Бүхий л зүрхээрээ
Бид шавь байх хувийн аяндаа бүхий л зүрхээ зориулдаг, баяр хөөртэй Есүсийн дагалдагчид байх ёстой.
Заримдаа юу хүлээж байгааг мэдэх нь тустай байдаг.
Тохинууллынх нь төгсгөл ойртох үед Есүс төлөөлөгчдөдөө хүнд хэцүү цаг үе ирнэ гэж айлдсан. Гэвч Тэрээр бас “Бүү цочирд” гэж хэлжээ.1 Тийм ээ, Тэр явах байсан ч, Тэр тэднийг ганцаар орхиогүй юм.2 Тэр тэдэнд санаж, бат зогсож, амар амгаланг олоход нь туслуулахаар Өөрийн Сүнсийг илгээсэн. Аврагч Өөрийн шавь нар буюу бидэнтэй хамт байна гэсэн амлалтаа биелүүлдэг. Харин бид Түүнийг таньж, Түүний оршихуйд баясаж болохын тулд үргэлж Түүн рүү харах ёстой.
Христийн шавь нар үргэлж хүнд хэцүү цаг үеийг туулж ирсэн.
Миний нэг дотны найз Америкийн Нэгдсэн Улсын баруун төвийн Nebraska Advertiser (Нэбраска Адвэртайзэр) сонины 1857 оны 7-р сарын 9-ний өдрийн дугаараас нэгэн нийтлэлийг надад илгээсэн юм. Нийтлэлд “Солт Лэйк рүү аялж буй мормончуудын бүлэг өнөө өглөө үүрээр дайран өнгөрлөө. Эмэгтэйчүүд нь (эмзэг турьхан биш нь илт байв) морь мал мэт гар тэрэг чирэх ба нэгэн [эмэгтэй] хар шаварт унасан явдал цувааг бага зэрэг саатуулсан бөгөөд бяцхан хүүхдүүд нь [хачин] гадаад хувцастай түүртэн алхах хэдий ч ээжүүд шигээ шийдэмгий харагдсан”3 гэсэн байв.
Би тэрхүү шаварт хутгалдсан эмэгтэйн талаар маш их бодлоо. Тэр эмэгтэй яагаад ганцаараа тэрэг түрж явсан юм бол? Тэр ганц бие ээж байсан юм болов уу? Гар тэргэнд бүх эд хөрөнгөө ачаад, цөл дэх хаана байгаа нь үл мэдэгдэх гэр лүүгээ явж, замдаа таарах хүмүүст үе үе дооглуулан байж, шавар шавхай дундуур ийм чанга аялал хийх дотоод хүч, хатуужил, тэсвэр тэвчээрийг түүнд юу өгсөн юм бол?4
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит энэхүү анхдагч эмэгтэйчүүдийн дотоод хүч чадлын талаар ярихдаа “Та нар энэ эмэгтэйчүүдийн нэгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх итгэл үнэмшлээс нь холдуулж чадах байсан уу? Та нар бошиглогч Иосеф Смитийн зорилгын талаарх тэдний бодлыг харлуулж чадах байсан уу? Бурханы Хүү Есүс Христийн тэнгэрлэг үүргийн талаарх тэдний ойлголтыг үгүй хийж чадах байсан уу? Үгүй ээ, та нар үүнийг энэ дэлхийд лав хэзээ ч хийж чадахгүй байсан. Яагаад гэж үү? Учир нь тэд мэдэж байсан. Бурхан үүнийг тэдэнд илчилж, тэд ойлгосон, дэлхий дээрх ямар ч хүч тэднийг үнэн гэж мэддэг зүйлээс нь эргүүлж чадахааргүй байсан”5 гэжээ.
Ах, эгч нар аа, аглаг буйдыг туулахаар дуудагдах үедээ үргэлжлүүлэн чирэх хүчийг олохын төлөө бүх чадлаараа хичээдэг, Бурханы бидэнд илчилсэн зүйлсэд итгэдэг, шавь байх хувийн аялалдаа баяр хөөртэй, бүхий л зүрхээ зориулдаг Есүсийн дагалдагч эрэгтэй, эмэгтэйчүүд байх нь бидний цаг үеийн дуудлага юм. Есүс Христийн шавь нарын хувьд бид гурван чухал үнэнд итгэж, өсөж хөгжиж чадна.
Нэгдүгээрт, бид амаргүй үед ч гэрээгээ сахиж чадна.
Та сайн мэдээний дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийж байхдаа итгэл, гэр бүл эсвэл ирээдүй тань сорилттой тулгарч амьдрал яагаад ийм хэцүү байгааг гайхах үедээ бидэнд бэрхшээл тулгарна хэмээн Их Эзэний хэлснийг сана. Бэрхшээл нь төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд та хаягдаж хоцорсон гэсэн үг биш харин энэ бол Түүний шавийн амьдралын нэг хэсэг.6 Эцсийн эцэст, Тэр “өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн”7 байсан.
