2022
Сион оо, хүч чадлаар хувцаслагтун
2022 оны 11-р сар


13:57

Сион оо, хүч чадлаар хувцаслагтун

Бид бүгд материаллаг мөн сүнслэг нэн тэргүүний зүйлсээ сэтгэлээсээ, залбиралтайгаар дүгнэж цэгнэх хэрэгтэй.

Сургаалт зүйрлэл бол Их Эзэн Есүс Христийн заах чадварлаг арга барилын чухал хэсэг юм. Энгийнээр хэлэхэд, Аврагчийн сургаалт зүйрлэл нь сүнслэг үнэнүүдийг материаллаг юмс болон мөнх бус амьдралын үйл явдлуудтай харьцуулахад ашигладаг түүхүүд юм. Жишээлбэл: Шинэ Гэрээний сайн мэдээ нь тэнгэрийн хаант улсыг гичийн үр суулгах,1 үнэтэй сувд,2 усан үзмийн талбайн эзэн болон ажилтнууд,3 арван охин4 мөн бусад олон зүйлтэй адилтгасан сургаалуудаар дүүрэн байдаг. Их Эзэн Галилд тохинуулж байх үеэрээ “Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй”5 хэмээн сударт өгүүлдэг.

Сургаалт зүйрлэлийн гол утга санаа болоод захиас ерөнхийдөө тодорхой биш байдаг. Харин түүх нь хүлээн авах хүнд Бурханд итгэх итгэл, хувийн сүнслэг бэлтгэл, суралцах хүсэл зэргийнх нь дагуу бурханлаг үнэнийг дамжуулан хүргэдэг. Иймээс хувь хүн сургаалт зүйрлэл дэх үнэнүүдийг олж мэдэхийн тулд ёс суртахууны сонгох эрхээ ашиглан идэвхтэй “асууж, эрэлхийлж мөн тогших”6 учиртай.

Одоо хааны хурим найрын сургаалт зүйрлэлийн ач холбогдлыг авч үзэхэд Ариун Сүнс бид бүгдийг сэнхрүүлээсэй гэж би чин сэтгэлээсээ залбирч байна.

Хааны ордны хурим найр

“Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь

—Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно.

Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй.

Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв.

Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь наймаандаа явав.”7

Эртний иудейчүүдийн амьдралд хамгийн баяртай үйл явдлуудын нэг нь нэгээс хоёр долоо хоног үргэлжлэх хуримын баяр ёслол байдаг байв. Ийм арга хэмжээг өндөр хэмжээнд төлөвлөж, зочдод эртнээс мэдэгдэж, мөн баярын нээлтийн өдөр сануулга илгээдэг байжээ. Хааны зүгээс иргэдээ ийм хуримд урихыг үндсэндээ зарлиг гэж үздэг байсан ч энэ сургаалт зүйрлэл дээр, уригдсан зочдын олон нь ирсэнгүй.8

Хааны найрт оролцохоос татгалзаж буй байдал нь хааны эрх мэдлийг санаатайгаар эсэргүүцэж буй хэрэг бөгөөд эзэн хаан болон түүний хүүг үл ойшоож буйн илрэл байв. Нэг хэсэг нь фермдээ очихоор, нөгөө хэсэг нь ажлын мөрөө хөөн9 хуримд очоогүй нь тэдний буруу зүйлд ач холбогдол өгч, хааны хүслийг үл ойшоож буйг илтгэнэ.10

Сургаалт зүйрлэл цааш үргэлжлэхдээ:

“Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ.

Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд

тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ.”11

Тэр үеийн заншлаар хуримын эзэн—энэ сургаалт зүйрлэл дээр бол хаан хуримын зочдыг өмсгөлөөр хангах ёстой байв. Эдгээр хуримын өмсгөл энгийн, хээгүй байсан тул бүх оролцогч уг өмсгөлийг өмссөнөөр зэрэг, зиндааны ялгаа арилж, найран дээр ирсэн хүн бүрд адил тэгш байх боломж олгодог байсан.12

Хуримд гудамжнаас уригдсан хүмүүс үйл ажиллагаанд бэлтгэж тохирох хувцас худалдаж авах цаг, боломж байгаагүй тул хаан шүүгээнээсээ өмсгөлүүд гаргаж, зочдод өгөн, хүн бүрд хааны өмсгөлөөр хувцаслах боломж олгодог байв.13

