Лиахона
Ховд салбарын гишүүн, семинарын суралцагч Эрдэнэбатын Оргилбатын гэрчлэл
2024 оны 7-р сар


Орон нутгийн хуудсууд

Ховд салбарын гишүүн, семинарын суралцагч Эрдэнэбатын Оргилбатын гэрчлэл

Анх би их зожиг, гэрээсээ гарч найзуудтайгаа ч тоглодоггүй, утсаа л оролдож суух дуртай хүүхэд байсан. 2019 оны өвөл эгч маань чи хүүхдүүдтэй танилц, өөрийгөө нээж, илэрхийлж сур гээд намайг анх семинарт дагуулж явж эхэлсэн юм. Эхний үед би сүм дээр зүгээр л утсаараа тоглож суух зорилгоор, хэн ч боль гэж хэлдэггүй болохоор амар санагдаад очих дуртай байсан. Тэгж явсаар 2019 онд Сүмийн гишүүн болсон. Удахгүй өсвөр үеийнхний чуулган болж, эгч маань бусад хүүхэдтэй хамт онгоцоор УБ луу явсан. Надад маш гоё санагдаж, дараагийн чуулганд заавал явна гэж өөртөө ам өгч байж билээ. Өглөө эрт семинарт явахад заримдаа нойроо дийлэхгүй байх, явахаа больё гэж бодох үе гардаг байсан ч семинар дээр олуулаа суугаад, бүгд хамтдаа залбирч, судраас суралцах мэдрэмж маш гоё байдаг. Би одоо нэг жилийн дараа сургуулиа төгсөнө, семинарт 5 дахь жилдээ явж байна. Бид бол Сүмийн ирээдүйн залгамжлагчид. Тиймээс бид одоо хангалттай хүчтэй байж чадаж байна уу гэж бодох хэрэгтэй. Заримдаа биднийг хүргэж өгөх машин ирэхгүй, өглөө 5 цагт гадаа тас харанхуй, ямар ч гудамжны гэрэл асаагүй, нэг ч хүн байхгүй үед 3 км алхаж очих шаардлага гардаг байсан ч залбираад алхаад явж байхад бас зорилгынхоо төлөө ингээд явж байгаа маань гайхалтай санагддаг. Бид яагаад ийм их хичээж, ингэтлээ золиослол гаргаж, яагаад өглөө бүр семинарт суух хэрэгтэй билээ гэж бодож байвал бид энэ дэлхий дээр ямар зорилгоор ирсэн, ямар их адислал биднийг хүлээж байгаа билээ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хоёр жил номлолд үйлчиллээ, хэдэн жил семинарт явлаа, судар сургаалаас хангалттай суралцлаа, одоо боллоо гэж бодож болохгүй. Учир нь хүмүүний ертөнцийн 1000 жил Бурханы ертөнцийн нэг өдөртэй тэнцэнэ гэдэг. Бид 100 жилийн амьдралаа Бурханд зориулсан байлаа ч Бурханы ертөнцөд 1-2 цагийг л Түүнд зориулсан гэсэн үг. Тиймээс бид байнга Ариун Сүнсний шивнээг сонсож, залбирч, зарлиг тушаалуудыг дагадаг байх хэрэгтэй. Бид өөрсдийн хийх зүйлийг хийгээгүйгээсээ болоод өвдөх, гэмтэх зэрэг сорилтод орчхоод Бурханд гомдоллодог. Бурхан бидэнд зарлигуудыг өгөхдөө гүйцэлдүүлэх арга замыг ч бас өгдөг. Харин тэр арга замыг мэдэхийг эрэлхийлэх, дагах эсэх нь бидний сонголт байдаг. Удахгүй бид том болоод, семинарт суух ч боломжгүй болж, яваад өгнө. Тиймээс ах эгч дүү нар аа, семинарт суух боломжтой байгаа дээрээ семинартаа сайн оролцож, судар сургаалуудаас суралцаж, үлгэр жишээ санваартан ах, гэгээнтэн эгч нар шигээ болоорой. Би энэ бүхнийг бидний Аврагч Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.