Лиахона
Хамгийн үнэ цэнтэй зүйлээ хуваалцах зориг
2024 оны 7-р сар


“Хамгийн үнэ цэнтэй зүйлээ хуваалцах зориг,” Лиахона, 2024 оны 7-р сар

Хамгийн үнэ цэнтэй зүйлээ хуваалцах зориг

Би бишоп болон түүний эхнэрийн үлгэр жишээг дагаж хөгжөөн дэмжигчээр аялах бүрдээ Мормоны Номыг хуваалцах зорилго тавив.

Залуу эмэгтэй нэгэн залуугийн барьсан номын хуудас руу зааж байгаа нь

Би бага байхдаа эмээгийн тахианууд шуурга болох бүрд дэгдээхэйнүүдээ далавчин доороо цуглуулан, аюулаас хамгаалж байхыг харах дуртай байв. Мормоны Номоос энэ талаар уншсаны дараа уг дүр зураг миний хувьд илүү чухал болсон (3 Нифай 10:4–6-г үзнэ үү). Залуудаа манай бишоп эхнэртэйгээ ажлын шугамаар маш их аялдаг байсан бөгөөд аялах бүрдээ Мормоны Номыг хэн нэгэнтэй хуваалцдаг байснаа ярьсан юм.

Тэдний үг намайг сүнслэгээр өдөөж билээ. Би тэднийг хүндэлж, хуваалцсан туршлага нь миний зүрх сэтгэлийг хөндсөн. АНУ-ын Ютагаас гарч аялах боломж олдох л юм бол би тэдний жишээг дагаж Мормоны Номыг хуваалцана гэж шийдэв.

Бригам Янгийн Их Сургуулийн хөгжөөн дэмжигчийн хувьд би багийнхантайгаа ойр ойрхон аялдаг байсан юм. Анхны аяллынхаа өмнө би Мормоны Номыг худалдаж авч, дээр нь гэрчлэлээ бичлээ. Би өөрийн хамгийн үнэ цэнтэй зүйлс болох гэрчлэл болон Мормоны Номыг бусадтай хуваалцах зоригтой болохыг хүсэж байв. Яг л өөрийн бишоп болон түүний эхнэр шиг. Би Есүс Христ шиг байж, бусдыг цуглуулж, Түүнд ирэхэд нь туслахыг хүссэн.

Хэрэв би аялал бүрийнхээ өмнө Мормоны Ном хэрэгтэй байгаа хүн рүү намайг чиглүүлж өгөөч хэмээн залбирвал хэн нэгэн зөв цагтаа, зөв газартаа гарч ирэн, энгийн бөгөөд хялбар арга замаар хуваалцах боломж гарч ирдэг гэдгийг удалгүй ойлгов. Ийн үйлдэх тусам хуваалцахад илүү амархан болж байв. Аялал маань миний хувьд илүү утга учиртай болсон. Христийн энэхүү ариун гэрээг хүлээн авахаар Тэнгэрлэг Эцэгээр адислагдсан хүнийг олохдоо би үргэлж баярладаг байлаа.

Би аялахдаа: “Энэ удаа би хаашаа явж Тэнгэрлэг Эцэгийн илгээх хүнийг олох вэ? Мормоны Ном надад ямар үнэ цэнтэйг ойлгуулахын тулд би түүнд юу гэж хэлэх вэ?” гэж тунгаан бодох болсон. Миний бодол санаа, үйлдэл өөрийн хэрэгцээ, зугаа цэнгэлээс өөр зүйлс дээр төвлөрч, уулзсан хүн бүрийг хайрлах хайр маань өсөн нэмэгдэхийг би мэдэрч байлаа. Би тэднийг Аврагчийн мэлмийгээр харахыг хичээсэн. Тэнгэрлэг Эцэгийн надаар дамжуулан илгээж буй тэнгэрлэг бэлгийг хүмүүс хүлээн аваасай гэж би залбирдаг болсон юм.

Сургуулиа төгсөх болоход надад бага зэрэг гунигтай байв. БЯИС-ийн хөгжөөн дэмжигч болохыг би олон жил мөрөөдсөн. Юутай ч хөгжөөн дэмждэг байх нь миний хувьд гайхалтай туршлага болох байсан ч багаараа аялах болгондоо Мормоны Номыг хуваалцах боломж амьдралыг минь гайхалтай бөгөөд санаанд оромгүй байдлаар адисалсан юм.

Мормоны Номыг хуваалцсан явдал их сургуулийн он жилүүдийг минь илүү утга учиртай, үнэ цэнтэй болгон өнгө нэмсэн. Мормоны Номыг хуваалцсан хүмүүс маань үүнийг хүлээн авахаар онцгойлон хөтлөгдсөн хүмүүс байсан гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэг миний амьдралд хайраар дүүрэн, нигүүлслийг авчирч, аялал болгондоо Түүний хүүхдүүдээ гэх хайрыг ер бусын байдлаар мэдрэх боломжийг надад олгосон гэдгийг би мэднэ.

Сургуулиа төгссөнийхөө дараа би гэрчлэлээ хуваалцаж болох хүмүүсийг үргэлжлүүлэн хайхаар шийдэв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гэрчлэлээ хуваалцах чадвар маань сайжирч, би сандрахаа больсон. Би хуваалцахаас айхаа больсон. Хүн бүр дадлага хийж, бурханлаг тусламжийг эрэлхийлснээр гэрчлэлээ илүү итгэлтэй, өөртөө итгэлтэй хуваалцаж чаддаг болно гэдэгт би итгэдэг.

Сайн бишоп болон түүний эхнэрийн жишээг дагахаар сонгосон нь миний амьдралыг олон талаар илүү утга учиртай болгосон. Энэ нь надад Их Эзэн Өөрийн хүүхэд бүрийг хэн болохыг нь мэддэг гэдгийг заасан. Тэр биднийг хайрладаг бөгөөд Өөрийн далавчин доор цуглуулахыг хичээдэг. Түүний цугларалтыг дүрсэлсэн энэ дүр зургийг ойлгосон маань юутай сайхан адислал вэ! Тахиа дэгдээхэйнүүдээ цуглуулдаг шиг Тэр биднийг цуглуулж, эвийлэн хамгаалдаг.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.