Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Ээжийгээ архинаас гарахад дэмжсэн минь
Хэдийгээр амаргүй ч донтолттой тэмцэж буй хүмүүсийн эрүүл амьдрал өөд явах замд хамт байж, тус дэм болох нь сайхан зүйл юм.
Архи гэдэг зүйл юу болохыг ойлгох насанд хүрэх үедээ би ээжийгээ архины асуудалтай гэдгийг мэдсэн. Гэр бүлийн маань гишүүд түүний асуудлыг эгч бид хоёроос нуухыг хичээдэг байсан ч өглөө шартдаг, шараа тайлдгийг нь удаан нууж чадаагүй.
Ээж маань архичин байсан ба үүнийг ямар нэг шалтаг, гоё түүхээр өөрчлөх боломжгүй юм.
Жаахан байхдаа би донтолтыг сонголт гэж боддог байлаа. Ээжийг архи уухаа болино гэж амлачихаад, архи үнэртүүлэн хаалгаар орж ирэх болгонд хууртсан мэт сэтгэгдэл төрдөг байлаа. Энэ нь түүнийг өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа мэт санагдуулна. Гэвч ээжийн олон жил дуслуулсан гашуун нулимс, бүтэлгүй оролдлого, хамаарлын зовуурийн донтолт нь сонголт биш болохыг надад ойлгуулсан юм.
Би дунд сургуульд байхдаа ээжийнхээ донтолтыг яруу найрагч Дилан Томасын бичсэнчлэн, “тэрхүү сайхан шөнө рүү тайван амгалан явж одохгүй“1 бөгөөд энэ нь түүний өөрчлөгдөх хүсэлтэй хамаагүй болохыг ухаарч билээ. Тэр зориг зүрхгүй байсан эсвэл гэр бүлийнхээ оронд архийг сонгосон гэсэн үг биш байлаа. Тэр донтолтдоо автсан байсан юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэнчлэн, “Донтолт сүүлдээ сонгох чадваргүй болгодог. Химийн процесс явагдсанаар хүн өөрийн ухаангүй ч болж болно!”2 Эмчлэгдэхийн тулд тэрээр бие махбодын хувьд ч, сүнсний хувьд ч олон жил тэмцэлдсэн.
Донтолт руугаа эргэн орох үеийг давах нь
Ээжийг зургаан сар архи уухгүй тэвчсэний дараа би машинд бүжиглэдэг, сайхан шүлэг бичдэг, найзуудад маань санаа зовмоор онигоо ярьж өгдөг байсан ээжийгээ эргээд таньж эхэллээ. Түүний нүдэн дэх гэрлийг хэн нэг нь буцааж асаагаад, тэр хэвээр нь байлгах гэж шаргуу ажиллаж байгаа мэт л байв. Тэр эрүүл биш байдалтай олон жил болсон байсан ба түүнийг эргэн ирэхэд сайхан байлаа.
Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Нэгэн шөнө түүнийг ам нээж дуугараагүй байхад л эгч бид хоёр олж мэдсэн юм. Түүний гөлийсөн нүд, улаан хацраас бүх зүйл харагдаж байлаа. Ээж зургаан сар дөрөв хоногийн дараа архинд эргэн орсон байлаа. Хаалгаар гараад, энэхүү санаа зовнил, айдсыг орхин одъё гэсэн бодол бидэнд хэсэгхэн хором төрсөн ч бид ээжийгээ өөрчлөгдөх хүсэлтэй байгааг мэдэж байв. Бид түүний өмнөөс хийж өгч чадахгүй ч эдгэрэх замд нь хамт байж, дэмжлэг үзүүлж чадах байлаа.
Чимээгүй донтолтыг тасалсан нь
Дараагийн хэдэн сард нь эгч бид хоёр ээжийг урт хугацаанд эрүүл байхад туслах аргыг хайж эхэллээ. Энэ нь амаргүй байх ч ээж нэг удаа чадсан юм чинь дахин чадна гэдгийг бид мэдэж байв.
