Юу үнэн бэ?
Бурхан бүх үнэний эх сурвалж мөн. Бурханы хүүхдүүддээ илэрхийлдэг бүх үнэнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүлээн зөвшөөрдөг.
Хайрт ах, эгч нар минь ээ, энэхүү урам зориг өдөөсөн хуралдаанд оролцож буй та бүгдэд талархлаа илэрхийлье! Өнгөрсөн 4-р сарын Ерөнхий чуулганаас хойш бид дэлхий даяар өрнөсөн зүрх зүсэм явдлаас эхлүүлээд эрхэм яруу үйл явдлын гэрч боллоо.
Дэлхийн өнцөг булан бүрд өсвөр үеийнхний чуулган зохион байгуулагдсан тухай тайланг сонсоод, бид тун баяртай байна. 1 Эдгээр чуулган дээр эрхэм өсвөр үеийнхэн маань амьдралд нь юу ч тохиолдсон бай, тэдний хамгийн агуу хүч чадал Их Эзэнээс ирдэг гэдэгт суралцаж байна.2
Дэлхий даяар илүү олон ариун сүм баригдаж байгаад бид баясаж байна. Ариун сүмийг онцгойлон адислах болгонд биднийг хүчирхэгжүүлэх мөн дайсны улам ширүүсэж буй хүчин чармайлтыг сөрөн зогсох бурханлаг хүч дэлхий рүү ирдэг.
Хүчирхийлэл дайсны нөлөөний илэрхийлэл юм. Энэ бол эмгэнэлт нүгэл.3 Сүмийн ерөнхийлөгчийн хувьд би энэ хүчирхийллийн асуудал дээр Их Эзэн Есүс Христийн сургаалыг батлан хэлж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг, өөр хэнийг ч хүчирхийлсэн аливаа төрлийн хүчирхийллийг Их Эзэн жигшүүрт явдал хэмээн үздэг гэдгийг би төгс тодорхой байдлаар хэлье. Хэн нэгнийг бэртэж гэмтэн, хохирол амсахад Тэрээр шаналдаг, би ч мөн шаналдаг. Аливаа хүчирхийллийн хохирогч болсон бүх хүний төлөө Тэрээр эмгэнэн гашууддаг, бид бүгд ч ийн гашууддаг. Эдгээр бусармаг үйлдлийг үйлддэг хүмүүс хүмүүний хуулиар хариуцлага хүлээх төдийгүй Их Эзэний хилэгнэлтэй нүүр тулах болно.
Хэдэн арван жилийн туршид Сүм ялангуяа хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд маш өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч ирсэн. Сүмийн вэбсайт дээр тусламжийн олон арга хэрэгсэл бий. Би та бүгдийг тэдгээрийг судалж үзэхэд урьж байна.4 Ийм удирдамжуудыг гэм буруугүй хүмүүсийг хамгаалах зорилгоор байршуулсан. Хүчирхийллийн аюулд өртөж байж болзошгүй хэний ч талаар сонор сэрэмжтэй байж, тэднийг хамгаалахын тулд даруй үйлдэл хийгээрэй гэж би хүн бүрийг уриалж байна. Аврагч ч, Түүний шавь нар ч, бид ч хүчирхийллийг тэвчихгүй.
Дайсанд бидний санааг зовоох өөр арга зам бий. Тэдгээрийн дотор юу үнэн, юу үнэн биш хоёрын хоорондох зааг ялгааг бүдгэрүүлэхээр хичээж байгаа түүний оролдлого орно. Хурууны үзүүрээр л олох боломжтой асар их мэдээллийн улмаас юу үнэн болохыг ялгахад улам хэцүү болж байна.
Ийм саад бэрхшээл нь Есүс Христийн тухай харьцангуй цөөхөн хүн сонссон улсын нэгэн эрхмийнд Нэлсон эгч бид хоёрын айлчилсан явдлыг надад сануулдаг. Нас нь харьж яваа энэ найз маань саяхан нэлээн хүнд өвдсөн юм. Тэрээр олон хоног хэвтэрт байхдаа тааз руу ширтээд, “Юу үнэн бэ?” гэж олонтоо асууснаа бидэнд ярьсан.
Өнөө үед дэлхий дээр олон хүн “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг.”5 Бидний зарим нь юу үнэн бэ гэдгийг өөрсдөө тодорхойлох ёстой эсвэл үнэн гэдэг бол харьцангуй ойлголт гэж итгэдэг. Ийм итгэл үнэмшил бол Бурханы өмнө хариуцлага хүлээхгүй гэж андуу ташаа боддог хүмүүсийн хүсдэг зүйл юм.
Хайрт ах, эгч нар аа, Бурхан бүх үнэний эх сурвалж мөн. Шинжлэх ухааны лабораторид судалсан байна уу, Бурханаас шууд илчлэлтээр хүлээн авсан байна уу, Түүний хүүхдүүддээ илэрхийлдэг бүх үнэнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүлээн зөвшөөрдөг.
Өнөөдөр мөн маргааш та бүхэн энэ индэр дээрээс үргэлжлүүлэн үнэнийг сонсох болно. Анхаарлыг тань татаж буй, оюунд тань ирж байгаа, зүрх сэтгэлд тань үлдэж буй бодлоо бичиж тэмдэглэж аваарай. Сонссон зүйл тань үнэн эсэхийг баталж өгөхийг Их Эзэнээс залбирч асуу.
Хайрт ах, эгч нар аа, би та нарт хайртай. Энэхүү чуулган та нарын эрэлхийлж буй сүнслэг найр байгаасай хэмээн би залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.