Лиахона
Таны бие: Тэрхүү тэнгэрлэг бэлгийг арчилж хамгаалах
2024 оны 7-р сар


“Таны бие: Тэрхүү тэнгэрлэг бэлгийг арчилж хамгаалах, Лиахона, 2024 оны 7-р сар.

Таны бие: Тэрхүү тэнгэрлэг бэлгийг арчилж хамгаалах

Бидний бие махбод Бурханы бэлэг төдийгүй сүнс маань оршдог ариун сүм юм. Гэхдээ бие махбодоо арчилж тордон, санаа тавихад хувийн хариуцлага, сахилга бат шаардлагатай.

Гүйж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр

Өдөрт 10 ширхэг хийжүүлсэн ундаа уух, суурин амьдралын хэв маяг, дутуу нойртой явах зэрэг нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүртэл эрүүл мэндээ тоохгүй явах амархан. Эсвэл бидний эрүүл сонголтоос үл хамааран удамшлаас болж гэнэт эрүүл мэндийн асуудалд орж ч магадгүй шүү дээ.

Биеийн эрүүл мэндэд бидний хяналтаас шалтгаалахгүйгээр аливаа асуудал гарч ирэх нь бий. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэр бол Бурханы төлөвлөгөөнд, өгөгдсөн зүйлээ сайжруулахыг биднээс шаарддаг. Үүний тулд сүнслэг эрүүл мэндээ тэжээн тэтгэдэгтэй адил хувь хүний хувьд сахилга баттай байж, хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Энэ нь гүйхийн оронд суудаг, ногооны оронд чихэр иддэг, унтахын оронд шөнө орой хүртэл сэрүүн байдаг төрөлх хандлагуудаа хянаж удирдаж сурна гэсэн үг юм.

Бид биеийн эрүүл мэндээ сайжруулах сүнслэг өдөөлтийг эрэлхийлж, эрүүл мэндээ хэвээр нь авч үлдэх хувийн сахилга баттай болсноор Бурханд үйлчилж баяр баясгаланг олох чадавхаа хөгжүүлдэг.

Таны бие бол ариун сүм

Сүнс, бие хоёрыг сайн арчилбал бодгаль цэцэглэн хөгждөг. “Сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө” (Сургаал ба Гэрээ 88:15). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ шүлгийг тайлбарлахдаа, бие болон сүнс хоёулаа “маш чухал. Таны бие махбод бол Бурханы гайхамшигт бүтээл юм. Энэ бол та нарын мөн Түүний ариун сүм бөгөөд үүнд хүндэтгэлтэй хандах ёстой” гэсэн.

Ерөнхийлөгч Нэлсон 99 насандаа ч Сүмийн ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэсээр байгаа ба бүдэрч унахгүйн тулд заримдаа алхуулагч ашигладгаа нуугаагүйгээс гадна одоо Ерөнхий чуулганд үг хэлэхдээ суухыг илүүд үзэх болжээ. Тэрээр 2023 оны 5-р сард өөрийн сошиал хуудаснаа “Би үе үе бага зэрэг тэнцвэрээ алдах болсон. Зуун нас хүрч байгаа надад энэ зэргийн асуудал гарч байгаад тэгтлээ гайхах ёсгүй биз ээ. Миний зүрх сайн, сүнс минь хөл шиг минь хүчтэй, оюун санаа минь хурц байгаад би талархаж байна” гэж бичжээ.

Ерөнхийлөгч Нэлсон эрүүл дадал зуршилтай, идэвхтэй амьдралын хэв маягтайгаараа алдартай. Тэрээр үргэлж туранхай байсан ба жингээ хэвээр хадгалахын төлөө ихэд хөдөлмөрлөсөн. Тэр тогтмол дасгал хийж, агаарт байхыг илүүд үздэг. Тэрээр 90 нас хүртлээ өөрийн болон хөршийнхөө явган хүний замын цасыг хусаж, хогийн савыг гарааж руу буцаан оруулж, хашаагаа цэгцэлдэг байв. Сүмийн ерөнхийлөгчөөр томилогдох хүртлээ тэрээр боломж гарах бүрд цанаар гулгадаг байсан.

Хувийн сахилга батыг хөгжүүлэх

Биеийн эрүүл мэндээ сайн байлгахын үндсийг бид мэддэг. Тэдгээр нь:

  • Тогтмол дасгал хийх

  • Сайн унтаж амрах

  • Тэнцвэртэй эрүүл хоол хүнс идэх

  • Жингээ эрүүл хэмжээнд байлгах

  • Стрессээ зохицуулах зэрэг юм.

Нэг хэцүү зүйл нь сүнснийхээ хийх нь зөв гэж мэддэг зүйлийг биеэрээ үйлдэх. Ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр, мөнх бус байдлын сорилтуудын нэг бол бие махбодынхоо хүслийг дотор нь орших сүнсэнд захируулах явдал юм.

