2020
Миний баптисмын зорилго
2020 оны 10-р сар


Миний баптисмын зорилго

Баптисм хүртэхээсээ өмнө би ганцаараа сууж, найзууд маань гэнэт хүрээд ирээсэй хэмээн залбирч билээ.

man sitting in chapel foyer

Зургийг Жюли Еллөү

Тайпэй хотын захад амьдардаг хүүхдийн хувьд би номлогчдын талаар сонсож байгаагүй юм. Тиймээс би тэдэнтэй анх уулзахдаа захиасыг нь сонирхож байлаа. Би тун удалгүй тэдний зааврыг дагаж, сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болов. Энэ бол Бурхан гэж үнэхээр байдаг эсэхийг олж мэдэх нэг арга зам юм байна гэж надад бодогдсон.

Би баптисм хүртэхээсээ өмнө нэг сарын дотор сайн мэдээ, зарлигуудын талаар заалгасан. Залбирлаар дамжуулан би амар амгаланг мэдэрч, судраас суралцсанаар хувийн илчлэлт хүлээн авсан ба Сүмийн цуглааныг таслаагүй. Би баптисм хүртэхээр шийдэв.

Тухайн үед надад тулгарсан хамгийн том асуудал бол Сүмд хамрагдах болсныг эсэргүүцсэн зарим найз нөхдийн маань харилцаанаас үүдэлтэй байлаа. Би тэр асуудлуудын талаар залбирсан ч харилцаа маань улам бүр муудаж байгаа мэт санагдах болов.

Би найзуудаа баптисмдаа урьсан ч тэд миний урилгыг юмны чинээ тоосонгүй. Би яг юу хийхээ мэдэхгүй байлаа. Баптисмынхаа өмнө би цуглааны байрны үүдний хэсгийн буйдан дээр сууж, найзууд маань гэнэт хүрээд ирээсэй хэмээн залбирч билээ. Тэгвэл би өөрийнхөө амьдралд хийсэн эерэг өөрчлөлтүүдээ тэдэнд хэлж, баптисм хүртэх нь зөв шийдвэр байсныг нотлох байв.

Найзууд маань ирээгүй ч Бурханд зүрх сэтгэлээ уудлахдаа би нэгэн сүнслэг мэдрэмжийг хүлээн авсан юм. Тухайн үед би Тэнгэрлэг Эцэгээсээ асар их хайрыг мэдэрсэн. Тэр миний дэргэд байгааг мөн үнэхээр залбирлыг минь сонссоныг би мэдсэн.

Би эхэндээ амьдралд маань болж өрнөсөн гайхамшигтай зүйлсийн төлөө баптисм хүртэх гэж байсан ч яг тэр мөчид баптисмынхаа зорилгыг ойлгож билээ.

Надад төрсөн сүнслэг мэдрэмж бол Их Эзэн намуухан зөөлнөөр, надад хандан “Чи хэнд ч юу ч нотлох хэрэггүй. Чи зөвхөн Надад ирэхэд бэлэн, Миний сайн мэдээнд амьдралынхаа туршид үнэнч хэвээр үлдэнэ гэдгээ л нотлох хэрэгтэй” гэж хэлж байх шиг байсан.