Урам зоригийн өв
Би та нарыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу эргэн очиход тэнцэхүйц байхаар үргэлжлүүлэн хичээхэд уриалж байна.
Хайрт ах эгч нар аа, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү Ерөнхий чуулганд та нартай хамт цугласандаа талархаж байна. Та нар хаана ч байсан бай, итгэл, хайрыг тань бид мэдэрдэг. Бид сүнслэг нөлөө бүхий сургаал, хүчирхэг гэрчлэл, гайхамшигт дуу хөгжмөөр сэнхрүүлэгдлээ.
Би та нарыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу эргэн очиход тэнцэхүйц байхаар үргэлжлүүлэн хичээхэд уриалж байна. Та нар гэрээний замын хаана нь ч байсан мөнх бус бие махбодын сорилт болон Сатаны эсэргүүцэлтэй тулгарах болно.
Намайг юмс ямар хэцүү байгаа талаар гомдоллох үед ээж минь “Өө, Хаал, мэдээж энэ бүхэн хэцүү. Хэцүү байх ч ёстой. Амьдрал бол сорилт шүү дээ” гэж хэлж билээ.
Тэрээр хоёр зүйлийг мэддэг байсан учраас үүнийг тайван бөгөөд бүр инээмсэглэн хэлсэн юм. Түүний хувьд ямар ч бэрхшээлтэй тулгарсан Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар гэртээ эргэн очих нь хамгийн чухал явдал байсан. Ээж минь Аврагчдаа итгэснээр үүнийг хийж чадна гэдгээ мэдэж байсан.
Тэр Түүнийг өөрт нь ойр байгааг мэдэрдэг байсан. Тэрээр нас барна гэдгээ мэдээд, хэвтэрт байсан сүүлийн хэдэн өдрөө надтай Аврагчийн тухай ярьсан юм. Тэнд орных нь хажууд өөр өрөө рүү дамждаг хаалга байсан юм. Аврагчтайгаа удахгүй уулзана гэж тайван ярихдаа тэр уг хаалга руу инээмсэглэн харж билээ. Би тэр хаалгыг хараад, түүний цаадах өрөөг төсөөлж байснаа одоо ч санаж байна.
Тэр одоо сүнсний дэлхийд байгаа. Олон жил үргэлжилсэн бие махбодын болон хувийн сорилтыг үл харгалзан ээж минь хүлээн авахыг хүссэн шагнал дээрээ харцаа тогтоож чадсан.
Түүний бидэнд үлдээсэн урам зоригийн өвийг Моронай 7-д хамгийн сайн дүрсэлсэн бөгөөд энэ бүлэгт Мормон хүү Моронайгаа болон өөрийн хүмүүсийг урамшуулдаг. Энэ бол үр хойчдоо үлдээсэн урам зоригийн өв байсан бөгөөд үүнийг ч ээж минь гэр бүлдээ үлдээсэн юм. Мөнх бус амьдралынхаа бүхий л сорилтыг даван туулж, мөнх амьдралд тэнцэх зорилготой бүх хүнд Мормон энэхүү урам зоригийн өвийг залгамжлуулжээ.
Мормон Моронай 7-ийн эхний шүлгүүдийг сайныг хилэнцтээс ялгаж мэдэх, зөвийг сонгох боломжийг бидэнд олгодог Есүс Христ, тэнгэр элч нар, Христийн Сүнсний гэрчлэлээр эхлүүлдэг.
Тэрээр тэнгэрлэг гэр лүүгээ урагшлах замдаа бэрхшээлтэй тулгарах хүмүүст урам зориг өгч чадсан бүх хүний адил Есүс Христийг нэгдүгээрт тавьж байсан.
“Учир нь Христийн үгсийн дагуу түүний нэрэнд итгэлтэй байхгүй бол ямар ч хүн аврагдаж чадахгүй; иймийн тул, хэрэв эдгээр зүйлс байхаа больсон гэвэл, тэгвэл итгэл ч түүнчлэн үгүй болсон гэсэн үг; мөн хүмүүний байдал аймшигтай байна, учир нь тэд гэтэлгэл хийгдээгүй мэт байх болно.
