Орон нутгийн хуудсууд
Мормоны Номд онцгой хүч агуулагддаг
Одоогоос 21 жилийн тэртээ 2003 онд Эрдэнэт хотын цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан Төмөрбаатарын Ядамсүрэн ах нэгэн байгууллагын харуулаар ажиллаж байжээ. Нэгэн өдөр гадаад, монгол 2 залуухан охин орж ирээд, утсаар яриулахыг хүсэв. Тэр үед гар утас бараг байхгүй шахуу байсан үе. Тэр эмэгтэйчүүл бол О.Баттуул, Эстер Мичэлл хоёр байсан бөгөөд Эстер Мичэлл англи хэлний багшаар сайн дураараа ажиллаж байсан аж. О.Баттул ЕХХҮГС-ийн номлогч гэж өөрийгөө танилцуулж, сүмдээ очихыг урьжээ. Тухайн үед Ядамсүрэн ах тэдний урилгыг хүлээж авсангүй, харин тэдний үлдээсэн Мормоны Номыг бүтэн сарын турш уншив. Ойлгохгүй зүйл их байсан ч уншсаар байв. Тэгээд үнэхээр энэ номд амьдралыг чиглүүлэгч онцгой хүч агуулагдаж байгааг мэдэрчээ. “Сүм дээр очиход бүр үнэхээр сайхан, маш гайхалтай сэтгэгдэл төрсөн” гэж тэр хэлэв. Тэрээр Ариун Сүнсийг мэдэрч, зөв газартаа байгаагаа мэдсэн аж. Ингээд тэрээр 2004 оны 2-р сарын 7-нд баптисм хүртэж, тэр цагаас хойш сүмдээ идэвхтэй явж, салбарын ерөнхийлөгчийн зөвлөх, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөх, санхүүч зэрэг дуудлагад үйлчилжээ.
Хаа газрын хүмүүнийг Мормоны Номыг уншиж, “зүрх сэтгэлдээ тунгаахыг” түүнчлэн “эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг ... чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:3–4) гэсэн бошиглогч Моронайн урилгыг Ядамсүрэн ах хүлээн авсан төдийгүй гэр бүлийнхнээ ч энэ гайхалтай сүмд урьснаар эхнэр, хүү, охин 3 нь 2005 оны 1-р сарын 29-нд баптисм хүртэцгээжээ. Одоо 74 настай Ядамсүрэн ах: “Би сүмд явж, Мормоны Номыг уншиж, сургаалын дагуу амьдарснаар маш олон гайхалтай адислал хүртсэн. Үр хүүхдүүд минь одоо бүгд сайхан гэр бүлтэй болж, зөв сайхан амьдарч байна. Би 2023 онд Хонконг руу, 2024 онд АНУ руу явж, ариун сүмд орж ёслолуудыг гүйцэтгэн, гэр бүлтэйгээ мөнхөд холбогдлоо. Мормоны Номд амьдралыг өөрчлөгч, чиглүүлэгч онцгой хүч агуулагддаг гэдгийг би мэднэ” гэж хуваалцав.
Түүний охин Я.Мяасүрэн: “Мормоны Ном гэрт минь орж ирснээр амьдрал маань адислагдсан юм. 2003 оны өвлийн нэгэн хүйтэн орой ааваас минь хаяг хүлээн авсан хоёр номлогч эгч Есүс Христийн сайн мэдээг хуваалцахаар хаалгыг минь тогшиж билээ. Тэд бидэнд цэнхэр хавтастай Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Номыг өгсөн. Аав минь өөрийн үлгэр дуурайлаар эхнэр, хүүхдүүдээ сүмд урьж, бид ч мөн нэгдсэн. Мормоны Ном бол Бурханы үг, бошиглогч Иосеф Смит Бурхан Эцэг, Есүс Христ хоёртой уулзсан, Есүс Христ бол Бурханы Хүү, Иосеф Смит энэ Сүмийг сэргээсэн, энэ Сүмийг амьд бошиглогч удирддаг бөгөөд санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг гэдгийг би Мормоны Номоор дамжуулан мэдэж авсан. Далын ахлагч Маркус А.Айдукайтес 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр “Мормоны Номыг өөрт нь өгч үүн дээрх зүйлүүдийг тайлбарласан ч энэ номыг уншихаас татгалзаж байгаа хүмүүс надад харамсалтай санагддаг. Энэ бол хайрт ааваасаа хагацсаны дараа хүү юм уу охин нь түүнээс захидал аваад дугтуйг задлалгүй хаяхтай адил юм. Ийм сонголт хийдэг хүмүүс бол ээжийнхээ сэтгэл гарган хийсэн сайхан хоолыг амсаж үзэлгүйгээр идэхээс татгалзаж байгаа эрх танхи хүүхэдтэй адил билээ” гэж хэлсэн. Энэ захиас надад өдөр бүр судраа уншихыг сануулж байдаг. Би семинар, институтэд явж, бүрэн цагийн номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэн, үр хүүхэдтэй болж, гайхалтайгаар адислагдсан. Мормоны Номыг уншиж, үүний дагуу үйлдсэнд нь мөн энэ Сүмд нэгдэх шийдвэрийг зоригтойгоор гаргасанд нь би аавыгаа хүндэлж бас байнга талархаж явдаг” гэж хуваалцлаа.