2022
Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам
2022 оны 11-р сар


10:7

Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам

Амьдралынхаа үнсний оронд гоёл чимгийг өгөх байдлаар амьдрах нь Аврагчийг дагаж буй итгэлийн үйлдэл юм.

1 Самуел номд Израилын ирээдүйн хаан Давид болон Абигаил хэмээх эмэгтэйн талаар хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй түүх байдаг.

Самуелыг нас барсны дараа Давид хүмүүсээ аваад, амийг нь авахаар эрэлхийлж байсан Саул хаанаас холдон явав. Тэд муу санаатай Набал хэмээх чинээлэг эрийн хонин сүрэг болон зарц нарыг хариуцдаг байв. Давид 10 залууг Набалын амар мэндийг асуулган, нэн шаардлагатай хоол хүнс, хангамж гуйлгахаар илгээжээ.

Набал Давидын хүсэлтийг дорд үзэж, хүмүүсийг нь гар хоосон буцаав.

Давид гомдож, “Тэр надад ачийг бачаар хариулав” гээд, залуусаа Набал болон түүний гэрийнхний эсрэг дайтахад бэлтгэв.1 Нэгэн зарц Набалын эхнэр Абигаилд нөхөр нь Давидын хүмүүстэй зүй бус харьцсан талаар ярьжээ. Абигаил шаардлагатай хоол хүнс, хангамжийг түргэн цуглуулаад, нөхрийнхөө өмнөөс өгөхөөр явав.

Абигаил Давидтай уулзаад, түүний “өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.”

Тэгээд түүний “хөлд унан —Эзэн минь, зөвхөн миний буруу. …

Тийм учраас … ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан. …

… Эзнийг минь дагалдаж яваа хүмүүст өгөхөөр шивэгчнээс тань эзэнтэндээ авчирсан ерөөлийн бэлэг одоо энд байна.

Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх … гэж хэлэв.”

“Давид Абигаилд —Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.

Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгах болон өөрийнхөө гараар өшөө авахыг болиулсан чи магтагдах болтугай… гэж хэлэв.

Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд —Гэртээ амар тайван буцагтун. … би чиний хэлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа гэж хэлэв.”2

Тэд хоёул амар тайван буцацгаав.

Энэ түүхэд Абигаилыг Есүс Христийн хүчирхэг жишээ буюу бэлгэдэл болгон харж болно.3 Тэр Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан биднийг нүглээс болон харалган сэтгэлийн ачаанаас чөлөөлж, хэрэгтэй хоол хүнсээр хангаж чадна.4

Абигаил Набалын гэм нүглийг өөртөө үүрэхэд бэлэн байсан шиг Аврагч ч мөн ойлгохын аргагүй арга замаар бидний мөн биднийг гомдоож, зовоосон хүмүүсийн гэм нүглийг Өөр дээрээ авсан.5 Гетсеманид болон загалмай дээр, Тэр эдгээр нүглийг Өөр дээрээ авсан юм. Тэр бидэнд өс санасан сэтгэлээсээ ангижрах арга замыг өгсөн. Тэрхүү “зам” нь уучлалаар дамждаг бөгөөд бидний хийж байсан хамгийн хэцүү зүйлсийн нэг буюу бидний мэдэрч байсан хамгийн бурханлаг зүйлсийн нэг байж болно. Уучлалын зам дээр Есүс Христийн цагаатгагч хүч бидний амьдралд урсан орж, зүрх сэтгэлийн болон бодгалийн гүн шархыг эдгээж эхэлдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагч бидэнд уучлах чадварыг өгдөг талаар ийн заасан.

“Түүний хязгааргүй Цагаатгалаар дамжуулан та өөрийг тань гомдоосон, танд таагүй хандсаныхаа хариуцлагыг хэзээ ч хүлээхгүй байж мэдэх хүмүүсийг уучилж чадна.

Танаас чин сэтгэлээсээ, даруухнаар өршөөл эрсэн хүнийг уучлах нь харьцангуй амархан. Гэвч янз бүрийн байдлаар тантай зүй бус харьцсан ямар ч хүнийг уучлах чадварыг Аврагч танд өгнө. Ингэснээр тэдний буруу үйлдэл таны бодгалийг зовоож чадахгүй.”6

Абигаилын элбэг дэлбэг хоол хүнс, хангамж авчирсан үлгэр жишээ нь өвдөж, шархалсан хүмүүст эдгэж, эрүүл болоход шаардлагатай хоол тэжээл, тусламжийг Аврагч өгдөг гэдгийг бидэнд зааж чадна.7 Биднийг бусдын үйлдлийн үр дагаврыг өөрсдөө дангаараа үүрэх нөхцөл байдалд үлдээдэггүй бөгөөд бид ч мөн эрүүл болж, зүрх сэтгэлийн тэмцлийн ачаанаас болон үүний аливаа үр дагавраас аврагдах боломжийг хүлээн авч чадна.

“Бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана”8 хэмээн Их Эзэн хэлсэн. Их Эзэн биднийг өөрсдийн сайн сайхны төлөө бусдыг уучлахыг шаарддаг.9 Гэвч Тэр Өөрийнх нь тусламж, хайр, ойлголтгүйгээр үүнийг хийхийг шаарддаггүй. Их Эзэнтэй байгуулсан гэрээгээр дамжуулан, хүн бүр уучилж мөн өршөөгдөхөд хэрэгтэй, биднийг хүчирхэгжүүлдэг хүч чадал, удирдамж, тусламжийг хүлээн авч чадна.

Хэн нэгнийг уучилна гэдэг нь өөрийгөө өвтгөсөөр байх нөхцөл байдалд оруулна гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. “Бид хэн нэгнийг уучлахын төлөө хичээх үедээ тэднээс хол байхаар Сүнсээр өдөөгдсөн хэвээр байж болно.”10

Абигаил Давидад “зүрх сэтгэлийн саад тотгор”11-гүй байхад мөн өөрт хэрэгтэй тусламжийг авахад тусалсан шиг Аврагч танд ч мөн адил туслах болно. Тэр танд хайртай. Тэрээр “жигүүртээ эдгээх чадлыг эзэмд[сээр]”12 таны замд тантай уулзах болно. Тэр танд амар амгаланг хүсдэг.

Христийн гайхамшиг өс санасан сэтгэлийг минь эдгээхийг би өөрийн биеэр мэдэрсэн. Би сэтгэл санаа, хэл ярианы зүй бус харилцааны улмаас аюулгүй байдлаа тэр бүр мэдэрч чаддаггүй гэр оронд өссөн талаараа аавынхаа зөвшөөрөлтэйгөөр хуваалцаж байна. Би өсвөр насандаа ч, насанд хүрсэн хойноо ч аавдаа гомдож, тэр гомдлоосоо болоод уур хорсол тээж явдаг байсан.

Олон жилийн турш, уучлалын зам дээр амар амгалан, эдгэрлийг олох гэж хичээж байхдаа би гэм нүглийг минь цагаатгасан Бурханы Хүү бол намайг ихээр гомдоосон хүмүүсийг ч мөн аврах тэрхүү Гэтэлгэгч юм байна гэдгийг илүү их ойлгох болсон. Өөрөөр хэлбэл, Гэтэлгэгч нүглийг минь цагаатгасан гэдэгт үнэхээр итгэж байгаа бол Гэтэлгэгч намайг гомдоосон хүмүүсийн нүглийг ч цагаатгасан гэдэгт итгэх ёстой байв.

Аврагчийг хайрлах тусам би гомдол, уур бухимдлаа Түүний эдгээх тосоор солихыг хүсэх болсон. Энэ нь олон жилийн үйл явц байсан бөгөөд эр зориг, эмзэг байдал, тэсвэр тэвчээр, Аврагчийн аварч, эдгээх бурханлаг хүчинд итгэж сурахыг шаардаж байв. Надад хийх зүйлс байгаа ч гэсэн зүрх сэтгэл минь тэмцлийн зам дээр байхаа больсон. Хажууд минь байж, эелдгээр мөн тэвчээртэйгээр илүү сайн газар луу намайг хөтөлж, надтай хамт уйлж, миний уй гашууг мэддэг Аврагчийн гүн гүнзгий, байнгын хайрыг мэдэрдэг “шинэ зүрх”13 надад өгөгдсөн.

Абигаил Давидын хэрэгцээт зүйлийг авчирсан шиг Их Эзэн надад нөхөн төлбөр болгож адислалуудыг илгээсэн юм. Тэр миний амьдралд удирдагч, зөвлөгчдийг өгсөн. Энэ бүхнээс хамгийн сайхан, хамгийн их өөрчлөгдсөн зүйл бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаа маань байв. Түүгээр дамжуулан би төгс Эцэгийн эелдэг зөөлөн, хамгаалдаг, удирдан чиглүүлдэг хайрыг талархалтайгаар мэддэг болсон.

Ахлагч Ричард Г.Скотт “Чи болсон зүйлийг арилгаж чадахгүй ч уучилж чадна.14 Уучлал нь аймшигт, эмгэнэлт шархыг эдгээдэг, яагаад гэвэл энэ нь зүрх сэтгэл, оюун ухаанаас чинь үзэн ядалтын хорыг авч хаях боломжийг Бурханы хайранд олгодог. Энэ нь өшөө авах хүсэл бодлыг чинь цэвэрлэдэг. Энэ нь Их Эзэний ариутгагч, эдгээгч, сэргээгч хайранд зай тавьж өгдөг”15 хэмээн хэлсэн.

Сүүлийн жилүүдэд аавын минь зүрх сэтгэл ч гайхалтайгаар өөрчлөгдөж, Их Эзэнд хандсан. Би тийм зүйл энэ амьдралд болно гэж төсөөлж ч байгаагүй. Есүс Христийн бүрэн дүүрэн бөгөөд өөрчлөх хүч чадлын талаар өөр нэгэн гэрчлэл надад бий.

