвхөн номын бүлэг, хэсгийн гарчгийг унш.

  12. Чанга унших үедээ зөөлөн ая сонс.

  13. Судрын бүлэг бүрийн ариун сүмтэй уялдан холбогдож буй аргуудыг хайж ол.

  14. Хэрэв гол төлөв цахим судар судалдаг бол хэвлэмэл судар уншиж үз эсвэл үүнийг эсрэгээр нь хий.

  15. Сударт гардаг дүр зураг, түүхийг будах юм уу зур.

  16. Ямар нэг сэдвийн талаар сүм дээр үг хэлэх даалгавар авсан гэж бодоод, үүндээ зориулж судал.

  17. Судрын дуртай бүлгээ уншсаныхаа дараа өөрийн үгээр дахин бич.

  18. Дуртай эшлэлийнхээ зүүлт тайлбарыг үзээд, тэнд заасан зүүлт тайлбарыг цааш үзэх гэх мэтээр үргэлжлүүл.

  19. Эшлэлүүдийг найзуудтайгаа ээлжлэн чанга уншин, юу уншсан талаараа ярь.

  20. Судруудын удирдамжийг ашиглан, нэг үг эсвэл сэдэв судал.

  21. Ерөнхий чуулганы хэлсэн үгийн төгсгөлд байгаа бүх судрыг хайж судал.

  22. Өдөр бүр хардаг газартаа нэг судар бичиж тавиад, тухайн долоо хоногтоо цээжлэхийг оролд.

  23. Тайтгаруулсан судар бүхий ил захидлыг хүмүүс рүү илгээ.

  24. Gospel Library-аас сонсонгоо судрыг хамт унш.

  25. Мормоны Номыг уншихдаа үйл явдлуудын цаг хугацааны бүдүүвч гарга.

  26. “Судрын найз”-тай болж, өглөө бүр нэг нэгэндээ утсаар судрын шүлэг илгээ.

  27. Мормоны Номын сүүлийн бүлгээс эхлэл хүртэл унш.

  28. Гэрчлэл гардаг судруудыг уншсаны дараа өөрийнхөө гэрчлэлийг бич.

  29. Хэрэв хөгжим тоглодог бол нэг шүлгийн сэтгэл хөдлөлийг шингээсэн дуу бич.

  30. Гэр бүлийнхээ гишүүнээс эсвэл найзаасаа дуртай судрын шүлгийг нь асуу.

  31. Унших үедээ Нифайн хугарсан нум зэрэг сударт гарч буй зүйлсийг зур.

  32. Миний сайн мэдээг номло гарын авлагын гуравдугаар бүлэгт байдаг номлогчийн хичээлүүдийг заахад хэрэглэдэг шүлгүүдийг уншиж, цээжил.

  33. Өмнө нь Библиэс хэзээ ч уншиж байгаагүй номоо унш.

  34. Сударт гардаг баатрын амьдралыг судалж, намтрыг нь бич.

  35. Гэр бүлийн үдшийн эсвэл Сүмийн өөр нэг үйл ажиллагааны хэсэг болгон сударт гардаг нэг түүхийг жүжиглэн тогло.

  36. Дуусгасан бүлэг бүрд хамаарах Сүмийн удирдагчийн хэлсэн үгийг ол.

  37. Мормоны Номын удиртгал эсвэл Библийн толь бичиг зэрэг судар судлахад туслах зүйлсийг унш.

  38. Байгальд гарч, байгальд харагдаж байгаа зүйлс сайн мэдээтэй хэрхэн уялдан хамаарч байгааг тунгаан бодож, сурч мэдсэн зүйлсийнхээ талаарх судрын шүлгийг ол.

Танд өөрийн гэсэн арга бий юү? Найз нөхөдтэйгөө хуваалц!

Эшлэл

  1. “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой,” Хүүхдийн дууны ном, 66.