Лиахона
“Түүнд туслаач”
2024 оны 7-р сар


“Түүнд туслаач,” Лиахона, 2024 оны 7-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

“Түүнд туслаач”

Гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолын ажил надад бүтэлгүйтэл, ганцаардлаасаа гарахад тусалсан юм.

Зураг
Филиппиний Манила ариун сүм

Филиппиний Манила ариун сүмийн гэрэл зургийг Рассэлл Сан Дэ Ла Крүз

Нэг өдөр би ажил дээрээ сэтгэлээр унаж, ганцаардлыг мэдрэв. Олон алдаа гаргасан болохоор өвөг дээдсийнхээ урмыг хугалж байна даа гэж би бодов. Би Тэнгэрлэг Эцэгээсээ хүч чадал өгөхийг гуйлаа.

Үүнээс хойш хэдэн долоо хоног өнгөрсөн ба Сүмийн цуглаан тарсны дараа нэг эгч манайд ирж, Жэнни Касама мөн үү гэж асуув. Тэр өөрийгөө манай тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх Мишэлл (Мич) Баутиста гэж танилцууллаа. Зүүдэнд нь цагаан хувцастай гурван эмэгтэй ирсэн ба Касама гэдэг овогтой нэгэн эгч тусламж гуйсан гэж тэр хэлэв. Цагаан хувцастай эгч нар Баутиста эгчээс “Түүнд туслаач” гэж гуйсныг тэр хэлжээ.

Тэд миний хамаатнууд гэдгийг мөн хамаатан нь болох надад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар илүү ихийг мэдэхэд туслаач гэж Мич эгчээс гуйж байгааг тэр ойлгожээ.

Мич эгч надад “Тэр эмэгтэйчүүдийг гэр бүлийн модноос чинь олж чадах эсэхийг харцгаая” гэв.

FamilySearch вэбсайтаас бид миний эмээ Дамаса Касама, түүний дүү Эмилиана Касама, миний элэнц эмээ Южиниа Касама нарын бүртгэлийг олсон юм. Тэднийг зүүдэнд үзэгдсэн эмэгтэйчүүд гэдгийг бид эргэлзэх юмгүй мэдэж байв. Сэтгэл амарч, яг тэр мөчид өвөг дээдсийнхээ хайраар хүрээлэгдсэнээ би мэдэрч билээ. Зүрх сэтгэл минь аз жаргалаар дүүрч, бид нулимс дуслуулсан. Тэд надад маш их санаа тавьдаг гэдгийг мэдээд би тэднийг улам ихээр хайрлах болсон.

Ийн би тэдэнд болон бусад өвөг дээдэстээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад нь туслах үүрэгтэйгээ ойлгосон юм. Өвөг дээдэс маань дэлхий дээрх биднийг өөрсдийнх нь төлөө энэ ариун нандин ёслолуудыг гүйцэтгэхийг олон жил хүлээж байсан.

Тэр жилийн сүүлээр би энэ гурван өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд баптисм хүртсэн билээ. Би гэр бүлийн түүхийн ажил ямар сайхан гэдгийг мөн миний амьдралд авчирдаг хүчийг нь гэрчилж байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлууд нь сүнсний дэлхий дээрх хүмүүсийг адислах хүчтэйгээс гадна амьд хүмүүсийг ч бас адислах хүчтэй. Энэ үйлсэд хүчин зүтгэж буй тэднийг энэхүү ажил ариусган цэвэршүүлэх нөлөө үзүүлдэг. Үнэхээр тэд гэр бүлийнхэндээ өргөмжлөлд хүрэхэд нь тусалж байгаа юм.”

Сүм үнэн бөгөөд бид өөрсдийн өвөг дээдэсгүйгээр төгс болж чадахгүй гэдгийг би мэднэ.

Хэвлэх