2022
Бурханд болон Түүний ажилд үнэнч бай
2022 оны 11-р сар


13:53

Бурханд болон Түүний ажилд үнэнч бай

Бид бүгд Есүс Христийн талаарх хувийн гэрчлэлийг эрэлхийлж, хүслээ хазаарлаж, нүглээ наманчилж, Бурханд болон Түүний ажилд үнэнч байх хэрэгтэй.

Өнгөрсөн аравдугаар сард би ерөнхийлөгч М.Рассэлл Баллард, ахлагч Жэффри Р.Холланд хоёртой хамт Их Британид айлчлахаар томилогдсон. Бид гурав гурвуулаа залуудаа тэнд номлогчоор үйлчилсэн юм. Бидэнд зааж, гэрчлэх боломж тохиосон төдийгүй миний хуланц өвөө Хибэр С.Кимбалл болон түүний хамтрагчид анхны номлогчдоор үйлчилж байсан Британийн арлууд дахь Сүмийн эртний түүхийг бид дурсан санасан.1

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ айлчлалын талаар биднийг цаашлуулан, гурван төлөөлөгч залуудаа номлогчоор үйлчилж байсан газраа айлчлахаар томилогдсон нь ер бусын зүйл гэдгийг онцолж билээ. Бүх хүн анх үйлчилсэн номлолдоо айлчлан очихыг хүсдэг гэдгийг тэр мэдэж байв. Нүүрэндээ тодоос тод мишээл тодруулан нөхцөл байдлыг товчхон тайлбарлаж, хэрэв 60 гаруй жилийн өмнө ижил номлолд үйлчилсэн өөр гурван төлөөлөгч байх юм бол тэд ч мөн адил ийм үүрэг даалгавар авч магадгүй гэж тэр хэлсэн.

Хибэр С.Кимбалл

Энэхүү томилолтод бэлдэж байхдаа би Хибэр С.Кимбаллын амьдрал гэдэг номыг хожим төлөөлөгчөөр дуудагдсан түүний ач хүү Оорсон Ф.Витнигийн бичсэнээр уншив. Уг ботийг намайг долоо орчим настай байхад хайрт ээж минь бэлэглэж билээ. 1947 оны 7-р сарын 24-нд бид ерөнхийлөгч Жорж Албэрт Смитийн “This Is the Place [Энэ бол уг газар]” дурсгалын цогцолборыг онцгойлон адислах ёслолд оролцохоор бэлтгэж байв.2 Ээж минь намайг өөрийн өвөг дээдэс болох Хибэр С.Кимбаллын талаар илүү ихийг мэдээсэй гэж хүссэн юм.

Энэхүү номд бидний өнөөгийн цаг үед чухал ач холбогдолтой, ерөнхийлөгч Кимбаллын хэлсэн гүн гүнзгий мэдэгдэл байдаг. Уг мэдэгдлийг хуваалцахаасаа өмнө би түүхэн нөхцөл байдлын тухай бага зэрэг мэдээлэл өгье.

Бошиглогч Иосеф Смитийг Либерти шоронд хоригдож байх үед төлөөлөгч Бригам Янг, Хибэр С.Кимбалл хоёр аймшигт хүнд хэцүү нөхцөл байдал дунд гэгээнтнүүдийг Миссуригээс нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцаж байлаа. Захирагч Лилбурн В.Боггсын гаргасан устгах тушаалын улмаас олон хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон юм.3

Уг үйл явдлаас бараг 30 жилийн дараа, тухайн үед Тэргүүн Зөвлөлд үйлчилж байсан Хибэр С.Кимбалл шинэ үеийнхний хамт энэ түүхийг эргэцүүлэн, тэдэнд “Та нарын олон нь өөрсдийн тэвчиж чадах бүх зовлон зүдүүр, сорилт, хавчлагыг туулах цагийг үзэж, мөн Бурханд болон Түүний ажилд үнэнч гэдгээ харуулах олон боломжтой тулгарна гэдгийг би та нарт хэлье”4 хэмээн заажээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Тохиолдох бэрхшээлүүдийг даван туулахын тулд энэ ажлын үнэний тухай өөрсдийн гэсэн мэдлэгтэй болох нь та нарт шаардлагатай байх болно. Энэ мэдлэг буюу гэрчлэлийг эзэмшээгүй эрэгтэй, эмэгтэй хүн унахуйц тийм бэрхшээлүүд байх болно. Хэрэв танд гэрчлэл байхгүй, зөв шударга амьдардаггүй, Их Эзэнийг дууддаггүй бол гэрчлэлтэй [болох] [хүртлээ] үргэлжлүүл. Хэрэв та тэгэхгүй бол тэсэж чадахгүй. … Ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн зээлсэн гэрэлд эцсээ хүртэл тэвчих боломжгүй цаг ирэх болно. Хүн бүр өөрийнхөө доторх гэрлээр удирдуулах хэрэгтэй болно. … Хэрэв танд энэ гэрэл байхгүй бол та тэсэж чадахгүй; тиймээс Есүсийн тухай гэрчлэлтэй болохыг эрэлхийлж, үүнээсээ зууран барь, тэгвэл хүнд хэцүү цаг ирэхэд та бүдэрч, унахгүй байх болно”5 гэжээ.

