2022
Энэ өдөр
2022 оны 11-р сар


12:1

Энэ өдөр

Бидний бошиглогч Мормоны Номоор дэлхийг үерлүүлэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулсаар явдаг. Бид түүний жишээг дагах ёстой.

Хайрт ах, эгч нар аа, Мормоны Номд “энэ өдөр”1 хэмээх хэллэгийг зөвлөгөө, амлалт, зааварт анхаарлыг хандуулахын тулд ахин дахин хэрэглэдэг. Бенжамин хаан эцсийн айлдвартаа “Энэ өдөр та нарт миний ярих үгсийг [сонс] …; та нар сонсож болохын тулд сонороо дэлгэгтүн, мөн ойлгож болохын тул зүрх сэтгэлээ нээгтүн, мөн та нарын төсөөлөлд Бурханы нууцууд дэлгэгдэж болохын тулд оюунаа нээгтүн” хэмээн ард иргэддээ заасан.2 Ерөнхий чуулган үүнтэй төстэй. Бид Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд “цаг ямагт үнэнч”3 байхын тулд “энэ өдөр” зөвлөгөө сонсохоор ирсэн. Би “Энэ өдөр” Иосеф Смитийн “энэ дэлхий дээрх хамгийн зөв ном”4 гэж хэлсэн Мормоны Номыг уншиж, хуваалцах амлалтаа шинэчлэхийн ач холбогдлыг онцолж байна .

Ахлагч Расбандын Мормоны Ном

Гарт минь Мормоны Ном байна. Миний энэ ном бол 1970 онд хэвлэгдсэн онцгой хувь бөгөөд надад үнэ цэнтэй. Гаднаас нь харахад хуучирч, элэгдсэн боловч миний амьдрал, миний гэрчлэлд өөр ямар ч ном үүн шиг чухал байгаагүй. Үүнийг уншсанаар би Есүс Христ бол Бурханы Хүү5 бөгөөд миний Аврагч,6 судрууд бол Бурханы үг7 мөн сайн мэдээ сэргээгдсэн8 хэмээх гэрчлэлийг Сүнсээр олж авсан. Эдгээр үнэн бодгалийн минь гүнд шингэжээ. Бошиглогч Нифайн адил “сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясдаг.”9

Ахлагч Расбанд номлолын ерөнхийлөгч мөн Ахлагч Хэнксийн хамт

Зүүн талаас: Залуу номлогч, ахлагч Роналд A.Расбанд; Зүүн мужуудын номлолын ерөнхийлөгч Харолд Вилкинсон; Далын ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Марион Д.Хэнкс.

Юу болсныг би та нарт ярьж өгье. Залуу номлогч байхдаа би манай Зүүн мужуудын номлолд айлчлан ирсэн ахлагч Марион Д.Хэнксийн зөвлөгөөг дагасан. Тэрээр өмнө нь Английн номлолын ерөнхийлөгч байсан бөгөөд түүний хоёр номлогч болох ахлагч Жэффри Р.Холланд, Квинтин Л.Күк нар өнөөдөр надтай хамт индэр дээр байна.10 Англид байсан номлогчдодоо захисныхаа адил, тэр биднийг ч бас ямар нэг тэмдэглэгээгүй Мормоны Номыг дор хаяж хоёр удаа уншихад уриалсан юм. Би уриалгыг хүлээн авсан. Эхний удаад уншихдаа би Есүс Христ рүү хандуулсан эсвэл Түүнийг гэрчилсэн бүх судрын доогуур зурах юм уу тэмдэглэх байв. Би улаан балаар судрын олон эшлэлийг доогуур нь зурж тэмдэглэсэн. Хоёр дахь удаад нь ахлагч Хэнкс биднийг сайн мэдээний зарчим болон сургаалыг тэмдэглэ гэсний дагуу би цэнхэр өнгөөр судар дээрээ тэмдэглэсэн. Би зөвлөсний дагуу Мормоны Номыг хоёр удаа уншаад, цааш нь ахин хоёр удаа уншихдаа өөрт онцгой санагдсан шүлгүүдийг шар болон хараар тэмдэглэсэн.11 Та нарын харж байгаачлан би их олон тэмдэглэл хийсэн.

