Лиахона
Ганцаараа юм шиг санагдах үед би Тэнгэрлэг Эцэгт хэрхэн найдах вэ?
2024 оны 7-р сар


Ганцаараа юм шиг санагдах үед би Тэнгэрлэг Эцэгт хэрхэн найдах вэ? Лиахона, 2024 оны 7-р сар.

Залуучуудад зориулав

Ганцаараа юм шиг санагдах үед би Тэнгэрлэг Эцэгт хэрхэн найдах вэ?

Би итгэлтэй байхыг хичээсэн ч маш олон сорилттой тулгарч байлаа. Хэрхэн Их Эзэнд үргэлжлүүлэн найдах вэ?

Залуу бүсгүй бодлогошрон сууж байгаа нь

Зураг чимэглэлийг Катлийн Питэрсон

Намайг есөн настай байхад үеэлүүд маань номлогчидтой танилцуулсан юм. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн ч гэр бүлдээ ганцаараа Сүмийн гишүүн байв. Сүмд нэгдсэнээсээ хойш би Есүс Христийн сайн мэдээг улам ихээр хайрлах болсон. Гэсэн хэдий ч хэсэг хугацаанд Тэнгэрлэг Эцэгт болон Түүний үнэнд итгэх нь надад туйлын хэцүү санагдаж, итгэлээр урагшлах үнэхээр хүнд байх болов.

Есүс Христийн шавийн хувьд дэлхийнхнээс өөрөөр амьдрах нь хаана ч хэцүү байж болох ч Сүмийн гишүүний хувьд Хонконгод өсөж торних нь зарим талаараа илүү хэцүү байв.

Үүний нэг шалтгаан бол орон нутгийн олон хүн Сүмд дургүйгээс гадна муу зүйлстэй холбоотой гэж боддог байлаа. Сүмийг өмнө нь нэрлэж байсан “Мормон” гэсэн үгийн хятад хувилбарт “чөтгөр” гэсэн үгтэй холбоотой дуудлага ордог байсан. Харамсалтай нь энэ нь зарим хүнд Сүмийн үнэт зүйлсийн талаар буруу ойлголт төрүүлсэн юм.

Түүнчлэн Хонконгод эрт үед байгуулагдсан, уламжлалт өөр олон шашин байснаас гадна Сүмийн гишүүд цөөхөн байсан тул ганцаардах эсвэл бусдаас тусгаарлагдсан мэт мэдрэмж төрөх нь наад захын хэрэг байв. Олон хүн Сүмийн сургаалыг бүрэн ойлголгүйгээр мөн гишүүдийн юу хуваалцахыг сонсолгүйгээр Сүмийг шүүмжилдэг.

Би өсвөр насандаа эдгээр саад бэрхшээлийн үр нөлөөг хамгийн ихээр мэдэрсэн ч тэдгээр туршлагаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэнэ гэдэг нь юу гэсэн үг болох талаар ихийг сурч мэдсэн.

Сайн мэдээний дагуу амьдрахын тулд золиослол гаргах нь зөв байсан уу?

Ахлах сургуульд байхад манай аав, ээж хоёр манай нэг багштай найзууд байв. Тэр багш Христийн шашны өөр урсгалын итгэгч байсан юм. Тухайн үед би ангийнхаа цорын ганц, Сүмийн гишүүн байсан бөгөөд багш нар болон ангийнхны ихэнх нь аль хэдийн Есүс Христийн Сүм болон гишүүдийнх нь талаар буруу бодолтой байв.

Уг багш миний итгэлийн талаар маш сөрөг бодолтой байсан бөгөөд гэр бүлийн найз байсан нь асуудлыг улам төвөгтэй болгож байлаа.

Би өглөөний семинарт эрт босож явдаг байсан тул түүний хичээл дээр ихэвчлэн нойрмоглодог байсан нь хичээлээсээ хоцрогдох вий гэж түүний санааг зовоодог байв. Тэр бас намайг хүнд байдалд оруулан сорьж, сургаалын талаарх хариулж мэдэхгүй олон асуултыг тавьдаг байлаа. Мөн Сүмийн эсрэг ном зохиол хүртэл унших даалгавар өгсөн гээд бод доо! Намайг итгэлээ орхи гэж чадлынхаа хэрээр ятгаж байв.