Бидний хүн нэг бүрд Бурханы ажил6 болон Есүс Христийн үндсэн үүргийн талаар хувийн гэрчлэл хэрэгтэй. Сургаал ба Гэрээний 76-р хэсэгт алдар суугийн гурван зэрэглэлийг дурдаад, селестиел алдар сууг нартай зүйрлэсэн байдаг. Энд дараа нь террестиел хаант улсыг сартай зүйрлүүлсэн.7

Нар өөрийн гэсэн гэрэлтэй байдаг байхад сар нь гэрлийн тусгал буюу “зээлсэн гэрэлтэй” байдаг нь сонирхолтой. Террестиел хаант улсын тухай ярихдаа 79-р шүлэгт “Эдгээр нь Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш тэд бөлгөө” гэж хэлдэг. Бид зээлсэн гэрлээр селестиел хаант улсыг олж авч Бурхан Эцэгтэй хамт амьдарч чадахгүй бөгөөд бидэнд Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаарх хувийн гэрчлэл хэрэгтэй.

Бид алдас газар авч8, хүмүүсийн үзэл бодлын улмаас зүрх сэтгэлээ Бурханаас буруулдаг9 дэлхийд амьдарч байна. Бурханы ажил болон Есүс Христийн тухай гэрчлэлтэй болохыг эрэлхийлэх талаарх Хибэр С.Кимбаллын санаа зовнил судрын хамгийн сэтгэл хөдөлгөм жишээнүүдийн нэг болох Алмагийн Хиламан, Шиблон, Кориантон хэмээх гурван хүүдээ өгсөн зөвлөгөөнд гардаг.10 Түүний хоёр хүү Бурханд болон Түүний ажилд үнэнч байв. Гэтэл нэг хүү нь зарим буруу шийдвэрийг гаргажээ. Алмагийн зөвлөгөөний хамгийн агуу ач холбогдол бол түүний хүүхдүүдийнхээ тусын тулд эцэг хүний хувиар зөвлөгөө өгч байсан явдал гэж би боддог.

Хибэр С.Кимбаллын хүссэнчлэн, Алма хүү бүрээ Есүс Христийн тухай гэрчлэлтэй, Бурханд болон Түүний ажилд үнэнч байгаасай гэж хүссэн.

Алма өөрийн хүү Хиламанд хэлсэн гайхалтай сургаалдаа “Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно”11 гэсэн бүрэн төгс амлалтыг өгсөн байдаг.

Алма тэнгэр элчийг харж, илэрхийлэл хүлээн авсан ба энэ нь ховор тохиолдол юм. Ариун Сүнсээр дамжин аливаа сэтгэгдэл төрөх нь илүү нийтлэг байдаг. Эдгээр сэтгэгдэл нь тэнгэр элчийн илэрхийлэлтэй адил чухал юм. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Ариун Сүнснээс бодгальд ирэх сэтгэгдэл нь үзэгдлээс хамаагүй чухал юм. Сүнс сүнстэйгээ ярих үед бодгальд үлдсэн ул мөрийг арилгахад их хэцүү байдаг12 хэмээн заасан.

Энэ нь биднийг Алмагийн хоёр дахь хүү Шиблондоо өгсөн зөвлөгөө рүү хөтөлж байна. Шиблон өөрийн ах Хиламан шиг зөв шударга хүн байсан. Миний онцлохыг хүсэж буй зөвлөгөө бол Алма 38:12-т хэлсэнчлэн, “хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлахыг мэдээрэй” гэсэн хэсэг юм.

