Үнэнийг тунхаглах урам зориг
Биднийг үнэнийг мэдэх үед Их Эзэн өнөөдөр энэ дэлхий дээр байсан бол Өөрөө хийх байсан тэрхүү зүйлээ хийх боломжийг бидэнд олгодог.
Би 1982 онд Техникийн сургуулийг топографич мэргэжлээр дүүргэсэн юм.
Сургууль төгсөх үеэр ангийн маань нэг оюутан надтай ярилцъя гэв. Бид бусдаасаа салж, спортын талбайн хажууд байх газрыг чиглэн явж байснаа тодхон санаж байна. Тэнд очмогцоо тэр надад шашин шүтлэгийнхээ талаар яриад, нэг ном үзүүлсэн төдийгүй надад тэр номоо өгсөн юм. Үнэндээ би түүний хэлсэн бүх үгийг санахгүй байгаа ч “Би чамтай гэрчлэлээ хуваалцмаар байна. Энэ ном бол үнэн, Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн” гэхэд нь төрсөн мэдрэмжийг би огт мартдаггүй.
Энэ үйл явдлын дараа би гэртээ ирж, номын хэдэн хуудсыг эргүүлж тойруулаад, тавиур дээрээ тавьж билээ. Хичээлийн жилийн төгсгөл болж, топографич мэргэжлээрээ сурах сүүлийн жил байсан болоод ч тэр үү би тэр номд, мөн уг номыг өгсөн ангийнхаа оюутанд тэгтлээ ач холбогдол өгсөнгүй. Номын нэрийг та нар аль хэдийн таамагласан байх. Тиймээ, тэр ном бол Мормоны Ном байсан.
5 сарын дараа номлогчид манай гэрт ирсэн ба манайхаас гарч байхад нь би ажлаасаа ирж яваад таарсан юм. Би тэднийг эргүүлээд гэртээ урьсан. Бид манай байшингийн өмнөх жижигхэн довжоон дээр суун, тэд надад сургаалыг зааж билээ.
Үнэнийг эрэлхийлэн, би аль сүм үнэн бэ, үнэн сүмийг хэрхэн олох вэ гэж тэднээс асуув. Номлогчид надад асуултынхаа хариултыг өөрөө олж мэдэх боломжтой гэдгийг заасан. Би Мормоны Номоос хэдэн бүлэг унших номлогчдын даалгаврыг өндөр хүлээлт, хүсэл эрмэлзэлтэй хүлээн авлаа. Би чин сэтгэл, үнэн хүсэлтэй залбирсан (Моронай 10:4–5-ыг үзнэ үү). Миний залбирлын хариулт тодорхой байв. Хэдэн өдрийн дараа буюу яг 1983 оны 5-р сарын 1-нд би баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулсан юм.
Болсон үйл явдлуудын дарааллыг өнөөдөр эргэн бодоход, манай ангийн тэр оюутан надтай сэргээгдсэн үнэний талаар гэрчлэлээ хуваалцан, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний бодит нотолгоог буюу Мормоны Номыг зориг гарган өгсөн нь түүний хувьд ямар чухал байсныг би тодорхой хардаг. Миний хувьд онцгой ач холбогдолтой ч түүний тэр энгийн үйлдэл номлогчидтой уулзах мөчид бидний хооронд холбоо тогтоож өгсөн юм.
Тэд надад үнэнийг танилцуулж, би баптисм хүртэн, Есүс Христийн шавь болсон. Дараа дараагийн он жилүүдэд удирдагч, багш, найзууд зэрэг онцгой хүмүүсийн тусламжтай мөн хувиараа судалснаар би Есүс Христийн шавь болохоор шийдсэн л бол зөвхөн үнэнийг хамгаалаад зогсохгүй мөн үнэнийг тунхаглах үүргийг хүлээн авдаг гэдгээ мэдсэн юм.
