Лиахона
Бид юуны төлөө залбирч болох вэ?
2024 оны 7-р сар


“Бид юуны төлөө залбирч болох вэ?,” Лиахона, 2024 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Алма 33–34

Бид юуны төлөө залбирч болох вэ?

Алма 33, 34-р бүлэг бидэнд хаана ч, хэзээ ч, юуны ч төлөө залбирч болохыг заасан. Өөр өөр нөхцөл байдалд залбирч буй хүмүүсийн жишээг доор өгөв.

Та тэдгээрийг уншихдаа “талбай дахь сүргийнхээ” мөн “гонхнууддаа мөн нууц байрнууддаа мөн аглаг буйддаа” (Алма 34:25, 26) залбирч байсан туршлагынхаа талаар бодож үз.

Зураг
Биеийн тамирын хувцастай эрэгтэй зогсож байгаа нь

Хожмын үеийн гэгээнтэн Алма Ричардс 1912 оны олимпод оролцох багт багтжээ.

Олимпын наадмын үеэр залбирсан нь

Өндрийн харайлтын тамирчин Алма Ричардс 1912 оны Шведийн Стокхолмд болсон олимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөх багийн бүрэлдэхүүнд байжээ. Тэмцээний үеэр тамирчид нэг нэгээрээ хасагдаж, зөвхөн Алма өөр нэг тамирчинтай хамт үлдэв.

“Алмаг харайхаар бэлдэх үед толгойд нь янз бүрийн бодол орж ирэв. Тэр дэлхийн хамгийн том хөнгөн атлетикийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байлаа. Гэвч түүнд нуруундаа дэлхийг тэр чигээр нь үүрсэн мэт санагдаж, хөл нь сульдахыг мэдрэв. Тэрээр Юта муж, гэр бүл, төрөлх хотоо бодлоо. Тэр БЯИС болон гэгээнтнүүдийг бодов. Тэр толгойгоо бөхийлгөж, түүнд хүч чадал өгөхийг Бурханаас чимээгүйхэн гуйв. ‘Хэрвээ миний ялах нь зөв бол амьдралынхаа үлдсэн өдрүүдэд сайн үлгэр дуурайл үзүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно’” хэмээн тэр залбирчээ.

Алма Их Эзэнээс хүч авч харайн, тогтоосон хөндлөвчийг давж чадав. Нөгөө тамирчин нь давж чадаагүй тул Алма алтан медаль хүртсэн юм.

Зураг
Хөнгөн атлетикийн тэмцээнд хөндлөвч дээгүүр харайж буй эрэгтэй

Дараа нь нэг найз нь “ялалтын харайлтаасаа өмнө залбирлаа” гэж шоолжээ. ‘Шоолох хэрэггүй л дээ. Хөндлөвчийг давах хүч хайрлаач’ гэж би Их Эзэнд хандан залбирсан, тэгээд давж чадсан” гэж тэр хэлсэн юм.

Гудамжны буланд залбирсан нь

1898 онд Инез Найт, Жэнни Бримхолл хоёр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны ганц бие эмэгтэй номлогчдоор дуудагдав. Англид хүрч ирснийхээ дараахан тэд Ливэрпүүлийн ойролцоох үйлдвэрлэлийн жижиг хот болох Олдэм рүү номлохоор явжээ.

Зураг
Хоёр номлогч эгч

Айнэз Найт, Жэнни Бримхолл нар Англи дахь номлолын ажилд нь туслахыг хүсэн залбирав.

Баруун талд: Гэрэл зургийг Жэннифэр Ваткотт Хүүтэний зөвшөөрлөөр нийтлэв

Тэр хоёроос гадна номлолын ерөнхийлөгч мөн бусад номлогч нэгэн орой цугларав. “Тэд хөл хөдөлгөөн ихтэй гудамжны буланд тойрон зогсоод залбирч, тэднийг хүрээлэн олон хүн цугларах хүртэл дуулжээ.” Гаргасан хичээл зүтгэл нь амжилт олж, номлолын ерөнхийлөгч нь “дараагийн өдөр нь тусгай цуглаан болохыг зарлаад, хүн бүрийг хүрэлцэн ирж, ‘жинхэнэ амьд мормон эмэгтэйчүүдийн’ номлолыг сонсоход урьсан юм.”

