“Их Эзэний агуу ажил хийгээд бидний агуу боломж,” Лиахона, 2024 оны 7-р сар.
Их Эзэний агуу ажил хийгээд бидний агуу боломж
Бид хайрлаж, хуваалцаж, урих үедээ үнэт бодгаль бүрийг Их Эзэн рүү ирэхэд нь туслахаар Түүнтэй хамт хөдөлмөрлөж байдаг билээ.
Энэ агуу хийгээд эцсийн эрин үеийн бошиглогч бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцахыг заасаар ирсэн. Миний амьдралдаа авч байсан хэд хэдэн жишээ санаанд орлоо:
Өсвөр насны минь бошиглогч ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) “Гишүүн бүр номлогч” хэмээн тунхагласан.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) “Сайн мэдээг илүү олон газар, илүү олон хүнд хүргэх өдөр нь энд, одоо ирсэн байна” мөн сайн мэдээг бусадтай хуваалцахдаа “бид алхаагаа уртасгах ёстой” хэмээн заасан.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ийн хэлсэн: “Заах тэднийг олоход туслах нь бидний асар том хариуцлага хийгээд бидний агуу үйл хэрэг билээ. Их Эзэн бидний өмнө сайн мэдээг бүх бүтээлд заах эрхийг өгсөн. Энэ нь [биднээс] хамгийн сайн хүчин чармайлтыг шаардах болно.”
Мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан: “Номлолын ажил нь Израилын агуу цугларалтын чухал хэсэг болдог. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр тохиож буй хамгийн чухал ажил юм. Чухал, ач холбогдлоор нь юутай ч харьцуулшгүй. Их Эзэний номлогчид буюу Түүний шавь нар өнөөдөр дэлхий дээрх хамгийн агуу уриалга, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэрэгт оролцож байна.”
Би Британийн номлолд залуу номлогч байхдаа үүнийг өөрөө мэдэж авсан юм. Би өнөөдөр ч үүний талаар илүү их итгэлтэй байна. Бид бусдад хайраа мэдрүүлж, итгэл үнэмшлээ хуваалцаж, Есүс Христийн сайн мэдээний баяр баясгаланг бидэнтэй хамт мэдрэхэд урьснаар Христэд ирэхэд нь тэдэнд туслах боломж хаа сайгүй байдгийг Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд би гэрчилж байна.
Бурханы ажил урагшилдаг
Миний сайн мэдээг номло гарын авлагын анхны хэвлэлийг 2004 онд танилцуулж, мөн хоёр дахь хэвлэлийг 2023 онд гаргахад би Сүмийн Номлолын хэлтэст томилогдон ажиллах боломжтой байсан юм. Миний сайн мэдээг номло гарын авлага нь номлолын ажлыг бүрэн дүүрэн адисалсан гэдэгт би итгэдэг.
Шинэ Миний сайн мэдээг номло гарын авлагад бидний 2004 оноос хойш сурч мэдсэн бүх зүйл, Тэргүүн Зөвлөл болон Арван хоёрын чуулгын гишүүн бүрийн сүнслэг удирдамж болон цахим эрин үед сайн мэдээг хуваалцахад зориулсан өөрчлөлтүүдийг оруулсан. Эдгээр өөрчлөлтийн зарим нь бодит амжилтыг авчирсан билээ.
Бид сайн мэдээг “хайрлах, хуваалцах, урих” зарчмуудаар дамжуулан энгийн, жирийн, ердийн арга замаар хуваалцах нь хаант улсыг агуу ихээр адисалдаг гэдгийг мэдэж авсан. Есүс Христ дэлхийд амьдарч байхдаа ийм арга замаар сайн мэдээг хуваалцсан юм. Тэрээр Өөрийн амьдрал, хайрыг хуваалцаж, бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьсан (Матай 11:28-ыг үзнэ үү). Түүний адилаар хайрлаж, хуваалцаж, урих нь Сүмийн гишүүн бүрд зориулсан онцгой адислал, үүрэг хариуцлага юм.
Хайрлахаас эхэл
Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр Есүс Христ дэлхийнхний нүглийг өөртөө авч; өвдөлт, уй гашуу “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” (Алма 7:11) амссан. Энэ нь “[Түүнийг] … өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн” (Сургаал ба Гэрээ 19:18) юм. Есүс Христ Цагаатгал болон Амилалтаараа дамжуулан бүх хүнд аврал, өргөмжлөлийг боломжтой болгосон.
Аврагч руу эргэж, бидний төлөө хийсэн бүхнийг нь тунгаан бодсоноор бид Түүнийг зүрх сэтгэлдээ бялхам хайраар хайрлах болно. Дараа нь Тэр бидний зүрх сэтгэлийг бусад хүн рүү эргүүлж, тэднийг хайрлаж, (Иохан 13:34–35-ыг үзнэ үү) тэдэнтэй Өөрийнх нь сайн мэдээг хуваалцахыг тушаадаг (Матай 28:19; Марк 16:15-ыг үзнэ үү). Бид тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж байгааг эргэн тойрны маань хүмүүс мэдэрвэл Лемонай хаан Аммоны хайр, үйлчлэлийн ачаар сайн мэдээг хүлээн авахаар зүрх сэтгэлээ нээсэн шиг тэд бидний захиасанд зүрх сэтгэлээ нээх болно (Алма 17–19-ийг үзнэ үү).
Сайн мэдээг хуваалцахдаа хайрлахаас эхэлцгээе. Бусдыг өөрийн ах, эгч, дүү мөн Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрт хүүхдүүд гэдгийг санан, тэдэнд хайраар хандах үед бидэнд үнэн гэдгийг нь мэддэг зүйлсээ хуваалцах боломж гарч ирэх болно.
