Лиахона
Roots Tech 2024 - Гэр Бүлийн Түүхийн Чуулган болж өнгөрлөө
2024 оны 7-р сар


Орон нутгийн хуудсууд

Roots Tech 2024 - Гэр Бүлийн Түүхийн Чуулган болж өнгөрлөө

FamilySearch-ээс зохион байгуулдаг Гэр бүлийн түүхийн дэлхийн хамгийн том чуулган 2024 оны 2-р сарын 29-өөс 3-р сарын 2-ны өдрүүдэд Юта мужийн Солт Лэйк хотод болж өнгөрлөө. Энэ гэр бүлийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс биечлэн оролцохоос гадна цахимаар үнэгүй оролцож, гэр бүлийн түүхээ хэрхэн хөтлөх талаарх анхан шатнаас гүнзгий түвшин хүртэлх олон зуун хичээл, хуваалцах туршлага, ач холбогдолтой үйл ажиллагаа, урамшуулсан илтгэл, ярилцлага зэргийг үзэж сонирхох боломжтой байдаг. Энэ жилийн чуулганд Монгол улсаас 4 оролцогч гэр бүлийн түүх, угийн бичгээ хэрхэн хөтлөх талаарх өөрсдийн туршлагыг хуваалцлаа.

  1. Лхагваагийн Оюунцэцэг – Дархан дүүргийн Эрдэнэт салбарын гишүүн. Тэрээр бусдыг дурсан санаж, бусдад өөрийгөө дурсан сануулах нь чухал талаар хуваалцав.

“Удам судраа мэддэггүй хүмүүсийг ардын зүйр цэцэн үгсэд ойд төөрсөн сармагчинтай адил гэж зүйрлэдэг. Би өөрийнхөө угийн бичгийг бичихээс гадна ах дүү, төрөл садан, найз нөхдийнхөө 100 гаруй хүнд удам судраа бичихэд нь тусалсан. Гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд цөөхөн мэдээлэл байхад хангалттай. Тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдөр, амьдарч байсан газар орон, хүйс, гэрлэсэн он сар өдөр, газрыг мэдэхэд л болно.”

  1. Донжоогийн Наранчимэг - УББГ-ны Туул тойргийн гишүүн. Тэрээр гэр бүлийн түүхийн мэдээллээ хэрхэн цуглуулж, эмхэтгэх талаар хуваалцав.

“Би гэр бүлийн түүхээ бичихдээ, хүн тус бүр дээр материалууд цуглуулж, эмхэтгэн цэгцэлж, гэрэл зургуудыг тайлбартайгаар хавсаргах байдлаар “Дурсамжийн ном” бүтээсэн. Гэрэл зургуудыг цуглуулах, хуучны муудсан зургуудыг сэргээж хадгалах, архиваас лавлагаа гаргуулах, сонингийн хайчилбаруудыг олж авч ашиглах, үйл явдлуудыг бичиж тэмдэглэх зэргээр маш их материал цуглардаг тул би хүн тус бүрд тусдаа хавтсанд хийж хадгалдаг. Тэгээд энэ бүх мэдээллээ компьютерт шивж оруулдаг.”

  1. Шуумарын Баяржав – УББГ-ны Сонгино тойргийн гишүүн. Тэрээр гэр бүлийн түүхээ үр хойчдоо бичиж үлдээх нь яагаад чухал талаар хуваалцав.

“Манай орны маш олон гэр бүлд түүхийн улбаанаас шалтгаалж ураг, удмын бичиг нь устсан байдаг. Хэрэв миний аав, өвөө, өвөг эцэг өөрийн үр удам, түүх, намтрыг дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байсан бол ямар сайхан байх бол? Тэгэхээр миний бичиж үлдээсэн ургийн бичиг үр ач нарт маань өв болон үлдэж байгаад л хамгийн чухал ач холбогдол оршино. Энэ бол хэзээ ч дуусдаггүй ажил. Учир нь энэ орчлонгийн хаа нэгтээ бяцхан үр ач нар маань төрж өсөж өндийж байхад өөр хаа нэгтээ өвөг дээдэс маань энэ орчлонг орхин одож байдаг тул энэ бүхнийг тэмдэглэн үлдээх нь маш чухал.”

  1. Цэндийн Наранчимэг – УБЗГ-ны Баянзүрх тойргийн гишүүн. Тэрээр хувь хүмүүс өөрсдөдөө байдаг өв соёлын зүйлсээ хэрхэн хадгалж хамгаалах талаар хуваалцав.

