Лиахона
Бодгаль минь тэнд байхаар тэмүүлсэн
2024 оны 7-р сар


“Бодгаль минь тэнд байхаар тэмүүлсэн,” Лиахона, 2024 оны 7-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Бодгаль минь тэнд байхаар тэмүүлсэн

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёртой ойр байхаар тэмүүлсний минь хариуд миний дуртай нэгэн судрын түүх санаанд орж ирэв.

Есүс Христийн Хоёр дахь ирэлт

Хоёр дахь ирэлт, Харри Андэрсон

Би нэг өдөр дотроо “Тэнгэрлэг Эцэг минь, би сайн мэдээний тал дээр хэр байгаа вэ?” гэсэн асуулт тээн ариун сүмд оров.

Ялангуяа тэр долоо хоногт миний дутагдал илт давамгай илрэх шиг санагдсан. Би Нифайн адил туйлын амархан хавчих уруу таталтууд болон нүглүүдийн дарамтыг мэдэрч байлаа. Гэхдээ бас Нифай шиг хэнд итгэснээ мэдэж байв. (2 Нифай 4:18–19-ийг үзнэ үү.) Тэр өглөө би Их Эзэний Өргөөнд Түүнтэй хамт өнгөрүүлэх цаг холдсоор байна гэсэн мэдрэмжээсээ салахад тус болно байх гэж найдаж байв.

Хишиг хүртэх ёслолыг анхааралтай сонсож, үүнээс ирэх хүч, мэдлэгт талархах сэтгэл надад төрлөө. Харин селестиел өрөөнд ороход сэтгэл хөндүүр хэвээр байв. Их Эзэний хувьд ямар байр суурь эзэлж байгаагаа би хэрхэн мэдэх вэ?

Би суугаад хэдэн хором бодсоны эцэст, мэдэхгүй юм байна гэж бодон явахаар бослоо. Гэтэл ямар нэгэн зүйл намайг хүчтэй татан, буйдан руу суулгав. “Би явмааргүй байна” гэж бодогдлоо.

Өрөөн доторхыг ажиглахдаа би Есүс Христийн тэнгэр элч нараар хүрээлүүлэн гараа урагш сунгасан танил зургийг олж харав. Энэ мөчид “Бодгаль минь тэнд байхаар тэмүүлсэн бөлгөө” (Алма 36:22-ыг үзнэ үү) гэсэн сайн мэдэх судрын үгс санаанд минь орж ирэв.

Энэ шүлэг Алмагийн түүхэд ямар ач холбогдолтой юм бол гэж би олон удаа бодож байсан. Үйлдсэн нүглийнхээ улмаас Бурханы өмнө зогсоно гэж бодох нь Алмагийн хувьд “үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай” (Алма 36:14) тарчлал байв. Харин Христ рүү хандсаныхаа дараа тэрээр тэнгэр элч нараар хүрээлүүлсэн Бурханыг харсан ба түүний “бодгаль тэнд байхаар тэмүүл[эхийг]” мэдэрсэн юм. Сударт дүрслэгдсэн энэхүү эрс тэс мэдрэмж үргэлж миний анхаарлыг татдаг байсан. Зүгээр л Их Эзэнд хандсан нь Алмагийн зүрх сэтгэлд асар хүчтэй нөлөөлсөн юм.

Алмагийн нэгэн адил миний бодгаль тэр өдөр ариун сүмд, эцсийн эцэст тэнгэрлэг гэртээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт байхыг тэмүүлсэн учраас селестиел өрөөнөөс гарах хүсэлгүй байсан байлаа. Ариун Сүнс миний дуртай судрын түүхээр дамжуулан, Бурхан миний зүрх сэтгэл дотор юу байгааг мэддэг гэдгийг надад ойлгуулсан. Хэдийгээр би төгс биш ч Их Эзэн Өөртэй нь ойр байхын тулд гаргаж буй хичээл зүтгэлийг маань үнэлж байгааг ойлгож билээ. Тэнд байхаар тэмүүлснийг маань Тэр мэдэж байсан.