Бид үнэнд итгэж, үүнийг дагахыг зөвшөөрснөөр мөн Есүс Христийн үнэнч шавь болохоор хүчин чармайлт гаргахдаа алдаа гаргахгүй, уруу татагдахгүй, шүүмжлүүлэхгүйн тулд үнэнийг орхихгүй, тэр бүү хэл зовлон бэрхшээл тохиолдохгүй гэснийг баталсан гэрчилгээ авдаггүй. Харин үнэний талаарх мэдлэг Тэнгэрлэг Эцэгийн оршихуй руу эргүүлэн аваачих хэцүү бөгөөд нарийн зам дээр гарах юм бол эдгээр асуудлаас зайлсхийх арга зам (1 Коринт 10:13-ыг үзнэ үү), итгэлдээ эргэлзэхийн өмнө эргэлзээндээ эргэлзэх боломж үргэлж байдаг (Дийтр Ф. Угдорф “Ирж бидэнтэй нэгд” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23-ыг үзнэ үү), эцэст нь бид хэзээ ч зовлон шаналлыг ганцаар үүрэхгүй, учир нь Бурхан өөрийн хүмүүст тэдний зүдгүүртэй үед нь зочилдог (Мозая 24:14-ийг үзнэ үү) гэдгийг заадаг.
Биднийг үнэнийг мэдэх үед Их Эзэн өнөөдөр энэ дэлхий дээр байсан бол Өөрөө хийх байсан тэрхүү зүйлээ хийх боломжийг бидэнд олгодог. Үнэндээ Тэрээр бидний юу хийх ёстойг сургаалаараа дамжуулан “Мөн та нар миний сайн мэдээг номлож, хоёр хоёроороо, миний нэрээр, бүрээн дуу мэт дуу хоолойгоо өргөн, Бурханы тэнгэр элчүүд адил миний үгийг тунхаглан миний Сүнсний хүчээр урагш одох ёстой” хэмээн заасан (Сургаал ба Гэрээ 42:6). Манай өсвөр үеийнхэнд номлогчоор үйлчлэх онцгой боломж олгогдсон!
Залуу эрэгтэйчүүд ээ, номлогч болж Их Эзэнд үйлчлэх өдрөө хойшлуулах хэрэггүй. Сургуулиа түр хойшлуулах, найз охинтойгоо дахин нийлнэ гэсэн ямар ч баталгаа байхгүй ч түүндээ баяртай гэж хэлэх, ажлаа орхих зэрэг номлолд үйлчлэх шийдвэрийг хэцүү болгож болзошгүй нөхцөл байдалтай тулгарах үедээ Аврагчийн үлгэр жишээг санаарай. Тэр Өөрийн тохинууллын үеэр шүүмжлэл, хавчлага гээд бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд эцэст нь Өөрийн цагаатгагч золиосны аяганаас уусан. Гэсэн хэдий ч Тэрээр Эцэгийнхээ тааллын дагуу үйлдэхийг эрэлхийлж, алдар сууг Түүнд өгсөн юм. (Иохан 5:30; 6:38–39; 3 Нифай 11:11; Сургаал ба Гэрээ 19:18–19-ийг үзнэ үү.)
Залуу эмэгтэйчүүд ээ, хэрэв хүсвэл Их Эзэний цэцэрлэгт та нар хэзээ ч ажиллаж болно. Мөн бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэснээр сорилт бэрхшээл тохиолдохгүй гэсэн үг биш.
Түүнд үйлчлэхээр шийдсэн бүх хүнд хандан хэлэхэд та нарын номлолын талбарт өнгөрөөх 24 эсвэл 18 сар гэртээ байсан ч адилхан л өнгөрнө. Гэхдээ зохистой залуу эрэгтэй, эмэгтэйг номлолын талбарт хүлээж буй боломжууд нь онцгой байна гэдгийг би амлаж байна. Аврагч Есүс Христийг болон Түүний Сүмийг төлөөлөх давуу эрхийг үл ойшоон өнгөрөөж болохгүй. Нэг өдрийн туршид тоолшгүй олон удаа залбирч, гэрчлэлээ хөгжүүлж, хуваалцаж, олон цаг судар судалж, гэртээ үлдсэн бол хэзээ ч уулзахгүй байх байсан хүмүүстэй уулзана гэдэг бол тайлбарлахын аргагүй гайхалтай туршлага юм. Их Эзэний үйлчлэлийн номлолд дуудсан залуусыг ч мөн адил гайхалтай боломжууд хүлээж байгаа. Та нарыг тэсэн ядан хүлээж байна. Та нарын тус маш их хэрэгтэй байна. Үйлчлэлийн номлолын ач холбогдлыг бүү бууруул. Учир нь үйлчлэлийн номлол ч гэсэн үгээр илэрхийлшгүй туршлагыг өгдөг. “Бурханы мэлмийд бодгалиудын үнэ цэн (Сургаал ба Гэрээ 18:10), [таны бодгалийн үнэ цэн] агуу юм.”
