Мартагийн өдөр тутмын үйлчлэл
Энэ ээж, охин хоёр сайн мэдээний дагуу хамтдаа амьдрахын тулд шаргуу ажилладаг. Харин Марта ээждээ өвөрмөц байдлаар үйлчлэх замаар сайн мэдээний дагуу амьдарч чаддаг.
Марта бол 11 настай Португалд амьдардаг охин бөгөөд үеийн охидын адил найзуудтайгаа цагийг өнгөрүүлж, хоол идэж, хүүхэлдэйгээрээ тоглох дуртай. Тэр бас ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх дуртай. Гэхдээ ээжтэйгээ хамт амьдардаг нь Марта бусад хүүхдээс арай өөрөөр амьдардаг гэсэн үг юм.
Мартагийн ээж Соня төрөлхийн булчингийн саажилттай тул явахад хүндрэлтэй байдаг. Тэр бүрэн саажилтгүй ч ийш тийш явахдаа заавал таягтай байх хэрэгтэй. Тэр өөрөө хувцаслаж, усанд орж эсвэл орондоо орж чадахгүй. Энэ нь түүнийг ганцаараа амьдрах боломжгүй болгодог. Марта сүүлийн хэдэн жилийн турш ээждээ өөрийн биеэр хийж чадахгүй зүйлд нь тусалдаг болсон.
Марта “Би явах орон зайг нь чөлөөлж цэвэрлэдэг тул ээж маань гэр дотроо чөлөөтэй явдаг. Би бас тоглохоо түр азнаж, ээжид тусламж хэрэгтэй байна уу үгүй гэж цаг гарган эргэж тойрдог. Хэрэв намайг тоглож байхад дуудвал ямар нэгэн яаралтай асуудал гарсан байж болох тул би тэр даруй очдог” гэж хэлсэн юм.
Гэхдээ ээж Соня нь Мартаг аль болох бусад хүүхдийн адил амьдруулахыг хичээдэг. Хэрэв Соняд ямар нэг тусламж хэрэггүй бол Мартад найзуудтайгаа хамт тоглох цаг гардаг байна.
Итгэлээр амьдрах нь
Марта ээждээ үйлчилснээр өдөр бүр сайн мэдээний дагуу амьдрах боломжтой байдаг. Тэрээр бусад хүүхдэд байдаггүй олон үүрэг хариуцлага хүлээдэг. Жишээлбэл, тэр хичээл эхлэхээс өмнө эрт босож, ээждээ ажилдаа явахад нь тусалдаг. Мартагийн тусламжгүйгээр Соня өдөр бүр явж, ажил хийх боломжгүй.
Марта, Соня хоёр бас сүмд хамтдаа явдаг. Соня найман настай байхдаа баптисм хүртсэн тул Марта Сүмд өссөн. Соня өдөр бүр сайн мэдээний ач холбогдлын талаар Мартад заадаг. Тэрээр Есүс Христийн олон зургийг байрлуулсан нь үүнийг заадаг нэг арга зам нь юм.
Соня “Бурхан амьд бөгөөд Есүс Христ бодит юм гэдгийг би мэднэ. Би бас гэрт минь ирдэг бүх хүнд итгэл үнэмшил бол миний хувьд чухал гэдгийг мэдээсэй гэж хүсдэг. Мартаг Есүс Христийн тухай мэдлэгтэй болгож өсгөхийн тулд түүнд заах нь миний хувьд бас чухал юм” хэмээн хэлэв.
Марта ээжийнхээ зааж өгсөн зүйлийг хүлээн авч, сайн мэдээний талаар бие даан суралцсаар байна. Судраас унших нь энэ талаар суралцах дуртай арга замуудынх нь нэг бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой илүү бат бөх харилцаатай болоход түүнд тусалдаг. “Би судруудаас уншсанаар Христ миний дэргэд байгааг мэдэрдэг” гэж тэр хэлэв.
