2022
Хариулт нь Есүс
2022 оны 11-р сар


10:52

Хариулт нь Есүс

Сорилтууд хэчнээн хэцүү, төөрөлдмөөр байсан ч хариулт нь энгийн байдаг ба энэ нь үргэлж Есүс байдаг гэдгийг та нар байнга санаж чадна.

Чуулганы энэхүү хуралдаанд та нартаа хандан ярьж байгаа маань нэр төрийн хэрэг билээ. Өнөөдөр би та бүхнийг найзууд минь гэе. Иоханы сургаал дээр, бид Аврагчийн заасныг гүйцэтгэх үедээ Түүний найз нөхөд болдог гэж Тэрээр заасан.1

Энэ нь биднийг Аврагчтай холбодог гэрээнүүд, хувьдаа мөн хамтдаа Түүнийг хайрлах хайр билээ. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Их Эзэн та нарт хайртай, та нарт найддаг гэдгийг би хэлэхийг хүсэж байна. Гэхдээ үүнээс илүүтэй, Тэр та нараас хамааралтай гэдгийг хэлэхийг хүсэж байна”2 хэмээн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг намайг ерөнхий эрх мэдэлтнээр дуудах үед би сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Маш хүчтэй мэдрэмж төрсөн. Эхнэр Жули бид хоёр Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдааныг тэсэн ядан хүлээж байлаа. Би дэмжин батлагдахдаа дарууссан байв. Томилогдсон суудалдаа очих алхам бүрээ би хянамгай гэгч тоолж байлаа. Анхны даалгавар дээрээ уначихгүйн тулд шүү дээ.

Хуралдааны төгсгөлд надад гүнзгий нөлөө үзүүлсэн нэг зүйл болсон юм. Чуулгын гишүүд эгнэн зогсоод, шинэ ерэнхий эрх мэдэлтнүүдтэй нэг бүрчлэн мэндлэв. Хүн бүр хайрлаж, дэмжихээ илэрхийлж байсан. Тэд намайг халуун дотноор абразо (тэврэн), “Бүү санаа зов. Та энд харьяалагддаг” гэж хэлж байв.

Бидний Аврагчтай харилцах харилцаанд Тэр зүрх сэтгэлийг маань чухалчилдаг бөгөөд “нүүр тал хардаггүй.”3 Тэр төлөөлөгчдөө хэрхэн сонгодгийг эргэцүүлэн бодоорой. Тэр нэр хүнд, бэл бэнчинд анхаарал хандуулдаггүй. Тэр биднийг Өөрийг нь дагахад урьдаг бөгөөд бид Түүнд харьяалагддаг гэдгийг баталдаг гэдэгт би итгэдэг.

Энэхүү захиас Сүмийн өсвөр үеийнхэнд онцгой хамаатай. Ерөнхийлөгч Нэлсоны та нараас харж байгаа зүйлийг би та бүхнээс харж байна. Тэрээр “Энэ үеийн залуучуудад ямар нэгэн онцгой зүйл байгаа нь маргаангүй. Тэнгэрлэг Эцэг тань та нарыг энэ цаг үед дэлхий рүү илгээнэ гэдэгт маш их итгэлтэй байсан нь гарцаагүй. Та нар агуу зүйл бүтээхээр төрсөн”4 хэмээн хэлсэн.

Би өсвөр үеийнхнээс суралцдагтаа талархалтай байдаг. Хүүхдүүд, номлогчид, үеэл дүү нарынхаа надад заадаг зүйлд би талархдаг.

Саяхан би үеэл дүү Наштайгаа хамт ферм дээрээ ажиллаж байлаа. Тэр зургаахан настай, бас цэвэр ариун сэтгэлтэй. Тэр миний ганц дуртай үеэл дүү, би ч бас өнөөдөр чуулган дээр үг хэлж байгаа түүний ганц дуртай авга ах нь.

Түүнийг бидний хийж байсан зүйлд туслан, шийдэл олох үед би “Наш аа, үнэхээр сайхан санаа байна. Чи яаж ийм ухаантай байдаг байна аа? гэж асууж билээ. Тэр над руу бага зэрэг эргэлзсэн харцаар хараад, “Раин ах аа, та яагаад энэ асуултын хариултыг мэддэггүй байна аа?

Есүс шүү дээ” хэмээн мөрөө хавчин, итгэлтэйгээр инээмсэглэн хэлсэн юм.

Наш тэр өдөр надад энгийн боловч гүн гүнзгий хичээл заасан. Хамгийн энгийн мөн хамгийн төвөгтэй асуултын хариулт үргэлж ижил байдаг. Хариулт нь Есүс Христ. Бүх шийдэл Түүн дотроос олддог.

Иоханы сургаалд, Аврагч шавь нартаа зориулан газар бэлтгэх тухай хэлэхэд Томас эргэлзэж, Аврагчид хандан:

“Эзэн, Таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд

Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”5 гэсэн байдаг.