Энэ нь миний итгэлийг сорьсон хүндхэн үе байсан. Намайг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байхыг хичээж байхад яагаад итгэлтэй хэвээр үлдэх нь миний амьдралд сорилт, бэрхшээл авчирдаг юм бол? Зарлигуудыг сахиж, семинарт явахын тулд нойроо хугасалсны минь төлөө намайг адислах ёстой биш гэж үү?

Гэтэл сурлага минь муудан, итгэл минь суларч; багш нар, гэр бүл, Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа минь дордсоор байлаа.

Хэсэг хугацаанд би сайн мэдээний дагуу амьдрахын тулд ингэж зовох хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэж бодож эхэлсэн. Би семинараа тасалж эхлээд, удалгүй итгэл минь алдарч байгааг мэдрэв. Эргэн тойрныхоо шахалтад бууж өгөх нь надад илүү хялбар мэт санагдаж байлаа.

Итгэхийг сонго

Би Тэнгэрлэг Эцэгт хандан удирдамж, ойлголт авахын тулд залбирсаар байв. Нөхцөл байдлынхаа талаар маш их эргэлзэж, үүндээ бухимдаж байсан ч зүрх сэтгэлийнхээ гүнд итгэлээс зууран барьсаар байлаа. Би итгэлтэй найзуудтайгаа ярилцаж, сүмийн үе тэнгийнхэнтэй уулзаж, тулгарч буй зүйлийнхээ талаар илэн далангүй ярихад тэд надад семинарын багштайгаа асуудлынхаа талаар ярихыг зөвлөсөн юм.

Багш асуудлыг маань ойлгож, зүрх сэтгэлдээ итгэл найдвар тээн семинартаа үргэлжлүүлэн суухад урамшуулсан. Хэрэв намайг итгэлээс үргэлжлүүлэн зууран барьж; Их Эзэн надад зориулан олон зүйлийг бэлдсэн, сорилт бэрхшээлийг минь ариулан адисална гэдэгт найдах юм бол адислалууд ирэхийг харна гэж тэр надад амласан (2 Нифай 2:1–2-ыг үзнэ үү).

Тиймээс тулгарч буй бэрхшээлийг үл харгалзан би итгэхийг сонгосон юм.

Инээмсэглэж буй залуу бүсгүй

Хэсэг хугацааны дараа миний хандлага өөрчлөгдөхийг би мэдрэв. Би тулгарч буй бэрхшээлдээ анхааралгүй, харин сайн мэдээнд талархахад анхаарлаа төвлөрүүлсэн. Би гэр бүлийнхээ хүлээн авсан адислалд болон өөрийн бурханлаг мөн чанарт мөн сайн мэдээний мөнхийн үнэнд анхаарлаа хандуулж эхэлсэн. Эцэст нь би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр миний нөхцөл байдлыг мэддэг, тэр ч бүү хэл цор ганцаараа гэж бодож байсан тэр мөчүүдэд ч үргэлж надтай хамт байдгийг мэдсэн.

Энэ нь бүх зүйлийг өөрчилсөн.

Би Тэдэнд үргэлжлүүлэн найдаж, зарлигуудыг сахин, өдөр бүр наманчилж, Тэдэнтэй холбогдохын тулд өдөр тутам жижиг зүйлсийг хийснээр итгэлийн сууриа гүнзгийрч, хүчирхэгжиж байгааг мэдэрсэн.

Саяхан ерөнхийлөгч Нэлсон: “Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хамгаал. Үүний төлөө зүтгэ. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр тэжээ. Итгэлгүй хүмүүний худал хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. Та Есүс Христийн талаарх гэрчлэлээ тасралтгүй бэхжүүлэхийг эн тэргүүнд тавихдаа амьдралдаа тохиолдож буй гайхамшгийг олж хараарай” хэмээн хэлсэн билээ.

Ийн үйлдэхэд гайхамшиг тохиосон юм.

Их Эзэнд итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Багштайгаа итгэлийн тухай аливаа яриа өрнүүлэхээс хэсэг зайлсхийсний дараа нэгэн өдөр түүнийг надад асуулт тавихад нь би шинээр олж авсан итгэл дээрээ үндэслэн хариулахад бэлэн байгаагаа мэдэрсэн. Би түүнээс манай сүмийн цуглаанд очиж эсвэл Мормоны Номоос уншиж байсан эсэхийг нь эелдгээр асуув. Түүнийг үгүй гэж хэлэхэд, би энгийн үнэний тухай гэрчлэлээ хуваалцах сүнслэг өдөөлтийг мэдрэв.

