2022
Сүмийн удирдагчид олон улсад тохинуулав
2022 оны 11-р сар


Сүмийн мэдээ

Сүмийн удирдагчид олон улсад тохинуулав

Сүмийн удирдагчид сүүлийн зургаан сарын туршид дэлхий даяар үргэлжлүүлэн тохинууллаа. Өнгөрсөн Ерөнхий чуулганаас хойш тэдний хийж гүйцэтгэсэн олон үйл ажиллагаанаас заримыг дурдъя.

Ерөнхийлөгч Өүкс эмэгтэйчүүдийн үзүүлдэг нөлөөний талаар эргэцүүлэв

9-р сард гаргасан Сүмийн видеон дээр Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ээж, эмээ хоёрынхоо өөрт нь Их Эзэний талаарх гэрчлэл, Түүнд итгэх итгэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн нөлөөний талаар ярив. Түүний амьдралд анхны эхнэр Жүн Өүкс эгч мөн түүнийг нас барсны дараа хоёр дахь эхнэр Кристэн Өүкс эгч нар нөлөөгөө үзүүлсээр иржээ.

Ерөнхийлөгч Өүкс: “Сүмийн сургаал, үйлчлэл, гэр бүлийн үүрэг хариуцлагын хүрээнд Сүмийн бошиглогчидтой зэрэгцэн зааж байсан хамгийн чухал багш нар маань эмэгтэйчүүд байсан” гэж хэлжээ.

Ахлагч Угдорф дүрвэгчдэд хандан үг хэлэв

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф 4-р сард Польшид айлчилжээ. Тэр тэнд түр орогнож буй Украины дүрвэгчдэд зориулсан онцгой цугларалтыг тэргүүлэв.

Багадаа өөрөө дүрвэгч байсан ахлагч Угдорф айлчлалынхаа талаар, дайнд нэрвэгдсэн улс орнуудын хожмын үеийн гэгээнтнүүдийн болон бусдын “зовлон шаналлын төлөө гүн гүнзгий гуниглалыг” мөн талархлыг зүрх сэтгэлдээ мэдэрснээ ярилаа.

“Энэ хувь хүмүүс болон гэр бүлүүд өөрсдийн сайн сайхан сэтгэл, итгэл найдвар, Аврагчид болон Түүний бурханлаг зорилгод итгэх итгэлээрээ биднийг өргөж, хүчирхэгжүүлсэн. Харриэт бид хоёр тэднийг хүчирхэгжүүлж, тайвшруулна гэж найдаж байсан ч тэд бидний зүрх сэтгэлд тэнгэрлэг гэрэл, итгэл найдвар, тайтгарлыг өглөө.”

Ахлагч Бэднар Вашингтон Ди Си дахь Үндэсний хэвлэлийн клубт үг хэллээ

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар 5-р сард Үндэсний хэвлэлийн клубт үг хэлж, Есүс Христийн Сүмийн дэлхий даяарх хүмүүнлэг, халамж, боловсрол, ариун сүм, номлол, ургийн бичгийн тал дээр хийж байгаа ажлуудын талаар болон учир шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлав.

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үндсэн зорилго бол хүмүүст Бурханы мөн чанар, шинж байдлын талаар суралцаж, Бурханыг хайрлаж, Түүний Хүү Есүс Христийн шавь болж, ах, эгч, дүүсээ хайрлаж, тэдэнд үйлчлэхэд нь туслах явдал юм” гэдгийг ахлагч Бэднар хэлсэн.

Халамжийн нийгэмлэг болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчид Өмнөд Америкт айлчиллаа

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Сюзан Х.Портэр хоёр Аргентин, Чили, Уругвай, Парагвайд хийсэн 10 хоногийн тохинуулал, тусламж танилцуулах айлчлалынхаа үеэр иргэний нийгэмлэгийн удирдагчид болон Сүмийн гишүүдтэй уулзав.

Тэд Парагвай болон Аргентинд хүнд нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүдэд тусалдаг төрийн байгууллагуудтай уулзжээ.

Ерөнхийлөгч Жонсон: “Манай Сүм эмэгтэйчүүдийн боловсрол, бие даах чадварыг сайжруулах боломж бололцоог нэмэгдүүлэх тал дээр та нартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлэв.

Ерөнхийлөгч Жонсон, Портэр хоёр засгийн газарт тусламж танилцуулахаас гадна Сүмийн гишүүдэд тохинууллаа. Тэд залуу эцэг эхчүүдэд зориулсан уулзалт, ганц бие эмэгтэйчүүдэд зориулсан онцгой цугларалт, хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан харилцан ярилцах уулзалт, цуглааны удирдагчдад зориулсан сургалт зэргийг тус тус зохион байгуулав.