“Надад хандсан Бурханы захиас,” Лиахона, 2024 оны 1-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Надад хандсан Бурханы захиас
Их Эзэнийг Хиламаны номоор дамжуулан надтай ярих хүртэл би Мормоны Номын талаар гэрчлэлгүй байсан юм.
2020 онд нэг найз маань намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд урихад би дурамжхан гэгч зөвшөөрсөн юм. Эхэндээ би миний байх ёстой газар биш байна гэж бодсон ч ариун ёслолын цуглаанд очсоор байлаа. Эцэст нь би баптисм хүртэв.
Гэхдээ би Сүмийн бусад гишүүн шиг гэрчлэлтэй болох тухайд ямар ч ойлголтгүй байв. Номлогч эгч нар надтай хамт судрын хэд хэдэн шүлгийг уншдаг байсан ч би Мормоны Номыг хэзээ ч ганцаараа бие даан уншиж байгаагүй юм. Сүмийн гишүүд намайг хүлээн авч, идэвхтэй байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан ч би удалгүй Сүмд хоцорч очих болж мөн цуглаануудыг алгасах болсон ба дэлхийн байдал руугаа эргэж эхлэв.
Нэгэн өдөр би сэтгэл санаа минь тогтворгүй байгааг анзаарлаа. Сэтгэл санаа минь хэт тогтворгүй, дэлхийн үзэлтэй бас Бурханы зүйлд хэт таагүй хандаж байгаагаа би мэдэрсэн. Би буруу замаар явж байгаагаа ойлгов. Тэрхэн зуур би орон дээрх судраа харлаа.
Би Бурханыг дуудаж, надад ямар нэг зүйл хэлээсэй гэж хүсэв. Тэгээд би богино залбирал хэлж, ямар нэгэн хариулт ирэхийг хүлээлээ. Надад тайтгарал, тодорхой хариулт хэрэгтэй байсан.
Тэгтэл нэгэн дуу хоолой надад хандан үг хэлэх шиг болов. Тэр дуу хоолой миний дотоод сэтгэлээс гарав уу аль эсвэл миний чихэнд сонстов уу гэдгийг би мэдэхгүй ч “Хиламан 3:27” гэх нь сонсогдлоо. Би Хиламаны ном Мормоны Номд байдгийг мэдэх тул судрыг авч, тэр хэсгийг олохоор агуулгыг нь харав.
Олсны дараа миний уншсан зүйл амьдралын минь яг тэр мөчид зориулан Бурханаас өгсөн захиас байсан юм. “Зүрх сэтгэлийнхээ гүнээс, түүний ариун нэрийг дуудах бүгдэд Их Эзэн нигүүлсэнгүй байдгийг бид ийн үзэж болох ажгуу.”
Энэ шүлэг миний гаргаж буй үйлдэл, Мормоны Номын талаарх ойлголтыг өөрчилсөн. Миний гаргаж буй үйлдлүүд, Бурханд чин сэтгэлээсээ хандахгүй байгаа байдал буруу бөгөөд Түүнд хандан наманчлах хэрэгтэй гэдгээ би ухаарсан. Бурханд чин сэтгэлээсээ хандаж Түүнийг дагаж буй цагт Тэрээр надаас нигүүлсэл, адислалаа харамлахгүй гэдгийг би мэднэ.
Мормоны Номыг унших сонирхолгүй байсан надад үүний тухай гэрчлэл ийн ирсэн юм. Бурхан амьд, Тэрээр өнөөдөр ч бидэнд хандан ярьдаг бөгөөд Мормоны Ном үнэн гэдгийг би мэднэ.