2022
Шавь байх загвар
2022 оны 11-р сар


11:4

Шавь байх загвар

Христийн тухай мөн Түүний арга замуудын талаар сурах нь Түүнийг таньж мэдэн, хайрлах боломжийг бидэнд олгодог.

Итгэлийн загвар

Өнөө өглөө Хойд Америкт буй хоёр хүүхэд, гурван ач маань дэлхийн бараг тэн хагастай хамт нар зүүнээс сүрлэгээр мандахыг харсан. Африкт буй бусад гурван хүүхэд, долоон ач зээ маань болон дэлхийн нөгөө хагас нь баруун зүгт тэнгэрийн хаяанд нар жаргахтай зэрэгцэн тэднийг аажмаар нөмрөн авах харанхуйг харсан.

Өдөр шөнө ээлжлэх мөнхийн, байнгын энэ давтамж нь амьдралд бидний өөрчилж чадахгүй бодит байдлын өдөр тутмын сануулга байдаг. Бид эдгээр мөнхийн бодит байдалд хүндэтгэлтэй хандан, хийдэг зүйлсээ үүнд нийцүүлснээр дотоод амар амгалан, эв эеийг мэдэрдэг. Ингээгүй үед бид бүтэлгүйтэж, аливаа зүйл бидний бодсоноор болдоггүй.

Өдөр, шөнө ээлжлэх нь дэлхий дээр амьдарч байсан хүн бүрд Бурханы өгсөн загварын бодит байдлын нэгэн жишээ юм. Бид хүслийнхээ дагуу тохиролцож, сонголтынхоо үр дүнгээс зугтаж чадахгүй нь хүн төрөлхтний оршин тогтнолын туйлын үнэн юм. Би Африкаас Ерөнхий чуулганд ирэх болгондоо, нэг өдрийн дотор бие махбодоо 10 цагаар ухраан тааруулж байхдаа энэ талаар санадаг.

Бид цаг гарган анзаарах юм бол Тэнгэрлэг Эцэг бидний амьдралыг удирдах үнэний хангалттай гэрчүүдийг өгсөн ба тэгснээр бид Түүнийг мэддэг болж, амар амгалан, баяр хөөрийн адислалуудыг хүртэх болно.

Их Эзэний Сүнс бошиглогч Иосеф Смитээр дамжуулан “Мөн дахин, та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд бибээр та нарт бүх зүйлд загвар өгнө; учир нь Сатан уг нутагт тархсан байна, мөн тэрээр үндэстнүүдийг мэхлэхээр урагш одох ажгуу”1 хэмээн батлан хэлсэн.

Христийг эсэргүүцэгч Корихор Бурханыг амьд гэдэгт мөн Христийн ирэлтэд үл итгэснээр мэхлэгдсэн юм. Бошиглогч Алма түүнд “Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гаргууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг”2 хэмээн гэрчилсэн.

Корихор итгэхээсээ өмнө тэмдэг өгөхийг шаардахад Алма түүнийг хэлгүй болгосон. Корихор зовлондоо даруусч, чөтгөрт мэхлүүлснээ ямар ч эргэлзээгүй хүлээн зөвшөөрсөн.

Бид мэхлүүлэх шаардлагагүй. Оюун ухаант амьдралын гайхамшгууд бидний өмнө байнга харагдаж байдаг. Түг түмэн од, гараг эрхэстэй тэнгэрийн гайхамшгуудыг хэсэг ширтэн, бишрэн зогсох нь итгэгч зүрхтэй хүнийг “Ай Бурхан, Та хэчнээн агуу билээ”3 хэмээн дуулахад хүргэдэг.

Тийм ээ, бидний Тэнгэрлэг Эцэг Бурхан амьд бөгөөд Тэр Өөрийгөө бидэнд олон арга замаар үргэлж илэрхийлж байдаг.

