“Ахмад номлогчоор үйлчлэх боломжийг бүү алдаарай,” Лиахона, 2024 оны 7-р сар.
Нас ахисан ч итгэлтэй хэвээр
Ахмад номлогчоор үйлчлэх боломжийг бүү алдаарай
Гэрээнүүд маань биднийг нэг нэгэндээ үйлчилж, Бурханы гэрч болж зогсон, тайтгарал хэрэгтэй нэгнийг тайтгаруулахад урьдаг. Эдгээр урилгыг дагаж, өөрсдийн болон үйлчилдэг хүмүүсийнхээ амьдралыг адислах нэг арга зам бол ахмад номлогчоор үйлчлэх явдал юм.
Яг одоо 34000 ахмад номлогч бүрэн цагийн болон үйлчлэлийн номлолд үйлчилж байна. Тэд залуучуудын нэгэн адил энэхүү аян замд гарснаар маш их баяр баясгаланг олж авч байгаа. Ганц бие болон гэрлэсэн гишүүд янз бүрийн үүрэг даалгавар авч ахмад номлогчоор үйлчлэх боломжтой бөгөөд
тэдний хэрэгцээ асар их байна. 2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд ахимаг настай гишүүдийг ахмад номлогчоор үйлчлэх талаар бодоход уриалсан. Тэрээр: “Та амьдралынхаа энэ шатанд юу хийж байна вэ? Ахмад номлогчид өөр хэний ч хийж чадахгүй зүйлийг олон арга замаар хийж чадна. Та нар бол Бурханы хүүхдүүдийг урамшуулан дэмжиж, аврахын төлөө бэлтгэгдсэн, Сүмд туршлагажсан гайхамшигтай хүч юм шүү” хэмээн хэлсэн.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ахмад номлогчдыг хэрхэн дууддаг талаар “Ахмад номлогчоор үйлчлэх боломжууд олон янз бөгөөд өргөн цар хүрээтэй байдаг. Тэдний ажил мэргэжил, хэлний туршлага, хувийн чадавхыг залбиран бодож үзсэний дараа үйлчлэх дуудлагыг албан ёсоор өгдөг. Бүх шаардлагаас хамгийн чухал нь үйлчлэх хүсэл” юм хэмээн хэлсэн. Тэрээр мөн ахмад номлогчдын хувь нэмрийг “орлуулшгүй” гэж тодорхойлсон билээ.
“Ахмад номлогчдын зарим нь номлолын албанд, BYU–Pathway хөтөлбөрт эсвэл нарийн тодорхойлсон бүтэцтэй хүмүүнлэгийн төслүүд дээр ажилладаг. Бид ийм төрлийн хэд хэдэн номлолд үйлчилсэн. Тиймээс бид ГУД (Гишүүд, удирдагчдыг дэмжих) номлолд дуудагдахдаа бага зэрэг гайхсан шүү. Номлолд үйлчлээд эхэлмэгц бидэнд гишүүдийнхээр зочлох, орон нутгийн салбаруудыг бэхжүүлэх боломжийг олгодог ийм төрлийн номлолын уян хатан, бүтээлч байдал нь үнэхээр таалагдсан” гэж нэгэн ахмад номлогч онцолжээ.
Зочдыг хүлээж авах төвд үйлчилдэг нэгэн ахмад номлогч эгч: “Нөхрийгөө нас барахад би цагаа юунд зориулахаа мэдэхгүй болсон юм. Одоо бол надад хийх зүйл, очих газар, уулзах хүмүүс бий. Миний тусламж хэрэгтэй хүмүүс ч байгаа” гэж ярив.
Нэгэн ахмад номлогч эгч номлолоосоо бууж ирснийхээ дараа “Залуудаа үйлчлээгүй байлаа гээд санаа зовох хэрэггүй. Энэ бол хүн бүрийн хувьд шинэ үүрэг юм. Бид бүгд нэг нэгэндээ төдийгүй Их Эзэнд найдахад хамтдаа суралцаж, ‘өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг’ [Алма 37:6] гэдгийг олж мэдсэн” гэж хуваалцсан.
Номлогчдод ирдэг адислал
Ахмад номлогчид өөр хоорондоо адилгүйн адил номлолууд бас өөр өөр. Төрөл бүрийн номлол байдаг ба тус бүрдээ өөрийн гэсэн бэрхшээл, баяр баясгалан, ач тустай. Гэхдээ аль ч номлолд хэдэн нийтлэг зүйл байдаг. Тэдгээр нь судрыг утга учиртай судлах, ойр ойрхон чин сэтгэлээсээ залбирах, сонирхол татам үйлчлэлд оролцох, Ариун Сүнсний байнгын удирдамж авах, өөрчлөлт гаргах зэрэг онцгой боломжууд юм.
