Бид Түүгээр дамжуулан хүнд хэцүүг даван туулж чадна
Бид хүнд хэцүү үедээ Их Эзэнд итгэх итгэлтэй байх аваас Түүний шавийн хувьд өсөж хөгжих болно гэдгийг би гэрчилж байна.
Аврагч дэлхий дээрх тохинууллынхаа үеэр нэгэн хараагүй хүнтэй таарчээ. Есүсийн шавь нар “Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү?” гэж асуув.
“Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” 1 гэсэн Аврагчийн хайраар дүүрэн, чин сэтгэлийн тодорхой хариулт Тэр бидний бэрхшээлийг ойлгож, мэддэг гэсэн баталгааг өгдөг.
Зарим сорилт мэдсээр байж дуулгаваргүй байснаас ирдэг бол олон нь бусад шалтгааны улмаас ирдэг. Аль ч шалтгааны улмаас байсан тэдгээр нь өсөж хөгжих алтан боломж байж болох юм.
Амьдралын зовлон бэрхшээлүүд манай гэр бүлийг тойрч гараагүй ээ. Хүүхэд байхад минь надад өнөр өтгөн гэр бүлүүд сайхан санагддаг байв. Өсвөр насандаа би Ганад байдаг нагац ах Сарфо, түүний эхнэр Такоради хоёроор дамжуулан Сүмийн талаар олж мэдсэн ба тэр үеэс л надад өнөр гэр бүл сайхан санагддаг болсон юм.
Ханна бид хоёр гэр бүл болоод, олон хүүхдээр адислагдана гэсэн патриархын адислалаа биелэхийг хүлээх болов. Бидний гурав дахь хүүг мэндлэхийн өмнө Ханнагийн эрүүл мэндийн байдал дахин хүүхэд төрүүлэх боломжгүй нөхцөлд хүргэсэн юм. Азаар, Кэннэт өөрийнх нь болон ээжийнх нь амь насанд аюул учруулсан нөхцөл байдлыг даван гарч, эсэн мэнд төрж, ээж нь ч мөн тэнхэрсэн. Хүү маань Сүмд явж, өдөр болгон гэр бүлийн залбирал хэлж, судраас судалж, гэр бүлийн үдэшт оролцож, хөгжилтэй амралт зугаалгад явах зэрэг гэр бүлийн амьдралд бүрэн оролцох боломжтой болсон байлаа.
Бид өнөр өтгөн гэр бүлтэй болох хүлээлтээ өөрчлөх хэрэгтэй болсон хэдий ч “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн сургаалыг хайртай гурван хүүхдийнхээ хамт хэрэгжүүлэх нь бидэнд баяр баясгалан авчирч байв. Тэдгээр сургаалыг дагах нь миний өсөн нэмэгдэж байсан итгэлд ихээхэн утга учир нэмсэн.
Уг тунхагт: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм. Хүүхдүүд нь гэр бүлд төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй” гэсэн байдаг.2 Бид тэдгээр зарчмыг хэрэгжүүлж байх үедээ адислагдаж байлаа.
Намайг гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байхад нэг амралтын өдөр эцэг эхчүүдэд учирч болох хамгийн хэцүү сорилт бидэнд тохиолдсон юм. Бид Сүмийн үйл ажиллагаанаас гэртээ ирээд, өдрийн хоол идэв. Тэгээд гурван хүү маань тоглохоор гадагш гарсан юм.
Ямар нэг муу зүйл болох гээд байгаа юм шиг мэдрэмж эхнэрт минь дахин дахин төрж байжээ. Бид аяга тавгаа угааж байтал эхнэр минь намайг яваад, хүүхдүүдээ хараад ирэхийг хүсэв. Тэдний тоглож байгаа дуу хоолой сонсогдож байсан учир би тэднийг аюулгүй байгаа гэж бодож байлаа.
Эцэст нь бид хоёул хүүхдүүдээ харахаар очтол 18 сартай Кэннэт хүү маань усны хувинд ухаангүй байдалтай байсан бөгөөд ах нар нь түүнийг анзаараагүй байв. Бид ихэд цочирдож билээ. Бид түүнийг эмнэлэгт яаран авч очсон ч сэхээн амьдруулах бүх оролдлого үр дүнгээ өгөөгүй юм.
Бид эрдэнэ мэт хүүгээ энэ мөнх бус амьдралд өсгөн хүмүүжүүлэх боломжгүй болсон нь тэнгэр хөмрөх мэт болсон юм. Кэннэт мөнхөд гэр бүлийн маань нэгэн хэсэг байх болно гэдгийг бид мэдэж байсан ч дуудлагаа хүчирхэгжүүлэх бүх зүйлийг хийсээр байтал яагаад надад ийм эмгэнэл тохиолдохыг зөвшөөрч байгааг Бурханаас би асууж байлаа. Би гэгээнтнүүдэд тохинуулах үүргүүдийнхээ нэгийг биелүүлээд, гэртээ дөнгөж ирчихсэн байсан шүү дээ. Бурхан яагаад миний үйлчлэлийг бодолцон үзэж, миний хүүг болон гэр бүлийг энэ эмгэнэлт явдлаас хамгаалж болоогүй юм бэ? Бодох тусам миний шаналал нэмэгдэж байв.
Эхнэр минь зөн совинг нь дагаагүйд намайг огт буруутгаагүй ч би энэ явдлаас амьдралыг минь өөрчилсөн сургамж авсан бөгөөд хэзээ ч зөрчихгүй хоёр дүрмийг бий болгосон юм.
1 дэх дүрэм: Эхнэрийнхээ зөн совинд анхаарал хандуулж, сонс.
2 дахь дүрэм: Хэрэв ямар ч шалтгаанаар чи юу хийхээ мэдэхгүй байвал 1 дэх дүрмийг дага.