Даруу байдлын загвар

Гэвч Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнд итгэж, итгэлтэй хэвээр байхын тулд зүрх сэтгэл маань үнэний Сүнсийг хүлээн авахуйц байх ёстой. Алма итгэлийн өмнө даруу зан байх ёстой гэж заасан.4 Мормон “хүлцэнгүй даруу, мөн зүрх сэтгэлдээ номхон” бус аваас хэн ч итгэл, найдвартай байж мөн Бурханы Сүнсийг хүлээн авах боломжгүй хэмээн нэмж хэлсэн.5 Бенжамин хаан дэлхийн алдар сууг эрэлхийлэгч хэн ч “Бурханы дайсан юм”6 хэмээн тунхагласан.

Есүс Христ зөв шударга, ариун байсан ч бүхий л зөв шударгыг гүйцэлдүүлэхийн тулд баптисм хүртсэнээрээ Тэрээр Бурханы өмнө даруу байх нь Түүний шавийн үндсэн зан чанар юм гэдгийг харуулсан билээ.7

Бүх шинэ шавь баптисмын ёслолоор дамжуулан Бурханы өмнө даруу байгаагаа харуулах ёстой. Тэгснээр “Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах тэд бүгд, мөн баптисм хүртэхийг хүсэгчид мөн харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр ирэгсэд … баптисмаар түүний сүмд хүлээн авагдах ёстой;8

Даруу байдал нь шавийн зүрх сэтгэлийг наманчлал, дуулгавартай байдалд хандуулдаг. Ингэснээр Бурханы Сүнс үнэнийг зүрх сэтгэлд хүргэж, нэвтрэх боломжтой.9

Даруу бус байдал нь эцсийн өдрүүдэд Төлөөлөгч Паулын дараах бошиглол биелэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг:

“Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус,

үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,”10 болно гэжээ.

Аврагч Өөрийнх нь тухай илүү ихийг олж мэдэхэд урихдаа дэлхийн уруу таталтаас татгалзаж, Түүнтэй адил зүрхэндээ хүлцэнгүй, даруу байхыг урьсан билээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны уран цэцнээр, олон удаа заасанчлан бид Түүний буулгыг авах үед, үүний хөнгөн болохыг, мөн шавь байх нь хүнд ачаа биш харин баяр баясал болохыг мэдэж авах болно.

Хайрын загвар

Христийн тухай мөн Түүний арга замуудын талаар сурах нь Түүнийг таньж мэдэн, хайрлах боломжийг бидэнд олгодог.

Тэрээр даруу байж Бурхан Эцэгээ бүхий л бодгалиараа танин мэдэж, хайрлаж, мөн өөрсдийгөө хайрладаг шиг бусдыг харамгүйгээр хайрлах боломжтойг үлгэрлэж харуулсан юм. Тэрээр сайн мэдээ дээр нь үндэслэсэн энэ хоёр зарчмыг хэрэгжүүлэх загвар болгож, газар дэлхий дээр тохинуулж байхдаа Өөрийн хүслийг болон биеийг тахилын ширээн дээр тавьсан. Энэ хоёр зарчим нь хувийн тааламж, алдар сууг эрэлхийлэхийн оронд гадагшаа чиглэж, бусадтай хэрхэн харилцах тухай юм.

Хамгийн гайхалтай нь бид Бурханыг болон бусдыг хайрлах гэж хамгийн сайнаараа хичээхэд анхаарлаа төвлөрүүлэх үед Бурханы охид, хөвгүүдийн хувьд өөрсдийн бурханлаг бодит үнэ цэнээ олж мэдэх боломжтой болдог ба үүгээрээ дамжуулан жинхэнэ амар амгалан, баяр хөөрийг мэдэрдэг.

Бид үйлчлэл, хайраар дамжуулан Бурхантай болон бие биетэйгээ нэгдмэл болдог. Ийн бид Лихайн “амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтат”11 хэмээн ярьсан тэрхүү жимс буюу цэвэр хайрын талаар Ариун Сүнсний гэрчийг хүлээн авч чадна.

