“Бурхан надад зорилго байгааг харуулсан,” Лиахона, 2024 оны 7-р сар.
Итгэлийн хөрөг
Бурхан надад зорилго байгааг харуулсан
Би модон дээрээс унасан ч Их Эзэн намайг өөр шиг маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслуулахын тулд аварч, би амьдралаа өөрчилж чадсан.
Эгчтэйгээ нэгэн шашны чуулганд оролцож байтал тэр намайг мод руу авирч чуулганд зориулан наргил модны хэдэн жимс авч өгөхийг хүсэв. Модны оройгоос жимс түүж байтал гэнэт ухаан балартаж, би уначхав. Нуруугаараа хүчтэй унаснаас болж хөл минь мэдээгүй болсон юм.
Намайг эмнэлэгт хүргэж, эмч нар нурууны ясыг чиг барин хөдөлгөөнгүй болгов. Эмнэлэгт гурван сар сууж ч чадахгүй хэвтэрт байлаа. Энэ үе бол сэтгэл тогтворгүйтэж, гутарсан үе байсан. Зүгээр л хэвтээд надад юу тохиолдох бол, цаашдаа яах вэ гэж боддог байв.
Их Эзэнтэй зөвлө
Гурван сарын дараа надад Шинэ Зеланд руу явж нурууны хагалгаанд орох хэрэгтэй гэж хэллээ. Би өмнө нь зүгээр л хэвтдэг байсан бол хагалгаанд орсны дараа суудаг болов. Шинэ Зеландын эмнэлэгт хэвтэж байхдаа би тэнд ажилладаг нэг охинтой танилцсан юм. Тэр надаас “Би чамайг таних бил үү? Нэг л танил харагдаад байна” гэлээ.
Бид чааталж эхлэв. Тэр Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж, надад Мормоны Ном өгсөн. Эхэндээ би уншдаггүй байсан. Би нээж ч үзэлгүй орныхоо хажууд орхисон. Гэтэл ганцаараа, зурагтаар үзэх сонирхолтой зүйл ч байхгүй нэгэн өдөр би ширээн дээрх Мормоны Номыг олж харав. Би нээгээд уншиж эхэлсэн. Уншаад л байв.
Уншиж байхад Мормоны Ном нэг л өөр санагдаж, үүнд гарцаагүй Есүс Христийн үнэн сайн мэдээ агуулагдаж байгаа гэсэн мэдрэмж төрсөн. Эмнэлэгт танилцсан охины тэмдэглэсэн хэдэн шүлгийн нэг нь Алма 37:37 байсан ба “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно” гэсэн байв.
Энэхүү үгс миний анхаарлыг татаж, намайг тунгаан бодоход хүргэсэн. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн эсэхийг мэдэхийн тулд би Их Эзэнтэй зөвлөлдөх хэрэгтэй гэдгээ мэдэж байв. Би бас энэ Сүмийг өөрийн биеэр очиж үзэхийг хүсэх боллоо.
Би цөхрөхөө болив
Би Шинэ Зеландаас гэртээ ирээд, номлогчдыг урьж, хичээл заалгалаа. Сурч мэдэх тусам би энэ бол Христийн Сүм мөн гэсэн гэрчлэлтэй болов. Надад заасан номлогчдод би талархдаг. Баптисмын үеэр тэд намайг ус руу төвөггүйхэн өргөн оруулж, нэг нь намайг тэвэрч, нөгөө нь баптисм хүртээсэн.
Баптисм хүртсэнээр, миний мэдэрч байсан бүх сэтгэл гутрал, цөхрөл арилан одсон юм. Надад амьдралын зорилго бий, Бурхан намайг хайрладаг гэдгийг би мэддэг болсон.
Баптисм хүртэхийнхээ өмнө би тэргэнцрээсээ болж өөрөөсөө ичдэг байв. Харин баптисм хүртсэний дараа би ням гараг бүр тойрогтоо очиж, ганц бие залуучуудын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Би гадасны бүжигт хүртэл очих болж, дуу явах бүрд тэргэнцэр дээрээ бүжиглэдэг байв. Би бас нугасны гэмтэлтэй самоачуудын холбоонд нэгдсэн.
Ийнхүү би нуугдах хэрэгтэй гэсэн мэдрэмжээсээ салснаа ойлгосон. Сүмээр дамжин би хүмүүсийн дунд дахин орох итгэлийг олж авсан юм.
Камбожийн протез, хиймэл эд эрхтний сургуулийн (CSPO) гурван жилийн хөтөлбөрт хамрагдах болоход Их Эзэн надад өөрийгөө дайчилж, өсөж хөгжихөд тусалсан билээ. Урьд нь энэ хөтөлбөрт хамрагдах өргөдлийг тэргэнцэртэй хүн хэзээ ч бөглөж байгаагүй тул би тэнцэнэ гэдэгтээ эргэлзэж байв. Гэсэн ч эцэст нь нөхцөл байдал бүрдэж надад Камбожийн CSPO-д суралцах боломжийг олгосон. Би хөтөлбөрийн түүхэн дэх хөгжлийн бэрхшээлтэй хамгийн анхны оюутан болж төгссөн.
