“Даруу байх гэдгийг ойлгоход надад тусалдаг хоёр үнэн,” Лиахона, 2024 оны 7-р сар.
Залуучуудад зориулав
Даруу байх гэдгийг ойлгоход надад тусалдаг хоёр үнэн
Даруу байх нь бардамнах, өөрийгөө голох зан хоёрын аль алиныг эмчилдэг.
Баримт: Би Бурханы хүүхэд. Энэ бол гайхалтай, бурханлаг үнэн юм.
Үүнтэй адил өөр нэгэн чухал баримт: Энэ дэлхий дээрх бүх хүн Бурханы хүүхдүүд тул тэд ч бас гайхалтай, бурханлаг биес.
Энэ хоёр үнэн хоёулаа ойлгомжтой мэт санагдавч тэдгээрийг жинхэнэ утгаар нь өөрийн болгон ойлгож, амьдралд маань ямар утга учиртай болохыг мэдэхэд хугацаа шаардагдсан. Заримдаа би нөхцөл байдалд аархуу хандаж, өөрийнхөө бодлыг зөв эсвэл би бусдаас илүү чадвартай гэж ташуу боддог. Харин заримдаа би эсрэгээр нь, өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүстэй харьцуулахад зохисгүй, үнэ цэнгүй гэж бодох нь бий.
Дээрх хоёр асуудлын хариулт нь ижил юм.
Даруу бай.
Би хангалтгүй байсан уу?
Намайг үнэхээр даруусгасан нэг үйл явдал номлолд байхад тохиолдож билээ. Миний бодлоор ихэнх номлогч хүмүүсийг Есүс Христэд авчрахыг хичээхдээ өөрийгөө голдог. Би номлолдоо заах хүн олохын тул өдөрт олон цагийг зарцуулж, ахин дахин татгалзсан хариу авч байв. Амжилт гаргахгүй байгаагаас гадна гаргасан хүчин чармайлт маань хангалтгүй санагддаг байлаа. Сүүлдээ би өөрийгөө хангалттай сайн байж чадахгүй байна гэж боддог болсон.
Хэдийгээр надад даруу байх хэрэгтэй гэсэн бодол орж ирээгүй ч номлолын ерөнхийлөгчдөө сэтгэлээ уудлан ярьтал, тэр миний асуудлын нэг хэсэг нь дэлхий даяарх бүх номлогчид тулгардаг бэрхшээлийг өөртөө тулгарахгүй мэт бодож байгаад оршиж байгааг ойлгоход тусалсан юм. Тийм ээ, би татгалзсан хариу авсан анхны бас сүүлчийн номлогч биш.
Анхны арван хоёр төлөөлөгч, Мозаягийн хөвгүүд, залуу Алма гэх мэт түүхэн дэх шилдэг номлогчид надаас илүү эсэргүүцэл, хавчлагатай тулгарч байсныг бодолгүй, яагаад ч юм би энэ асуудал зөвхөн надад тулгарч байгаа мэт бодож, өөрөө өөртөө итгүүлсэн байлаа.
Өөрийгөө өрөвдөхийн оронд би зовлон бэрхшээлийг Есүс Христтэй мөр зэрэгцэн даван туулж байгаагаа мэдэрч эхэлсэн. Хичээл зүтгэл гаргасан ч төгс үйлдэж чадахгүй байгаадаа ичих үедээ би Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холландын “[Христийн] Цагаатгал сонирхогчдоос илүүтэйгээр магадгүй номлогчдыг илүү сэнхрүүлдэг ач холбогдолтой байх. Та нар саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарахдаа … дэлхий дээр амьдарч байсан хамгийн цэвэр ариун, төгс төгөлдөр нэгний амьдралаар амьдарч буй хэрэг юм” гэж заасныг санасан.
Би даруу байж, Их Эзэнд найдах хэрэгтэй гэдгээ санах бүрдээ энэ үйл явдлыг эргэн санадаг.
Даруу байх тухай сургамж
Би номлолд байхдаа Бурханы хүүхэд гэх мөн чанарынхаа талаар олон зүйлийг мэдэж авсан. Харин номлолоосоо бууж ирээд, бусад хүн ч мөн адил Бурханы хүүхэд гэдгийг санахын ач холбогдлын талаар сурах зүйл их байгааг ойлгосон.
Гэртээ буцаж ирээд тун удалгүй би хэцүү дуудлага авч, чухал арга хэмжээг хариуцах болсон юм. Би дуудлагадаа дарагдан, надад туслах ёстой хүмүүстэйгээ уулзаж чадахгүй байв. Үнэндээ би маш хатуу үгтэй э-мэйлийг хүмүүст илгээсэн байлаа.
Дуудлага чухал, надад илүү их дэмжлэг тусламж хэрэгтэй байсан нь үнэн боловч энэ арга зам нь хүмүүст сэдэл төрүүлэх хамгийн сайн арга зам биш гэдгийг би удалгүй ойлгосон. Би даруусах хэрэгтэй байсан ба хүмүүс ч гэсэн ямар нэгэн зүйлийн улмаас хямарч, стресстэж байж болох юм гэдгийг санах шаардлага гарсан.
Ахлагч Стивэн И.Снөү Далын гишүүнээр үйлчилж байхдаа, “Хэрэв бид өөрсдийгөө даруусгах юм бол залбирлын маань хариу ирэх төдийгүй сэтгэл санаа маань амар тайван байж, дуудлагадаа илүү үр дүнтэй үйлчилж; үргэлжлүүлэн үнэнч байж чадвал эцэстээ Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очих болно” хэмээн заасан.
Үнэндээ би илүү даруу байж сурснаар дуудлагаасаа бас амьдралаас илүү их баяр баясгаланг мэдрэх болсон.
Хоёр үнэнийг тэнцвэртэй байлгах
Миний хувьд энэ хоёр үнэний хооронд тэнцвэрийг олсноор жинхэнэ даруу байх гэдэг нь юу гэсэн үг болохыг сурсан. Тухайлбал:
Би Бурханы хүүхэд. Мөн Бурханы бусад хүүхэд эргэн тойронд минь байгаа.
Даруу байх талаар ихийг сурах тусам би Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн заасан зүйл үнэн гэдгийг ойлгосон. Тэрээр: “Даруу байх гэж ямар нэгэн гайхамшигтай, нүдэнд ил харагдахуйц том амжилтыг эсвэл ямар нэгэн хэцүү бэрхшээлийг даван гарахыг хэлдэггүй. … Энэ нь бид өдөр бүр, цаг тутам Их Эзэнд итгэж найдан, үйлчилж, Түүний зорилгуудыг гүйцэлдүүлж чадна гэсэн найдвар тээж явахыг хэлдэг” гэсэн юм. Би өөрийн хүслийг Түүнийхтэй нийцүүлж, Тэр юу хамгийн сайн бэ гэдгийг мэднэ гэдэгт итгэсэн үедээ л Их Эзэний зорилгыг үнэхээр гүйцэлдүүлж чадна гэдгээ мэдсэн.
Биднийг илүү даруухан, Христтэй илүү адил болохыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг бидний хичээл зүтгэлийг адисална гэдгийг би мэднэ.
Зохиогч нь Германы Франкфуртад амьдардаг.