Үйлчлэлээсээ эргэж ирэхэд найз охин эсвэл найз залуу чинь чамайг хүлээгээгүй байж болох ч чи үр дүнтэй харилцаа холбоог маш сайн үүсгэж сурсан байх болно. Ажлын талбарт илүү сайн бэлтгэхийг зах зухаас нь харсан та хичээл сургуулийнхаа зорилгыг илүү сайн ойлгох бөгөөд эцэст нь амар амгалангийн сайн мэдээг тунхаглан, сэргээгдсэн үнэний талаар зоригтой гэрчилсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байх болно.
Гэрлэсэн болон амьдралынхаа өөр өөр шатанд явж байгаа та нар Их Эзэний ажилд маш их хэрэгтэй байна. Өөрсдийгөө бэлд. Эрүүл амьдар, материаллаг болон сүнслэг байдлаараа бие даахыг эрэлхийл. Яагаад гэвэл, Их Эзэний Өөрийн хүүхдүүдэд зориулан хийх зүйл зөвхөн насны бүлгээр хязгаарлагддаггүй. Сүүлийн хэдэн жил эхнэр бид хоёрын амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай үйл явдлууд онцгой хосуудтай, онцгой газарт, онцгой хүмүүст үйлчилж байхад тохиосон.
Топографич мэргэжлээр сурч байсан сүүлийн жилд надад тохиолдсон зүйл бид үнэнийг тунхагласнаар үнэнийг хамгаалдаг бөгөөд үнэнийг хамгаална гэдэг нь санаачилгатай байх явдал юм гэдгийг надад заасан. Үнэнийг хамгаалахдаа хэзээ ч түрэмгий байж болохгүй. Харин бид үнэнийг хүмүүст гэрчлэхдээ Тэнгэрлэг Эцэгийнхээ хайртай хүүхдүүдийн биеийн болон сүнсний сайн сайхныг бодолдоо тээн, чин сэтгэлээсээ хайрлаж, хуваалцаж, уривал зохино (Мозая 2:41-ийг үзнэ үү).
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар бидний хайртай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бусдын боддогийн эсрэгээр, буруу зөв гэж зүйл үнэхээр байдаг гэж заасан юм. Туйлын үнэн буюу мөнхийн үнэн гэж үнэхээр байдаг. (“Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6.)
Судрууд бидэнд “Үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг” (Сургаал ба Гэрээ 93:24) гэдгийг заадаг.
Үнэний талаарх мэдлэг биднийг бусдаас илүү сайн болгодоггүй, харин Бурханы оршихуйд буцаж очихын тулд юу хийх ёстойг бидэнд заадаг.
Христ дотор, үнэнийг зоригтой тунхаглахаас гадна үнэний дагуу амьдарснаар та энэ цаг үед амьдралын нугачаанд тайтгарал, амар амгаланг олох болно.
Амьдралын сорилт бэрхшээл биднийг сөхрүүлж болох ч мөнхийн талаас нь харвал Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед “зовлон зүдгүүр [маань] хэсэг хугацаанд байх болно” гэдгийг санаарай (Сургаал ба Гэрээ 121:7-г үзнэ үү). Сорилт, зовлон бэрхшээлдээ дуусах хугацаа битгий тавь. Тэнгэрлэг Эцэгт итгэ, бүү бууж өг. Хэрэв бууж өгвөл Бурханы хаант улсад очих бидний аян замын төгсгөл ямар байхыг бид хэзээ ч мэдэхгүй.
Үнэнээс зууран барьж,
-
судрууд (2 Нифай 32:3-ыг үзнэ үү),
-
бошиглогчийн үгс (Амос 3:7-г үзнэ үү),
-
Ариун Сүнс (Иохан 16:13-ыг үзнэ үү) зэрэг үнэний эх сурвалжуудаас суралц.
Би Есүс Христийг мөн энэ бол Түүний Сүм гэдгийг гэрчилж байна. Бид амьд бошиглогчтой бөгөөд үнэнийг зоригтой тунхагласнаар бид үргэлж эрх чөлөөг мэдрэх болно. Есүс Христийн нэрээр, амен.