2022
Загалмайд өргөгдсөн
2022 оны 11-р сар


13:6

Загалмайд өргөгдсөн

Есүс Христийн дагалдагч байхын тулд хүн заримдаа аливаа ачааг үүрч, золиослол гаргах шаардлагатай, зовлон зүдгүүртэй замаар явах ёстой болдог.

Олон жилийн өмнө магистрт сурч байхад Америкийн шашны түүхийн хичээлийн хэлэлцүүлгийн дараа манай ангийн нэг оюутан надаас “Яагаад хожмын үеийн гэгээнтнүүд бусад Христэд итгэгчийн итгэлийн бэлгэдэл болгон ашигладаг загалмайг хүлээн аваагүй юм бэ?” гэж асууж билээ.

Загалмайн талаарх иймэрхүү асуултууд ихэвчлэн бидний Христэд өгсөн амлалттай холбогддог тул би шуудхан түүнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүс Христийн цагаатгал болон золиосыг үндсэн баримт, амин чухал үндэс суурь, гол сургаал, Өөрийн хүүхдүүдийн авралд зориулсан Бурханы агуу төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайрын хязгааргүй илэрхийлэл гэж үздэгийг хэлсэн юм.1 Энэ үйлдэлд агуулагдах авралын ач ивээл нь Адам, Ева хоёроос эхлээд дэлхийн төгсгөл хүртэлх бүх хүн төрөлхтөнд чухал ач холбогдолтой бөгөөд бүгдэд зориулсан бэлэг байсныг би тайлбарласан.2 Мөн бошиглогч Иосеф Смит “манай шашинд хамаатай … бүх зүйл нь зөвхөн [Есүс Христийн Цагаатгал] бөгөөд бусад нь хавсралт төдий юм” гэснийг би эш татсан.3

Дараа нь би түүнд Есүсийг төрөхөөс 600 жилийн өмнө Нифайн бичсэн “Мөнхүү … сайхь тэнгэр элч надад хандан … ярьж, хэлсэн нь: Харагтун! Мөн би харж бас Бурханы хургыг, … [Түүнийг] энэ дэлхийн нүглүүдийн тул загалмайд өргөгдөн мөн алагдсаныг үзсэн бөлгөө”4 гэсэн үгсийг уншиж өгөв.

Би “хайрлаж, хуваалцаж, урих” эрмэлзэл маань хөдлөн, үргэлжлүүлэн уншсаар байлаа! Амилсан Христ шинэ дэлхий дэх нифайчуудад хандан “Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, … би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, … Эцэг минь намайг илгээсэн бөлгөө; Мөн энэ шалтгааны учир би өргөгдөв5 хэмээсэн.

Төлөөлөгч Паулын үгийг эш татах гэж байтал тэр ийш тийшээ харан, анхаарахгүй байгааг би анзаарлаа. Тэрээр бугуйн цагаа яаран хараад, хаа нэгтээ, хаана ч юм байх хэрэгтэйгээ санав бололтой, санаанаасаа зохиосон уулзалт руугаа яаран гарч явах нь тэр. Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм.

50 орчим жилийн дараа, өнөө өглөө, би уг тайлбараа өгч дуусгахаар шийдлээ. Та нарын хэн нэг нь бугуйн цагаа харж эхэлсэн ч бай ярьж дуусгая. Бид ерөнхийдөө загалмайн дүрсийг яагаад ашигладаггүй талаар тайлбарлахыг оролдохоосоо өмнө, би үүнийг ашигладаг хүмүүсийн итгэл дүүрэн хүсэл эрмэлзэл, үнэнч амьдралыг чин сэтгэлээсээ биширч, гүнээ хүндэтгэж байгаагаа маш тодорхой илэрхийлэхийг хүсэж байна.

