Итгэлийн хөрөг
Сакиуса, Салотэ Маивиривири хоёр
Фижи, Сува
Би Маивиривирийнхний гэр орон амар амгалан, аз жаргалаар дүүрэн байгаад итгэж чадахгүй байв. Хэдийгээр тэд хоёр хүүхдээ алдсан ч амьдралынхаа өдөр бүрийг баяр баясгалантай, зорилготой өнгөрүүлдэг.
Гэрэл ЗУРГИЙГ Лэслий Нилссон
Салотэ:
Бидний хүү Эса уушгины хорт хавдраар нас барснаас хойш хоёр жилийн дараа Эсалинн охин маань менингитээр өөд болсон юм. Ариун сүмд хэдэн жилийн өмнө хоёр хүүхдээ алдсан нэгэн ахмад номлогч эгч байсан ба түүнтэй ярь гэсэн хүчтэй өдөөлтийг би хүлээн авав. Тэр надад “Хэрэв чи гэр орноо ариун нандин газар болгож чадах юм бол хүүхдүүдээ тэнд байгааг мэдрэх боломжтой” гэж хэлж билээ.
Би үүнийг зорилго болгов. Бидний гэртээ хийдэг бүх зүйл гэр орноо ариун газар болгох зорилготой. Бид тэднийг дэргэдээ мэдрэхийг хүсдэг.
Хөшигний цаана байгаа хүүхдүүддээ хэрхэн эцэг эх нь болж чадахыг бид мэдэхгүй. Гэхдээ хэрэв бид зөв шударга амьдрахыг хичээх юм бол тэд бидний хичээл зүтгэлийг мэдэрнэ гэдэгт итгэдэг. Гэр бүлийн онцгой цугларалтдаа бид Эса, Эсалинн хоёрын нэрийг дурддаг.
Ам зөрөх үед ч гэсэн бид гэр орондоо асуудлыг хурдан шийдвэрлэхийг хичээдэг. Бид гэр орноо аль болох ариун газар хэвээр байлгахыг хүсдэг. Ингэснээр бид бүгдээрээ итгэл найдвар, хайр энэрлийг мэдэрдэг байсан.
Сакиуса:
Эса, Эсалинн хоёрыг алдсан явдал эцэст нь манай гэр бүлийг илүү ойр дотно болгосон юм. Бид бусад хүүхэдтэйгээ хамтдаа зөвлөлддөг. Бид гэр бүлээрээ ариун сүмд ордог. Бид амьдралаа аль болох энгийн байлгаж, өдөр бүр талархах сонголтыг хийдэг. Гэр бүлээрээ ариун сүмд лацдан холбогдох гэдэг нь юу болох талаар ярилцах үед уг лацдан холболт бидний амьдралд бодит болж ирдэг. Энэ бүхнээр дамжуулан хүүхдүүдээ дэргэдээ байгааг бид мэдэрдэг.
Гэр орноо илүү ариун болгохын тулд бидний хийсэн зүйлсийн нэг бол өдөр бүр Мормоны Номоос унших явдал юм. Эхлээд бид бага насны хүүхдүүддээ Мормоны Номын зурагтай түүхээс хуваалцдаг байлаа. Дараа нь бид видео бичлэгүүдийг нэмсэн. Харин одоо бид Мормоны Номоос уншдаг. Би Мормоны Номын хүчийг гэрчилж байна.
Би мөн авралын төлөвлөгөөний хүчийг гэрчилмээр байна. Эса, Эсалинн хоёрын оршуулгыг төлөвлөж байхдаа бид Фижид хийгддэг том ёслол үйлдэхгүй байхаар шийдсэн. Үүний оронд эхнэр бид хоёр л үг хэлж, тэр үгэндээ авралын төлөвлөгөөний талаар ярьсан. Хамаатан садангийн маань олон хүн оршуулгын үйл ажиллагаан дээр эдгээр үнэний талаар сонссон тэр цагаас хойш Сүмд нэгдсэн юм.