Хааныг хуримын танхимд орж ирэн, цугласан олныг харах үед гэнэт хуримын өмсгөл өмсөөгүй нэгэн содон зочин нүдэнд нь тусжээ. Хаан түүнийг урагш гарган “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв? гэхэд тэр үг дуугүй байв.”14 Үнэндээ хаан “Чи хуримын өмсгөлтэй атлаа юунд өмсөөгүй билээ?” хэмээн асууж буй хэрэг юм.15

Тэр мэдээж хэрэг энэ онцгой үйл явдлыг тохиолдуулж хувцаслаагүй байсан ба “түүний үг дуугүй байсан” нь түүнд шалтгаан байгаагүйг илтгэнэ.16

Ахлагч Жэймс Э.Талмэж энэ хүний үйлдлийн ач холбогдлын талаар сургамжтай тайлбар өгчээ. “Өмсгөлгүй зочин албаар хүндэтгэлгүй, тоомжиргүй хандсандаа, мөн гэм буруудаа гэмшиж байгаа нь сэдвийн агуулгаас харагдаж байна. Хаан эхлээд түүнийг хуримын хувцасгүйгээр хэрхэн орж ирснийг лавлан, найрсаг хандсан. Хэрэв түүнд бусдаас өөр харагдаж байгаагаа тайлбарлах боломж байсан бол эсвэл хэлэх үндэслэлтэй шалтгаан байсан бол тэр мэдээж ярих байсан. Гэвч түүнийг үг дуугүй байсан хэмээн дурдсан байна. Хааны албатууд таарсан хүн болгондоо үнэгүй урилга тараасан ч хааны ордон руу бүх хүн хаалгаар явж орох ёстой байв. Мөн хааныг хүндэтгэлийн зоогийн танхимд өөрийн биеэр гарч ирэхээс өмнө хүн бүр зохих ёсоор хувцасласан байх ёстой байв. Гэвч тэнд өөр арга замаар орж ирсэн дүрэм зөрчигч, гол хаалганы зочдын харуулаар дамжаагүй орж ирсэн урилгагүй зочин байв.”17

Христийн шашинтан, зохиогч Жон О.Рийд уг хүн хуримын өмсгөл өмсөхөөс татгалзсан нь “хаан, түүний хүү хоёрыг үл хүндэтгэж буйн” тод илрэл юм гэж бичжээ. Тэр хуримын өмсгөлгүйдээ бус, харин өмсөхгүй байхыг сонгосон байв. Тэр зориуд уг үйл явдалд тохируулж хувцаслахаас татгалзжээ. Хаан үүнд хариу арга хэмжээг хурдан авч, “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй”18 гэв.

Хаан түүнийг хуримын өмсгөлгүйгээс нь болж бус, харин өмсөхгүй гэсэн шийдвэрээс нь болж шийтгэсэн. Тэрээр хурим найрт оролцох хүндлэл хүссэн боловч ёс заншлыг нь дагахыг хүссэнгүй. Тэр өөрийнхөөрөө байхыг хүссэн. Түүний зохих ёсоор хувцаслаагүй нь хаан, түүний хүү хоёрын зааврыг дотроо эсэргүүцэж байгааг нь илчилсэн юм.19

Олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог

Уг сургаалт зүйрлэл “Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн”20 хэмээх час хийсэн судраар төгсдөг.

Хамгийн сонирхолтой нь, Иосеф Смит сүнсээр өдөөгдсөн Библийн орчуулга дээрээ Матайн энэ шүлэгт дараах залруулгыг оруулсан байдаг. “Олон нь дуудагддаг хэдий ч цөөхөн нь сонгогддог бөлгөө; Иймээс бүх хүнд өмсөх хуримын хувцас байхгүй.”21

Хурим найрын урилга болон найраас хүртэх эсэх сонголт нь өөр хоорондоо уялдаатай боловч ялгаатай юм. Урилга эрэгтэй, эмэгтэй бүх хүнд өгөгддөг. Хүн урилга хүлээн аваад, хурим найрт очиж болох ч Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Түүний бурханлаг ач ивээлийг хөрвүүлэх хуримын зохих өмсгөлгүйгээр найраас хүртэхээр сонгогдоогүй байдаг. Иймээс бидэнд Бурханы дуудлага, энэ дуудлагад хэрхэн хандах сонголт хоёрын аль аль нь байна. Олон нь дуудагддаг хэдий ч цөөхөн нь сонгогддог билээ.22

Байх эсвэл сонгогдох гэдэг нь бидэнд өгөгддөг хязгаарлагдмал төлөв байдал биш юм. Харин ч та бид эцсийн эцэст ёс суртахууны сонгох эрхээ зөв шударгаар ашигласнаар сонгогдохыг сонгож чадна.

