2020
Аав руугаа утасд
2020 оны 10-р сар


Аав руугаа утасд

Дугуйгаа сайн жийх юм бол гудамж үерт автахаас өмнө би гэртээ харьж чадна гэж Юү бодов.

“Гэсэн хэдий ч, зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” (Сургаал ба Гэрээ 78:18).

Call Dad

Юү давтлагаа тараад, хөл хөдөлгөөнтэй явган хүний зам руу оров. Түүний толгой хичээлийн дараах ангид заасан математикийн тоо баримтаар дүүрсэн байлаа. Хүмүүс шүхрээ барьсаар яаруу алхална. Борооны том том дусал шаагин унаж, гудамж шалба норсон байв.

Юүгийн найз Лин түүний хажууд ирж зогслоо. Лин “Аав руугаа утасдаж, ирж ав гэж хэл. Ноён Жан хотын зарим хэсэгт үер бууж байна гэсэн.

Би гэртээ ганцаараа очиж чадна.

Гэхдээ энэ их усыг хар даа!” гэж хэлээд, шуудуу руу хүчтэй урсан орж буй ус руу заав.

Гэнэт Юүд сонин санагдаад явчихлаа. Линий зөв байсан юм биш биз? Магадгүй тэр аав руугаа утасдаж, гудамжнууд усанд автахаас өмнө ирж ав гэж хэлэх ёстой ч байсан юм бил үү? Гэвч Юү аавтайгаа өнгөрсөн шөнө ам зөрсөн тул уур нь гараагүй байв. Тиймээс тэр ааваасаа тусламж гуйхыг хүссэнгүй.

Юү унадаг дугуйныхаа гинжийг тайлан, Линд баяртай гэж хэллээ. Дугуйгаа сайн жийх юм бол гудамж үерт автахаас өмнө би гэртээ харьж чадна гэж тэр бодов.

Тэр байдаг чадлаараа жийж байсан ч удалгүй гар нь бээрч, хувцас нь шалба норж, эцэж туйлдлаа. Аав руугаа утасд гэсэн бодол дахин төрөх нь тэр. Энэ бодол Ариун Сүнснээс ирсэн үү? Түүнд баптисм хүртээсэн номлогчид Ариун Сүнс түүнийг удирдаж чиглүүлнэ гэж хэлсэн байв. Юү тэнгэр өөр харлаа. Сааралтан бүүдийсэн байсан тул байшингуудын дээд хэсэг түүнд харагдахгүй байв. Тэгсэн ч гэсэн аавдаа уурласан уур нь гараагүй л байв.

Юү өөрт төрсөн бодлыг ойшоолгүй дугуйгаа жийсээр. Усны түвшин нэмэгдсэн тул дэлгүүрийн эзэд хаалгаа барьжээ. Хүмүүс эд хогшлоо дээд давхар луугаа зөөж байв. Нэг ээж хоёр хүүхдээ жижигхэн хуванцар завинд хийгээд ус туулж явахыг Юү харлаа.

Ус одоо шагайгаар нь татах болж, Юү унадаг дугуйгаа жийж ч чадахаа болив. Тэр дугуйнаасаа бууж, түрж эхэллээ. Одоо ч аавтайгаа ярихад оройтсон биз бас бороо тасралтгүй орсоор байв. Тэнгэр дуугарч, түүний дээгүүр цахилгаан цахилаа. Юү айв. Мөн тэр маш их ядарсан байлаа! Тэр урагшаа харав. Гэр нь бас л хол байв. Тэнэг хэрүүлээс болж тэр Ариун Сүнсний өдөөлтийг үл ойшоох хэрэггүй л байж.

Юү амсхийж, товчхон залбирлаа. Бороо орж, тэнгэр дуугарч байсан тул өөрийнх нь үг сонсогдохгүй байсан ч Тэнгэрлэг Эцэг өөрийг нь сонсоно гэдгийг тэр мэдэж байв.

“Тэнгэрлэг Эцэг минь, Намайг гэрт минь эсэн мэнд хүргэж өгөөч” гэж Юү залбирлаа. Залбирлаа хэлж дуусахад, цааш явах хангалттай хүч орсон мэт санагдав.

Эцэст нь Юү толгод дээр байх гэрийнхээ барааг харлаа. Даарсан, ядарсан, яагаад ч юм өрөөсөн гутлаа гээсэн Юү толгод өөд мацав. Аав нь гэрийнхээ гадна түүнийг хүлээж байгааг тэр харлаа. Аав нь түүнийг тосож авахаар уруудан гүйсээр ирэв.

Юү дээр хүрч ирэнгүүтээ аав нь түүнийг тэврэн авлаа. “Би ямар их санаа зовсон гээч! Чи над руу утасдахгүй яасан юм бэ!” гэж аав нь хэлэв.

“Бидний уур гараагүй байгаа гэж би бодсон” гэж Юүг хэлэхэд,

“Би уурласан ч гэсэн ямар ч үед чамд тусална шүү дээ” гэж аав нь хэллээ. Дараа нь тэр Юүгийн дугуйг авч, үлдсэн замын турш толгод өөд түрэв.

Өндөр байшингуудын дунд тэнгэр дуугарах нь цуурайтан сонсогдож, ширүүн бороо асгаран орж байсан ч Юүгийн зүрх сэтгэлд дулаахан мэдрэмж төрж байлаа. Тэр аавынхаа нөмөр нөөлгөн доор явахдаа амар амгаланг мэдрэв. ●