Бид загалмайг бэлгэдэл болгон онцолдоггүй нэг шалтгаан нь бидний библийн үндэснээс эхтэй. Загалмайд цовдлох нь Ромын эзэнт гүрний цаазаар авах ялын хамгийн тарчлам хэлбэрүүдийн нэг байсан тул Есүсийн эртний олон дагалдагч тэрхүү зовлонгийн харгис хэрцгий хэрэглүүрийг онцлохгүй байхыг сонгосон. Христийн үхлийн утга учир тэдний итгэлд гол байр суурь эзэлдэг байсан ч 300 жилийн турш тэд сайн мэдээний итгэл үнэмшлээ өөр арга хэрэгслээр илэрхийлсээр иржээ.6

4, 5-р зууны үеэс загалмайг ерөнхийдөө христийн шашны бэлгэдэл болгон нэвтрүүлэх болсон ч манайх бол “ерөнхий Христийн шашин” биш юм. Бид католик ч биш, протэстант ч биш, харин сэргээгдсэн сүм, сэргээгдсэн Шинэ Гэрээний Сүм билээ. Тиймээс бидний гарал үүсэл, эрх мэдэл бол зөвлөл, тунхаглал, дүрс дүрслэлийн өмнөх үеэс улбаатай.7 Энэ утгаараа түгээмэл хэрэглээнд хожуу нэвтэрсэн загалмайн бэлгэдэл байхгүй нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол эхлэлээс байсан жинхэнэ Христийн шашныг сэргээсний бас нэгэн нотолгоо юм.

Загалмайг бэлгэдэл болгон ашигладаггүй өөр нэг шалтгаан бол Түүний золиос бүхий зовлон шаналал, үхлээс гадна бид Христийн зорилгын бүрэн гайхамшиг болох Түүний сүр жавхлант Амилалтад онцгой анхаарал хандуулдаг явдал юм. Үхэл ба амилалтын уялдааг онцлохын тулд би Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгынхны долоо хоног бүрийн пүрэв гарагт Солт Лэйк Ситид явуулдаг, ариун сүм дэх ариун нандин уулзалтын ард чимэг болон байрладаг хоёр уран зургийн8 талаар дурдъя. Зургууд дээрх дүрслэл нь үйлчлэгчид нь болох бидэнд Түүний төлсөн үнэ цэн хийгээд байгуулсан ялалтыг байнга сануулдаг.

Цовдлолт, Харри Андэрсон
Амилалт, Харри Андэрсон

Христийн ялалтын илүү олон нийтэд түгсэн уран зургийн нэг хувилбар нь цовдлолтын шарх нь аниагүй, амилсан Христ булшнаас сүр жавхлантай гарч ирж буйг дүрсэлсэн, Торвалдсэны энэхүү уран дүрслэл юм.9

Сүмийн лого

Эцэст нь бид ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн заасанчлан “Манай хүмүүсийн амьдрал бидний [итгэлийн бэлгэ тэмдэг байх ёстой”10 гэснийг санах хэрэгтэй]. Эдгээр зураг нь загалмайн тухай бүх судрын эшлэлүүдээс хамгийн чухал нь байж болох ойлголтыг надад өгдөг. Энэ нь зүүлт, гоёл чимэглэл, сүмийн орой, заах самбартай ямар ч холбоогүй. Энэ нь Христэд итгэгч Түүний шавь болгонд өгсөн дуудлагад хариулах ёстой хад шиг бат бөх шударга зан, хатуу ёс суртахууны тулгууртай холбоотой. Бүх газар нутаг, эрин үеийн хүмүүст хандан Тэрээр “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага”11 хэмээн айлдсан.

Энэ нь зүүдэг загалмайг бус харин бидний үүрдэг загалмайг хэлж байгаа юм. Есүс Христийн дагалдагч байхын тулд хүн заримдаа аливаа ачааг үүрч, золиослол гаргах шаардлагатай, зовлон зүдгүүртэй замаар явах ёстой болдог. Жинхэнэ Христэд итгэгч хүн зөвхөн өөрийн санаанд нийцсэн замаар Багшийг дагадаггүй. Үгүй. Бид газар бүрд, шаардлагатай бол нулимс, бэрхшээлээр дүүрсэн талбарт, заримдаа бүр ганцаархнаа зогсоод ч хамаагүй Түүнийг дагадаг.

