2020
Тэр намайг дахин хөл дээр минь босгосон
2020 оны 10-р сар


Тэр намайг дахин хөл дээр минь босгосон

Найз маань намайг өвдсөнийг сонсоод, надад тусгайлан зориулж, өөрийн гараар хийсэн эвлүүлдэг тоглоомоо илгээсэн байлаа.

puzzle of a name

Зураг чимэглэлийг Иошуа Дэннис

Би өөрийгөө эрүүл хүн гэж үргэлж боддог байв. Нэг өглөө цээжин дээр минь хүнд зүйлээр дарж, дэлбэрэх гэж байгаа мэт өвдөлт мэдрэн сэрэхдээ би мэл гайхлаа. Намайг эмнэлэгт тэр даруй аваачсан ч хэдэн цаг шинжилгээ хийсний дараа эмч нар өвчнийг тодорхойлж чадсангүй Хэдийгээр тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан ч тэд намайг гэрт минь гаргалаа. Ийн долоон сарын туршид эмчтэй уулзах цаг авах, эмнэлэгт хэвтэх гээд хүнд сорилтууд эхэлсэн ба хамгийн хэцүү нь хүнд өвчин дарагдсангүй.

Би санаа сэтгэлээр унаж эхлэв. Би коллежийн ангиудаа хаяж, эцэг эхтэйгээ дахин хамт амьдрах боллоо. Найзуудтайгаа ч гадуур гарч чадахгүй болов. Би хоббигоо ч хийх чадалгүй өвдөж байлаа. Хүсэл мөрөөдөл, харилцаа холбоо, авьяас чадвар гээд миний хувьд чухал гэсэн бүхэн нурж унан, өмнө нь байсан байдалдаа дахин орох боломжгүй мэт санагдах болов. Би “Тэнгэрлэг Эцэг яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ? Тэр намайг хайрладаггүй юм гэж үү?” хэмээн бодох боллоо.

Дахиад нэг сэтгэлээр унагасан, зовлонтой эмчийн үзлэгийн дараа би өвдгөө тэврэн, уйлахыг л хүсэж байв. Гэртээ ирэнгүүтээ би цонхны тавцан дээр нэгэн сонин зүйл буюу надад хаяглаж, скотчоор ороосон, нэг хуучин, элэгдсэн гутлын хайрцаг байхыг харлаа.

Хайрцган дээрх захидал нь уг илгээмж найзуудын маань нэгнээс ирсэн болохыг илтгэж байв. Тэр намайг өвдсөнийг дуулсан байсан ба сэтгэлийг минь сэргээхийг хүссэн байлаа. Гутлын хайрцгийг нээтэл жижигхэн хөөсөнцрөөр дүүрсэн байхыг би харав. Энэ нь надад тусгайлан зориулж, өөрийн гараар хийсэн эвлүүлдэг тоглоом байлаа.

Эвлүүлдэг тоглоомыг нийлүүлж суунгаа би уйлж эхлэв. Тоглоомыг эвлүүлэхэд миний нэрийг тойруулан хайр, урам зориг өгсөн захиас гарч ирлээ. Найзынхаа бэлгийг эвлүүлэх явцад миний тарж бутарсан хэсгүүд эргэн нийлж байгаа мэт санагдсан.

Удалгүй би өвчний шинж тэмдгийг дардаг эмээ ууж, эмч нарт оношийг маань тогтооход тусалж эхлэв. Надад ховор бөгөөд эмчилгээ авдаг өвчин байгааг тогтоосон ба зөв эмээ уувал би эргэж хэвийн амьдралдаа орж болохоор байлаа.

Бие маань эдгэрсэн ч гэсэн би сурч мэдсэн зүйлээ хэзээ ч мартахгүй гэдгээ мэдэж байсан. Найзынхаа сайхан бэлгийн ачаар намайг хайрладаг юм байна гэдгийг мөн Тэнгэрлэг Эцэг намайг мартаагүй юм байна гэдгийг би мэдсэн билээ. Олон сарын турш сэтгэлээр унасан байсан намайг найзын маань сайхан сэтгэл, Тэнгэр дэх Эцэгийн маань хайр хөл дээр минь босгосон юм.