Хазаар бол сонирхолтой үг. Бид морь унахдаа хазаарыг чиглүүлэгч болгон ашигладаг. Хазаарлах гэдэгтэй чиглүүлэх, хянах, хязгаарлах гэсэн үйл үгс ижил утгатай байж болно. Хуучин Гэрээнд бид бие махбодтой болно гэдгээ мэдээд, баярласандаа уухайлан хашхирч байсан тухай өгүүлдэг.13 Бие махбод бол хилэнцэт бус, харин үзэсгэлэнтэй, чухал зүйл боловч заримдаа хүслээ зөв ашиглахгүй, зөв зохистойгоор хазаарлаагүй тохиолдолд биднийг Бурханаас бас Түүний ажлаас салгаж, гэрчлэлд маань сөргөөр нөлөөлж чаддаг.

Хоёр хүслийн талаар онцгойлон ярьцгаая. Нэгдүгээрт уур хилэн, хоёрдугаарт хүсэл тачаал.14 Энэ хоёрыг хазаарлахгүй эсвэл хяналтгүй орхисноос болж энэ нь зүрх сэтгэлийн асар их өвдөлт үүсгэж, Сүнсний нөлөөг бууруулж, биднийг Бурханаас болон Түүний ажлаас салгадаг нь сонирхолтой. Дайсан бидний амьдралыг хүчирхийлэл, ёс суртахуунгүй байдлын дүр төрхөөр дүүргэхийн тулд бүх боломжийг ашигладаг.

Зарим гэр бүлд эхнэр, нөхөр нь уурласандаа хань ижил, үр хүүхдээ цохиж авах тохиолдол цөөнгүй байдаг. Би 7-р сард Лондонд болсон Их Британийн Парламентын бүх намын чуулгад оролцсон юм.15 Эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний эсрэг хүчирхийлэл дэлхий дахинд тулгамдаж буй томоохон асуудал гэдгийг онцолж байв. Хүчирхийллээс гадна зарим нь үг хэлээр доромжлуулж буй талаар ярьсан. Гэр бүлийн тунхагт “хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан … хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно”16 гэдэг.

Ерөнхийлөгч Нэлсон өчигдөр өглөө энэ тухай хүчирхгээр ярьсан.17 Эцэг эх тань таныг хүчирхийлсэн эсэхээс үл хамааран хань ижил, үр хүүхдээ бие махбод, үг хэл, сэтгэл санаагаар хүчирхийлэхгүй байх шийдвэр гаргаарай.

Өнөөгийн хамгийн чухал сорилтуудын нэг бол нийгмийн асуудалтай холбоотой маргаан, үг хэлээр доромжлох явдал юм. Ихэнх нөхцөл байдалд уур хилэн, хүчирхийлэлтэй үг хэллэг нь учир шалтгаан, ярилцлага, соёл ухамсрыг орлож байна. Олон хүн өөрийгөө захирах, тэвчээр, итгэл сүсэглэл, ах дүүсэг энэрэл, хайр зэрэг Христийнхтэй адил чанаруудыг эрэлхийлэх тухай Аврагчийн ахлах төлөөлөгч Петрийн сануулгыг хөсөр хаяжээ.18 Тэд бас Христийнхтэй адил даруу зан чанарыг гээсэн байна.

Бид уур хилэнгээ захирч, бусад хүслээ хазаарлахаас гадна бодол санаа, хэл яриа, үйлдлээ хянаж, цэвэр ёс суртахуунтай амьдрах хэрэгтэй. Бид порнографаас хол байж, гэр орондоо үзэж буй зүйлийнхээ зохистой байдлыг дүгнэж, ямар ч хэлбэрийн нүгэлт үйлдлээс зайлсхийвэл зохино.

Энэ нь биднийг Алмагийн хүү Кориантондоо өгсөн зөвлөгөө рүү чиглүүлж байна. Ах Хиламан, Шиблон хоёроосоо ялгаатай нь Кориантон ёс суртахууны хувьд зөрчил гаргасан.

Кориантон садар самууныг үйлдсэн учраас Алма түүнд наманчлалын талаар заах шаардлагатай байв. Тэр түүнд нүглийн ноцтой байдлыг, дараа нь хэрхэн наманчлахыг зааж өгөх ёстой болов.19

Тиймээс Алмагийн сэрэмжлүүлэх зөвлөгөө нь хүслээ хазаарлах тухай, харин зөрчил үйлдсэн хүмүүст наманчлах тухай байв. Ерөнхийлөгч Нэлсон 2019 оны дөрөвдүгээр сарын Ерөнхий чуулган дээр гишүүдэд наманчлалын талаар мэргэн зөвлөгөө өгчээ. Тэрээр өдөр бүр наманчлах нь бидний амьдралын салшгүй хэсэг гэдгийг тодорхой хэлсэн. “Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Өдөр тутмын наманчлал нь цэвэр ариун байдалд хүрэх зам бөгөөд цэвэр ариун байдал нь хүч чадлыг авчирдаг”20 хэмээн тэр заасан. Хэрэв Кориантон ерөнхийлөгч Нэлсоны зөвлөсөн зүйлийг хийсэн бол тэр цэвэр бус бодолд автаж эхэлмэгцээ наманчлах байсан. Бас томоохон зөрчил үйлдэхгүй байх байсан.

