2020
Аравны нэгийн песо
2020 оны 10-р сар


Аравны нэгийн песо

Энэ өгүүллийг бичигч Мексикийн Чиуауад амьдардаг.

Tithing Pesos

София өглөө эрт сэрлээ. Өнөөдөр маш онцгой өдөр байв. Тэр авга ах эгчийнхээ гараажны худалдаан дээр нимбэгийн ундаа зарах байлаа! Ээж нь түүнд том савтай нимбэгийн ундаа хийж өгсөн байв.

София пайз хийлээ. Тэр “Нимбэгийн ундаа” хэмээн улбар шар, шар өнгөөр бичив. Тэр пайзаа жижигхэн ширээн дээрээ нааж тогтоолоо. Тэгээд хүлээн суув.

Удалгүй нэг эрэгтэй хүн дөхөн ирлээ. “Би нэг аягыг авч болох уу” гэж тэр асуув. Тэр хэдэн песо саванд нь хийлээ.

“Бололгүй яахав” гэж София хэллээ. Тэр нэг аяга нимбэгийн ундааг түүнд хийж өгөв.

Хүмүүс гараажны худалдааг нь сонирхохоор ирсээр байлаа. Тэд бас нимбэгийн амттай ундааг нь бага багаар худалдан авсаар. Өглөөгүүр цаг баяр хөөрөөр дүүрэн өнгөрлөө. Удалгүй нимбэгийн ундаа ч дуусав.

София саваа сэгсэрлээ. Дотор нь песонууд шажигнан дуугарна. Тэр ямар олон песотой болсон байсан гээч!

“Сайн ажиллалаа!” гэж аав нь хэллээ.

Өмнө нь Софияд хэзээ ч ийм их мөнгө байсангүй. “Би ёо-ёо авна даа!” гэж хэлэхэд нь

аав нь инээмсэглэн, “Аав, ээж хоёр чинь мөнгөтэй болохоор яадгийг чи мэдэх үү?” гэлээ.

София толгойгоо сэгсрэв.

Аав нь “Бид аравны нэгээ төлдөг. Тэнгэрлэг Эцэг бидэнд бүхнийг өгсөн. Тэр хариуд нь олсноосоо багахан хэмжээг эргүүлэн өгөхийг хүссэн. Бид Түүнийг хайрладаг тул аравны нэгээ төлдөг” гэж хэллээ.

София инээмсэглэв. Тэр ч бас Тэнгэрлэг Эцэгээ хайрладаг гэдгээ харуулахыг хүсэж байлаа.

Аав нь Софияд песогоо тоолоход нь туслав. 10 хүртэл тоолох бүрд тэр нэг песог дугтуйнд хийж байлаа. Аав нь түүнд цагаан цаасан дээр тоогоо бичихэд нь туслав. Тэд цаасаа песотойгоо хамт дугтуйнд хийв. Тэгээд амыг нь наав. София үүнийгээ маргааш сүм дээр бишоптоо өгөх юм.

“Чамд ямар санагдаж байна?” гэж аав нь асуув.

“Үнэхээр аз жаргалтай байна! Надад бас ёо-ёогоо авах мөнгө үлдсэнд баяртай байна” гэлээ. Тэр Тэнгэрлэг Эцэг нь түүний хийсэн сонголтод баяртай байгааг мэдэрчээ. ●