Будаж тэмдэглэсэн Мормоны Ном

Судраас уншихад, будаж тэмдэглэхээс гадна илүү утга учиртай зүйлсийг олж авсан. Мормоны Номыг эхнээс нь дуустал унших бүрдээ би Их Эзэнийг хайрлах энгүй хайраар дүүрч байв. Би Түүний заасан зүйлс үнэн гэх гүн гүнзгий гэрчлэлийг мэдэрсэн бөгөөд “энэ өдөр” эдгээр нь ямар утга учиртайг ойлгосон. Энэ ном “Есүс Христийн бас нэгэн гэрээ” хэмээх гарчигтайгаа таардаг.12 Ийнхүү ихийг сурч мэдэн, сүнслэг гэрчлэлийг хүлээн авсан би Мормоны Номд хайртай номлогч, Есүс Христийн шавь болсон билээ.13

“Энэ өдөр” Мормоны Номын хамгийн агуу номлогчдын нэг бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон юм. Тэрээр төлөөлөгчөөр дуудагдаад удаагүй байхдаа нэг удаа Гана улсын Аккрад үг хэлж байжээ.14 Оролцож байсан хүмүүс нь Африкийн омгийн хаан тэргүүтэй дээдэс байсан бөгөөд тэдэнтэй орчуулагчаар дамжуулан ярьж байв. Хаан Библийг нухацтай судалдаг, Их Эзэнийг хайрладаг нэгэн байсан. Ерөнхийлөгч Нэлсоныг үг хэлж дууссаны дараа хаан ойртон ирээд, түүнээс төгс англи хэлээр “Чи яг хэн билээ?” гэж асуужээ. Ерөнхийлөгч Нэлсон түүнд “би бол Есүс Христийн томилогдсон төлөөлөгч” гэж тайлбарлав.15 Хаан “Чи надад Есүс Христийн талаар юу зааж өгч чадах вэ?”16 гэж асуужээ.

Ерөнхийлөгч Нэлсон Мормоны Номыг гартаа аваад, 3 Нифай 11-р бүлгийг нээв. Ерөнхийлөгч Нэлсон, хаан хоёр хамтдаа Аврагчийн нифайчуудад айлдсан “Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ. … Би бол дэлхийн гэрэл ба амь”17 гэх үгсийг уншив.

Ерөнхийлөгч Нэлсоныг хаанд тэрхүү Мормоны Номын хувийг бэлэглэхэд хаан түүнд “Та надад алмаз, бадмаараг өгч болох байсан ч Их Эзэн Есүс Христийн тухай энэ нэмэлт мэдлэгээс илүү үнэ цэнтэй зүйл үгүй”18 гэж хариулсан гэдэг.

Энэ бол бидний хайрт бошиглогчийн Мормоны Номыг бусадтай хуваалцсан олон жишээний нэг нь юм. Тэрээр Мормоны Номыг олон зуун хүнд өгөхдөө үргэлж Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцдаг. Ерөнхийлөгч Нэлсон зочид, ерөнхийлөгчид, хаад, улсын тэргүүд, бизнесийн болон байгууллагуудын удирдагчид, янз бүрийн шашны удирдагчидтай Сүмийн удирдах байранд эсвэл тэдний байршилд уулзахдаа энэхүү илчлэгдсэн судрыг хүндэтгэлтэйгээр бэлэглэдэг. Тэрээр айлчлалынхаа дурсгал болгож ширээн дээр эсвэл хоргонд тавих зүйлсийг боож баглан бэлэглэж болох байсан. Гэвч эдгээрийн оронд тэрээр өөрт нь хамгийн үнэ цэнтэй, омгийн хааны хэлснээр алмаз, бадмааргаас ч үнэтэй зүйлийг бэлэглэдэг.

“Мормоны Номон дахь үнэнд бидний бодгалиудыг эдгээх, тайвшруулах, сэргээн босгох, туслах, хүчирхэгжүүлэх, сэтгэл засах, урам зориг өгөх хүч бий”19 гэж ерөнхийлөгч Нэлсон хэлжээ. Бидний Бурханы бошиглогчийн өгсөн Мормоны Номын хувийг авсан хүмүүс үүнийг гартаа чанга атгаж байхыг би харсан. Үүнээс илүү бэлэг гэж үгүй.