“Хувь хүн бүрд хадгалагдаж буй өв соёл бол тухайн улсын түүх соёлын ололт амжилт, гэр бүлийн түүхэн замналыг өгүүлж байдаг тул зөвхөн тухайн хүний өв соёл биш, улсын соёлын биет болон биет бус өв гэдгийг маш сайн ойлгож хүндэтгэлтэй хандаж, маш зөв хадгалах хэрэгтэй.”

Түүнээс гадна тус чуулганд онлайнаар оролцсон зарим гишүүний сэтгэгдлийг сонирхуулъя.

  1. Мэндсайханы Мандухай – УББГ-ны Жаргалант тойргийн гишүүн. Тэрээр Монгол дахь Сүмийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч бөгөөд гэр бүлийн түүхийн ажилд технологийн гайхамшиг хэрхэн нэвтэрч байгаа тухай хуваалцав.

“Рүүтстек бол Юта дахь Salt Palace Convertion төвд жил бүр зохион байгуулагддаг гэр бүлийн түүх болон технологийн үзэсгэлэн худалдааны өдөрлөг юм. Энэ нь бараг бүх улс орныг хамарсан 40 гаруй хэлээр сонирхолтой, чадварлаг түвшинд гэр бүлийн түүхээ хэрхэн олж мэдэх, хөтлөх, өргөжүүлэх талаар санаа өгдөг. Энэ жилийн чуулганд би онлайнаар оролцож олон шинэ мэдээлэл авлаа. Тухайлбал: Сүүлийн үед хэрэглэгдэж байгаа хиймэл оюун ухаан буюу AI, ChatGPT platforms-ыг ашиглаж хэрхэн өөрсдийн гэр бүлийн түүхээр зурагтай ном хийх, эртний зургуудыг сэргээж бодит мэт зурагжуулах, өвөг дээдсийнхээ түүхийг оруулахдаа тэдний үед амьдарч байсан хүмүүсийн соёл, амьдралын хэв маяг, ямар хэлээр ярьдаг байсан гэх мэт мэдээллийг хайж олоод оруулах боломжтой болсон байна. RootsTech 2024-т дараах платформуудыг танилцуулсан. Үүнд: Lore нь AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар өөрсдийн гэр бүлийн түүхүүдээр түүхийн ном хийдэг платформ. Storian нь AI-тай хамтарч бодит амьдралын түүхээ олж авч, үр удам нь уг номыг үзэж удмын судалгаагаа явуулах боломжтой. Storii нь AI-ийн тусламжтайгаар нэг ч үг бичихгүйгээр амьдралын түүхээ бичнэ. ChatGPT нь таны өмнөөс бичиж, хатуу хавтастай ном болгон хэвлүүлнэ. EmulateMe нь AI-ийн тусламжтайгаар өвөг дээдсийнхээ эртний зургуудыг сэргээж оруулах, зохиож оруулах зэргээр сонирхолтой байдлаар гэр бүлийн түүхээ нээж бүтээхэд тусална. Технологийн хөгжил гэр бүлийн түүхийн ажлыг ямар гайхалтай болгож буйг хараад би үнэхээр бахдан биширсэн.”

  1. Агвааны Мөнх-Эрдэнэ – УББГ-ны Баянгол тойргийн гишүүн. Тэрээр УББГ-ны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийн дуудлагатай.

“2024 оны Гэр бүлийн түүхийн чуулган “Дурсан сана” гэсэн сэдвээр явагдсан бөгөөд газар газрын янз бүрийн нас, мэдлэг, ур чадвартай хүмүүс бие биетэйгээ туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцлоо. Монгол хэлээрээ энэ сайхан хичээл, туршлагыг сонсох боломжтой байгаа нь бидний хувьд маш том адислал юм. Олон хүн өөрсдийгөө би тийм чухал онцгой нэгэн биш, жирийн л хүн, гоц гойд авьяасгүй, бичих дурсах юмгүй гэж боддог. Гэтэл гэр бүлийнхэн нь эмээ, өвөө, аав, ээж, ах, эгч, дүү нарынхаа тухай видео бүтээж үзүүлэхэд хэн нэгний амьдралд нөлөө үзүүлсэн, сайхан сэтгэгдэл төрүүлсэн гэдгээ сонсоод тэдэнд үнэхээр сайхан санагддаг. Би энэ чуулганд онлайнаар оролцоод, хүн бүрд дурсамж байдаг, тиймээс энэ тухай дурсан санаж, бичиж үлдээх нь чухал гэдгийг мэдэж авсан. Тэгээд аав, ээжийнхээ тухай дурсамж номыг яаравчлан гаргая гэж шийдсэн.”