Би Христийг яг ийм итгэлээр дагадаг Сүмийн болон Сүмийн бус хүмүүсийг мэднэ. Бие махбодын хүнд бэрхшээлтэй хүүхдүүдийг би мэднэ. Тэднийг асран халамжилдаг эцэг эхчүүдийг би мэднэ. Би тэднийг заримдаа хүч чадал, аюулгүй байдал, баяр хөөрт богино мөчийг эрэлхийлэн ядарч цуцталаа ажиллахаас өөр аргагүй байгааг хардаг. Хайраар дүүрэн хань ижил, гайхалтай гэр бүл, өөрийн гэсэн үр хүүхдүүдээр дүүрэн гэр орныг хүсэн тэмүүлдэг, бас эдгээрийг хүртэх эрхтэй олон ганц бие насанд хүрэгчийг би мэднэ. Үүнээс илүү зөв шударга хүсэл гэж байхгүй боловч он жил өнгөрсөн ч ийм зүйл тохиохгүй байх нь бий. Олон төрлийн сэтгэцийн өвчинтэй тэмцэж байгаа хүмүүсийг мөн сэтгэл санааны тогтвортой байдлын амлагдсан нутгийн төлөө залбирч, хүсэн мөрөөдөж, тусламж гуйж буй хүмүүсийг би мэднэ. Хүнд хэцүү, ядуу зүдүү амьдарч байгаа ч цөхрөлийг үл тоомсорлон хайртай хүмүүстээ болон бусдад илүү сайн сайхан амьдралыг бий болгох боломжийг л зөвхөн хүсдэг хүмүүсийг би мэднэ. Би хувь хүний мөн чанар, хүйс, бэлгийн чиг хандлагын хурцадмал асуудалтай тэмцэлдэж байгаа олон хүнийг мэднэ. Тэдний шийдвэрийн үр дагавар ямар чухал болохыг мэдэх учраас тэдний төлөө, тэдэнтэй хамт би мэгшдэг.

Бидний амьдралдаа туулдаг хүнд нөхцөл байдал нь жинхэнэ шавь байхад төлөөс хэрэгтэй гэдгийн ариун сануулга юм. Давид хаан шатаалт тахилд нь зориулан үнэгүй үхэр, түлээ өгөхийг санал болгосон Арунад “Үгүй, би энэ бүгдийг чамаас заавал үнээр худалдаж авна. Учир нь би төлөөс төлбөргүй зүйлээр Бурхан ЭЗЭНд … өргөхгүй”12 гэж хариулсны адил, бүгдээрээ бас ийн хэлцгээе.

Биднийг загалмайгаа үүрч, Түүнийг дагах үед сорилт бэрхшээлүүд маань бусдын үүрч буй ачааг илүү өрөвч сэтгэлээр, илүү анхаарч хардаг болгохгүй бол үнэхээр эмгэнэлтэй юм. Цовдлолтын хамгийн хачирхалтай зүйлийн нэг бол Аврагчийн гарыг алдалж байгаад хадсан нь энэхүү гар хүн төрөлхтний бүх эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүрд нээлттэй төдийгүй тэд бүгдийг тэврэн авч гэтэлгэн, өргөмжлөлд хүргэхээр урьдгийг санамсаргүй боловч үнэн зөв дүрсэлсэн явдал юм.13

Зовлон шаналалт Цовдлолтын дараа сүр жавхлант Амилалт тохиосны адил Мормоны Номын бошиглогч Иаковын хэлснээр “Христэд итгэж, мөн түүний үхлийг тунгааж, мөн түүний загалмайг үүрэлцэ[х]” хүсэлтэй хүмүүсийн дээр төрөл бүрийн адислал цутгадаг. Заримдаа эдгээр адислал тэр даруйд, заримдаа хожуу ирдэг боловч бидний хувийн via dolorosa [Калварид хүрэх зам]14-аар дамжуулан олж авсан гайхалтай дүгнэлтээр бол Багшийн амласан зүйлс үнэхээр ирдэг мөн ирэх ч болно. Ийм адислалыг олж авахын тулд бид загалмай маань хүнд санагдах үед ч, зам маань харанхуй болох үед ч Түүнийг үнэнчээр, хэзээ ч эргэлзэлгүй, зугтаалгүй, хийх ёстой зүйлээсээ хойш суулгүй дагах болтугай. Та бүхний хүч чадал, үнэнч зан, хайранд би хувьдаа талархаж байна. Загалмайд “өргөгдсөн”15 Түүнийг болон Түүнтэй хамт “өргөгдсөн” хүмүүст Түүний өгдөг мөнхийн адислалуудыг би төлөөлөгчийн хувьд гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Жэффри Р.Холланд, Encyclopedia of Mormonism (1992), “Atonement of Jesus Christ,” 1:83-ыг үзнэ үү.

