Тэд Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэсэн
Есүс амьд, Тэр биднийг мэддэг. Түүнд эдгээх, өөрчлөх, өршөөх хүч байдаг гэдгийг би гэрчилж байна.
Ах, эгч нар аа, найзууд аа, 2013 онд би эхнэр Лорэлтойгоо хамт Чех/Словак номлолд номлолын удирдагчаар үйлчлэхээр дуудагдсан юм. Дөрвөн хүүхэд маань бидэнтэй хамт үйлчилсэн.1 Манай гэр бүл ухаалаг номлогчдоор болон Чех, Словакийн гайхалтай гэгээнтнүүдээр адислагдсан. Бид тэдэнд хайртай.
Бид номлолын талбартаа очихдоо ахлагч Жозеф Б.Вөртлиний заасан нэгэн зүйлийг санаж байсан. “Агуу зарлиг” гэдэг үгэндээ ахлагч Вөртлин “Та Их Эзэнийг хайрладаг уу?” гэж асуусан байдаг. “Тийм” гэж хариулах хүмүүст Тэрээр “Түүнтэй хамт цагийг өнгөрүүл. Түүний үгсийг тунгаан бод. Түүний буулгыг өөр дээрээ ав. Ойлгож, дуулгавартай дагахыг эрэлхийл” гэсэн энгийн боловч гүн утгатай зөвлөгөөг өгчээ.2 Тэгээд ахлагч Вөртлин Есүс Христэд өөрийн хүслээр цаг зав, орон зай гаргадаг хүмүүст өөрчлөлтийн адислалуудыг амласан.3
Бид ахлагч Вөртлиний зөвлөгөө, амлалтыг зүрх сэтгэлдээ баримталсан. Номлогчдынхоо хамт бид Есүсийн талаар Шинэ Гэрээний Матай, Марк, Лук, Иохан болон Мормоны Номын 3 Нифайгаас судлахад ихээхэн цагийг зарцуулсан юм. Номлогчдын хурал бүрийн төгсгөлд бид “Таван сайн мэдээ”4 хэмээн нэрлэсэн эдгээр номоос Есүсийн талаар уншиж, ярилцаж, бодож, суралцдаг байлаа.
Миний бас Лорэлын хувьд мөн манай номлогчдын хувьд сударт Есүстэй хамт цагийг өнгөрүүлсэн маань бүхнийг өөрчилсөн юм. Бид Түүний хэн болохыг, Түүнд юу чухал байсныг мэдээд, илүү талархан хандах болсон. Бид хамтдаа Тэр юуг, хэрхэн заасан, хайраа хэрхэн үзүүлсэн, адисалж, үйлчлэхийн тулд юу хийсэн, урвалт, хүмүүний адармаатай сэтгэл хөдлөлд хэрхэн хандсан мөн Түүний нэр, цол хэргэм, Тэр хэрхэн сонсдог байсан, зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэдэг байсан, Түүний амьдарч байсан газар, сургаалт зүйрлэл, хэрхэн эв нэгдэл, нинжин сэтгэлийг уриалдаг байсан, Түүний өршөөж, эдгээх чадвар, номлол, залбирал, цагаатгагч золиослол, Амилалт, сайн мэдээ зэргийг тунгаан боддог байсан.
Заримдаа бид Лукийн дүрсэлсэн, “Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэсэн” Түүнийг Иерихогоор дайран өнгөрөхөд нь инжир модонд авиран гарсан “бие хаа [нам]” Закхайтай адил мэт санагддаг.5 Есүс бидний хүссэн эсвэл бодсон шиг биш, харин Тэр яг байх ёстой шигээ байсан.6 Ахлагч Вөртлиний амласанчлан, “Есүс Христийн сайн мэдээ бол өөрчлөлтийн сайн мэдээ юм. Энэ нь дэлхийн эрэгтэй, эмэгтэйчүүд биднийг мөнх амьдралд тэнцэх хүмүүс болгон ариусгаж, төгөлдөржүүлдэг”7 гэдгийг бид үнэхээр бодитой мэдэж авсан.
Энэ өдрүүд онцгой байсан. Бид “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй”8 гэдэгт итгэдэг болсон. Прага, Братислав, Бурно хотуудад номлолоороо Есүсийн хүч чадал, бодит байдлыг эргэцүүлэн, мэдэрсэн тэрхүү нандин өдрүүд бидний амьдралд одоо ч гэсэн нөлөөлсөөр байна.