Гэвч болгоогтун, хайрт ах дүүс минь, би та нарын талаар илүү сайн дүгнэлтэд хүрэв, учир нь хүлцэнгүй номхон байдлын тань учир Христэд итгэх итгэл та нарт байгаа хэмээх дүгнэлтэнд би хүрэв; учир нь хэрэв та нар түүнд итгэлгүй байвал, тэгвэл та нар түүний сүмийн хүмүүсийн дунд тоологдох нь тохиромжгүй билээ.”1
Мормон хүлцэнгүй номхон байдлыг итгэлийн бат бөх нотолгоо гэж үзсэн. Тэднийг Аврагчаас хамааралтай болохоо мэдэрснийг тэр харсан. Тэр уг итгэлд анхаарлыг нь хандуулж, тэднийг урамшуулсан юм. Мормон тэдэнд итгэл, хүлцэнгүй номхон байдал нь сорилт бэрхшээлээ амжилттай даван гарах итгэл, найдварыг бий болгодог гэдгийг олж харахад туслах замаар үргэлжлүүлэн урам зориг өгчээ.
“Мөн тэрчлэн, хайрт ах дүүс минь, би та нарт найдварын талаар ярьмаар байна. Та нар найдваргүйгээр, яахан итгэлийг олж чадах билээ?
Мөн та нар юуны төлөө найдах билээ? Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой.
Иймийн тул, хүмүүн итгэлтэй аваас түүнд найдвар байх нь гарцаагүй; учир нь итгэлгүйгээр ямар ч найдвар байж чадахгүй.
Мөн тэрчлэн, болгоогтун тэр хүлцэнгүй даруу, мөн зүрх сэтгэлдээ номхон байхгүй аваас, түүнд итгэл хийгээд найдвар байх аргагүйг би та нарт хэлнэ.”2
Мормон дараа нь тэднийг Христийн цэвэр хайраар дүүрэн зүрх сэтгэлийн бэлгийг хүлээн авах шатандаа явж байгааг гэрчилж урамшуулдаг. Тэр тэдэнд Есүс Христэд итгэх итгэл, хүлцэнгүй номхон, даруу байдал, Ариун Сүнс, мөнх амьдралыг хүлээн авах гуйвшгүй найдлага зэрэг нь хэрхэн хоорондоо холбогддогийг тайлбарлажээ. Тэр тэднийг ийн урамшуулсан.
“Учир нь хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байхаас бусдаар, хэн ч Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхүйц байхгүй; мөн хэрэв хүмүүн хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон, мөн Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аваас, түүнд энэрэл байх нь гарцаагүй; учир нь түүнд энэрэл үгүй бол тэр хэн ч биш билээ; иймийн тул түүнд энэрэл байх нь гарцаагүй.”3
Одоо эргээд харахад, Христийн цэвэр хайр болох энэрлийн бэлэг нь миний ээжийг гэртээ эргэж очих замдаа тулгарсан сорилт бэрхшээлээ давахад хэрхэн хүчирхэгжүүлж, удирдан чиглүүлж, дэмжиж, өөрчилж байсныг би ойлгож байна.
“Мөн энэрэл бол удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй, мөн атаархаж жөтөөрхөх нь үгүй, мөн онгирч хөөрдөггүй, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй, мөн алдаст баясах нь үгүй, харин үнэнд баясдаг, бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг.
Иймийн тул, хайрт ах дүүс минь, хэрэв та нарт энэрэл үгүй бол, та нар хэн ч биш, учир нь энэрэл хэзээ ч дуусдаггүй; иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү энэрлээс зууран барь, учир нь бүх зүйл дуусах ёстой—
Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу; мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.
Иймийн тул, хайрт ах дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; та нар Бурханы хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун.”4
Би Мормоны урам зориг өгсөн үлгэр жишээ, сургаалын төлөө талархаж байна. Би ч мөн адил ээжийнхээ үлдээсэн өвөөр адислагдсаар байгаа билээ. Адамаас өнөөдрийг хүртэлх бошиглогчид сургаал, үлгэр жишээгээрээ намайг хүчирхэгжүүлсэн.