Христ Эцэгээ болон биднийг хайрлах загварыг харуулж, чадах бүхнээ хийснээр хүлээн авсан тэрхүү титэм нь бүх хүч чадлыг, бүр Эцэгийн эзэмшдэг бүхэн болох өргөмжлөлийг хүлээн авсан явдал юм.12

Бурханыг болон хөршөө хайрлах мөнхийн хайрыг сэтгэлдээ төлөвшүүлэх боломж нь гэртээ ганцаараа мөн гэр бүлээрээ өдөр бүр залбирч, Цорын ганц хүүгийнх нь нэрээр Эцэгтэй холбогдож, хувиараа болон гэр бүлээрээ судар судалснаар Тэдний талаар хамтдаа суралцаж, Хүндэтгэлийн өдрийг хамтдаа сахиж мөн ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байж, аль болох хамтдаа ашиглах зэрэг ариун нандин дадлыг хэвшүүлснээр бий болж эхэлдэг.

Бид бүгд Эцэг, Хүү хоёрын тухай мэдлэг хийгээд хайранд хувь хувьдаа өссөнөөр бие биеэ хайрлах хайр, талархалдаа өсөж хөгждөг. Гэрээсээ өөр газар ч бусдыг хайрлаж, үйлчлэх чадвар маань илүү ихээр өсөн нэмэгдэнэ.

Бидний гэртээ хийдэг зүйлс нь эцсээ хүртэл тэвчих, баяр баясгалантай шавь байх эсэхийг үнэнээр тодорхойлох болно. Миний эхнэр Гладис бид хоёрын гэр орондоо сэргээгдсэн сайн мэдээнээс хүлээн авсан хамгийн сайхан адислалууд гэртээ Бурханыг танин мэдэж, Түүнийг хүндэтгэж, мөн Түүний хайрыг үр удамтайгаа хуваалцсанаар ирсэн.

Үйлчлэлийн загвар

Гэртээ Бурханыг хайрлаж, бие биедээ үйлчилж, мөн гэрээсээ гадуур бусдад үйлчлэх нь яваандаа энэрлийн зан чанаруудыг хөгжүүлдэг.

Энэ нь Их Эзэний амьд бошиглогч, төлөөлөгчдийн бидэнд харуулсан, Бурханы хаант улс дахь бүхнээ зориулсан үйлчлэлийн загвартай адил юм. Бид тэдэнтэй нэг болдог.

Бид тэднээр дамжуулан “санаа бодол болгондоо” Их Эзэн рүү харж, ингэснээр “эргэлзэж” мөн “айхгүй” байх болно.13

Бид Их Эзэний амьд бошиглогч, төлөөлөгчдийн адил, “хэвлий дотор маань тэрчлэн бүх хүмүүнд, мөн итгэлийн тогтмол байдалд энэрлээр дүүрэн байж, бодол санаагаа ариун журмаар зогсолтгүй чимэн гоёж, тийнхүү бидний итгэлтэй байдал Бурханы оршихуйд хүчтэй болох болно, мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил [бидний] сүнсэн дээр намуухан буух болно.

Бид ч бас Их Эзэний амьд бошиглогч, төлөөлөгчидтэй бүхнээ зориулсан үйлчлэлээр хүчирхэгжсэн итгэлийн ариун журамт тойрогт нэгдэж чадах бөгөөд үүнд “Ариун Сүнс [бидний] байнгын хамтрагч мөн [бидний] очирт таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно, мөн эзэгнэл [маань] үүрдийн эзэгнэл байх болно, мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь [бидэн] уруу үүрд мөн мөнхөд урсах болно.14 Учир нь энэ бол Эцэгийн төлөвлөгөөний амлалт билээ. Есүс Христийн нэрээр, амен.