Тэнгэрлэг Эцэг миний ая тухаас илүү Есүс Христийн дагалдагчийн хувиарх өсөлтийг минь илүү сонирхож байгааг би мэднэ. Би үргэлж үүнийг хүсэхгүй байж болох ч энэ үнэн юм!
Ая тухтай амьдрах нь хүчийг авчирдаггүй. Бид Их Эзэнээс өөрсдийн өдрийн халууныг тэсвэрлэхэд хэрэгтэй хүчийг авдаг ба Түүний хүч нь Түүнтэй хийсэн бидний гэрээнүүдээр дамжин ирдэг.8 Хүчтэй салхитай тулгарах үед итгэлдээ түшиглэнэ гэдэг нь бид хийнэ гэж Аврагчтай гэрээлсэн зүйлсээ өдөр бүр, тэр тусмаа ядарсан, санаа зовсон, түгшүүртэй асуулт, асуудлуудтай тэмцэж байсан ч хийх гэж чин сэтгэлээсээ хичээн, Түүний гэрэл, Түүний хүч, Түүний хайр, Түүний Сүнс, Түүний амар амгаланг аажмаар хүлээн авна гэсэн үг юм.
Гэрээний замаар алхах шалтгаан нь Аврагчид ойртох явдал билээ. Бидний төгс ахиц дэвшил бус харин Тэр бол гол зорилго маань юм. Энэ бол уралдаан биш бөгөөд бид аяллаа бусдынхтай харьцуулах ёсгүй. Бид бүдэрсэн ч Тэр тэнд байдаг.
Хоёрдугаарт, бид итгэлээр үйлдэж чадна.
Есүс Христийн шавь нарын хувьд бид Түүнд итгэх итгэл ялангуяа хүнд хэцүү цаг үед үйлдэл шаарддаг гэдгийг ойлгодог.9
Олон жилийн өмнө аав, ээж хоёр маань байшиндаа шинэ хивс тавихаар шийдсэн юм. Шинэ хивс ирэхийн өмнөх шөнө ээж минь эрэгтэй дүү нараас тавилгуудыг холдуулж, унтлагын өрөөний хуучин хивснүүдийг хуулахыг хүсэв. Гэтэл тэр үед долоон настай охин дүү Эмили маань аль хэдийн унтчихсан байв. Тиймээс түүнийг унтаж байх хооронд тэд орноос бусад бүх тавилгыг түүний өрөөнөөс чимээгүйхэн гаргаад, хивсийг нь хуулжээ. Бусад ах нарын адил тэд Эмилигээр тоглоом хийхээр шийдэв. Тэд түүний үлдсэн эд зүйлсийг шүүгээнээс болон өрөөнөөс гаргаад, өрөөг хоосон үлдээв. Дараа нь тэд “Хайрт Эмили минь, бид нүүсэн. Хэд хоногийн дараа захиа бичиж, хаана байгаагаа хэлнэ ээ. Хайртай шүү, гэр бүлээс нь” гэсэн зурвас бичээд хананд наав.
Маргааш өглөө нь Эмили өглөөний цайгаа уухаар бууж ирээгүй тул ах нар нь түүнийг хайхаар очиход тэр хаалттай хаалганы цаана гуниглан, ганцаар сууж байжээ. Эмили энэ явдлаа хожим ярихдаа “Би хүнд цохилтод орсон. Гэхдээ хэрэв би зүгээр л хаалгаа онгойлгосон бол юу болох байсан бол? Би юу сонсох байсан бол? Би юу үнэрлэх байсан бол? Би ганцаараа биш гэдгээ мэдэх байсан. Би үнэхээр хайрлагдсан гэдгээ мэдэх байсан. Нөхцөл байдлынхаа талаар ямар нэгэн зүйл хийх бодол толгойд минь огт орж ирээгүй. Би зүгээр л бууж өгөөд, шүүгээндээ уйлж суусан. Тэгэхэд би зүгээр л хаалгыг онгойлгосон бол”10 гэсэн юм.
Дүү маань харсан зүйлдээ үндэслэн таамаглал дэвшүүлсэн боловч энэ нь бодит байдлын тусгал биш байв. Бид Эмили шиг уйтгар гуниг, шаналал, урам хугарал, санаа зовнил, ганцаардал, уур хилэн, бүтэлгүйтэлдээ автаж, зүгээр л ямар нэг зүйл хийх, хаалга онгойлгох, Есүс Христэд итгэх итгэлтэйгээр үйлдэх тухай бодол бидний санаанд ч ордоггүй нь сонин биш гэж үү?