Ерөнхийлөгч Нэлсон Гамбиа улсын тэргүүн хатагтайн хамт

Дөнгөж саяхан тэрээр Гамбиа улсын тэргүүн хатагтайг албан өрөөндөө хүлээн авч уулзахдаа, Мормоны Номыг даруухнаар гардуулжээ. Тэр үүгээр зогссонгүй. Тэрээр хавтсыг нээн түүнтэй хамт уншихдаа Есүс Христ, Түүний Цагаатгалыг мөн бүх хүүхдээ хайрлах Бурханы хайрыг зааж гэрчилсэн.

Бидний бошиглогч Мормоны Номоор дэлхийг үерлүүлэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулсаар явдаг. 20 Гэвч тэрээр үерийн далангийн хаалтыг ганцаараа нээж чадахгүй. Бид түүний жишээг дагах ёстой.

Түүний үлгэр жишээг харж урам зориг орсон би Мормоны Номыг даруухнаар, илүү эрч хүчтэйгээр хуваалцахыг хичээдэг болсон билээ.

Ахлагч Расбанд Мозамбикийн ерөнхийлөгчийн хамт

Би саяхан Мозамбик руу томилолтоор очсон. Энэ сайхан улсын иргэд ядуурал, эрүүл мэндийн асуудал, ажилгүйдэл, салхи шуурга, мөн улс төрийн тогтворгүй байдал дунд зовж байна. Надад улсын ерөнхийлөгч Филипэ Нюситэй уулзах эрхэм завшаан тохиосон юм. Түүний хүсэлтээр би түүний төлөө бас улсынх нь төлөө залбираад, улсад нь Есүс Христийн ариун сүм барьж21 байгаагаа хэлэв. Уулзалтынхаа дараа би түүний төрөлх португал хэл дээрх Мормоны Номыг түүнд бэлэглэв. Түүнийг уг номыг талархалтайгаар авах үед би эдгээр хуудсан дээрх Их Эзэний үгсэд байдаг хүмүүстээ өгсөн найдвар, амлалтын тухай гэрчилсэн.22

Ахлагч Расбанд Лэсотогийн хаан, хатны хамт

Өөр нэгэн удаа миний эхнэр Мэлани бид хоёрт Лэсотогийн хаан Гуравдугаар Лэтси, түүний эхнэр хоёртой гэрт нь уулзах завшаан тохиосон.23 Бидний хувьд уулзалтын маань хамгийн дурсамжтай хэсэг нь тэдэнд Мормоны Ном бэлэглэж гэрчлэлээ хуваалцах үе байсан. Энэ болон бусад тохиолдсон зүйлийг эргэн харахад, хожмын үеийн судрын эшлэл бодолд минь орж ирж байна. “Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад, мөн хаад хийгээд захирагчдын өмнө тунхаглагдаж болохын тулд бөлгөө.”24

Ахлагч Расбанд элчин сайд Пандигийн хамт
Сүмийн удирдагчид Ариун Патриарх Бартоломюүгийн хамт

Би Мормоны Номыг Женев дэх Нэгдсэн Үндэстний Байгууллагад Энэтхэгийг төлөөлсөн элчин сайд Индра Мани Пандид26 мөн Зүүн Ортодокс Сүмийн Ариун Патриарх Бартоломюүд26 болон өөр олон хүнд өгсөн. Би тэр хүмүүст “манай шашны тулгуурын чулууг”27 өөрийн биеэр гардуулж, манай итгэлийн булангийн чулуу28 Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцахдаа Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байгааг мэдэрсэн юм.

