Үдийн хоолны цагаар ганцаараа
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Калид найз л хэрэгтэй байв.
“Ариун Сүнс намуухан зөөлөн дуу хоолойгоор шивнэж” (Хүүхдийн дууны ном, 148).
Кали үдийн хоолны өрөө рүү ороод, эргэн тойрноо ажиглалаа. Бусад хүүхэд бүгдээрээ найзууд руугаа гүйлдэн очиж, ширээ тойрон цугларч байв. Танхимд баяр хөөртэй дуу хоолой, инээд дүүрч, дуу шуугиан ихтэй байлаа. Сургуульд ороод дөнгөж хоёр дахь өдөр болж байсан ч Калигаас бусад нь бүгд л хамт суух хүнтэй мэт санагдаж байв.
Тэр үдийн хоолны саваа чанга барин, нэг ширээ рүү алхлаа. “Би чамтай сууж болох уу?” гэж Кали асуув.
Сүлжсэн урт, хүрэн үстэй охин дээшээ харлаа. Уцаарлангуй толгойгоо сэгсрэн, “Үгүй ээ. Энэ суудал эзэнтэй” гэж хэлэв.
“За!” гээд, Кали өөр хоосон суудал руу очин, хоолныхоо савыг тавилаа.
“Чи энд сууж болохгүй. Би наана чинь суудал хадгалж байгаа” гэж ногоон судалтай цамцтай хүү хэлэв. Тэр Калигийн хоолны савыг шал руу түлхэн унагахад найзууд нь бүгд инээлдлээ.
Кали тонгойж, хоолны саваа авлаа. Тэр үдийн хоолны өрөөгөөр явж, хоосон ширээнд суув. Хөрш зэргэлдээ амьдардаг хүүхдээ хараад, гараа даллах гэж оролдсон ч тэр нүүрээ буруулчих нь тэр. Кали хөмсгөө зангидав. Яагаад хүмүүс надтай найзлахыг хүсэхгүй байгаа юм бол?
Кали хоол руугаа доош харав. Хоол идэх хүсэл төрөхгүй байлаа. Тэр нүдээ арчин, хоолныхоо савыг хаагаад, гадагшаа гарав.
Бүгдээрээ аль хэдийн найзуудтайгаа тоглож байлаа. Кали сандал дээр ганцаараа суун, бусад хүүхэд түүнгүйгээр зугаатай тоглож байгааг харав. Дараа нь өөрийнх нь насны нэг хүү зүлгэн дээр ганцаараа сууж байгааг тэр ажиглалаа. Тэр толботой шар цамц өмссөн байсан ба үс нь араараа өрвийсөн байв.
Кали харц бурууллаа. Ангийнх нь хэсэг охин черта тоглож байхыг тэр харав. Хамт тоглооч гэж урьдаггүй юм байхдаа гэж бодлоо.
Кали нөгөө хүү рүү дахин харав. Тэр толгойгоо гудайлган, хөлөн доорх зүлгээ зулгааж байлаа. Кали “Ганцаардсан хүүхдүүдийг олоорой” гэж ээжийнхээ хэлсэн үгийг санав.
Кали хөмсгөө зангидав. Би ч бас ганцаардсан байгаа шүү дээ. Хэн ч түүнтэй найзлахыг хүсэхгүй байлаа!
Харин дараа нь Кали өнгөрсөн жил баптисм хүртсэнээ бодов. Тэр Ариун Сүнсийг сонсоно гэж амласан байлаа. Магадгүй Ариун Сүнс түүнд ээжийнх нь захиж хэлсэн үгийг сануулан тусалсан байж болох юм. Ариун Сүнс түүнд шар цамцтай хүүтэй тогло гэж хэлэхийг хичээж байж магад.
Кали санаа алдсаар бослоо. Дотор нь дулаахан мэдрэмж төрлөө. Тэр алхаж очин, зүлгэн дээр сууж байгаа хүүгийн дэргэд суугаад,
“Сайн уу?” гэв.
Тэр хүү “Сайн” хэмээн бувтналаа.
“Чи ямар өнгөнд дуртай вэ?” гэж асуухад,
хүү “Мм, ногоон” гэж хариулав.
“Гоё юм аа. Надад ягаан өнгө таалагддаг” гэж Кали хэлээд, “Чамд дуртай амьтан байдаг уу?” гэж асуулаа.
Хүү цэх суугаад, түүн рүү харав. “Байгаа. Би үлэг гүрвэлд дуртай” гэлээ.
“Би ч гэсэн дуртай. Трисераптор надад хамгийн их таалагддаг” гэж Кали хэлэв.
Нөгөө хүүг инээмсэглэхэд,
хонх дуугарлаа. Кали босоод, гараа даллан баяртай гэж хэлэв. Тэр инээмсэглэсээр анги руугаа эргэж алхлаа. Калид сайн найз байхгүй байж болох ч тэр хэн нэгний завсарлагыг арай дээр болгосондоо баярлаж байв. ●