Аврагч шавь нартаа Өөрийгөө “зам, үнэн, амь” мөн гэдгээ заасан. Тэр Тэнгэрлэг Эцэгтээ хэрхэн очих тухай асуултын хариулт юм. Бидний амьдрал дахь Түүний бурханлаг үүргийн талаар гэрчлэл олж авах тухай би залуудаа сурсан.

Намайг Аргентинд номлогчоор үйлчилж байхад ерөнхийлөгч Ховард В.Хантэр амьдралд минь гүн гүнзгий нөлөө үзүүлэх зүйл хийхийг урьсан юм. Тэрээр “Бид Христийг мэддэгээсээ илүү сайн мэдэж, Түүнийг санан дурсдагаасаа илүү олон удаа санан дурсаж, Түүнд үйлчилдгээсээ илүү зоригтой үйлчлэх ёстой”6 гэж хэлсэн.

Тэр үед би хэрхэн илүү сайн номлогч болох талаараа санаа зовж байлаа. Христийг мэдэж, санаж, Түүнд үйлчлэх гэдэг нь надад ирсэн хариулт байлаа. Дэлхий даяарх номлогчид “Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэнээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь хүмүүст туслах замаар Христэд ирэхэд нь бусдыг урих” нэгэн зорилгод нэгддэг.7 Би номлогчдоор хичээл заалгаж байгаа найзууддаа хандан, Христэд ир хэмээх урилгыг өгч байна. Бид хамтдаа Түүнийг мэдэж мөн санаж, Түүнд үйлчлэхээр хичээх болно.

Номлолд үйлчлэх нь амьдралын маань ариун нандин цаг үе байсан. Бүрэн цагийн номлогчийн хувьд ерөнхийлөгч Блайр Пинкоктой ярилцсан сүүлчийн ярилцлагын маань үеэр, тэрээр эхнэрийнхээ хамт үйлчлэлээ дуусгах дөхөж байгаа тул номлолын удирдагчид солигдох гэж байгаа гэж надад ярьсан юм. Бид хоёр үнэхээр дуртай зүйлээ орхиж байгаадаа хоёулаа гунигтай байлаа. Бүрэн цагийн номлогч байхаа больж байгаадаа санаа зовж байгааг минь тэр харж байв. Тэр агуу итгэлтэй хүн байсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд надад зааж сургасныхаа адил тэр өдөр ч бас надад хайраар заасан билээ. Тэр ажлын ширээнийхээ дээр өлгөсөн Есүс Христийн зураг руу заагаад, “Ахлагч Олсэн, бүх зүйл сайхан болно. Учир нь энэ бол Түүний ажил” хэмээн хэлсэн юм. Хэрэв бид Аврагчид зөвшөөрвөл Тэр биднийг зөвхөн үйлчилж байхад төдийгүй үргэлж бидэнд туслах болно гэдгийг мэдээд би тайвширсан.

Пинкок эгч бидэнд зүрх сэтгэлийнхээ гүнээс хамгийн энгийн испани хэллэгийг заасан юм. Түүнийг “Jesucristo vive (Есүс Христ амьд)” гэж испаниар хэлэхэд, би энэ нь үнэн гэдгийг бас Тэр амьд гэдгийг мэдэж байсан. Түүнийг “Elderes y hermanas, les amo (Ахлагчид болон эгч нар аа, би та нарт хайртай)” гэж испаниар хэлэхэд би тэр бидэнд хайртайг бас биднийг үргэлж Аврагчийг дагаасай хэмээн хүсдэг гэдгийг мэдсэн.

Миний эхнэр бид хоёрт саяхан Уругвайд номлолын удирдагчаар үйлчлэн, гайхамшигтай номлогчидтой хамтдаа хөдөлмөрлөх боломж тохиосон юм. Тэд энэ дэлхий дээрх хамгийн шилдэг номлогчид бөгөөд номлолын удирдагч бүр ийн мэдэрдэг гэж би итгэж байна. Энэ шавь нар өдөр бүр Аврагчийг дагах талаар бидэнд заадаг байсан.

Ээлжит ярилцлагын үеэр манай гайхалтай эмэгтэй номлогчдын нэг миний ажлын өрөөнд орж ирлээ. Тэр амжилттай номлогч, шилдэг сургагч, өөрийгөө бүрэн зориулдаг удирдагч байсан юм. Хамтрагчид нь түүнийг үлгэр жишээ болгон хардаг, хүмүүс мөн түүнд хайртай байгаад зогсохгүй, тэр дуулгавартай, даруухан, өөртөө итгэлтэй номлогч байсан. Өмнөх уулзалтаараа бид түүний үйлчилж байгаа бүс болон зааж буй хүмүүст анхаарал хандуулсан юм. Харин энэ удаад өөр байв. Намайг түүнээс хэр байгааг нь асуухад, тэрээр хариулахдаа тээнэгэлзэж байгааг би анзаарлаа. Тэрээр “Ерөнхийлөгч Олсэн, би үүнийг хийж чадах эсэхээ мэдэхгүй байна. Би ер нь хангалттай сайн байж чадах эсэхээ ч мэдэхгүй байна. Би Их Эзэний хүссэн тэр номлогч байж чадна гэдэгтээ эргэлзэж байна” гэсэн юм.