Унаа ирэхийн төлөө залбирсан нь

Сьерра Леон улсын Бо хотод амьдардаг Саар нас дээр гарсан эцэг эхдээ нэн хэрэгтэй эмийг нь аваачиж өгөхөөр хөлсний мотоциклоор хөдөө явжээ. Тэгээд шуурганд эвдэрсэн дээврийг нь засахад туслаад, төлөвлөснөөсөө оройтов. Дээврээ засаж дуусахад аль хэдийн харуй бүрий болсон байв.

Орой болсон тул хөлсний унаа дуудвал ирэх нь юу л бол. Саар санаа зовж эхлэв. Таксигүй бол тэр урт төдийгүй магадгүй аюултай замыг явган туулах хэрэг гарна. Маргааш өглөө нь эрт ажилтай учир эцэг эхийнхээ гэрт хонох боломжгүй байв. Дээрээс нь тэр нялх нойтон хүүхэдтэй гэр бүлээ шөнийн цагаар үлдээхийг хүссэнгүй.

Хөлсний мотоцикл ирэхийн төлөө залбирах нь жаахан хачирхалтай санагдсан ч Саар Бурханаас гэртээ харихад нь туслахыг хүсжээ. Хэдхэн минутын дараа, ихэвчлэн хөл хөдөлгөөнгүй байдаг тэр хэсэгт такси ирж хүн буулгах нь тэр. Саар ажилдаа цагтаа очиж, гэр бүлээ аюулаас хамгаалж чадах болсондоо талархсаар унаанд суув.

Хуваарийг нь өөрчлөхийн төлөө залбирсан нь

Аргентины Санта Крүзэд амьдардаг Мигэл Тронкосо ах Далын ахлагч Карлос Х.Амадог ирж гадасных нь гишүүдэд хандан үг хэлэхийг тэсэн ядан хүлээж байв. Гэвч ахлагч Амадо мягмар гаргийн орой үг хэлэх хуваарьтай байсан ба ахлах сургуулийн багш Тронкосо ах ч бас тэр орой сургууль дээрээ хичээл заах ёстой болж таарав. Чуулганд оролцохоор шийдсэн тул тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт тусламж гуйн залбирав.

Тронкосо ах өөрийн туршлагын талаар ийн хэлсэн.

“Чуулган болохын өмнөх өдөр надад хичээлээ 20 минутын өмнө зааж дуусгаад явах талаар захиралтайгаа ярилц гэсэн өдөөлт мэдрэгдэв. … Гэтэл үг хэлж ч амжаагүй байтал тэр мягмар гаргийн хичээлээ ердийнхөөс цагаас хоёр цагийн өмнө эхлүүлж болох эсэхийг надаас асууж билээ. …

Энэ нь бидний хувьд ямар их адислал байсан гээч. Бид чуулган болох цагаас өмнө очиж, Их Эзэний шавь нарын нэгний оршихуй дахь Сүнсийг мэдэрсэн. … Түүнчлэн Тэнгэрлэг Эцэг бидний хүслийг мэддэг бөгөөд залбирлыг маань сонсдог гэсэн гэрчлэлийг бид гэр бүлээрээ олж авсан.”

Эх сурвалж

  1. Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 1893–1955 (2022), 156–159-ийг үзнэ үү. Түүний туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Alma Richards: 1912 Olympian” (дижитал нийтлэл), Liahona, Jan. 2022, Gospel Library-аас унших боломжтой.

  2. Гэгээнтнүүд номын 3:63–64-ийг үзнэ үү.

  3. Miguel Troncoso, “We Turned to Prayer,” Liahona, Mar. 2011, 69.

Хэвлэх