  2. Амюлек Христийн Цагаатгалын тухай “агуу их болоод эцсийн золиослол” нь “хэмжээлшгүй хийгээд мөнхийн” хэмээн хэлсэн (Алма 34:10). Учир нь “бүгд унасан мөн төөрөлдсөн, мөн зайлшгүй хийгдэх ёстой уг цагаатгалаар бус аваас мөхөх ёстой” (Алма 34:9; мөн 8–12-р шүлгийг үзнэ үү). Ерөнхийлөгч Жон Тэйлор “Бидний хувьд энэ явдал нь тайлагдашгүй хийгээд тайлбарлашгүй юм. Тэрээр зөвхөн Адамын төдийгүй мөн түүний үр удмын болон бүх дэлхийн нүглүүдийн хүндийг үүрсэн бөгөөд үүнийг хийснээрээ Тэрээр зөвхөн итгэгчид хийгээд Бурханы хуулиудыг дагасан хүмүүсийн төлөө, мөн хүмүүний гэр бүлийн тэн хагасаас илүү нь болох хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө болон хуулийг сонсолгүйгээр нас барсан хүн төрөлхтний төлөө тэнгэрийн хаант улсыг нээсэн юм” гэж нэмж хэлжээ (An Examination into and an Elucidation of the Great Principle of the Mediation and Atonement of Our Lord and Savior Jesus Christ” [1892], 148–149, Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 52–53-аас үзэх боломжтой).

  3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 59.

  4. 1 Нифай 11:32–33

  5. 3 Нифай 27:14–15

  6. Мэдээж, Паулын сургаалд загалмайн тухай дурдсан байдаг боловч (жишээлбэл: 1 Коринт 1:17–18; Галат 6:14; Филиппой 3:18-ыг үзнэ үү) энэ нь хөндлөн холбож хадсан хоёр гуалин эсвэл тиймэрхүү жижиг тэмдгээс хамаагүй илүү зүйлийг өгүүлсэн байдаг. Тиймээс Паул загалмайн талаар, мөн Цагаатгалын сүр жавхлангийн тухай ярихдаа сургаалын товчлолыг ашигласан бөгөөд хожмын үеийн гэгээнтнүүд түүнтэй нэгдэж, түүнээс эш татдаг.

  7. Мартин Лүтэрийн хамтрагч Андрэас Карлстадт (1486–1541) зэрэг Христийн шашны эртний болон уламжлалт зүтгэлтнүүд дундад зууны сүүлчээр “цовдлолт [дангаараа] зөвхөн Христийн зовлон зүдүүрийг дүрсэлсэн бөгөөд Түүний Амилалт болон гэтэлгэгч [хүчийг] харуулахаас татгалздаг” гэж шүүмжилж байв (in John Hilton III, Considering the Cross: How Calvary Connects Us with Christ [2021], 17).

  8. Харри Андэрсон, Цовдлолт; Харри Андэрсон, Мариа ба Амилсан Их Эзэн.

  9. Рассэлл М.Нэлсон, “Тусламж гуйн, Тэнгэрийг нээх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85–88.

  10. Gordon B. Hinckley, “The Symbol of Christ,” Ensign, May 1975, 92.

  11. Матай 16:24

  12. 2 Самуел 24:24

  13. “Наманчилж мөн түүний нэрэнд итгэх бүх хүмүүст түүний мутар сунгаастай байдаг” (Алма 19:36; мөн 2 Нифай 26:33; Алма 5:33-ыг үзнэ үү).

  14. Via dolorosa гэдэг нь “зовлон зүдгүүрт, хүнд хэцүү зам, гарц эсвэл цуврал үйл явдал” гэсэн утгатай латин хэллэг юм (Merriam-Webster.com Dictionary, “via dolorosa”). Энэ нь ихэвчлэн Пилатын гарт яллагдахаас эхлээд Калварид цовдлогдох хүртэлх Есүсийн явсан замыг төлөөлдөг.

  15. 3 Нифай 27:14–15-ыг үзнэ үү.