Ах, эгч нар аа, та ариун сургаал, амлалтууд бүхий энэ номыг өгөхийн тулд Мозамбик эсвэл Энэтхэгт очиж эсвэл хаад, удирдагчидтай уулзах шаардлагагүй. Би таныг “энэ өдөр” Мормоны Номыг найз нөхөд, гэр бүл, ажлын хамтрагчид, хөл бөмбөгийн дасгалжуулагч, эсвэл ногооны дэлгүүрийн худалдагчдаа өгөхөд урьж байна. Тэдэнд энэ ном дээрх Их Эзэний үгс хэрэгтэй. Тэдэнд өдөр өдрийн амьдралын асуултаас гадна ирэх мөнх амьдралын асуултад нь хариулт хэрэгтэй. Тэд өмнө нь зурайх гэрээний зам, тэдний төлөөх Их Эзэний дуусашгүй хайрын тухай мэдэх хэрэгтэй. Энэ бүгд Мормоны Номд агуулагдаж байна.

Тэдэнд Мормоны Номыг өгөхдөө та тэдний оюун бодол, зүрх сэтгэлийг Бурханы үгэнд нээж өгч байгаа юм. Та номын хэвлэсэн хувийг өөртөө авч явах шаардлагагүй. Та Gospel Library апп-ын судрын хэсгээс гар утаснаасаа хялбархан хуваалцаж болно.29

Сайн мэдээгээр амьдрал нь адислагдаж болох байсан тэр хүмүүсийн тухай бодоод үзээрэй. Дараа нь Мормоны Номын дижитал хувийг гар утаснаасаа тэдэн рүү илгээгээрэй. Ингэхдээ энэ ном амьдралыг тань хэрхэн адисалсан тухай гэрчлэлээ хуваалцаарай.

Хайрт найзууд аа, Их Эзэний төлөөлөгчийн хувьд, би та бүгдийг бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Нэлсоны жишээг дагаж, дэлхийг Мормоны Номоор үерлүүлцгээе гэж урьж байна. Хэрэгцээ маш их байна, бид одоо л хөдлөх хэрэгтэй. Та “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг”31 хүмүүст сүнслэг нөлөөгөөр хандсанаар “дэлхий дээрх хамгийн чухал ажил болох Израилыг цуглуулах”30 ажилд оролцох болно хэмээн би амлаж байна. Тэдэнд таны гэрчлэл болон энэ ном таны амьдралыг хэрхэн өөрчилж, таныг Бурханд, Түүний амар амгаланд,32 мөн Түүний “агуу их баярт мэдээнд”33 ойртуулсан тухай гэрчлэл хэрэгтэй.

Бурханлаг төлөвлөгөөний дагуу Мормоны Ном эртний Америкт бэлтгэгдэн, “энэ өдөр” Бурханы үгийг тунхаглаж, бодгалиудыг Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд авчрахаар ирсэн гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Иаков 2:2–3; Мозая 2:14, 30; 5:7; Алма 7:15; мөн Мормоны Номон дахь өөр олон шүлгийг үзнэ үү.

  2. Мозая 2:9

  3. Aлмa 53:20

  4. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 303 Бошиглогч Иосеф Смитийн 1841 оны 11-р сарын 28-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад хэлсэн бүрэн мэдэгдэл: “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой”. “Зөв” хэмээх үгийг чухалчилсан нь Мормоны Ном дээр заагддаг сургаал, үүнийг орчуулах явцад ирсэн илчлэлт нь сайн мэдээний “тодорхой болон эрхэм үнэт” үнэнийг бусад ямар ч номоос илүү тогтоодог учир юм (1 Нифай13:40-ийг үзнэ үү).

  5. Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас 2000 оны 1-р сарын 1-нд гаргасан тунхаг: “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”: “Бид зохих ёсоор томилогдсон Түүний Төлөөлөгчдийн хувьд Есүс бол Христ, Бурханы үхэшгүй Хүү гэдгийг гэрчилж байна. Тэр бол өнөөдөр Эцэгийнхээ баруун гар талд зогсож буй агуу Иммануел Хаан. Тэр бол дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар юм. Түүний зам бол энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим юм. Зүйрлэшгүй бэлэг болох тэнгэрлэг Хүүгийнх нь төлөө Бурханд талархал өргөе” (ChurchofJesusChrist.org).

  6. Исаиа 49:26; 1 Нифай 21:26; 22:12; Сургаал ба Гэрээ 66:1-ийг үзнэ үү.

