“Номлогчийн амжилтын түүх: 60 жил бэлтгэгдсэн нь,” Лиахона, 2024 оны 7-р сар.
Номлогчийн амжилтын түүх: 60 жил бэлтгэгдсэн нь
Олон жилийн өмнө суулгасан сайн мэдээний үр ургаж, үр жимсээ өгсөн гэдгийг сонсох нь миний хувьд ямар их баяр баясгалант үйл явдал байсан гээч.
Би Сургаал ба Гэрээ 18:10 дахь “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” гэсэн шүлэгт хэзээнээсээ дуртай. Заримдаа Аврагчид бодгалиудыг авчрахын тулд гэрчлэлээ хуваалцахдаа олон хүн хамтран ажиллах шаардлага гардаг (2 Коринт 13:1-ийг үзнэ үү).
Нэгэн өдөр хүлээн авсан э-мэйл минь номлогчийн ажлыг хамтдаа хийх гэх энэхүү гайхалтай ойлголтыг надад сануулсан юм. Канзас мужийн Вичита номлолын ерөнхийлөгчийн хүү гэж өөрийгөө танилцуулсан нэгэн ах намайг Робэрт Монсоны эхнэр мөн үү гэж асуусан байлаа. Тэрээр цааш нь 1959 онд Төв мужуудыг хариуцсан номлолд үйлчилсэн ахлагч Монсоныг хайж байгаагаа дурдсан байв. Түүний бичсэн ахлагч Монсон бол миний нөхөр байсан юм.
Саяхан тэр орон сууцны нэгэн байр луу явж орох сүнслэг өдөөлтийг мэдэрсэн хоёр залуу номлогчийн талаар надад ярьсан. Эхний хаалгыг тогшиход нэгэн настай эмэгтэй гарч ирээд маргааш ирээрэй гэж урьж, цаг товложээ.
Товлосон цагтаа иртэл тэр настай эгчид 1959 онд номлогчдын өгсөн хуучны гурамсан судар (Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд) байгааг олж мэдэв. Тэр уг номыг олон удаа уншсан ба үүн дээрх сургаалууд үнэн гэдгийг мэдэж байлаа. Нөхөр нь түүнийг сүмд явж баптисм хүртэхийг хүсээгүй учир тэр тухайн үед Сүмд нэгдээгүй ажээ. Түүний нөхөр саяхан нас барж, номлогчдыг дахин олохын төлөө залбирсан байна. Түүний гурамсан сударт 1959 онд үйлчилж байсан хоёр номлогч болох миний нөхөр Робэрт Монсон, түүний хамтрагч Грэнэйд Көрраны нэр бичээстэй байж.
Дараагийн хэдэн долоо хоногт энэ эгч авралын төлөвлөгөө, ариун сүмийн адислалуудын талаар сурав. Хүү нь 22 настайдаа хорвоог орхисон ба хүүтэйгээ дахин хамт байна гэдгийг мэдээд тэр эгч маш их баярлажээ. Номлогчид түүнийг баптисм хүртэхэд урихад тэр урилгыг нь баярлан хүлээж авав.
Миний нөхөр бас түүний хамтрагч ахлагч Көрран хоёр хоёулаа нас барсан ч тэд хөшигний цаанаас энэ гайхалтай баптисмын ёслолд оролцож байгааг би төсөөлөн бодсон.
Номлолын ерөнхийлөгчийн хүүг надтай энэ түүхийг хуваалцах үед энэ нь Аврагч бидний хэнийг ч мартдаггүй гэдгийг надад сануулсан билээ. Түүнийг амьдралдаа оруулах л юм бол Тэрээр үргэлж бидэнтэй хамт байдаг. Аврагчийг харахаар инжрийн мод руу авирч гарсан Закхайн түүх Шинэ Гэрээнд бий (Лук 19:1–10-ыг үзнэ үү). Модны дээр байсан ч Аврагч Закхайг олж хараад, гэрт нь хооллохыг хүсдэг. Үүний нэгэн адил энэ настай эгч залбирч, номлогчдыг хаалгыг нь тогшихыг хүлээсэн бөгөөд тэд ч ирж тогшжээ. Аврагч бид бүгдийг мэддэг. “Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ” (Лук 19:10).
Нэг нь 60 гаруй жилийн өмнө, нөгөө нь саяхан очсон хоёр хамтрагчид энэ эгчийг Есүс Христэд авчирч, улмаар өөрсдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлж, Их Эзэнд баяр баясгаланг олсон юм. Тэр эгчийг Аврагчид авчрахад оролцсон бүх хүний баяр хөөрийг мэдэрч, энэ түүхийн гэрч болсондоо би даруусаж байна (Сургаал ба Гэрээ 18:15-ыг үзнэ үү).
Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.