Хамаарлаас шалтгаалсан зовлон шаналал ямар байдгийн гэрч болсон бид юу болохыг мэдэж байсан болохоор чадах ядахаараа бүх архи, дарсыг олж цуглуулан, асгав. Тэгээд бид ээжийгээ буцаж архи уусан үеийнх нь орчноос салгахын тулд хүнсний дэлгүүрээс гаторэйд ундаа нөөцөлж, гэртээ их цэвэрлэгээ хийв.
Хэд хоногийн дараа ээж минь эрүүлжиж, ажилдаа эргэн орсон хэдий ч тулаан дуусаагүйг бид мэдэж байлаа. Энэ үеийг хүртэл түүний донтолтын цар хүрээ манай хамаатан садан, найзуудаас далд байсан юм. Он жил өнгөрөх тусам нийгмийн шинжлэх ухаан судлаач Брене Брауны “ярьдаггүй учраас донтолт гэдэг зүйл хүчтэй байдаг” гэж тайлбарласанчлан, энэ нь нууц буюу ичгүүрийн эх үүсвэр болсон байлаа.3 Ээжийг цаашид эрүүл байлгая гэвэл энэ чимээгүй байдлыг таслах шаардлагатай байв.
Хамаатан садан, зарим итгэл даасан найз нөхдөдөө хэлэхээр шийдэх хэцүү байсан ч дотроос минь хүнд зүйл авсан юм шиг болж билээ. Ичгүүрийн мэдрэмж нь “өөрчлөгдөж сайжирч чадна гэсэн бидний итгэлийг үгүй болгодог”4 тул донтолтынхоо талаар ярих нь ээжид (надад ч бас!) дахин итгэл найдвар өгсөн. Бид ганцаараа биш байсан бөгөөд олон жилийн дараа анх удаа түүний донтолтоос ангид амьдралыг бид төсөөлж эхэллээ.
Итгэл найдвараа хадгалах нь
Би давслахгүй ээ, найдвараа хадгална гэдэг хааяа амаргүй. Би ээжийгээ эрүүлжих гэж олон жил тэмцэж байхад нь тус дэм болж байсан ч гуниглаагүй, урам хугараагүй, бухимдаагүй гэвэл худлаа. Ерөнхийлөгч Нэлсон донтолтыг даван гарахын тулд хүн ямар хэцүү аян туулдгийг “Эдгэрэх эгц өндөр уул руу авирахаар шийдсэн хүн бүр нэгэн насны тэмцэлтэй тулгарахаар хормойгоо шуух ёстой. Гэвч нэгэн насны амьдралаа олж авна гэдэг бол юу юунаас ч үнэ цэнтэй”5 гэж тайлбарласан байдаг.
Хэрэв таны хайртай хүн донтож байсан бол өөрийгөө сүйтгэхийг нь харах ямар хэцүү байдгийг та мэдэх байх. Муу зуршил руугаа эргэн орсон ч итгэл найдвар хэзээд байдаг. Аврагч цагаатгах золиосыг хийсэн учраас “[биднийг] сул байдлуудын [маань] дагуу хэрхэн халамжлахыг” мэддэг (Алма 7:12). “Жигүүртээ эдгээх чадлыг эзэмдсэнээр” (3 Нифай 25:2) Тэр ядарч туйлдсан үед маань өргөж, “биднийг гэртээ аюулгүй очтол тэврэн, дэмжиж, урагш хөтөлдөг.”6
Иймд та анхныхаа алхмыг дөнгөж хийгээд байгаа эсвэл хэн нэгэнтэй цуг эдгэрэх урт замд нь хамт явж ирсэн бол би энэ он жилүүдэд сурсан хэдэн зүйлээ хэлж өгье.
-
Хүслийг нь өдөөх нөхцөл байдлаас зайлсхийхэд тэдэнд тусал.
Таны дэмжлэг үзүүлж буй хүн таны найз, хань, гэр бүлийн гишүүн эсэхээс үл хамааран тэдний хүслийг өдөөх нөхцөл байдлаас тэднийг хол байлгах нь маш чухал! Манай гэрийнхэн ээжтэй гадуур хооллохоор явах бүрдээ согтууруулах ундаа зардаг хэсгээс хол ширээнд суудаг. Хэрэв тийм ширээ байхгүй бол гартал нь ярьж суудаг.