Бид заримдаа Марк 2:1–12-ыг судалдаг байв. Энэ хэсэг дэх түүх их чухал. Би энэ түүхийн хэсгийг Маркаас уншаад, дараа нь номлогчидтойгоо мөн бусад хүнтэй хамт дэлгэрэнгүй судалж, ярилцсаны эцэст ойлгож авсан зүйлээ хуваалцъя.9
“Хэд хоногийн дараа [Есүс] Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ.
Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.
Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ.
Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав.
Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд, Хүү минь нүгэл чинь уучлагдсан гэв.”
Цугласан олны заримд нь хандан ярьсны дараа10 Есүс саа өвчтэй хүнийг хараад, түүний бие махбодыг эдгээж,
“Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд
тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж —Ийм юм бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршуулав.”11
Өөрийн ойлгосноор энэ түүхийн утгыг тайлбарлавал: Номлолынхоо эхэн үед, Есүс Галил тэнгисийн хойд эрэг дээрх загасчдын жижиг тосгон болох Капернаумд эргэн иржээ.12 Тэрээр өвдсөнийг эдгээж, муу ёрын сүнснүүдийг зайлуулах хэд хэдэн гайхамшгийг үйлдээд удаагүй байлаа.13 Есүс хэмээх эрийн яриаг сонсож, хамт байхыг хүссэн тосгоныхон Түүнийг байгаа гэж дуулдсан байшинд цугларцгаажээ.14 Тэднийг цугларсны дараа Есүс зааж эхлэв.15
Тухайн үеийн Капернаумын байшингууд хавтгай дээвэртэй, нэг давхар, хэсэг бүлгээрээ байрладаг байжээ.16 Дээвэр, хана туургыг нь чулуу, мод, шавар, сүрлэн зуурмагаар хийж, байшингийн хажуу талд энгийн хэдэн шат тавин, түүгээрээ орж гардаг аж.17 Олон хүн байшинд цугларч, Есүсийн зааж буй өрөөг дүүргэн, гудамж руу халин гарсан байлаа.18
Энэ түүхэд “саа өвчтэй” хүн болон түүний дөрвөн найзын тухай гардаг.19 Саа өвчин нь ихэнхдээ сульдаа, чичрэлт бүхий нэг төрлийн саажилт юм.20 Дөрвөн найзын нэг нь бусдадаа “Есүс манай тосгонд байна. Түүний үйлдсэн гайхамшгууд, эдгээсэн хүмүүсийн талаар бид бүгд мэднэ. Хэрэв бид найзыгаа Есүст аваачих юм бол тэр бас эдгэрэх болно” гэж хэлсэн байх.
Тиймээс тэд найзынхаа дэвсгэр буюу гудасны дөрвөн талаас бариад, Капернаумын тахиралдсан, нарийхан, шороотой гудамжаар түүнийг авч явав.21 Булчин нь цуцаж хөндүүрлэсэн тэр дөрвийг сүүлийн буланг тойроход, сонсохоор цугларсан хүмүүс буюу сударт бичсэнээр “хурсан олон” асар их байснаас болж Есүст хүрэх боломжгүй байжээ.22 Хайр, итгэл өвөрлөсөн дөрвөн найз бууж өгсөнгүй. Харин тэд хавтгай дээвэр лүү шатаар авиран гарч, найзыгаа дэвсгэртэй нь болгоомжтой өргөөд, Есүсийн зааж байсан өрөөний дээврийг цоолон, найзыгаа доош буулгав.23
Есүс чухал зүйл зааж байхдаа, ухаж цоолох чимээ гарахыг сонсоод, дээш харан, таазанд нүх гарч, өрөөнд тоос шороо босон, сүрэл унахыг харж байна гээд төсөөл дөө. Дараа нь саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгасан. Гайхалтай нь, Есүс үүнийг зүгээр нэг яриаг нь тасалдуулж байгаа ямар нэг асуудал биш, харин чухал зүйл гэдгийг ойлгожээ. Тэрээр дэвсгэр дээрх хүнийг хараад, олны өмнө нүглийг нь өршөөж, бие махбодыг нь эдгээдэг.24
Энэхүү нэмэлт мэдээлэлтэйгээр Марк 2-ыг дахин тунгаахад, Есүс бол Христ гэсэн хэд хэдэн чухал үнэн тодорхой болно. Нэгдүгээрт, бид хайртай хэн нэгэндээ Христэд ирэхэд нь туслахыг хичээхдээ Тэрээр нүглийн дарамтыг хөнгөлж, өршөөх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бид Христэд бие махбод, сэтгэл санааны эсвэл өөр өвчин эмгэгтэй очихдоо Түүнд эдгээх, тайтгаруулах хүч бий гэдгийг мэддэг байвал зохино. Гуравдугаарт, бид тэр дөрөвтэй адилаар Христэд бусдыг авчрах гэж чармайхдаа Тэрээр бидний үнэн зорилгуудыг мэддэг бөгөөд зүй ёсоор хүндэтгэнэ гэдэгт бат итгэх хэрэгтэй.
