“Харанхуйгаас аз жаргал руу,” Лиахона, 2024 оны 7-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Харанхуйгаас аз жаргал руу
Намайг ариун сүмийн ёслолуудын үгсийг дотроо давтан хэлэхэд гайхалтай зүйл тохиолдов.
1988 онд би бусад британи багш нарын хамт Суданы нэгэн сургуульд багшлахаар явав. Хүүхдүүд үнэхээр хөөрхөн байсан ба бид хөгжиж буй орны амьдралын амаргүй нөхцөлд хурдан дасан зохицлоо. Харин манай ажил олгогч өөртэй нь санал нийлэхгүй байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлсэн хэнийг ч хавчин гадуурхдаг дарангуйлагч байсан болж таарав. Дээрэнгүй харьцсан хүнийг нь өмөөрсөн өдрөөс хойш тэр намайг нэг нүдээрээ ч үзэхээ болив.
Тэр нэг өдөр намайг өрөөндөө дуудлаа. Бүхэл бүтэн 30 минут тэр намайг янз бүрийн үг хэлээр доромжилж, заналхийлэв. Би өрөөнөөс нь цочролд орсон байдалтай гарч ирсэн юм. Тэр өдөр би хичээлээ хэрхэн зааж дуусгаснаа ч санадаггүй. Оройжингоо түүний аймшигт үгс толгойноос гарсангүй.
Унтахынхаа өмнө би орон дээрээ суун судраасаа уншив. Дараа нь би өвдөг сөгдөж; тайтгарал, тайвшралын төлөө чин сэтгэлээсээ залбирсан ч юу ч мэдэрсэнгүй. Би орондоо орсон ч унтаж чадсангүй. Дахиад би хоёр ч удаа босож, судраас уншиж, өвдөг сөгдөн залбирсан ч тус болсонгүй.
“За тийм дээ. Тэнгэрлэг Эцэг залбиралд маань бидний хүссэн арга замаар, хүссэн цагт маань дандаа хариулдаггүй шүү дээ” гэж би бодсон юм. Нойр минь хүрэхгүй, шөнөжингөө хөрвөөв.
Гэхдээ би ахин орондоо орохдоо “Дахиад нэг зүйл хийгээд үзье” гэж бодов. Би амандаа ариун сүмийн ёслолуудын үгсийг давтаж эхлэв. Гэтэл санаанд оромгүй гайхалтай зүйл болох нь тэр. Бүх зовлон, харанхуй арилж, хамгаас сайхан амар амгалан, баяр баясгалан сэтгэлийг минь эзэмдлээ.
Би орноосоо босож залбиран, нулимс дуслуулан Тэнгэрлэг Эцэгтээ талархаад, орондоо ороод унтсан юм. Маргааш нь айдас, зовлонгоор дүүрэн байх ёстой байсан ч ангийнхаа хүүхдүүдтэй өнгөрүүлсэн хамгийн аз жаргалтай өдөр болов.
Их Эзэн намайг ариун сүмийн ёслолуудын талаар тунгаан бодоосой гэж хүссэнийг би ойлгосон. Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) Наувугийн ариун сүмд адислалуудаа хүлээн авсныхаа дараа зэлүүд талыг туулан явж буй гэгээнтнүүдэд хандан: “Их Эзэний Өргөөнд байгуулсан гэрээний тань гал хэзээ ч унтаршгүй бамбар болж зүрх сэтгэлд чинь дүрэлзэх болтугай” хэмээн хэлжээ. Ариун сүмийн гэрээнүүд бидний зүрх сэтгэл, оюун ухаанд дүрэлзэх тусам бид хүч чадал, амар амгалан, тайтгарлыг олж авах болно.