“Сатан бидний дур хүслийн хүчийг мэддэг. Тиймээс тэр биднийг идэх хэрэггүй зүйлийг идэж, уух ёсгүй зүйлийг уухад … уруу татдаг!”

“Бид өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг үнэнээр мэдэх үедээ ийм хүслийг хянахыг хүсдэг болно.… Бид өдөр бүрийн залбиралдаа [Бурхан бол] бидний Бүтээгч гэдгийг талархалтайгаар хүлээн зөвшөөрч, ариун сүм болсон бие махбодынхоо цог жавхланд баярлах болно. Бид үүнд санаа тавьж, үүнийгээ Бурханаас хүлээн авсан хувийн бэлэг болгон нандигнана.”

Бурханы өгсөн бие махбодод талархаж сурч, баяр баясгаланг олох

27 настай гурван хүүхдийн ээж би ревматойдный артрит буюу удаан эмчлүүлэлгүй явбал үе мөчийг устгадаг аутоиммуны өвчтэй гэж оношлогдов. Бие махбод, сэтгэл санааны хувьд миний амьдрал хяналтаас гарах нь тэр. Би сэтгэл санаагаа тогтвортой байлгахын төлөө мөн өмнө нь байдаг л зүйл гэж бодож байсан сайн эрүүл мэндээ эргүүлэн авахын тулд Бурханд хандан тусламж гуйсан юм.

Би сэтгэлийн түгшүүрээс болж сэтгэл зүйчээс тусламж хүссэн. Би үе мөчний эмчтэйгээ уулзан, ямар эм хэрэглэхээ мэдэж авч, уламжлалт аргаар эмчлэхээр болов. Би огтхон ч бууж өгөөгүй. Олон жил, маш их зовлон үзсэний дараа миний эрүүл мэнд бие махбод, сэтгэл санааны хувьд сайжирсан.

Нэгэн өдөр уулын тэртээх нуур луу алхаж явахдаа би тал дүүрэн зэрлэг цэцэгсийн хажуугаар өнгөрч билээ. Хацрыг минь даган нулимс урсаж, би бие махбодыг минь адисалсан төдийгүй боломжгүй гэж бодож байсан зүйлээ хийх чадварыг өгсөн Бурханд талархсан юм. Миний өвчнийг эмчлэх ямар ч арга зам байхгүй бөгөөд өвчин миний биед мэдэгдэхүйц сөрөг нөлөөг үзүүлсэн байв. Гэхдээ ууланд алхаж, дасгал хийх нь миний сонирхдог зүйл болж, би эрүүл мэнддээ хайнга хандахаа больсон.

Бие махбодын хувьд бэрхшээлтэй байгаа ч би саяхан нөхөртэйгөө хамт АНУ-ын Вашингтонд (уулаар алхах спортын ноён оргил!) ахмад номлогчдоор үйлчилсэн. Өдий наслахдаа би Сүмийн бараг бүх боломжит дуудлагад үйлчилсэндээ талархдаг.

Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн, “Бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн хамгийн дээд бүтээл болох сүр жавхлант бие махбодынхоо гайхамшигт адислалд бид үргэлж талархаж явах болтугай. Бидний бие агуу ч гэлээ энэ нь бидний эцсийн зорилго биш. Энэ нь биднийг мөнхөд өсөж хөгжөөсэй гэж өгсөн Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг билээ.”

Эх сурвалж

  1. Ерөнхий чуулганы санваарын хуралдааны үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан. “Есүс танаас мөн надаас ‘наманчлахыг’ [Лук 13:3, 5-ыг үзнэ үү] хүсэхдээ биднийг оюун санаа, мэдлэг, сүнс, тэр бүү хэл амьсгалах арга замаа хүртэл өөрчлөхөд урьдаг. Тэрээр биднээс хайрлах, бодох, үйлчлэх, цаг заваа зарцуулах, эхнэртэйгээ харилцах, хүүхдүүддээ заах, тэр бүү хэл бие махбоддоо санаа тавих арга замаа өөрчлөхийг хүсэж байна гэсэн үг” (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 67; тодотгол нэмсэн).

  2. Russell M. Nelson, “Your Body: A Magnificent Gift to Cherish,” Liahona, Aug. 2019, 52.

  3. Russell M. Nelson, Facebook, May 16, 2023, facebook.com/russell.m.nelson.

  4. Шэри Дюү, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson, (2019), 345.

  5. Russell M. Nelson, “Your Body: A Magnificent Gift to Cherish,” 54.

  6. Russell M. Nelson, “Your Body: A Magnificent Gift to Cherish,” 55.