2022
Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн
2022 оны 11-р сар


10:39

Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн

Энэ дэлхий дээрх хүн бүр Бурханы хүүхэд бөгөөд Тэр хүн нэг бүрд хайртай гэдгийг санацгаая.

Энэхүү түүх нь шувууны анч нохой Кэссидээ хайртай Жак гэх хүний тухай өгүүлдэг. Жак Кэсси нохойгоороо их бахархдаг, ур чадварыг нь байнга магтдаг байв. Жак үүнийгээ батлахын тулд хэдэн найзаа урьж, Кэссигийн чадварыг үзүүлэхээр болжээ. Жак анчдын клубт ирээд, дотогш орж бүртгүүлэх зуураа Кэссийг гадуур гүйлгэхээр сул тавив.

Эхлэх цаг болоход Жак Кэссигийн гайхалтай ур чадварыг харуулахыг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл Кэсси сонин авир гаргаж эхлэв. Тэр Жакийн тушаалыг ихэнхдээ дуртайяа дагадаг байсан ч энэ удаад дагасангүй. Тэр зөвхөн Жакийн хажуунаас холдохгүй байхыг л хүсэж байлаа.

Жак бухимдаж, эвгүй байдалд орон, Кэссид уурлаж байсан бөгөөд тун удалгүй явахаар шийдэв. Кэсси ачааны машины ар тал руу ч үсэрч орохгүй байсан тул Жакийн тэвчээр алдагдан, түүнийг өргөж, хэвтэр лүү нь түлхэн оруулжээ. Хамт байсан хүмүүс нь гэртээ хүрэх замынх нь туршид нохойных нь зан авирыг шоолж байсан нь түүний уурыг барж байв. Кэсси яагаад дуулгаваргүй байсныг Жак ойлгохгүй байлаа. Түүнийг сайтар сургасан бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн Жакийг баярлуулж, түүнд үйлчлэхийг л хүсдэг байсан аж.

Гэртээ ирснийхээ дараа Жак урьдын адил Кэссийг гэмтэл авсан эсвэл хачиг, бөөстэй болсон эсэхийг шалгаж эхлэв. Түүнийг гараа цээжин дээр нь тавихад нойтон зүйл мэдрэгдэж, гар нь цусанд будагдсан байхыг харжээ. Айж ичсэн тэрээр Кэссигийн цээжний ясанд урт, өргөн шарх байгааг олж харав. Баруун урд хөлд нь бас ясанд нь хүрсэн өөр нэг шарх байгааг олжээ.

Жак Кэссиг тэврээд уйлж эхлэв. Түүнийг буруугаар бодож, муухай хандсандаа тэр ичиж байлаа. Кэсси өвдсөн учраас л тэр өдрийн өглөө сонин үйлдэл гаргаж байсан байв. Өвдөж, зовж, шархадсан байсан нь түүний зан авирт нөлөөлсөн байлаа. Энэ нь Жакийг дуулгавартай дагах хүсэл эсвэл түүнийг хайрлах хайр дутсантай ямар ч холбоогүй байв.1

Би энэ түүхийг олон жилийн өмнө сонсож байсан ч ердөө мартаагүй. Бидний дунд шархадсан хүмүүс хэчнээн байгаа бол? Хэрэв бид бусдыг бүрэн ойлгож, өөрсдийн шүүмжлэлээр тэдний ачааг хүндрүүлэхийн оронд энэрэнгүй сэтгэл, туслах хүслээр ханддаг байсан бол бусдыг гадна байдал, үйл хөдлөлөөр нь эсвэл үйлдэл хийхгүйгээр нь хэр их шүүх байсан бэ?

Би амьдралдаа олон удаа ийм гэм үйлдэж байсан ч надад тохиолдсон явдал, бас өөр олон хүний амьдралд тохиолдсон явдлыг би сонссоноор Их Эзэн надад тэвчээртэйгээр зааж өгсөн. Бидний хайрт Аврагч ихэнх цагаа бусдад хайраар тохинуулахад зориулсан ба Түүний үлгэр жишээнд би илүү бүрэн дүүрэн талархах болсон юм.