Би өөрийнхөө танилуудыг болон гэр бүлийнхнийг нь хүндэтгэх үүднээс тэдний сорилт бэрхшээлийн нарийн ширийнийг мэдэхээр эрэлхийлэхгүй, агуу бэлгүүдийг нь олон нийтэд ярихгүй байхыг сонгосон. Гэсэн хэдий ч миний харсан зүйл надад урам зориг өгч, намайг илүү сайн болгон өөрчилсөн юм.
Хэт хувийн шинжтэй байж магадгүй ч би эхнэрийнхээ өгдөг урам зоригийн талаар товчхон нэмж хуваалцъя. Би ийм зүйлд болгоомжтой ханддаг. Тэр минь магтуулах гэдэггүй, магтаалд хөөрдөггүй хүн байгаа юм.
Бид гэрлээд, 60 жил болж байна. Энэ хугацаанд би итгэл, найдвар, хүлцэнгүй номхон байдал, тэсвэр тэвчээр, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, үнэнд баясдаг, ямар ч хилэнцтийг боддоггүй, бүхнээс агуу энэрэл гэсэн эдгээр үгийн утгыг ойлгосон.5 Энэ туршлагад үндэслэн, эгэл хүн төрөлхтөн амьдралын хатуу ширүүнийг даван туулахдаа эдгээр бүх сайхан чанарыг өдөр тутмын амьдралдаа авч хэрэгжүүлж чадна гэдгийг би гэрчилж чадна.
Намайг сонсож байгаа сая сая хүн ийм хүмүүсийг мэддэг. Та нарын олон нь өөрсдөө ийм хүмүүс байдаг. Бид бүгдэд ийм урам зориг өгдөг үлгэр жишээ, хайраар дүүрэн найзууд хэрэгтэй.
Та хэн нэгэнтэй хамт тохинуулагч ах, эгчээр суух үедээ Их Эзэнийг төлөөлдөг. Тэр юу хийж эсвэл хэлэх байсан тухай бод. Тэр тэднийг Өөртөө ирэхийг урих байсан. Тэр тэднийг урамшуулах байсан. Тэр тэдний хийх шаардлагатай өөрчлөлтийг эхлүүлэхэд анхаарч, магтан сайшаах байсан. Мөн Тэр тэдний даган дуурайх төгс үлгэр жишээ байх болно.
Хэн ч одоогоор бүрэн дүүрэн тохинуулж чадаагүй байгаа ч та энэ чуулганыг сонссоноор урагшилж байгаагаа мэдэх болно. Аврагч таны асуудлын нарийн ширийнийг мэддэг. Тэр таныг итгэл, найдвар, энэрэлд өсөх асар их чадавхтайг мэддэг.
Түүний танд санал болгож буй зарлиг, гэрээнүүд нь таныг хянах сорилт биш юм. Эдгээр нь танд Бурханы бүх бэлгийг хүлээн авч, таныг хайрладаг Тэнгэрлэг Эцэг болон Их Эзэн рүүгээ эргэн очиход туслах бэлэг юм.
Есүс Христ бидний гэм нүглийн төлөөсийг төлсөн. Хэрэв бид наманчлах, хүүхэд шиг болох мөн Бурханы хамгийн агуу бэлгүүдийг хүлээн авахад бэлтгэхэд Түүнд итгэх хангалттай итгэлтэй бөгөөд цэвэр байх аваас мөнх амьдралын тэрхүү адислалыг хүлээн авч чадна.
Та нар Түүний урилгыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгийнхээ бусад хүүхэдтэй хуваалцах болтугай хэмээн би залбирч байна.
Би дэлхий даяарх номлогчдынхоо төлөө залбирч байна. Тэд энэхүү урилгыг Есүс Христээс Түүний нэрийг өөрсөд дээрээ авсан үйлчлэгчдээр нь дамжин ирсэн гэж итгэж, хүсэхэд хүн бүрийг урамшуулахаар сүнслэг урам авах болтугай.
Тэр амьд бөгөөд Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг би гэрчилж байна. Би бол Түүний гэрч. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол бүх дэлхий даяарх Бурханы амьд бошиглогч мөн. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Есүс Христийн ариун нэрээр, амен.