Сургаал ба Гэрээний дараах танил шүлгүүд дээр сонгогддог гэдэг үгийг ашигласан байгааг анхаарна уу.

“Болгоогтун, олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог бөлгөө. Мөн тэд юуны учир сонгогддоггүй вэ?

Учир нь тэдний зүрх сэтгэл энэ дэлхийн зүйлүүд дээр нэн ихээр тавигддаг ажгуу.”23

Би эдгээр шүлгийн утга тодорхой байна гэдэгт итгэдэг. Бидний нэр хэзээ нэгэн цагт бичигдэх байх гэж найдан хүлээдэг, өөрт нь таалагддаг хүмүүсийн жагсаалт Бурханд байдаггүй. Тэрээр “сонгогдсон” хүмүүсийг цөөхөн байхаар хязгаарлаагүй. Харин бидний зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл, сайн мэдээний ариун нандин гэрээ, ёслолуудад хүндэтгэлтэй хандах хандлага, зарлигуудад дуулгавартай байх байдал, хамгийн чухал нь Аврагчийн гэтэлгэгч ач ивээл, нигүүлсэл зэрэг нь Бурханы сонгогдсон хүмүүсийн нэг болж тооцогдох эсэхийг тодорхойлно.24

“Учир нь бид Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүддээ мөн түүнчлэн ах дүүстээ ятгахын тулд бичихээр хичээнгүйлэн хөдөлмөрлөв; учир нь бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу.”25

Өдөр тутмын завгүй амьдрал дунд, өнөөгийн амьдарч буй дэлхийн үймээн самуунд бид таашаал, хөгжил дэвшил, алдар цол, нэр хүндийг чухалчилснаар мөнхийн ач холбогдолтой чухал зүйлүүдээс анхаарлаа сарниулж магадгүй. “Хорвоогийн юмст” болон “хүмүүсийн хүндлэлд” түр ч болов автах нь тогоотой шөлнөөс дутахааргүй биднийг сүнслэг ууган хүүгийн эрхээ алдахад хүргэж болзошгүй.26

Амлалт ба гэрчлэл

Их Эзэн Хуучин Гэрээний бошиглогч Хаггаигаар дамжуулан Өөрийн хүмүүсийг чөлөөлөхдөө тэдэнд өгсөн сануулгыг би энд давтмаар байна. “Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. Өөрсдийн зам мөрийг хянагтун.”27

Бид бүгд материаллаг болоод сүнслэг нэн тэргүүний зүйлсээ сэтгэлээсээ, залбиралтайгаар дүгнэж цэгнэснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидэнд өгөхийг хүсдэг элбэг дэлбэг адислалуудад саад болж буй зүйлсээ олж тогтоох хэрэгтэй. Ариун Сүнс бидэнд хэн болохоо олж харахад туслах болно.28

Бид харах нүд, сонсох чихтэй байх сүнслэг бэлгийг зүй зохистой эрэлхийлснээр,29 амьд Их Эзэнтэй байгуулсан гэрээний холбоогоо бэхжүүлэх чадвар, мэргэн ухаанаар адислагдах болно хэмээн би амлаж байна. Бид бурханлаг байдлын хүчийг амьдралдаа хүлээн авч,26 эцэст нь Их Эзэний найрт дуудагдаж мөн сонгогдох болно.

“Сэр, сэр, хүчээ авагтун, Ай Сион.31

Учир нь Сион гоо үзэсгэлэнд, мөн цэвэр ариун байдалдаа өсөн дэгжих ёстой; түүний хил хязгаарууд өргөжин тэлэх ёстой; түүний гадаснууд бэхжих ёстой; тийм ээ, үнэнээр би та нарт хэлнэ, Сион өндийн босч мөн үзэсгэлэнт өмсгөлүүдээ өмсөх ёстой.”32

Бидний мөнхийн Эцэг Бурхан, Түүний Хайрт Хүү Есүс Христийн бурханлаг чанар, бодит оршихуйг гэрчилж байгаагаа би баяртайгаар тунхаглаж байна. Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг мөн Тэр амьд гэдгийг би гэрчилж байна. Мөн Эцэг, Хүү хоёр хожмын үе дэх Аврагчийн сайн мэдээний Сэргээлтийг эхлүүлэхээр Иосеф Смит хүүд үзэгдсэн гэдгийг би гэрчилж байна. Бид бүгд харах нүдтэй, сонсох чихтэй байхыг эрэлхийлж мөн адислагдах болтугай хэмээн би Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.