-
Тэднийг олон нийтийн газар өмгөөлж хамгаал.
Таны дэмжиж буй хүн танд сэтгэлээ нээсэн нь донтолтынхоо талаар бүх дэлхийд зарлахад бэлэн гэсэн үг биш юм. Эдгэрэх эхний үе шатанд, яагаад зарим нөхцөл байдлаас зайлсхийж байгааг болон яагаад тодорхой шийдвэр гаргаж байгааг тайлбарлах, ялангуяа танихгүй хүмүүст тайлбарлах нь маш хэцүү байдаг. Ийм нөхцөлд асуудал эвгүйтвэл тайлбарлахад нь тэдэнд тусал.
-
Дэмжлэг болох нэмэлт эх сурвалжуудыг олоход тусал.
Эдгэрэх үйл явцад хэчнээн их оролцож байсан ч таны хувьд бүгдийг хийх боломжгүй. Зарим үед ээжид өмнө нь адил зүйлийг туулсан, зовлонг нь ойлгох хүнтэй ярилцах нь тус болдог ба энэ нь муу зүйл биш юм. Мэргэжлийн эх сурвалжууд, дэмжлэгийн бүлгүүд (Сүмийн донтолтоос ангижрах хөтөлбөр, эдгэрлийн бүлэг, донтолт, зан үйлийн мэргэжилтнүүд зэрэг) нь хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилдөг тул эргэлзэлгүйгээр, тусалж буй хүнээ эдгээр дэмжлэгийг авахад уриалах хэрэгтэй.
-
Тэднийг унавал эргэн босоход нь тусал.
Бид төгс ертөнцөд амьдардаг байсан бол эргэж донтоно гэх асуудал байхгүй байх байсан ч бодит амьдрал тийм биш. Хэрэв таны тусалж буй хүн эргэн донтвол хэр ахиц гаргасныг нь сануул. “Бүтэлгүйтлээ гэхэд хэзээ ч бууж өгч болохгүй. Мөн өөрийгөө нүглээ орхин, донтолтоосоо салах чадваргүй гэж хэзээ ч бодохгүй” байхад тэднийг уриал.7 Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын хэлсэнчлэн “[Тэдэнд] оролдохоо зогсоох эрх байхгүй”8 (тул чамд ч гэсэн тийм эрх байхгүй). Эргэн донтох нь бүх зүйлийг эхнээс нь эхэлнэ гэсэн үг биш. Тэр үеийг хүртэлх бүх хөлс хөдөлмөр үгүй болохгүй. Буцаад зөв зам руугаа орж, Аврагчаас тусламж аван, цааш дахин алхах боломж үргэлж байдаг.
-
Найдвараа бүү гээ.
Хайртай хүнээ донтолтоос гарч чадахгүй зүдрэхийг харах нь тэднийг хэзээ нэгэн цагт бүрэн эдгэрч чадах болов уу гэж эргэлзэхэд хүргэж болно. (Надад итгэ, би мэднэ. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаасаа их үзсэн. Мормон хүртэл “Мөн та нар юуны төлөө найдах билээ?” гэж асууж байсан. Гэвч хэр хүнд зүйл тохиолдсон ч бай, “Христийн цагаатгалд найдах” нь үргэлж боломжтой (Моронай 7:41).
Амьдралын маань туршид ээж минь тоолохын аргагүй их унаж байсан ч тэр архи уулгүй зургаан жил болжээ гэж бахархалтай хэлье. Ээжийгээ хэрхэн хамгийн сайн дэмжих талаар суралцаж бас дахин сурч, олон жил зарцуулсан ч түүний эдгэрэхийг хараад, ямар ч хүн эдгэж болохыг ойлгосон. Хайртай хүн тань хэдэн ч удаа муу зуршилдаа эргэн орсон бай урагш алх, тэдэнд чадлынхаа хэрээр туслахаа бүү зогсоо. Эдгэрэх нь насан туршийн зүтгэл, нулимс, ялалт, бүтэлгүйтлээр дүүрсэн аялал бөгөөд тэмцэх ёстой зүйл билээ.