Нэгэн ахмад номлогч: “Бид ахмад номлогчоор үйлчилж байхдаа Их Эзэнд хамгийн ойр байгаагаа мэдэрсэн. Ард үлдсэн үр хүүхэд, ач зээ гээд зарим зүйлийг би хяналтдаа байлгаж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Тиймээс би бүхнийг Их Эзэний мутарт даатгасан юм. Тиймээс Тэр гэр бүлийг минь адисалсан. Бид долоо хоног бүр Zoom-ээр ач, зээ нартайгаа өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ халуун дотно ярилцдаг байсан. Тэдний өмнө нь огт сонирхож байгаагүй зүйлсийн талаар бид ярилцдаг байв. Хүн бүрд тохиолдохгүй байж болох ч нэг хүү маань биднийг үйлчилж байх үед сүмдээ эргэж ирсэн ба өөр нэг хүү маань дахин гэрлэж, дараа нь ариун сүмд лацдан холбуулсан” гэж ярив.
Өөр нэг ахмад номлогч: “Бид судруудыг зүгээр нэг унших бус, амьдралд хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийлэн уншиж байсан тул өдөр тутмын хувиараа болон хамтрагчтайгаа хамт судраас судлах үйл явц маань илүү утга учиртай болсон. Хааяа ‘тооны’ хойноос хөөцөлддөг байсан бол бүр больсон. Үйлчлэлийнхээ үеэр би байнга тэр өдөр юм уу тэр долоо хоногт уншсан судраасаа эш татаад байгаа мэт санагдсан тул уншсан судруудаа тухайн өдрийнхөө турш ашиглахыг хичээж эхэлсэн. Би судраас илүү идэвхтэй судлан, уншсан зүйлээ тухайн өдөр ашиглана гэсэн бодолтой явах болсон” гэж хэлэв.
Нэгэн ахмад номлогч эгч: “Номлолд үйлчлэх нь надад амьдралаа шинээр эхлүүлэх боломжийг олгосон. Энэ нь гольф тоглох, ач зээгээ асрахаас гадна надад илүү утга учиртай зорилго тавих, амьдралдаа баяр баясгалан, хүсэл тэмүүллийг дахин мэдрэх боломжийг олгосон” гэж ярилаа.
Өөр нэгэн ахмад номлогч: “Үйлчлэл нь үйлчилж байгаа, үйлчлүүлж байгаа хүмүүсийн аль алиныг адисалдаг. Биднийг бусдын төлөө хэр их зүйл хийж байгаагаа жаахан ч атугай бахархан бодох үед төдийлөн амжилт гардаггүй байсан. Харин хэр их сурч, хөгжиж байгаагаа ухааран ойлгох үедээ бид өөрчлөгдөөд зогсохгүй бусад хүн бидний ярьж, хийж байгаа зүйлийг илүү их сонирхож байх шиг санагдсан. Бид өгснөөсөө харьцуулшгүй ихээр адислагдаж байна гэж надад бодогдсон” гэж хэлэв.
Илүү бат бөх харилцаа
Хүмүүс ахмад номлогчоор үйлчлэхдээ насан туршийн гүн гүнзгий харилцааг тогтоодог. Олон хүн үйлчилдэг хүмүүстэйгээ ойртон дотносдог. Тэд мөн бусад номлогч, орон нутгийн удирдагчидтай бат бөх харилцааг тогтоодог. Нэгэн ахмад номлогч: “Бид залуу номлогчид, бусад ахмад хос гээд гэртээ байсан бол хэзээ ч уулзахгүй байх байсан хүмүүстэй найзлан нөхөрлөсөн. Бид бие биетэйгээ одоо ч холбоотой хэвээр байгаа. Өдөр бүр нэгэн хэвийн мэт санагдаж байсан үед номлолд явах шийдвэр гаргасан маань бидэнд амьдралаа шинээр эхлүүлэх, аян замд хамт явах шинэ найз нөхөдтэй болох боломжийг олгосон юм” хэмээн дурсжээ.
Номлол нь ахмад хосуудад гэрлэлтээ бэхжүүлэхэд тусалдаг. Хүмүүс тэтгэвэрт гарч, ажиллах цаг нь багасан, улмаар үр хүүхдүүдээ гэртээ өсгөн хүмүүжүүлэх шаардлагагүй болсноор хосуудад нийтлэг нэг зорилготой болох талаар бодох хэрэг гарч болох юм. Мөн тэд өөр өөрийн орон зайд, тус тусын цагийн хуваариар амьдарч дадсан байж болно. Нас ахиснаар эсвэл тэтгэвэрт гарснаар энэ бүхэн өөрчлөгддөг. Бүрэн цагийн ахмад номлогчоор уу эсвэл гэрээсээ үйлчилж байгаа юу гэдгээс үл хамааран амьдралаа шинээр эхлүүлж, хамтдаа аливаа зүйлийг хийдэг болох нь хосуудад шинэ зорилготой болж, бие биедээ илүү их найдахад тусална.