Боломжгүй зүйлтэй тулгарах үедээ шууд л үйлдэл хийдэг буюу итгэлээр босоод алхдаг байсан Христийн шавь нар болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээгээр судрууд дүүрэн байдаг.11
Эдгэрэхийг эрэлхийлсэн уяман өвчтэй хүмүүст Христ “Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.”12
Тэд өөрсдийгөө аль хэдийн эдгэрсэн мэтээр тахилч нарт үзүүлэхээр явсан бөгөөд ийн үйлдэх үедээ цэвэршсэн.
Хэрэв танд зовлон шаналал дунд ямар нэгэн үйлдэл хийх нь боломжгүй мэт санагдаж байвал найз, гэр бүлийн гишүүн, Сүмийн удирдагч, мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэх үйлдэл хий гэж хэлэхийг би мөн хүсэж байна. Энэ нь найдварын эхний алхам байж болох юм.
Гуравдугаарт, бид бүхий л зүрхээрээ, баяр хөөртэй үйлчилж чадна.13
Хэцүү цаг ирэхэд би дэлхийд ирэхээсээ өмнө Христийг дагахаар сонгосон, мөн итгэл, эрүүл мэнд, тэсвэр тэвчээрийг минь сорьсон сорилт бэрхшээл бол миний энд байгаа шалтгааны нэг хэсэг гэдгийг санахыг хичээдэг. Мөн өнөөдрийн сорилт Бурханы намайг хайрлах хайранд тээнэгэлзэхийг эсвэл Түүнд итгэх итгэлийг минь эргэлзээ болгон хувиргахыг би хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Сорилтууд нь төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэсэн үг биш бөгөөд тэдгээр нь Бурханыг эрэлхийлэхэд надад туслах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Би шүд зуун тэвчих үедээ Түүнтэй илүү адилхан болж, зовж шаналж байхдаа бараг л Түүн шиг илүү чин сэтгэлээсээ залбирдаг.14
Есүс Христ бол бидний Эцэгийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлан, ямар ч төлөөсөөр хамаагүй Түүний тааллыг биелүүлэхийн төгс жишээ байсан.15 Би Түүний хийсэнтэй адил зүйлийг хийх замаар Түүний үлгэр жишээг дагахыг хүсдэг.
Ариун сүмийн эрдэнэсийн санд хоёр жижиг зэс зоос хийж, бүхий л бодгаль, зүрх сэтгэлээрээ шавь байхыг хичээсэн бэлэвсэн эмэгтэй надад урам зориг өгдөг. Тэр өөрт байсан бүгдээ өгсөн.16
Бусад хүн түүний зөвхөн гачигдлыг харж байхад Есүс Христ түүнийг бүх зүйлээр элбэг дэлбэг байгааг анзаарсан. Энэ нь бидний хувьд мөн ижил. Тэр бидний дутагдлыг бүтэлгүйтэл гэж бус, харин итгэлээ хөгжүүлж, өсөх боломж гэж үздэг.
Дүгнэлт
Есүс Христийн хайрт шавь нар минь, би бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнтэй хамт зогсохыг сонгож байна. Би Түүний сонгосон үйлчлэгчид болох ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Түүний төлөөлөгчидтэй хамт зогсохыг сонгосон. Учир нь тэд Түүний өмнөөс ярьдаг бөгөөд намайг Аврагчтай холбодог ёслол, гэрээнүүдийн даамлууд юм.
Би бүдрэх үедээ Есүс Христийн ач ивээл, боломжтой болгогч хүч чадалд найдаж, босож зогссоор байх болно. Би Түүнтэй байгуулсан гэрээндээ үнэнч үлдэж, Бурханы үгийг итгэлээр судалж, удирдамжид нь итгэдэг Ариун Сүнсний тусламжтайгаар асуултуудаа шийдэн, урагшлах болно. Би өдөр бүр өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийх замаар Түүний Сүнсийг эрэлхийлнэ.
Энэ бол миний шавийн замнал юм.
Мөнх бус амьдралын өдөр тутмын шарх эдгэрэх хүртэл би Их Эзэнийг харуулдан, Түүнд, Түүний цаг хугацаа, Түүний мэргэн ухаан, Түүний төлөвлөгөөнд итгэх болно.17
Би та нартай хамт гар гараасаа хөтлөлцөөд, Түүнтэй үүрд хамт зогсохыг хүсэж байна. Бүх зүрхээрээ. Бид Есүс Христийг бүх зүрхээрээ хайрлах юм бол Тэр хариуд нь бидэнд бүгдийг өгдөг гэдгийг мэднэ.18 Есүс Христийн нэрээр, амен.