Энэ туршлага зүрх зүсэм бөгөөд бид одоо хэр нь гашуудаж байгаа ч бидний юутай ч зүйрлэмгүй хүнд ачаа аажимдаа хөнгөрсөн юм.3 Эхнэр бид хоёр өөрсдийн гашуун хохирлоос чухал сургамж авсан. Бид ариун сүмийн гэрээгээрээ дамжуулан нэгдмэл, дотно болсон бөгөөд Кэннэт гэрээнд төрсөн учир түүнийг ирэх амьдралд бидний хүү байх болно гэдгийг бид мэднэ. Мөн бид бусдад тохинуулах, тэдний зовлон шаналлыг ойлгоход шаардлагатай туршлагыг олж авсан. Биднийг Бурханд итгэх итгэлийнхээ дагуу үйлдэх үед бидний шаналал үгүй болсон гэдгийг би гэрчилж байна. Бидэнд хэцүү хэвээр байгаа хэдий ч бид Их Эзэнд төвлөрвөл Паулын адилаар [биднийг хүчирхэгжүүлэгч] Түүгээр бүгдийг хийж чадна” гэдгийг ойлгосон юм.4
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг” хэмээн хэлсэн.5
Бид сорилт бэрхшээлтэй үеүдэд амар амгаланг мэдэрч, зоригтой байх боломжтой. Аврагчаас мөн Түүний Цагаатгалаас бидний мэдэрдэг хайр хүнд хэцүү цаг үеүдэд бидэнд хүч чадлын хүчирхэг эх үүсвэр болдог. “Амьдралын шударга бус, [хэцүү] гэсэн юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдож болно.”6 Тэрээр “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн тушаасан.7 Тэрээр мөнх бус амьдралд бидэнд тохиолдох аливаа шаналал, өвчин зовлон, хүнд хэцүү зүйлийг тэвчин гарахад тусалж чадна.
Бид Иеремиа, Иов, Иосеф Смит, Нифай зэрэг мөнх бус амьдралын сорилт бэрхшээлийг туулж гарсан үлгэр жишээ, агуу хүмүүсийн олон түүхийг судруудаас уншдаг. Тэд бол хахир хатуу нөхцөлд ч Их Эзэнийг дагахыг сурч мэдсэн мөнх бус хүмүүс байсан.8
Либерти шоронд байсан аймшигт өдрүүддээ Иосеф Смит “Ай Бурхан минь, та хаана байна вэ? мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?”9 хэмээн дуу алдсан. Их Эзэн Иосеф Смитэд зовлон зүдгүүр, сорилт бэрхшээл дунд итгэлтэй байхыг заагаад 10, хэрэв давж чадвал эдгээр бүх зүйл түүнд туршлага суулгах болно, мөн түүний сайн сайхны төлөө байх болно хэмээн амласан.11
Эргээд бодоход, би хамгийн хүнд хэцүү мөн биеийн амрыг хойш тавьсан үеүддээ өөрт хэрэгтэй хамгийн чухал сургамжийг авч байсан. Миний өсвөр насанд тохиолдсон хэцүү зүйлс, семинарын ангид Сүмийн талаар сурч байсан үе, шинэхэн хөрвөгч, бүрэн цагийн номлогч байсан цаг хугацаа, сургуулийн боловсрол эзэмшиж байх үед тулгарсан сорилт бэрхшээл, дуудлагаа хүчирхэгжүүлэхийг хичээж байсан цаг мөч, гэр бүл зохион тэднийгээ халамжилж байсан үеүд маань намайг ирээдүйд бэлтгэсэн. Би Их Эзэнд итгэх итгэлийнхээ тусламжтайгаар хэцүү нөхцөл байдалд хэр зоригтой зогсоно төдий чинээ Түүний шавийн хувьд өсөн хөгжиж байдаг.
Бид давчуу бөгөөд нарийн зам дээр нэгэнт гарсан бол амьдралын хүнд хэцүү зүйлс гэнэтийн мэт санагдахаа больдог.12 Есүс Христ “зовсон зүйлсээсээ дуулгаварт” суралцсан юм.13 Бид ялангуяа өөрсдийн бэрхшээлт үеүдэд Христийг дагах аваас Түүнтэй улам илүү адил болж чадна.
Ариун сүмд Их Эзэнтэй байгуулдаг бидний гэрээнүүдийн нэг нь золиосын хуулийн дагуу амьдрах явдал юм. Золиос үргэлж Есүс Христийн сайн мэдээний хэсэг байсаар ирсэн билээ. Энэ нь дэлхий дээр амьдарч байсан мөн ирээдүйд амьдрах хүмүүсийн төлөө хийсэн Есүс Христийн агуу цагаатгагч золиосны сануулагч болдог.
Их Эзэн бидний зөв шударга хүслийг ямар нэг арга замаар үргэлж адисалдаг гэдгийг би мэднэ. Та нар миний патриархын адислал дээрх олон хүүхдийн тухай өгсөн амлалтын талаар санаж байна уу? Тэр адислал биеллээ олсон юм. Эхнэр бид хоёр Гана улсын Кэйп Көүст номлолд 25 орноос ирсэн олон зуун номлогчийн хамт үйлчилсэн. Тэд бидний төрсөн хүүхэд адил бидэнд эрхэм билээ.
Бид хүнд хэцүү үедээ Их Эзэнд итгэх итгэлтэй байх аваас Түүний шавийн хувьд өсөж хөгжих болно гэдгийг би гэрчилж байна. Ийн үйлдсэнээр Тэрээр биднийг энэрч, хүчирхэгжүүлж, ачаагаа даахад тусална. Есүс Христийн нэрээр, амен.