Нэг эгч инээдээ барьж ядан, “Тэтгэвэрт гарснаар ‘Та олдог байсан орлогынхоо талыг авдаг болдог ч нөхөртэйгөө байх цаг тань хоёр дахин нэмэгддэг’ гэсэн эртний үг байдаг. Гэрээсээ хол газар номлолд үйлчлэх нь бидэнд номлолд үйлчлээгүй байсан бол хэзээ ч ярилцах боломжгүй арга замаар эдгээр өөрчлөлтийн талаар ярилцах боломжийг олгосон. Нөхрийг маань тэтгэвэрт гарсны дараа бид хоёр санал зөрөлдөх бүрдээ ам мурийдаг байсан. Харин одоо бид хоёр өөр өөрийн юмыг хийж нэг нэгнээ үл тоомсорлохын оронд Их Эзэний ажилд сөрөг нөлөө үзүүлэхийг хүсэхгүй байгаа учир санаа зовоож буй зүйлийнхээ талаар ярилцдаг болсон” гэв.
Өөр нэгэн ахмад номлогч: “Эхнэр бид хоёр номлолд үйлчилж байхдаа орой бүр тухайн өдөр хүлээн авсан энэрэл нигүүлслийн талаар ярилцаж эхэлсэн юм. Энэ нь бидэнд өөрсөд дээрээ биш, харин болсон үйл явдалд анхаарлаа төвлөрүүлэхэд туслаад зогсохгүй зарим өдөр сайнгүй байсан ч эргэн тойрноосоо сайн сайхныг олж харах боломжийг олгосон” гэдгээ хуваалцав.
Түүний эхнэр: “Орой бүр унтахынхаа өмнө үүнийг хийдэг байсан учраас бид олон жилийн турш байгаагүйгээр стресс багатай, сэтгэл хангалуун орондоо ордог болсон. Энэ нь илүү сайн унтдаг болоход минь ч тусалсан!” гэж нэмж хэлэв.
Үйлчилдэг хүмүүст ирдэг адислал
Амьдралд сайн, муу өдөр ба баяр, гуниг ээлжилдэг. Номлолд ч мөн адил. Гэхдээ Их Эзэнд үйлчилснээр номлолын дараа төдийгүй номлолдоо олон бодитой адислалыг авдаг. Үеэл Мордехаигийн Естерт хандан хэлснээр “Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?” (Ифер 4:14; тодотгол нэмэгдсэн). Үйлчлэлээ эргэн харах үедээ ахмад номлогчид өөрсдийнх нь онцгой чадварт тохирсон тодорхой хэрэгцээ бүхий ямар нэг үүрэг даалгаварт эсвэл тийм газарт томилогдсон гэдгээ мэдэрсэн байдаг.
Би АНУ-ын Лүизиана мужид амьдарч байхдаа, ахмад номлогчид ямар хүчирхэг сайн үйлс бүтээж чаддагийг өөрийн нүдээр харсан. Лүизиана Нюү Орлэнс гадасны дээд зөвлөлд үйлчлэхээр дуудагдаад удалгүй би Порт Сулфур салбарыг дэмжихээр томилогдов. Уг салбарт хэдхэн идэвхтэй санваартан ах байлаа. Ихэнх багшлах, удирдах албанд нөхөр нь гишүүн бус эмэгтэйчүүд үйлчилж байв. Хааяа ахмад номлогчид болон гадасны удирдагчдыг уг салбарт томилдог байсан ч энэхүү гэр бүлийнх нь зарим нь гишүүн бус гэр бүлүүдэд хүрч ажиллахад сайн ахиц гарахгүй байлаа.
Дараа нь АНУ-ын Вайоминг мужаас нэгэн ахмад номлогчид салбарыг дэмжихээр томилогдов. Тэд олон жил фермийн аж ахуй эрхэлж, гэрийнхээ ойролцоох орон нутгийн бяслагийн үйлдвэрт ажиллаж байжээ. Өөрсдийн гарал үүсэл, амьдралын туршлагаас үүдэн тэд Порт Сулфур дахь тосны салбарт ажиллаж байсан олон хүнтэй амархан хэл амаа олов. Ахмад номлогчид салбар дахь гэр бүлийнх нь зарим нь гишүүн бус гэр бүлүүдтэй харилцаа тогтоож, тэдэнд тохинуулахад маш их цаг зарцуулжээ. Порт Сулфурт үйлчлэх хугацаандаа үзүүлсэн тэдний үйлчлэл, хайрын ачаар уг салбар итгэл дүүрэн үйлчлэлээр нь дамжуулан онцгой хүчирхэгжиж, адислагдсан. Гэр бүлийнх нь зарим нь гишүүн гэр бүлүүдийн хэдэн эрэгтэй Сүмд нэгдэж, ахлагчдын чуулга болон салбарыг хүчирхэгжүүлсэн юм.
Ахмад номлогчид өөрсдийн болон бусдын амьдралыг адисалдаг.’ Үйлчилж, өсөж хөгжих сайхан боломжийг бүү алдаарай!