Хуваалцахад санаа сэтгэлээ бүрэн зориул
Хэн ч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард (1928–2023) шиг сайн мэдээг хуваалцахад өөрийгөө бүрэн зориулж байсангүй. Хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ тэрээр “Энэхүү хожмын үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Өөрсдийгөө илчилсэн ба Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхийн тулд Иосеф [Смит] өсөж торнисон гэдгийг мэдэх нь энэ дэлхийн хүн бүр мэдэж болох хамгийн алдар суут, гайхалтай зүйлсийн нэг [юм]” хэмээн гэрчилсэн аж.
Ерөнхийлөгч Баллард амьдралынхаа турш мөн дэлхийн ихэнх газарт энэ үнэ цэнтэй захиасыг хуваалцахад санаа сэтгэлээ бүрэн зориулсан юм. Тэр биднийг ч мөн ийн үйлдэхэд урамшуулж байсан. Тэрээр бид “сайн хөрш байж, хайр халамжийг харуулснаар” сайн мэдээг хуваалцдаг хэмээн заасан билээ. Ингэснээр бид “сайн мэдээг амьдралдаа туяаруулж мөн … үүнээс ирэх адислалуудыг [бусдад] туяаруулдаг.” Мөн бид “юу мэддэг, юунд итгэдэг, юу мэдэрдгээ гэрчилж болно.” Ерөнхийлөгч Баллард “Цэвэр гэрчлэл нь … Ариун Сүнсний хүчээр дамжуулан хүлээн авахад нээлттэй байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг” гэж заасан.
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь ерөнхийлөгч Баллард агсны зүрх сэтгэлийн хамгийн агуу хүсэл байсан юм. Бид түүнтэй адилаар үг болон үйлдлээрээ сайн мэдээг хуваалцахын тулд санаа сэтгэлээ бүрэн зориулж чадна. Хэн сайн мэдээний гэрлийг хайж байгаа ч хаанаас олохоо мэдэхгүй байгааг бид мэдэхгүй (Сургаал ба Гэрээ 123:12-ыг үзнэ үү).
Зүрх сэтгэлийнхээ гүнээс урь
Бид бусдад Христэд ирэхэд нь туслахдаа Аврагчийн болон Түүний сайн мэдээний авчирдаг баяр баясгаланг мэдрэхэд тэднийг урьдаг. Бид тэднийг үйл ажиллагаанд оролцоход, Мормоны Номыг уншихад, номлогчидтой уулзахад урьснаар үүнийг хийх боломжтой. Мөн бид тэднийг ариун ёслолын цуглаанд бидэнтэй хамт оролцохыг зүрх сэтгэлийнхээ гүнээс урьж болно.
Бид “Бурханыг шүтэн биширч, Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг дурсан сана[хын тулд ариун ёслолоос хүртэхээр]” долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд оролцдог. Энэ бол хүмүүсийн хувьд Сүнсийг мэдрэх, Аврагчид ойртох, Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх боломжтой цаг хугацаа юм.
Бид хайрлах, хуваалцах, урих арга замуудыг хайх явцдаа хүмүүсийг ариун ёслолын цуглаанд оролцоход туслах зэргийг төлөвлөж, хичээл зүтгэл гаргах ёстой. Тэд бидний урилгыг хүлээн авч, ариун ёслолын цуглаанд оролцсоноор баптисм болон хөрвөлт рүү хөтлөх зам дээр үргэлжлүүлэн байх өндөр магадлалтай юм. Бусдыг ариун ёслолын цуглаанд оролцохыг урьж, тэд ийн үйлдсэнээр ямар адислалуудыг хүлээн авч болохоо ойлгож мэдэхэд нь тэдэнд тусалснаар агуу амжилт ирнэ гэдэгт би зүрх сэтгэлийнхээ гүнээс итгэж байна.
Их Эзэн биднийг чиглүүлнэ
Хайрлаж, хуваалцаж, урьснаар ямар сорилт бэрхшээл, ямар амжилт тохиохыг бид хэзээ ч мэдэхгүй. Мозаягийн хөвгүүд “хотоос хотод, мөн шүтлэгийн нэг өргөөнөөс нөгөөд явж, … леменчүүдийн дунд … тэдний дунд Бурханы үгийг номл[ож] мөн заа[ж] … мөн тийн тэд агуу амжилттай байж эхлэв.” Tэдний хичээл зүтгэлээр “мянга мянга нь Их Эзэний мэдлэгт авчрагда[н],” олон нь “хөрвүүлэгдсэн … [мөн] хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:4–6).
Бидэнд үргэлж ийм зүйл тохиолдохгүй ч бодгаль бүр Их Эзэнд үнэ цэнтэй учир Тэр бидэнтэй хамт хөдөлмөрлөнө хэмээн амласан билээ. Бид Их Эзэнд итгэж, үйлчлэлд нь гар бие оролцох аваас тэднийг хайрлах, өөрсдийн амьдрал, гэрчлэлийг хуваалцах, Түүнийг дагахаар бидэнтэй нэгдэхэд тэднийг урих зэрэг сайн мэдээг хуваалцах арга зам өөд Тэр биднийг удирдан чиглүүлэх болно.
Бодгалиудыг Их Эзэн Есүс Христэд авчрах Түүний агуу ажилд туслахын тулд өөрт олдсон бүх боломжийг ашиглах үед “[бидний] баяр хөөр хэчнээн агуу байх билээ” (Сургаал ба Гэрээ 18:15).