Би Самоад буцаж ирснийхээ дараа ГБЗ-ын онцгой цугларалт дээр эрүүл мэндийн сэдвээр үг хэлсэн юм. Чуулганы дараа нэгэн эмэгтэй над руу ирж, миний хэлсэн үг таалагдсан гээд гар барив. Лагиманофиа номлолоосоо дөнгөж буцаж ирээд байв. Түүнтэй танилцсан цагаасаа л би түүнийг миний нөгөө хэсэг гэдгийг мэдэрсэн. Миний хамтрагч болох, намайг хайрлаж, хүлээж авах хүнийг олохын төлөө би залбирдаг байсан.
Лагиманофиа бид хоёрыг болзож эхлэхэд тэр намайг хайрлан халамжилж хүлээж авсан ба гэр бүлийнхэн нь ч дэмжиж байв. Бид гэрлэж, бага Посэнайг үрчилж авснаар бидний амьдрал үүрд өөрчлөгдсөн. Бурхан түүнийг өргөж авахад биднийг бэлтгэсэн юм. Тэр ирснээр бидний амьдрал маш их аз жаргалтай болсон.
Би үйлчилж болох уу?
Сүмд намайг тойргийн бичиг хэргийн ажилтнаар, дараа нь бишопын зөвлөлийн зөвлөхөөр дуудсан. Тэргэнцэртэй хүн үйлчилж чадна гэдэгт би итгэхгүй байв. Ослоос болж би өөрийгөө үнэ цэнгүй гэж бодох болсон ч Сүмд ажилласнаар би өөрийгөө бусдад хэрэгтэй, хувь нэмрээ оруулах чадвартай нэгэн гэдгээ ухааран ойлгосон. Үйлчилснээр Есүс Христэд илүү ойртох боломжтой байдагт би дуртай.
Бишопын зөвлөлийн зөвлөхийн хувьд би дуудлагаа илүү сайн хийхийн тулд удирдамж заавар авахыг хүсдэг байв. Энэ нь надад ням гараг бүр илүү бэлтгэлтэй байх хүслийг төрүүлсэн. Би судраас уншдаг дадал хэвшилтэй болж, гэрчлэлээ хуваалцах боломж ч гардаг байв. Сүмд удирдагчаар үйлчилсэн минь намайг ажил дээрээ хүртэл удирдагч болоход тусалсан. Надад удирдаж бас асуудлын талаар ярьж чадна гэсэн итгэл төрж, бусад талаараа ч манлайлах боломж гарсан.
Одоо би Самоагийн төв эмнэлэг болох Түпүа Тамасэсэ Мэаолэ эмнэлгийн протез, хиймэл эд эрхтний тасгийн эрхлэгчээр ажилладаг. Манай тасаг жилд 500 орчим хүнд алхах хэрэгсэл, тэргэнцрээр үйлчилдэг. Самоагийн Эрүүл мэндийн яамаар дамжуулан Сүм шаардлагатай тэргэнцэр, протез хийхэд ордог материалаар хангаж тусалж байгаа (philanthropies.ChurchofJesusChrist.org/humanitarian-services-ийг үзнэ үү). Эдгээр тусламж нь хүмүүсийг эргэн ажиллах, бие даах чадвартай болоход тусалдаг. Мөн тэд хүмүүст итгэл найдвар бэлэглэж, алдсан гэж бодсон амьдралаа эргүүлэн авах боломжийг олгодог юм.
Сүнсэнд найд
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө өг гэвэл би тэдэнд “Хөгжлийн бэрхшээлийг итгэж найдахаас тань хойш татах зүйл бүү болго. Хүрэхийг хүссэн газартаа зүрх сэтгэлээ бүрэн зориулж, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлө. Та Их Эзэнээс тусламж эрэлхийлбэл Тэр таныг адисална [2 Нифай 32:9-ийг үзнэ үү]” гэж хэлнэ.
Ийм итгэлээр би урагш тэмүүлж, өнөөдрийн өөрийгөө бүтээсэн. Энд байгаа нь ч, ослоос аврагдсан маань ч утга учиртай гэдэгт би итгэдэг. Би модон дээрээс унасан ч Их Эзэн энэ бүх хүнд туслах ажлыг хийлгүүлэхийн тулд намайг аварч, би амьдралаа өөрчилж чадсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн үүнийхээ ачаар олон хүнд тусалж чадна гэдгийг Их Эзэн надад заасан.