2020
Номлогч Фанэва
2020 оны 10-р сар


Номлогч Фанэва

Faneva the Missionary

Фанэва цонхоороо гэрийнхээ гаднах олон хүн холхилдох гудамж руу харав. Хүмүүс ногоо, будаа, бүс даавуу, бусад зарах эд бараагаа тэргэнд ачин түрж байгааг харлаа. Машин сигналдах, нохой хуцах дуу сонсогдож байв. Гэнэт түүнд өөр нэгэн дуу чимээ сонсогдлоо.

“Ээж ээ, хэн нэгэн нь хаалга тогшиж байна!” хэмээн Фанэва чанга хэллээ. Ээж нь хаалгаа нээв. Хослол өмсөж, зангиа зүүсэн хоёр залуу үүдэнд зогсож байлаа. Фанэва Мадагасгар дахь амьдардаг газраа ингэж хувцасласан хүнийг өмнө нь харж байсангүй.

Тэдний нэг нь “Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид. Бид хүмүүст Есүсийн талаар заадаг. Бид та нартай захиасаа хуваалцаж болох уу?” гэж хэллээ.

Ээж нь тэднийг дотогш орохыг урихад Фанэва баярлав. Есүс Христийн тухай мөн Түүний Сүм хэрхэн дэлхий дээр дахин байгуулагдсан талаар сонсохоор тэд гэр бүлээрээ цугларлаа.

Тэр өдрөөс хойш номлогчид Фанэвагийн гэрт олон удаа зочилсон. Тэд Мормоны Номын түүхүүд нэртэй номыг авчирсан байлаа. Фанэва уг номоос гэр бүлийнхэнтэйгээ хамт унших ямар дуртай гээч!

Хэзээ нэгэн цагт би номлогч болж, Мормоны Номыг бусадтай хуваалцана хэмээн Фанэва дотроо бодов.

Өөр нэгэн өдөр номлогчид ирэн, Фанэвагийн гэр бүлд хэрхэн залбирахыг заалаа. Фанэва Тэнгэрлэг Эцэгтэйгээ хэзээ ч, хаана ч ярьж болно гэдгээ мэдсэн юм.

Хэзээ нэгэн цагт би номлогч болж, хүмүүст хэрхэн залбирахыг заана гэж Фанэва бодлоо.

Нэг өдөр номлогчид маш чухал асуулт тавив.

“Та Есүс Христийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэх үү?” гэж нэг нь асуулаа.

Фанэва дотроо маш ихээр баярлаж байв. Тэр “Тийм ээ!” гэхэд

ах нь, ээж нь бас “Тийм” гэж хэллээ.

Аав нь харин баптисм хүртэх хараахан бэлэн болоогүй байгаагаа хэлэв. Гэвч тэр гэр бүлийнхнийгээ баптисм хүртэхэд татгалзах зүйлгүй гэж хэлсэн юм. Тэгээд тэд баптисм хүртлээ! Фанэвад Есүсийн талаар заасан номлогчдын нэг нь баптисм хүртээв.

Хэзээ нэгэн цагт би номлогч болж, баптисм хүртэхэд нь хүмүүст тусална даа гэж Фанэва бодлоо.

Сүмийн гишүүн байхын хамгийн сайхан хэсэг бол Хүүхдийн хэсгийн ангид явах явдал байв. Фанэвад үйл ажиллагаанууд болон шинэ найзуудтайгаа уулзах нь таалагддаг байлаа. Гэхдээ Хүүхдийн хэсгийн дуунуудыг дуулах түүнд хамгийн их таалагддаг. Нэг ням гарагт Хүүхдийн хэсгийн ангидаа тэд сайн мэдээг хуваалцах тухай дуу дуулсан юм.

Фанэва “Би одоо л номлогч болмоор байна. Том болохоо би хүлээмээргүй байна” хэмээн дууллаа.

Би номлолын ажлыг одооноос эхлэн хийж болох юм байна. Би хэзээ нэгэн цагт номлогч болохоо хүлээх хэрэггүй юм байна гэдгээ Фанэва ухааран ойлгов.

Тэр үеэс хойш Фанэва сайн мэдээг хуваалцаж болох арга замуудыг эрэлхийлэх болсон юм. Тэр сайн үлгэр жишээ үзүүлэхээр оролдсон. Бас хүмүүсийг сүмд урьсан. Тэр хөршүүддээ тусалдаг боллоо. Хэдэн жилийн дараа Фанэва номлогчдод туслах мөн, хотынхоо хүмүүст заах насанд хүрсэн байв. Дараа нь хэдэн жил өнгөрөхөд, тэр өөрөө номлолд үйлчилж, шинэ хүмүүстэй танилцан, яг түүнд заасан номлогчидтой адил сайн мэдээг хуваалцсан юм. ●