2022
Сайныг үйлдэх нь бидний хийдэг хэвийн зүйл байг
2022 оны 11-р сар


9:28

Сайныг үйлдэх нь бидний хийдэг хэвийн зүйл байг

Хэрэв бид сайныг үйлдэхдээ хичээнгүй мөн гуйвшгүй байвал бидний ёс заншил биднийг гэрээний зам дээр үлдэхэд тусална.

Өөр өөр улс оронд томилогдон амьдарч байсан Сүмийн томилолтууддаа би үргэлж талархаж явах болно. Бид эдгээр улс орон бүрээс өөр өөрсдийн гэсэн өвөрмөц байдлыг олж харсан төдийгүй, өөр өөр ёс заншил, уламжлалтай гайхалтай хүмүүсийг мэдэж авсан.

Бид бүгдээрээ гэр бүл, амьдарч буй орчин тойрноосоо гаралтай өөрсдийн гэсэн ёс заншил, уламжлалтай бөгөөд тэдгээрээс сайн мэдээний зарчмуудтай нийцэж байгааг нь хадгалж үлдэхийг хичээдэг. Биднийг сэнхрүүлж гэгээрүүлэх ёс заншил, уламжлал нь гэрээний замд үлдэх бидний хүчин чармайлтын чухал хэсэг бөгөөд тээглэх чулуу болж байгааг нь гээж явбал зохино.

Ёс заншил гэдэг нь хүн, соёл, уламжлалын хэвшил болсон, тогтмол үйлддэг дадлыг хэлнэ. Бид тогтмол боддог, хийдэг зүйлээ “хэвийн” зүйл гэж авч үздэг.

Үүнийг тайлбарлая. Миний хайртай эхнэр Патрисиа наргил модны самрын усыг нь ууж, дараа нь доторхыг нь идэх дуртай. Мексикийн Пүэбла хотод анх удаа очихдоо бид нэгэн газраас наргил модны самар худалдаж авсан юм. Усыг нь уусныхаа дараа эхнэр маань самрыг нь зүсэж бэлдүүлэн, доторхыг нь идмээр байгаагаа хэлэв. Бэлдэж авчрах үед энэ нь улаавтар өнгөтэй байсан. Тэд дээр нь улаан чинжүү цацчихсан байв! Улаан чинжүүтэй чихэрлэг наргил модны самар! Бидэнд их хачин санагдав. Гэтэл сүүлдээ наргил модны самрыг улаан чинжүүтэй иддэггүй эхнэр бид хоёр өөрсдөө хачин хүмүүс нь байсан гэдгээ ойлгосон. Мексикт энэ нь ховор биш, харин маш хэвийн зүйл юм.

Өөр нэг удаа бид Бразилд хэдэн найзтайгаа хамт хооллож байсан ба тэд авокадогоор биднийг дайлсан юм. Бид авокадо дээр давс цацах гэж байтал манай найзууд “Ta нар яаж байна аа!? Бид аль хэдийн авокадо дээр элсэн чихэр түрхчихсэн байгаа” гэв. Элсэн чихэртэй авокадо гэнэ үү! Энэ нь бидэнд маш сонин санагдав. Тэгээд харин авокадог элсэн чихэртэй иддэггүй эхнэр бид хоёр өөрсдөө сонин хүмүүс нь байсан гэдгээ мэдсэн. Бразилд авокадо дээр элсэн чихэр цацаж идэх нь хэвийн зүйл юм.

Зан заншил, уламжлалаас хамаарч зарим хүнд хэвийн санагддаг зүйл бусад хүнд маш сонин санагдаж болно.

Бидний амьдралд ямар ёс заншил, уламжлал хэвийнд тооцогддог вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Өнөөдөр бид ‘шинэ хэвийн байдал’ гэсэн үгсийг олон удаа сонслоо. Хэрэв та үнэхээр “шинэ хэвийн байдал”-тай болохыг хүсэж байгаа бол зүрх сэтгэл, оюун ухаан, бодгалиа улам бүр Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ рүү эргүүлэхийг би та бүхэнд уриалж байна. Энэ нь та нарын шинэ хэвийн байдал болог” (“Шинэ хэвийн байдал,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 131) гэж хэлсэн юм.

Энэ нь бүх хүнд зориулсан урилга юм. Бидний ядуу баян, боловсролтой боловсролгүй, хөгшин залуу, өвчтэй эрүүл байх нь ямар ч хамаагүй. Тэрээр биднийг гэрээний зам дээр үлдэхэд тусалдаг дадал зуршлаа амьдралынхаа “хэвийн” зүйлс болгохыг урьж байна.

Ямар ч улс орны бүх зүйл сайн, биширмээр байдаггүй. Иймээс Паул болон бошиглогч Иосеф Смитийн заасанчлан

“Хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг” (Итгэлийн тунхаг 1:13).

“Магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа” (Филиппой 4:8).

Энэ нь зүгээр нэг хэлсэн үг биш, харин уриалга гэдгийг анзаараарай.

Өөрсдийн ёс заншлын талаар мөн тэдгээр нь гэр бүлд маань хэрхэн нөлөөлж байгааг бид бүгдээрээ тунгаан бодоосой гэж би хүсэж байна.

Дараах гайхалтай дөрвөн дадал манай Сүмийн гишүүдийн хувьд хэвийн зүйл байх ёстой.

  1. Хувиараа болон гэр бүлээрээ судраас судлах. Их Эзэн Есүс Христэд хөрвөгдөхийн тулд хүн бүр өөрсдөө сайн мэдээг судлах үүрэгтэй. Эцэг, эх нь хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй (Сургаал ба Гэрээ 68:25; 93:40-ийг үзнэ үү).

  2. Хувийн болон гэр бүлийн залбирал. Аврагч бидэнд байнга залбирахыг зарлигласан (Сургаал ба Гэрээ 19:38-ыг үзнэ үү). Залбирал биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ Түүний Хүү, Есүс Христийн нэрээр хувьчлан ярилцахад тусалдаг.

  3. Долоо хоног бүрийн ариун ёслолын цуглаан (3 Нифай 18:1–12; Моронай 6:5–6-г үзнэ үү). Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийг дурсан санахын тулд ийн үйлддэг. Энэхүү ёслолоор Сүмийн гишүүд Аврагчийн нэрийг өөрсдөдөө авч, үргэлж Түүнийг санаж, Түүний зарлигуудыг дагах гэрээгээ шинэчилдэг (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү).

  4. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд тогтмол оролцох. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэн, лацдан холбох арга зам юм (Сургаал ба Гэрээ 128:15-ыг үзнэ үү).

Бидэнд энэ дөрвөн зүйлийг сонсоход ямар санагдаж байна вэ? Тэдгээр нь бидний хэвийн амьдралын нэг хэсэг үү?

Бидний хэвийн байдлын нэг хэсэг байж болох маш олон уламжлал байдаг ба тэдгээр нь Бурханыг бидний амьдралд ялуулдаг.

Бид өөрсдийнхөө амьдрал, гэр бүлд юуг хэвийн зүйлээ болгохоо хэрхэн тодорхойлох вэ? Судар дээр гайхалтай загварыг өгсөн байдаг. Мозая 5:15 дээр “та нарыг хичээнгүй мөн гуйвшгүй байж, сайн үйлүүдээр үргэлж бялхаасай хэмээнэ би” гэж хэлдэг.

Бидний дахин дахин давтаж хийдэг тэдгээр зүйл бидний амьдралын хэвийн зүйл болдог гэдгийг мэддэг учраас би эдгээр үгэнд маш дуртай. Хэрэв бид сайныг үйлдэхдээ хичээнгүй мөн гуйвшгүй байвал бидний ёс заншил сайн мэдээний зарчимтай нийцдэг болж, тэдгээр нь биднийг гэрээний зам дээр үлдэхэд тусална.

Ерөнхийлөгч Нэлсон мөн “Та нар өдөр бүр наманчилснаар шинэ хэвийн байдлаа олж авна уу. Бодол, үг, үйлдлээрээ улам цэвэр ариун байхыг эрэлхийл. Бусдад тохинуул. Үзэл бодол, алсын хараагаа мөнх амьдралд төвлөрүүл. Дуудлагаа эрхэмлэн биелүүл. Хайрт ах, эгч нар аа, таны асуудал ямар байгаагаас үл хамааран, та өдөр бүр Бүтээгчтэйгээ уулзахад бэлдэж амьдар” гэж зөвлөсөн (“Шинэ хэвийн байдал,” 131).

Одоо миний эхнэр Патрисиад эсвэл надад ч наргил модны самрыг улаан чинжүүтэй эсвэл авокадог элсэн чихэртэй идэх нь сонин байхаа больсон. Үнэндээ бид үүнд дуртай болсон. Харин өргөмжлөл нь амтлах мэдрэхүйгээс хамаагүй илүү ер бусын гайхамшигтай зүйл юм. Энэ бол мөнх байдалтай хамаатай сэдэв юм.

Бидний хэвийн байдал Бурханы зарлигуудыг дагадаг хүмүүст амлагдсан тэрхүү “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын” (Мозая 2:41) байдлыг хүлээн авах боломжийг бидэнд олгох болтугай, мөн ингэхдээ бид “Мөнхүү улиран тохиох дор бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа” (2 Нифай 5:27) гэж хэлэх боломжтой байх болтугай хэмээн би залбирч байна.

Ах, эгч нар минь ээ, бидний бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмждэг эдгээр 15 хүнийг, үүний дотор бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг би гэрчилж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн гэдгийг би гэрчилж байна. Би онцгойлон бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.