Бага охин маань багаасаа л сэтгэл санааны эрүүл мэндийн хувьд асуудалтай амьдралыг туулсан. Амьдралаа цаашид үргэлжлүүлж чадахгүй мэт санагдах үе түүний амьдралд олон байсан. Тэр үеүдэд нь түүнтэй хамт сууж, түүнийг сонсож, хамт уйлахын зэрэгцээ онцгой бэлгүүдээ хамтдаа хуваалцаж, сүнслэг байдлын хувьд ойлгож, хайранд суурилсан харилцаатай байсан энэ дэлхийн тэнгэр элч нарт бид үүрд талархах болно. Ийм хайраар дүүрэн нөхцөл байдалд ачаа дарамтыг аль аль талдаа үүрдэг.

Ахлагч Жөүсэф Б.Вөртлин 1 Коринт номоос эш татан, “Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж”2 хэмээн хэлсэн байдаг.

Тэр үргэлжлүүлэн ийн хэлсэн.

“Тэрхүү хэсэг гэгээнтэнд өгсөн Паулын захиас энгийн бөгөөд шулуухан байв: Энэрэл байхгүй бол өөр юу ч хийсэн нэмэргүй. Та хэлээр ярьж, бошиглолын бэлгийг авч, бүх нууцыг ойлгож, мөн бүх мэдлэгийг эзэмшиж, бүр уулыг нүүлгэх итгэлтэй байсан ч энэрэлгүйгээр энэ бүхэн танд ашгаа өгөхгүй.

‘Энэрэл бол Христийн цэвэр хайр’ (Моронай 7:47). Аврагч тэрхүү хайрыг үлгэр жишээгээрээ харуулсан”3.

Иоханаас бид “Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно”4 гэснийг уншдаг.

Сүмийн удирдагчид маань энэрэл, эв нэгдэл, хайр, нинжин сэтгэл, өрөвдөх сэтгэл, өршөөл, нигүүлслийн талаар олонтоо ярьдаг. Аврагч биднийг илүү дээд түвшний, илүү ариун замаар4 буюу бүх хүн нэгэн хэсэг нь байх мөн үнэхээр хэрэгтэй гэдгээ мэдрэх боломжтой Түүний арга замаар амьдрахад урьж байгаа гэдэгт би итгэдэг.

Бусдыг хайрлаж6, тэднийг шүүхгүй байхыг7 бидэнд зарлигласан. Хүнд ачаагаа буулгацгаая. Үүнийг үүрэх хүн нь бид биш билээ.8 Оронд нь бид Аврагчийн хайр, энэрлийн буулгыг авч болно.

Тэрээр “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур; …

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн”9 хэмээсэн.

Аврагч гэм нүглийг зөвшөөрдөггүй, харин биднийг наманчлах юм бол Өөрийн хайр, өршөөлийг өгдөг. Садар самууныг үйлдэж байгаад баригдсан эмэгтэйд Тэр: “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд10 хэмээн хэлсэн. Түүнд хүрсэн хүмүүс Түүний хайрыг мэдэрсэн бөгөөд уг хайр нь тэднийг эдгээж, өөрчилсөн. Түүний хайр тэдний амьдралаа өөрчлөх хүслийг өдөөсөн. Түүний арга замаар амьдрах нь баяр баясгалан, амар амгаланг авчирдаг. Тэр бусдыг энэхүү арга замаар амьдрахад эелдэг зөөлнөөр, нинжин сэтгэл, хайраар урьсан билээ.

Ахлагч Гари Э.Стивэнсон “Амьдралын салхи шуурга, аадар бороо, өвчин зовлон, осол гэмтэлтэй нүүр тулах үед маань Их Эзэн—бидний Хоньчин, бидний Халамжлагч биднийг хайр, нинжин сэтгэлээр асарч халамжлах болно. Тэр бидний зүрх сэтгэл, бодгалийг эдгээнэ”11 гэж хэлсэн. Есүс Христийн дагалдагчдын хувьд бид ч гэсэн ийн үйлдэх ёстой биш гэж үү?

Аврагч биднээс Өөрийнх нь талаар суралцаж,12 Өөрийнх нь хийхийг харсан тэр зүйлсийг хийгээсэй хэмээн хүсдэг.13 Тэр бол энэрэл, цэвэр хайрыг Өөртөө цогцлуулсан Нэгэн юм. Бид Түүний биднээс хүссэн зүйлийг үүрэг даалгавар гэдэг үүднээс харж эсвэл бүр адислал авах гэж хийлгүй, зөвхөн Түүнийг болон Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг13 тул аажим аажмаар хийж сурваас Түүний хайр биднээр дамжин урсан гарч, Түүний хүссэн бүхнийг хийгээд зогсохгүй яваандаа энэ нь төсөөлж байснаас тань хавьгүй амархан, хөнгөн15, баяр баясгалантай болох болно. Ингэж сурахад дадлага хэрэгтэй. Надад шаардагдсан шиг ийн хийж сурахад олон жил шаардагдах боловч хайрыг өөрийн хөдөлгөгч хүч болгохыг хүсэх юм бол Тэр тэрхүү хүслийг16 буюу үрийг авч, эцэст нь уг үрийг хамгийн амтат жимсээр дүүрэн үзэсгэлэнтэй мод болгон хувиргаж чадна.17