Та ямар нэг зүйлийг хийж үзэлгүйгээр мөн өөрөө хариултыг нь эрэлхийлэлгүйгээр үнэн гэдгийг нь мэдэж чадахгүй шүү дээ гэж би түүнд хэлсэн. Хариултуудаа олж авахын тулд хөдөлмөрлөж, зүрх сэтгэлдээ үнэн гэдгийг нь мэдэрсэн учраас сайн мэдээ үнэн гэдгийг мэдсэн гэдгээ би тайлбарлав. Би түүнийг бас ийн мэдэхэд урьсан бөгөөд тэр цагаас хойш бидний харилцаа илүү тайван болсон.

Өсвөр насанд минь тулгарсан итгэлийн энэхүү сорилт намайг Христийн шавийн хувьд ирээдүйд маань бэлдсэн юм. Би бусдын үзэл бодлоос илүү Их Эзэнд итгэснээр маш олон адислал, амлалт биелэхийг харсан. Нифайн хэлснээр: “Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно. Би найдлагаа маханбодын гарт тавих нь үгүй” (2 Нифай 4:34).

Бүх зүйл төлөвлөсний дагуу болохгүй үед эсвэл төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед Тэнгэрлэг Эцэг биднийг буруу чиглүүлсэн, хаясан эсвэл зүгээр л тоохгүй байгаа мэт санагдах нь бий.

Гэхдээ тийм биш ээ.

Үнэн хэрэгтээ, эргэлзээ төрүүлж зүрх шимшрүүлсэн сорилт бэрхшээлтэй тулгарах үеүд надад Их Эзэнд бүрэн итгэх гэдэг нь ямар утгатай болохыг үргэлж сануулдаг. Би итгэл, шавь байх явцаа нэгэн хэвийн, хэвшмэл зүйл байлгалгүй; утга учиртай, амьдралыг өөрчлөх зүйл болгох ёстой гэдгийг ойлгосон. Ерөнхийлөгч Нэлсон: “таны цэцэглэн хөгжих итгэл сорилтуудыг тань хэзээ ч харж байгаагүй өсөлт болон боломж болгох болно” гэж заасан.

Есүс Христэд итгэхийг сонгосон маань намайг бодож байснаас маань ч илүү олон арга замаар адисалсныг би олж хардаг. Энэ нь уй гашуу, саад бэрхшээл, төөрөгдлөөс үргэлж хол байна гэсэн үг биш. Харин энэ нь амар амгалан, тогтвортой байдлыг хаанаас олохоо мэддэг гэсэн үг юм.

“Дэлхий дээрх таны итгэж найддаг бүх зүйл мөн бүх хүн итгэлийг тань хөсөрдүүлсэн ч Есүс Христ болон Түүний Сүм таны итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй гэдгийг сана” хэмээн ерөнхийлөгч Нэлсон бидэнд хайраар сануулсан.

Амьдралаас хүсэн хүлээж байсан зүйл тань бүтэлгүйтэх, эргэн тойрныхны дарамт шахалт, гэр бүлийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, санхүүгийн тогтворгүй байдал, сэтгэлийн зовлон шаналал, шударга бус байдалтай тулгарах гээд өөр ямар ч зовлон бэрхшээлтэй тулгарсан бай, Их Эзэнд үргэлжлүүлэн итгэхэд би таныг урьж байна. Тэр таны нөхцөл байдлыг сайн мэднэ. Тэр таны хэн болохыг мэддэг. Тэр танд зориулан гайхалтай адислалуудыг бэлдсэн байгаа. Түүнд итгэхийг хүсэхгүй байхдаа ч Түүнд итгэхийг сонгоорой. Түүний амлалтууд үнэн. Цаг нь болоход Тэр таныг баяр баясгалан, итгэл найдвар, гайхамшгууд руу хөтөлнө.

Түүнд үргэлжлүүлэн итгэхэд Тэрээр энэ бүхнийг надад өгсөн.