“Чамд алтан үсэгтэй хөх ном байгаа юу?”
Заримдаа би ном хаясныхаа дараа юуны тухай ном байсан юм бол гэж сониучирхдаг.
Олон жилийн өмнө Нэгдсэн Улсын Тэнгисийн флотод ажиллахаар бэлтгэгдэж байхдаа би цэргийн баазад үйлчилж байсан номлогчдоос алтан үсэгтэй нэг хөх ном авсан юм.
Номыг уншиж эхлэхэд надад нэг хүн уг номыг Библиэс хуулж авсан тул худал ном хэмээн хэлж билээ. Энэ нь намайг уг номын үнэн эсэхэд эргэлзэх болгосон ч би хаясангүй. Би бага зэрэг уншиж байгаад, цүнхнийхээ ёроолд хийгээд мартсан байлаа.
Жил гаруй өнгөрсний дараа би цүнхээ цэвэрлэе гэж бодов. Номыг олсон ч дахин унших хүсэлгүй болсон байсан тул би хаясан юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа би тэр алтан үсэгтэй хөх ном яг юуны тухай өгүүлсэн юм бол гэж сонирхох болов. Тэр мэдрэмж “сайныг үйлдэхэд хөтөлдөг” (Сургаал ба Гэрээ 11:12) Сүнснээс ирсэн гэдгийг би одоо мэднэ.
2005 онд шинэ найз маань намайг номлогчдыг сонсоход урьсан юм. Эхлээд заасан зүйлсийнх нь талаар надад асуух, эргэлзэх зүйл гарч ирж байсан ч номлогчид миний асуултад итгэлтэй хариулсан бөгөөд хариулт нь ойлгомжтой байв.
Тэр номлогчид олон жилийн өмнө тааралдсан номлогчидтой адилхан юм байна гэдгийг ойлгоод, би тэднээс “Та нарт алтан үсэгтэй хөх ном байгаа юу?” гэж би сэтгэл хөдлөн асуулаа.
Тэдний нэг нь “Бидэнд байгаа! Уг номыг Мормоны Ном гэдэг!” гэж хариулав.
Дахиад Мормоны Номтой болсондоо би баярлаж байлаа. Үнэндээ би маш их баярласандаа номоо хоёр ч долоо хоног хүрэхгүй хугацаанд хэд хэдэн удаа уншиж билээ. Уг номыг уншиж, залбирснаар би Бурханыг таньж мэдсэн.
Далын ахлагч Рубэн В.Аллиауд надад тохиолдсон Мормоны Номын туршлагатай холбоотой нэгэн зүйлийг Ерөнхий чуулганы үгэндээ хэлсэн юм. Тэрээр: “[Мормоны Номыг] залбирч чин сэтгэлээсээ судлах хүсэлтэй уншигч бүр Христийн талаар ойлгож мэдэхийн зэрэгцээ Христээс суралцаж эхэлдэг. Ялангуяа “үгийн нөлөөлөх хүчийг сорих[оор]” [Алма 32:5] шийдэж, бусдын уншиж ч байгаагүй зүйлийн талаар хэлсэн үгсэд тулгуурлан урьдчилан үгүйсгэхгүй бол тэд мэдэж авах болно”1 хэмээн хэлсэн.
Мормоны Номыг уншин, залбирч, Сүнсэнд найдсанаар амьдралд минь олон агуу зүйл тохиохыг би харсан.