Тэр бол гайхалтай сайн номлогч байсан. Бүх талаараа тун сайн байсан. Номлолын ерөнхийлөгчийн мөрөөдлийн номлогч байсан юм. Номлогчийн хувьд түүний чадамжид би хэзээ ч санаа зовж байгаагүй.

Түүнийг сонсож байх үедээ би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч дотроо ”Тэнгэрлэг Эцэг минь ээ, тэр бол өөлөх юмгүй номлогч. Тэр Таны охин. Тэр бүх зүйлийг зөв хийж байгаа. Би буруу зүйл яримааргүй байна. Юу гэж хэлэхээ мэдэхэд минь туслаач” гэж залбирсан.

Хэлэх үг миний бодолд орж ирэв. Би “Hermana (эгч ээ), танд төрж байгаа мэдрэмжийг би ойлгож байна. Нэг зүйл асууя. Таны зааж байгаа найзад яг ийм мэдрэмж төрж байсан бол та юу гэж хэлэх байсан бэ?”

Тэр над руу харан, инээмсэглээд, ямар ч эргэлзээгүй номлогчийн сүнс, итгэл үнэмшилтэйгээр “Ерөнхийлөгч өө, тун амархан. Би түүнд Аврагч өөрийг нь төгс мэддэг. Тэр амьд. Тэр чамд хайртай. Чи хангалттай сайн. Үүнийг асуудалгүй хийж чадна гэж хэлэх байсан” гээд, цааш нь

хоолой зангируулан, “Ийм зөвлөгөө найзад маань туслах юм бол надад ч мөн тусална гэсэн үг” гэв.

Бидэнд асуулт, эргэлзээ төрөх үед бид шийдэл нь ярвигтай эсвэл хариулт олох нь төөрөгдмөөр гэж боддог байж болох юм. Дайсан, тэр ч байтугай бүх худал хуурмагийн эцэг тэрээр мөн төөрөгдлийг бүтээгч гэдгийг бид санах болтугай.8

Аврагч бол энгийн байдлын гарамгай Багш мөн.

Ерөнхийлөгч Нэлсон:

“Дайсан маш ухаантай. Тэрээр мянга мянган жилийн турш сайныг муу, мууг сайн болгон харагдуулсаар ирсэн. Түүний захиас чанга, түрэмгий, ихэрхүү маягтай байдаг.

Гэвч Тэнгэрлэг Эцэгийн маань захиас үүнээс тэс ондоо. Тэрээр буруу ташаа ойлгохын аргагүй энгийн, намуухан бөгөөд маш тодорхой байдлаар ярьдаг”9 хэмээсэн билээ.

Бурхан бидэнд хайртай учраас Өөрийн Хүүг илгээсэн гэдэгт бид хэчнээн их талархдаг гээч! Тэр бол хариулт нь.

Ерөнхийлөгч Нэлсон саяхан ийн хэлсэн.

“Есүс Христийн сайн мэдээ урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байна. …

…Энэ нь Их Эзэний шавь нартаа өгсөн ‘бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун’ хэмээх удирдамжийн ач холбогдлыг онцолдог.”10

Үйлчлэхээр сонгох хүмүүст би бошиглогчийн дуудлагыг сонсох үед ирэх адислалуудыг гэрчилж чадна. Үйлчлэл нь та бүхний тухай биш, харин Аврагчийн тухай юм. Та тодорхой нэг газар дуудагдах боловч хамгийн чухал нь та хүмүүст дуудагдах болно. Та шинэ найзууддаа хариулт нь Есүс гэдгийг ойлгоход нь туслах агуу хариуцлага мөн адислалыг хүлээх болно.

Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бөгөөд бидний харьяалагддаг газар юм. Ерөнхийлөгч Нэлсоны хайраар урамшуулж байгаа бүх зүйл биднийг Аврагчид улам ойртуулна.

Сүр жавхлант өсвөр үеийнхэн болон, үеэл дүү Наштаа хандаж хэлэхэд, амьдралын чинь туршид, сорилтууд хэчнээн хэцүү, төөрөлдмөөр байсан ч хариулт нь энгийн байдаг ба энэ нь үргэлж Есүс байдаг гэдгийг та нар байнга санаж чадна.

Бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн хувьд бидний дэмждэг хүмүүсийн олон удаа хэлэхийг сонссончлон, бид та нарт хайртай, та нартаа баярлалаа, та нар бидэнд хэрэгтэй гэж хэлье. Энэ бол та бүхний харьяалагддаг газар.

Би Аврагчид хайртай. Би Есүс Христ хэмээх Түүний алдар нэрийг гэрчилж байна. Тэр бол бидний “итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч”11, энгийн байдлын гарамгай Багш гэдгийг би гэрчилж байна. Хариулт нь Есүс юм. Есүс Христийн нэрээр, амен.