Есүсийг зааж байхад дээвэрт нүх гарсан байсныг сана. Саад хийж нүх гаргасан дөрвөн найзыг загнах эсвэл болиулахын оронд “Есүс тэдний итгэлийг хар[сан]”25 хэмээн сударт өгүүлдэг. Гайхамшгийг харсан хүмүүс “айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.”26
Ах, эгч нар аа, би нэмж ажигласан хоёр зүйлээ хэлээд үгээ өндөрлөе. Бид номлогч, тохинуулагч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, бишоп, багш, эцэг эх, ах эгч дүү, найз нөхөд эсэхээс үл хамааран бүгд хожмын үеийн гэгээнтэн шавь нарын хувьд бусдыг Христэд авчрах ажилд оролцож байгаа. Тиймээс дөрвөн найзын зан чанар бодууштай бөгөөд үлгэр жишээ авууштай юм.27 Тэд зоригтой, зохицдог, гуйвшгүй, бүтээлч, олон талын авьяастай, эрмэлзэлтэй, шийдэмгий, итгэлтэй, өөдрөг, даруу, тэвчээртэй.
Үүнээс гадна, энэ дөрөв хүрээлэл, нөхөрлөлийн сүнслэг ач холбогдлыг онцлон харуулсан.28 Найзыгаа Христэд авчрахын тулд тэдний хүн нэг бүр дэвсгэрийнх нь булан бүрээс барих шаардлагатай болсон. Хэрэв нэг нь барьж буй булангаа алдвал нөхцөл байдал хүндрэх байв. Хэрэв хоёр нь хичээхээ боливол энэ даалгавар тэр даруй биелшгүй болно. Бидний хүн нэг бүрд Израилыг цуглуулахад гүйцэтгэх үүрэг бий.29 Бид тэрхүү үүргээ гүйцэтгэж, өөрсдийн хийх хэсгийг хийх үедээ өөрсдийн барих ёстой буланг барьж явдаг. Бид Аргентин эсвэл Вьетнам, Аккра эсвэл Брисбэн, салбар эсвэл тойрог, гэр бүл эсвэл номлолын хамтрал байхаас үл хамааран бид бүгдэд барьж явах өнцөг булан бий. Биднийг үүргээ биелүүлэх тусам Их Эзэн бид бүгдийг адисалдаг. Тэрээр тэдний итгэлийг харсан шиг биднийхийг ч мөн харж, биднийг адисална.
Надад заримдаа дэвсгэрийн булангаас барилцаж, заримдаа зөөлгүүлж явсан үе ч бий. Есүсийн тухай энэхүү гайхалтай түүхийн нэг нөлөө нь бид ах эгч дүүгийн хувьд Христэд ирж, өөрчлөгдөхөд нь бие биедээ ямар их хэрэгтэйг бидэнд сануулдагт оршдог.
Марк 2 дээр Есүстэй цагийг хамт өнгөрүүлэхдээ миний сурч мэдсэн цөөхөн зүйл энэ юм.
“Бурхан бидэнд Их Эзэний зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд [өөрсдийн өнцгийг] барьж, зайлсхийхгүй, эмээхгүй байж, итгэлдээ хүчирхэг, ажилдаа тууштай байхад туслах болтугай.”30
Есүс амьд, Тэр биднийг мэддэг бөгөөд Түүнд эдгээх, өөрчлөх, өршөөх хүч байдаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.