  7. Судрууд дээр Бурханы үг байдаг. Жишээ нь: Мормоны Ном дээр Лемен, Лемүел хоёр Лихайн зүүдэн дэх “төмөр бариул ямар утгатай вэ?” гэж асуудаг. Нифай тэдэнд хандан энэ нь Бурханы үг байсныг хэлэв; мөн Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд тэднийг устгал уруу удирдахаар харалган болгож давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:23–24).

  8. “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” дээрээс “1830 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм мөн гэдгийг бид тунхаглаж байна” гэснийг үзнэ үү. Энэ Сүм булангийн суурь чулуу болох Есүс Христ, Түүний төгсөшгүй Цагаатгал, бодит Амилалт дээр зангуугаа буулгадаг. Есүс Христ төлөөлөгчдийг дахин дуудаж, тэдэнд санваарын эрх мэдэл олгосон. Тэрээр бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнсийг болон авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгалангаас хүртэхэд урьдаг. … Тасралгүй өгөгдсөөр буй илчлэлтээр дамжуулан амлагдсан Сэргээлт урагшилсаар байгааг бид баяртайяа тунхаглаж байна. Бурхан “бүх юмсыг Христ дотор нэгтгэх” (Ефес 1:10) тул дэлхий эргэлт буцалтгүй өөрчлөгдөх болно” (ChurchofJesusChrist.org).

  9. 2 Нифай 4:16

  10. Quentin L. Cook, “Be Not Weary in Well-Doing” (Brigham Young University devotional, Aug. 24, 2020), speeches.byu.edu; Eliza Smith-Driggs, “This Week on Social: How to Develop a Love for the Lord, Yourself and Others,” Church News, July 17, 2020, thechurchnews.com.

  11. Гурав дахь удаагийн уншилт, шар: геологи эсвэл газар зүй; дөрөв дэх удаагийн уншилт, хар: Мормоны Номын түүхүүд.

  12. “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэсэн хэсгийг Мормоны Номын бүх хэвлэлд дэд гарчиг болгон нэмсэн. Сүмийн удирдагчид номын нүүр хуудсанд өгүүлсэн ‘өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн иудейчүүд болон харийнханд итгүүлэх’ явдал гэсэн зорилгыг тодотгохын тулд гарчигт өөрчлөлт оруулжээ.

  13. Есүс Христийн шавь байснаараа бид Түүнийг хайрлаж байгаагаа илэрхийлдэг. Шавь нар баптисм хүртэж, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний зан чанарыг өөртөө төлөвшүүлэхийг хичээж байсныг төлөөлөгч Петр ийн тайлбарлажээ. “Та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга” (2 Петр 1:5–7; мөн Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж [2019], 121–132-ыг үзнэ үү.).

  14. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 1984 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдахаасаа өмнө олон улсад танигдсан зүрхний мэс засалч байсан бөгөөд 1986 онд тэрээр Гана улсын Аккра хотод зүрхний мэс заслын түүхийн талаар илтгэл тавьжээ. Хожим нь мэдээллийн албаныханд өгсөн ярилцлагадаа тэрээр тэнд “Их Эзэний зарцын хувьд [хүмүүст] илүү сайн иргэн болж, хүчтэй гэр бүлийг цогцлоож, жинхэнэ аз жаргалыг авч, эх орондоо өсөн дэвжихэд туслахаар очсон” гэжээ. Тэрээр 2001 оны 11-р сарын 16-нд Ганагийн Аккра ариун сүмийн газар хөндөх ёслолд оролцохоор Аккра хотод эргэн очсон (“Ground Broken for First Temple in West Africa,” Church News, Nov. 24, 2001, thechurchnews.com).

  15. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь , 5.1.1.1: “Өнөө үед Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчөөр дамжуулан, төлөөлөгчөөр томилогдох, Арван хоёр төлөөлөгчийн чуулгад үйлчлэх ах нарыг дууддаг (Сургаал ба Гэрээ 18:26–28-ыг үзнэ үү) (ChurchofJesusChrist.org).”