Бидний дуртай нэгэн дуулалд “Өөр нэгнийг шүүх би хэн билээ? Өөгүй төгс биш байтлаа би. Үл үзэгдэх гуниг зовлон өр зүрхэнд нь оршин байна”18 гэж дуулдаг. Бидний дундаас хэн нь уй гашуугаа нуусан байж болох вэ? Сахилгагүй мэт харагдах хүүхэд юм уу өсвөр насны хүүхэд, аав ээж нь салсан хүүхдүүд, ганц бие ээж эсвэл аав, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, итгэлдээ эргэлзэж байгаа, арьс өнгө, соёлын улмаас гадуурхагдаж байгаа, ганцаардмал, гэрлэхийг хүсдэг, донтолтоосоо салах хүсэлтэй гэх мэт маш олон хүн, тэр байтугай гаднаас нь харахад төгс амьдралтай мэт хүмүүс ч амьдралдаа янз бүрийн сорилттой тулгарсан байдаг.

Төгс амьдрал, төгс гэр бүл бидний хэнд ч байхгүй. Надад лав байхгүй. Зовлон бэрхшээл, төгс бус байдалтай тулгарсан бусдыгаа өрөвдөхийг эрэлхийлэх нь ганцаараа зовж байгаа биш юм байна гэдгээ мэдрэхэд тэдэнд тусалдаг. Хүн бүр үнэхээр Христийн биеийн нэгэн хэсэг мөн Түүнд хэрэгтэй нэгэн гэдгээ мэдрэх хэрэгтэй.19 Сатан Бурханы хүүхдүүдийг хагалан бутаргах агуу хүсэлтэй бөгөөд тэр маш амжилттай байна. Харин эв нэгдэлд ямар их хүч оршдог гээч.20 Бид мөнх бус амьдралын энэ хүнд хэцүү аян замд бие биетэйгээ гар гараасаа барилцан алхах хэрэгтэй!

Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, боловсролын зэрэг, соёл болон бусад ялгарах онцлог шинж тэмдгийн эсрэг аливаа хүчирхийлэл, гадуурхал нь бидний Бүтээгчийн таалалд нийцдэггүй. Иймэрхүү зүй бус харьцаа нь бидэнд Түүний гэрээт охид хөвгүүдийн хувьд өөрсдийн үнэн мөн чанараар амьдрахад саад болдог”21 гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Нэлсон бүх хүнийг Тэнгэр дэх Эцэг рүү маань эргүүлэн аваачдаг гэрээний зам дээрээ үлдэхийг урихын зэрэгцээ “Найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь Сүмээс холдсон хэдий ч тэднийг үргэлжлүүлэн хайрла. Та итгэлтэй үлдсэнээрээ бусдын сонголтыг шүүх эрхтэй гэсэн үг биш юм”22 гэж зөвлөжээ.

Найзууд аа, энэ дэлхий дээрх хүн бүр Бурханы хүүхэд23 бөгөөд Тэрээр хүн нэг бүрийг хайрладаг гэдгийг санацгаая.24 Өдөр тутмын амьдралдаа та хүмүүсийг шүүчих гээд байдаг хандлага гаргадаг уу? Хэрэв тийм бол тэдгээр нь бидэнд Аврагчийн адил хайрлаж сурах үнэ цэнтэй боломжийг олгодог гэдгийг санаарай.25 Бид Түүний үлгэр жишээг дагаснаар, Түүнтэй хамт буулгад орж, Эцэгийнхээ бүх хүүхдийн зүрх сэтгэлд хайрын болон нэгэн хэсэг нь байх мэдрэмжийг төрүүлэхэд тусалж чадна.

“Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид [Түүнийг] хайрладаг.”26 Бид Аврагчийн хайраар дүүргэгдсэнээр Түүний буулга үнэхээр амархан байж, Түүний ачаа хөнгөн мэт мэдрэгдэх болно.27 Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр ийн гэрчилж байна, амен.