Алмагийн хөвгүүддээ өгсөн сүүлчийн зөвлөгөө бол сударт агуулагддаг хамгийн чухал сургаалуудын нэг хэсэг юм. Энэ нь Есүс Христийн гүйцэтгэсэн Цагаатгалтай холбоотой.

Христ нүглийг зайлуулан авна гэж Алма гэрчилсэн.21 Аврагч Цагаатгал үйлдээгүй байсан бол шударга ёсны мөнхийн зарчим нь шийтгэлийг шаардах байсан.22 Аврагчийн Цагаатгалын улмаас наманчилсан хүмүүст нигүүлсэл хүртээмжтэй болж, Бурханы оршихуйд эргэн ирэх боломжийг олгодог. Энэхүү гайхамшигт сургаалыг тунгаан бодох нь бидэнд тустай байх болно.

Хэн ч гагцхүү өөрийн сайн үйлсээр Бурханд буцан очиж чадахгүй бөгөөд бид бүгдэд Аврагчийн золиосны ач тус шаардлагатай. Бүгд нүгэл үйлддэг ба зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар л нигүүлслийг хүртэж, Бурхантай хамт амьдарч чадна.23

Мөн Алма Кориантонд гайхалтай зөвлөгөөг өгчээ. Энэ зөвлөгөө нь өчүүхэн нүгэл үйлдсэн эсвэл Кориантоны үйлдсэн шиг ноцтой нүгэл үйлдсэн эсэхээс үл хамааран наманчлалын үйл явцыг туулж байгаа эсвэл туулах бид бүгдэд зориулагдсан юм. Алма 42-р бүлгийн 29-р шүлэгт “Мөн эдүгээ, хүү минь, чамайг эдгээр зүйл дахин бүү зовоогоосой, мөн зөвхөн доош наманчлалд авчрах зовлонгоор нүглүүд чинь чамайг зовоогоосой хэмээн би хүснэ” гэж гардаг.

Кориантон Алмагийн зөвлөгөөг сонсож, наманчлан бас нэр төртэйгөөр үйлчилсэн. Аврагчийн Цагаатгалын ачаар хүн бүр эдгэрэх боломжтой.

Алмагийн үед, Хибэрийн үед, мөн мэдээж бидний үед ч бид бүгд Есүс Христийн талаарх хувийн гэрчлэлийг эрэлхийлж, хүслээ хазаарлаж, нүглээ наманчилж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан амар амгаланг олж, Бурханд болон Түүний ажилд үнэнч байх хэрэгтэй.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхны нэгэн үгэндээ мөн өнөө өглөө “Би та нараас Есүс Христийн талаарх гэрчлэлдээ хариуцлагатай хандахыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүний дараа амьдралд тань тохиох гайхамшгуудыг олж хар”24 хэмээн хэлсэн.

Одоо бид ерөнхийлөгч Нэлсоны үгийг сонсох гэж байгаадаа талархаж байна. Ерөнхийлөгч Нэлсон бол бидний цаг үе дэх Их Эзэний бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Түүгээр дамжуулан бидний хүлээн авдаг гайхалтай сүнслэг өдөөлт, удирдамжийг би хайрлан, эрхэмлэдэг.

Би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд, Аврагчийн бурханлаг чанар болон Түүний Цагаатгалын бодит байдлыг Есүс Христийн нэрээр баттай гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Роналд К.Эсплин, “A Great Work Done in That Land,” Ensign, 1987 оны 7-р сар, 20, “6-р сарын 13-нд ахлагч Кимбалл, Оорсон Хайд, Жозеф Фийлдинг, Хибэрийн найз Виллард Ричардс нар Көртландаас Англи руу явав. 6-р сарын 22-нд Нью-Йорк хотод Канадаас ирсэн Исаак Рассэлл, Жон Гүүдсон, Жон Снайдэр нар тэдэнтэй нэгджээ. Ингээд долоон номлогч Ливерпүүл явах Гэррик усан онгоцны тасалбарыг захиалав” гэснийг үзнэ үү. (Heber C. Kimball papers, 1837–1866; Willard Richards journals and papers, 1821–1854, Church History Library, Salt Lake City.)

