2020
Бидний Найдвар, Гэрэл, Хүч чадал
2020 оны 10-р сар


Сүүлчийн үг

Бидний Найдвар, Гэрэл, Хүч чадал

2019 оны 2-р сарын 8-нд шашны багш нарт зориулсан “Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш” шууд нэвтрүүлэгт хэлсэн үгээс авав.

Намайг төлөөлөгчөөр томилогдоход ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) намайг бүх дэлхийд Есүс Христийн нэрийн тусгай гэрч болж байна хэмээн хэлсэн юм. Би энэ үүрэг даалгаварт хөнгөн хуумгай хандаагүй. Би судрыг эрчимтэй судлан, Их Эзэний нэр, цол хэргэмийг тодорхойлсон. Та нартай хуваалцах гэж буй бүх нэрийг би судрын шүлгээс авсан ба тэдгээр нь бидний Түүнд итгэл найдвараа тавьдаг гэдгийг сануулдаг.

Тэр бол Израилын Найдвар (Иеремиа 17:13), Гэрэлт Үүрийн Цолмон (Илчлэл 22:16), Сайн Хоньчин (Сургаал ба Гэрээ 50:44), Зөвлөгч (Исаиа 9:6; 2 Нифай 19:6), Энхийн Жонон ( Исаиа 9:6; 2 Нифай 19:6), Чөлөөлөгч (Ром 11:26), Ертөнцийн Гэрэл (Иохан 8:12), Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч (Еврей 9:11) юм. Тэрээр аврах хүчтэй (Алма 34:18; Сургаал ба Гэрээ 133:47) мөн бүх сүр хүч буй Нэгэн (Сургаал ба Гэрээ 61:1).

Христийн нөлөө, үлдээсэн мөр, үзүүлсэн тусламж бүхнийг хамарсан байдаг. Тэрээр биднийг эргэлзэж, урагш явах гэж хичээх үед тусалдаг. Харин биднийг замаасаа гарах үед Түүний “харанхуйд гялалзагч гэрэл” (Сургаал ба Гэрээ 6:21) улам бүр гэрэлтэх болно. Тэрээр биднийг хамгийн гэрэлтэйд эсвэл харанхуй цаг мөчид ч хайрладаг.

Христийн шавь байх нь оньсого таавар биш юм. Түүний зам харгуй дээр хөлийнх мөр тод үлдсэн байгаа. Христийг дагаснаар бид хайрладаг зүйлийг нь хайрлаж сурдаг. Ариун ёслолоос хүртэн, Түүнтэй байгуулсан гэрээгээ шинэчилснээр Тэрээр Дэлхийн Гэтэлгэгч (Сургаал ба Гэрээ 93:9), Үнэний Сүнс (Сургаал ба Гэрээ 93:9), Үг (Сургаал ба Гэрээ 93:8) болох талаарх бидний ойлголт өсөн нэмэгддэг.

Хайрт анд найзууд аа, энэ бол миний мэддэг, хайрладаг, бүхий л сэтгэл зүрхээрээ хүндэлдэг Аврагч юм. Би Түүнийг мөн Түүний сайхан сэтгэл, нигүүлслийг зүрх сэтгэлийнхээ угаас гэрчилж байна. Тэр “Та нар миний найз нар билээ, мөн та нар надтай хамт өв авах болно” (Сургаал ба Гэрээ 93:45) хэмээн амласан.

Есүс Христ үргэлж энэхүү мөнх бус амьдралын нэгэн хэсэг болох асуудал, бэрхшээлийн хариулт байсаар ирсэн. Түүний зорилго, сайн мэдээг ойлгох ойлголт, Түүнийг гэх бидний хайр, Түүнд итгэх бидний итгэл, найдвар бидэнд хүч чадал өгдөг.