Тэрээр нүгэлтнийг болон нүгэл үйлдсэн хүмүүсийг эдгээж чадна гэдгийг би мэднэ. Тэр бол биднийг дахин амьдруулахын тулд амиа өгсөн дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч юм. Тэрээр “Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь зовж шаналсныг эдгээх, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн тулд юм16 хэмээн хэлсэн.

Зовж шаналсан, олзлогдсон, дарамтад байгаа, магадгүй гомдол эсвэл гэм нүгэлд сохорсон бүх хүнд Тэрээр эдгэрэл, сэргээлт, чөлөөлөлтийг өгдөг. Түүний өгч буй эдгэрэл болоод сэргээлт бодитой гэдгийг би гэрчилж байна. Эдгэрлийн цаг хугацаа хувь хүн бүрд өөр бөгөөд бид бусдын цаг хугацааг шүүж чадахгүй. Өөрсдийн эдгэрэлд шаардлагатай цагийг гаргаж, энэ үйл явцдаа өөрсдөдөө зөөлөн хандах нь чухал. Аврагч үргэлж нигүүлсэнгүй, халамжаар дүүрэн байж, бидэнд хэрэгтэй дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байдаг.17

Уучлал, эдгэрлийн зам дээр бид гэр бүлдээ эсвэл хаа нэгтээ эрүүл бус амьдралын хэв маяг, харилцааг зогсоох сонголтыг хийдэг. Бид нөлөөлж болохуйц хүмүүстээ харгислалын оронд нинжин сэтгэл, үзэн ядалтын оронд хайр, зэвүүцлийн оронд зөөлөн сэтгэл, гай зовлонгийн оронд аюулгүй байдал, сөргөлдөөний оронд амар амгаланг санал болгож чадна.

Өөрт байхгүй зүйлээ өгөх нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан боломжтой болдог бурханлаг эдгэрлийн хүчирхэг хэсэг юм. Исаиагийн хэлсэнчлэн, амьдралынхаа үнсний оронд гоёл чимгийг18 өгөх байдлаар амьдрах нь бүх хүмүүнийг халамжилж болохын тулд бүхнээ зориулсан Аврагчийн гайхалтай үлгэр жишээг дагаж буй итгэлийн үйлдэл юм.

Египетийн Иосеф үнс мэт амьдралаар амьдарсан. Тэрээр ах нартаа үзэн ядагдаж, хууртаж, боолчлогдохоор худалдагдаж, хилсээр шоронд хоригдож, туслахыг амласан нэгэнд мартагдсан. Гэсэн хэдий ч тэр Их Эзэнд найдсан. “Эзэн Иосефтой хамт байсан”19 бөгөөд түүний сорилтуудыг өөрийг нь адисалж, өсгөж хөгжүүлэхийн тулд, мөн түүний гэр бүл болон бүх Египетийг аврахын тулд зориулсан.

Иосефыг Египетийн агуу удирдагчийн хувиар ах нартайгаа уулзах үед түүний уучлал, боловсон үзэл бодол нь түүний эелдэг үгсээр илэрдэг.

“Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. …

Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан”20 хэмээсэн юм.

Аврагчаар дамжуулан Иосефын амьдрал “үнсний оронд гоёл чимэг”21 болсон.

БЯИС-ийн ерөнхийлөгч Кэвин Ж.Вөртэн Бурхан “зөвхөн бидний амжилтаас бус харин бидний бүтэлгүйтэл, биднийг өвтгөдөг бусдын алдаанаас ч сайн сайхныг авчирч чаддаг. Бурхан ийм сайхан бас тийм хүчтэй”22 гэж хэлсэн байдаг.

Бидний Аврагч Есүс Христ гашуун зовлон дунд ч “Аав аа, тэднийг уучлаач; Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”23 хэмээн хэлснээр хайр, уучлалын хамгийн агуу үлгэр жишээг үзүүлсэн билээ.

Тэнгэр дэх Эцэг маань хүүхэд нэг бүрдээ сайн сайхныг хүсэж мөн найддаг гэдгийг би мэднэ. Иеремиагаас бид “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь … сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж ЭЗЭН тунхаглаж байна”24 хэмээн уншдаг.

Есүс Христ бол таны хувийн Мессиа, таны зүрх сэтгэлийн гуйлтыг мэддэг таны хайрт Гэтэлгэгч, Аврагч мөн. Тэр танд эдгэрэл, аз жаргалыг хүсдэг. Тэр танд хайртай. Тэр таныг гашуудахад хамт уйлж, таныг эдгээхдээ баярладаг. Уучлалын эдгээх замаар алхахдаа бид зоригжиж, Түүний үргэлж сунгаастай байдаг хайрын мутраас атгаасай25 хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.