  16. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” Ensign, Nov. 2017, 60 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

  17. 3 Нифай 11:10–11

  18. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 55.

  19. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 56.

  20. Мосе 7:62-ыг үзнэ үү.

  21. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2021 оны 4-р сарын 4-нд Мозамбикийн Бэира ариун сүмийг зарласан. Энэтхэгийн далайн эрэг дээрх Бэира хотод хагас саяас илүү хүн амьдардаг.

  22. Мормоны Номд гардаг найдвар ба амлалтын жишээнүүд: 2 Нифай 31:20; Иаков 4:4–6; Алма 13:28–29; 22:16; 34:41; Ифер 12:32; Моронай 7:41; 8:26.

  23. Ахлагч Расбанд, Расбанд эгч хоёр Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийг онцгойлон адислах даалгавраар Африкт айлчлахдаа 2020 оны 2-р сарын 10-нд хааны гэр бүлтэй уулзжээ.

  24. Сургаал ба Гэрээ 1:23

  25. Ахлагч Расбанд 2021 оны 9-р сарын 17-нд Италид болсон Шашин хоорондын форумд оролцох үеэрээ Нэгдсэн Үндэстний Байгууллагад Энэтхэг улсыг төлөөлсөн байнгын төлөөлөгч элчин сайд Индра Мани Пандитай мөн бусад олон улсын байгууллагын төлөөлөлтэй Женевт уулзжээ.

  26. Ахлагч Расбанд 2021 оны 9-р сарын 13-нд Италийн Болоня хотод болсон Шашин хоорондын форумд томилогдон ажиллаж байхдаа Зүүн Ортодокс Сүмийн Дээрхийн Гэгээнтэн Экуменик Патриарх Бартоломюүтэй уулзжээ.

  27. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 75. Тулгуурын чулуу гэдэг нь бусад хэсгийг холбон тогтоодог нуман тогтцын дээд талын шаантаг хэлбэрийн чулуу юм. Мормоны Ном бол “манай шашны тулгуурын чулуу” хэмээн бошиглогч Иосеф Смит заасан. Учир нь үүн дээрх зарчим, ёслолууд нь Сүмийг нэгтгэхэд чухал үүрэгтэй. Мормоны Ном гишүүдийн амьдралд “тулгуурын чулуу” нь болж тэднийг гэрээний зам дээр бат зогсоход тусалдаг.

  28. Ефес 2:19–20-ийг үзнэ үү. Есүс Христ Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн энэ Сүмийн булангийн чулуу юм. Ариун сүмийн булангийн чулууг тавих нь Бурханы өргөөний тулгуурын чулууг тавьж байгааг бэлгэддэг шиг Есүс Христ бол бидний итгэлийн болон авралын булангийн чулуу юм. Биднийг амьдруулж болохын тулд Тэр амиа өгсөн; Түүнтэй хүч чадал, хэтийн зорилго, хайраар эн тэнцэх нэгэн гэж үгүй.

  29. Та гар утаснаасаа хуваалцаж болно. Нэг арга бол Gospel Library апп-ыг нээгээд, Судрууд багц руу очиж, дээд хэсэгт байх “Share Now” дээр товш. Эсвэл Book of Mormon апп-ыг нээгээд, “Хуваалцах” дүрс дээр дарахад найз чинь утсаараа хялбархан сканердаж авах цахим код гарч ирнэ.

  30. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3). “2018 оны 6-р сарын 3-нд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эхнэр Вэнди В.Нэлсоны хамт өсвөр үеийнхнийг ‘Их Эзэний өсвөр үеийн армид элсэж,’ ‘дэлхий дээрх хамгийн агуу сорилт, агуу шалтгаан, агуу үйл хэрэгт’ оролцохыг урьсан. Хамгийн агуу сорилт нь юу вэ? The gathering of Israel” (Charlotte Larcabal, “A Call to Enlist and Gather Israel,” New Era, Mar. 2019, 24).

  31. Сургаал ба Гэрээ 123:12

  32. 2 Нифай 4:27; Мозая 4:3; 15:18; Алма 46:12-ыг үзнэ үү.

  33. 1 Нифай 13:37