Орон нутгийн хуудсууд
Цагаан Сар ба Угийн Бичиг
2024 оны 1-р сарын 27-нд “ЦАГААН САР ба УГИЙН БИЧИГ” үйл ажиллагаа “БИДНИЙ ДУРСАМЖ, БИДНИЙ ӨВ” уриан доор зохион байгуулагдаж, уламжлал болсон хөтөлбөрүүдээс гадна энэ жил шинэ шинэ сонирхолтой хөтөлбөр нэмэгджээ. Энэ өдөр Гэр бүлийн түүхийн төвийн үйлчлэл, урлагийн үзүүлбэр, үндэсний хувцасны үзүүлбэр, уран сайхны зураг авалт, үндэсний бөхийн барилдаан, уран бүтээлийн үзэсгэлэн, шагайн харваа, асуулт хариултын тэмцээн, гар барилдаан, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зэрэг төрөл бүрийн арга хэмжээ явагдаж, гишүүд өргөнөөр оролцлоо.
УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД оролцсон Энхтайван тойргийн Нандинцэцэг эгч, Баянзүрх тойргийн Б.Энхтуяа эгч хоёрын сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна.
Нандинцэцэг эгч: “Би хүүхэд байхаасаа л эмээгийнхээ эсгийний ажилд тусалдаг байсан. Тэгээд саяхнаас эсгийгээр бие даан уран бүтээл хийх болж, энэ үзэсгэлэнд эсгий оймс, гэрийн шаахайгаар оролцсон. Ургийн баярт энэ жил анх удаа оролцож байгаа ч хүмүүс бие биедээ урам өгч, хийсэн бүтээснээ хуваалцаж байгаа нь гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тиймээс цаашид сургалтад сууж, ур чадвараа хөгжүүлэхээр шийдсэн.”
Энхтуяа эгч: “Би шүр, сувдаар уран бүтээл хийдэг. Энэ үйл ажиллагааны үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байна. Ноднин Монгол Улаанбаатар номлолын ерөнхийлөгч Намгүр ах Монголд ариун сүм баригдсаны дараа танаар ингэж урлуулна шүү гэсэн нь надад маш их урам өгч, энэ жил бүтээлийнхээ тоо, төрлийг олшруулан оролцож байна. Хүссэн зургийнхаа кодыг гаргуулаад, уран бүтээлээ хийдэг. Өнгөрсөн жилээс хойш би ариун сүмийн зурагтай 2 бүтээлээс гадна өөр олон уран бүтээл хийсэн. Нэг онцгой бэлгэ дэмбэрэлтэй зүйл тохиолдсоныг хуваалцахад, байшин маань галд өртсөний дараа би бага охин Энхзаяадаа зориулж мөрөөдлийнх нь байшинг шигтгээн наамлаар бүтээж өгсөн бөгөөд дараа нь том хүргэн маань 3 өрөө байраа өгч бидний мөрөөдөл биелсэн. Шигтгээн наамал хүнийг тэвчээртэй, тайван, бүтээлч сэтгэхүйтэй болгодог. Тиймээс би одоо үр хүүхэд, ач нартаа зааж байгаа.”
Үйл ажиллагааны хамгийн их хүсэн хүлээдэг, хамгийн их үзэгчтэй байдаг хөтөлбөр бол ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН юм. Энэ жилийн бөхийн барилдаан маш өрсөлдөөнтэй болж, 32 хүчит бөх оролцсоноос Жаргалант тойргийн Хаш-Эрдэнэ ах түрүүлж, Баянзүрх тойргийн Лхагвасүрэн ах үзүүрлэлээ. Аймгийн начин Хаш-Эрдэнэ ах: “Би Цагаан сарын барилдаанд 4, бусад барилдааныг оролцуулаад нийт 6 түрүү аваад байгаа. Энэ үйл ажиллагаа нь Сүмийн залуучууд, гишүүдийг зөв зүйлд уриалсан, нийтийн биеийн тамирыг, тэр тусмаа үндэсний бөхийг сурталчилсан гайхалтай үйл ажиллагаа болж байна. Залуу үеэ бэлдэхийн тулд би тэдэнд зааж өгөх мөн тогтмол бөхийн бэлтгэл хийх хэрэгтэй гэдэг илчлэл хүлээн авсан” гэж ярив.
АХА (Асуулт, Хариулт, Асуулт- оюуны) тэмцээнд Налайх тойргийн гишүүн Уянга эгч түрүүлж, Хан-Уул тойргийн Алтантуяа эгч удаалав. Уянга эгч: “Би Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд зохион байгуулагчаар ажилласан. Тэгээд үйл ажиллагаагаа дуусгасны дараа АХА тэмцээнд оролцсон юм. Манай Сүмийн түүх, судар сургаал, үйл ажиллагаа, монгол хэл, соёл уламжлал, танин мэдэхүйтэй холбоотой хоёр төрлийн асуултууд байлаа. Сүүлийн асуулт үндэсний бичгийн талаар байсан нь надад их завшаантай хэрэг болсон. 2025 оноос бүх бичиг баримт үндэсний бичгээр бичигдэнэ гэсэн тул та бүхнийг үндэсний бичгээ сураарай гэж уриалж байна” гэв.
ГАР БАРИЛДААНЫ тэмцээнд эрэгтэйчүүдээс Хавай дахь БЯИС-ийг дүүргээд, эх орондоо ирээд удаагүй байгаа Энхтайван тойргийн Отгонбилэг ах, эмэгтэйчүүдээс Жаргалант тойргийн гишүүн Бадмаадагий эгч нар түрүүлэв.
Цагаан сарын баярыг угтан зохион байгуулдаг энэ үйл ажиллагаанд орон нутаг дахь Сүмийн гишүүд хүртэл зорьж ирэн оролцдог бөгөөд энэ нь гишүүдийн жил бүр хоног тоолон хүлээдэг баяр болсон байна.