  2. Юта мужийн Солт Лэйк Ситигийн зүүн зүгт, Emigration Canyon хавцлын аманд байрлах “This Is the Place [Энэ бол уг газар]” нэртэй дурсгалын цогцолбор бол гэгээнтнүүд 1847 оны 7-р сарын 24-нд Солт Лэйкийн хөндийд хөл тавьсны 100 жилийн ойд зориулсан дурсгал юм. Энэхүү дурсгалын цогцолборт Бригам Янг, Хибэр С.Кимбалл, Вилфорд Вүдрафф нарын хөшөө байдаг.

  3. Наймаас арван мянган хожмын үеийн гэгээнтэн танхайрагч бүлгийн хүчирхийлэгч үйлдлээс зугтахын тулд 1839 оны эхээр Миссуригээс дүрвэн гарчээ. Иллинойс руу 320 км үргэлжилсэн өвлийн хүнд хэцүү аяны үед хангамжийн зүйлс цуглуулах, хэрэгцээг үнэлэх, маршрут гаргах хороо Бригам Янг, Хибэр С.Кимбалл нарын удирдлаган доор байгуулагдаж байв. Квинси хотын энэрэнгүй оршин суугчид зовж шаналж буй гэгээнтнүүдийг хоргодох байр, хоол хүнсээр ханган, түр орогнуулсан байна. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 375–377; Виллиам Ж.Хартли, “The Saints’ Forced Exodus from Missouri,” in Richard Neitzel Holzapfel and Kent P. Jackson, eds.,Joseph Smith, The Prophet and Seer (2010), 347–389-ийг үзнэ үү.

  4. Оорсон Ф.Витни, Life of Heber C. Kimball: An Apostle, the Father and Founder of the British Mission (1945), 449; тодотгол нэмэгдсэн.

  5. Оорсон Ф.Витни, Life of Heber C. Kimball, 450.

  6. Мосе 1:39; мөн ChurchofJesusChrist.org-оос Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь дэх Аврал, өргөмжлөлийн ажил,” 1.2 хэсгийг үзнэ үү. Бид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх замаар Христэд ирж, Түүний ажилд тусалдаг. Мөн авралын ажилд зориулан өгөгдсөн түлхүүрүүдийн тухай Сургаал ба Гэрээ 110-аас үзнэ үү.

  7. Мөн 1 Коринт 15:40–41-ийг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээ 45:27-г үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 45:29-ийг үзнэ үү.

  10. Алма нь бошиглогч Алмагийн хүү байв. Тэр ард түмнийхээ eрөнхий шүүгч, дээд прист мөн бошиглогч байлаа. Тэрээр залуудаа гайхамшигт хөрвөлтийг туулсан.

  11. Aлмa 36:3

  12. Жозеф Фийлдинг Смит, “The First Presidency and the Council of the Twelve,” Improvement Era, 1966 оны 11-р сар, 979.

  13. Иов 38:7-г үзнэ үү.

  14. Алма 39:9-ийг үзнэ үү. Алма Кориантонд “нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв” хэмээн зааварлажээ.

  15. 2022 оны 7-р сарын 5-ны мягмар гарагт болсон Парламентад суудалтай бүх намын оролцсон “Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шашин шүтэх эрх чөлөөг дэмжих нь” сэдэвт Парламентын чуулганы хуралдаан.

  16. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org; мөн Патрик Кийрон, “Тэр эдгээх туяагаар гийгүүлнэ. Бид даван дийлж чадна,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37–40-ийг үзнэ үү.

  17. Рассэлл М.Нэлсон, “Юу үнэн бэ?2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  18. 2 Пeтр 1:5–10-ыг үзнэ үү.

  19. Алма 39:9-ийг үзнэ үү.

  20. Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  21. Алма 39:15-ыг үзнэ үү.

  22. Алма 42:16-г үзнэ үү.

  23. 2 Нифай 25:23-ыг үзнэ үү.

  24. Russell M. Nelson, Facebook, Aug. 1, 2022, facebook.com/russell.m.nelson; Twitter, Aug. 1, 2022, twitter.com/nelsonrussellm; Instagram, Aug. 1, 2022, instagram.com/russellmnelson; “Choices for Eternity” (worldwide devotional for young adults, May 15, 2022), broadcasts.ChurchofJesusChrist.org.