Тайтгарал олох нь
Хэдийгээр ийм их үүрэг хариуцлага үүрэх нь хэцүү ч долоо хоног бүр сүмд явах нь ээждээ туслахад хэрэгтэй тайтгарлыг олоход Мартад тусалдаг. Тэрээр “Ариун ёслолын эхэн ба төгсгөлд залбирал хэлэхэд маш амар тайван мэдрэмж төрдөг. Намайг тэнд байхад заримдаа Тэнгэрлэг Эцэг намайг сайн хүн бөгөөд цаашид ч ээждээ тусалдаг сайн хүн байгаарай гэж хэлж байгаа юм шиг санагддаг” гэсэн юм.
Ийм мэдрэмж төрөх болгонд тэр ээждээ хэчнээн их талархаж явдгаа санадаг. Тэнгэрлэг Эцэг түүнд дэмжлэг туслалцаа өгөхөөр тэнгэр элчүүдийг явуулсан гэдгийг тэр мэдэрдэг байна. “Тэр намайг сэрээд, ийм ээжтэй байгаадаа баярлаж, бахархаасай хэмээн намайг хүчирхэгжүүлдэг гэж би боддог” гэж Марта хэлсэн.
Соня, Марта хоёрын хамтдаа олж авсан сургамжуудынх нь нэг бол амьдрал хэний ч хувьд амар хялбар, төгс байдаггүйг мэдсэн явдал юм. Соня: “Надад тулгардаг бэрхшээлүүдийн алинд нь ч би сэтгэлээр унадаггүй. Би онцгой нэгэн тул мөн Бурхан намайг чадна гэдгийг мэдэж байгаа тул энэ мах, цус, ясыг ийм байдлаар надад өгсөн гэдгийг би мэднэ. Би чадах бүхнээ хийдэг. Би илүү ихийг хийж чадах ч өнөөдөр өөрийгөө болж байна гэж боддог. Би өөрийн хийдэг, хийсэн мөн маргааш хийх зүйлээрээ бахархдаг” хэмээн хэлсэн юм.
Мартад заримдаа ээжийгээ харж хандахад хэцүү байдаг ч бүх зүйл сайн сайхан болно гэдгийг ухааран ойлгодог. Тэр хүн бүрд өөр өөр бэрхшээл тулгардаг болохыг олж хардаг. “Хэний ч амьдрал төгс биш. Хэдийгээр өөрт нь хувийн бэрхшээл тулгардаг ч Марта нөхцөл байдал бүрээс сайн сайхныг нь олж хардаг. Мартагийн ээжтэйгээ харилцах харилцаа үүний нэг жишээ юм. Ээж маань бие махбодын хувьд хязгаарлагдмал ч гэсэн оюун ухаан, сэтгэл санааны хувьд маш ухаалаг нэгэн. Бид маш сайн найзууд” гэж тэр хэллээ.
Ирээдүйгээ өөдрөгөөр харах
Тэгэхлээр Марта, Соня хоёрыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Марта “Би ээжтэйгээ ойр байхыг, мэдээж бас гэрлэж, үр хүүхэдтэй, гэр бүлтэй болохыг хүсдэг. Гэхдээ чадвал би ирээдүйд ээждээ болон гэр бүлийнхэндээ байшин худалдан авч өгөхийг хүсэж байна. Би ээжээсээ нэг ч өдөр холдохыг хүсэхгүй.
Соня ч гэсэн ирээдүйг өөдрөгөөр харж байгаа бөгөөд Мартаг хамт байж, хайрладагт талархдаг. “Ийм үзэсгэлэнтэй охинтой байгаа маань гайхалтай. Миний амьдралд Марта байгаа нь үнэхээр сайхан. Тэр бол Бурханаас өгсөн бэлэг. Бурхан энд надтай хамт байлгахаар Мартаг бэлдсэн юм” гэж хэлсэн юм.