Лиахона
Амиа хорлох явдлын талаар гэр бүлээрээ ярилцах
2024 оны 7-р сар


“Амиа хорлох явдлын талаар гэр бүлээрээ ярилцах,” Лиахона, 2024 оны 7-р сар

Амиа хорлох явдлын талаар гэр бүлээрээ ярилцах

Эцэг эхийн хувьд бид тулгарч болзошгүй аюулуудад хүүхдүүдээ бэлтгэхийг хүсдэг. Хэдийгээр ярилцахад эвгүй байж болох ч амиа хорлох нь тулгарч болзошгүй аюулуудын нэг юм.

Ширүүн урсгал дундуур сэлүүрдэж буй хүмүүс

Гэр бүлийн амьдрал бол ширүүн урсгал дунд сэлүүрдэн явах аялалтай адил. Аврах хантааз, хамгаалалтын малгай өмсдөг гэр бүлүүдийн хувьд эцэг эхчүүд нь өмнө нь энэ замаар явж үзсэн голын зам заагчид шиг байдаг. Хүчтэй урсгал эсвэл урд байх хадан цохионы талаар бид хүүхдүүддээ сэрэмжлүүлэх хэрэгтэй. Голоор доош уруудахад аюулт хүрхрээ байвал бид хүүхдүүддээ энэ талаар сэрэмжлүүлэхгүй гэж үү? Бид чиглэлээ өөрчлөхийн тулд хэрхэн сэлүүрдэхийг болон жолоогоо хааш нь эргүүлэхийг зааж өгөх үү аль эсвэл тэднийг хадан хясаанаас зүүгдсэнийх нь дараа сэрэмжлүүлнэ гээд хүлээх байсан уу?

Эцэг эхийн хувьд амиа хорлох явдал гэх мэт таагүй сэдвээр ярилцахад эвгүй байж болох ч бид ийм аюулт бодол төрөхөөс нь бүр өмнө хамгаалж, бэлтгэлтэй байхад нь хүүхдүүддээ тусалж чадна.

Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ сэтгэлийн хаттай болоход мөн тусламж хэрэгтэй үед хаашаа хандахаа мэдэхэд нь тусалж чадна. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан Рэйна И.Абүрто эгч: “Үүнд сэтгэл санааны өвчний талаар илүү ихийг олж мэдэх, тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслах эх сурвалж олох, эцэст нь өөрсдийгөө болон бусдыг Эдгээгч Эзэн болох Христэд авчрах зэрэг нь орж болох юм” хэмээн заасан.

Ярилцвал зохих чухал асуудал

Зарим тохиолдолд сэжиглэх ямар ч шинж тэмдэггүйгээр амиа хорлосон байдаг. Заримдаа бага зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бол заримдаа эргэлзэхийн аргагүй тодорхой байдаг. Бид хүүхдүүдийнхээ юу бодож байгааг баттай мэдэх боломжгүй тул багаас нь, амиа хорлох тухай бодол төрөхөөс нь өмнө бэлтгэх хэрэгтэй.

“Эдгээр асуудлын талаар хүүхдүүдтэйгээ болон гэр бүлийнхэнтэйгээ мөн тойрог, хамт олныхоо дунд найз нөхөдтэйгөө ярилцах нь чухал” хэмээн Абүрто эгч зөвлөсөн.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд: “Бидний хүн нэг бүрд амиа хорлох талаар бодож байсан, амиа хорлохыг завдаж байсан эсвэл амиа хорлосон гэр бүлийн гишүүд, дотнын найз, танил бий. … Олон тойрог, гадас [болон гэр бүл] хэн нэгнийг амиа хорлосны дараа л амиа хорлохоос урьдчилан сэргийлэх тухай ярилцах талаар боддог. “Яагаад хүлээх ёстой билээ? Яагаад одоо хийж болохгүй гэж?“ гэж би асуумаар байна. Учир нь тойрог, гадасны тань хэн нэгэнд амиа хорлох бодол төрж байна шүү дээ” гэж зөвлөсөн.

Хэдэн жилийн өмнө бидний амьдарч байсан газарт нэгэн эмгэнэлт явдал болсны дараа би хүүхдүүдтэйгээ сууж ярилцсан юм. Есүс Христээр дамжуулан үргэлж урагшлах арга зам байдаг талаар тэдэнтэй хуваалцах шаардлагатайг би мэдэрсэн. Тэдний хийж чадах эсвэл хийж чадаагүй юу ч байсан амиа хорлохыг нь зөвтгөж болохгүй. Хүүхдүүдээ балчир байхад тэднийг ийм эрсдэлд орно гэж бодох шалтгаан байгаагүй ч аюултай, амиа хорлох бодол төрөхөд хэрхэх тухайд бэлтгэхийн тулд олон зүйлийг хийж чадна гэдгээ би мэдэж байсан.

Амиа хорлох явдлын талаар ярих нь үүнээс сэргийлдэг

Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх тухай Сүмийн гарын авлагад: “Амиа хорлох талаар ярих нь хэн нэгний амиа хорлох магадлалыг нэмэгдүүлэхгүй. Үнэндээ амиа хорлох явдлын талаар нээлттэй ярилцах нь үүнээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга зам юм” хэмээн заажээ.

Nationwide Children’s Hospital эмнэлгийн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцсан клиникийн менежер, доктор Жон Акэрмэн: “Амиа хорлох явдлын талаар ярих аюулгүй орон зайг бий болгох нь хүүхдийн амийг аварч магадгүй юм” гэж хэлсэн. Тэрээр цааш нь: “Хэрэв хүүхдэд амиа хорлох бодол орж ирж байвал насанд хүрэгч үүнд санаа тавьж, нээлттэй ярилцахад бэлэн байх нь ихэвчлэн тэдэнд тусалдаг” гэжээ.

Абүрто эгч: “Амиа хорлох явдлын талаар зохистой байдлаар ярих нь үүнийг өөгшүүлэхээс илүү урьдчилан сэргийлэхэд тусалдаг” гэж заасан. Түүний аав амиа хорлож нас баржээ. Тэрээр олон жилийн турш аавынхаа үхлийн талаар гэр бүлийнхэнтэйгээ ярихаас зайлсхийж явсан байна. Гэсэн хэдий ч энэ талаар нууж хаалгүй, илэн далангүй ярихын үнэ цэнийг тэр олж мэджээ. “Би аавынхаа амиа хорлосон талаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцсан бөгөөд хөшигний хоёр талд Аврагч эдгээдгийг биеэрээ мэдэрсэн.”

Амиа хорлох явдлын талаар нээлттэй ярилцах нь амиа хорлох бодол төрөх цагт энэ асуудлаа ганцаараа шийдэх гэж оролдохын оронд эцэг эх, итгэл даасан насанд хүрэгчдэд хандах боломжийг хүүхдэд нээж өгдөг.

Зургаа, долоохон настай хүүхдүүдэд хүртэл амиа хорлох бодол төрж байсан тухай мэдээлсэн байдаг. “Өмнө нь … эмч, судлаачид болон эцэг эхчүүд 10, 11-ээс доош, бага насны хүүхдүүдэд амиа хорлох бодол төрдөг гэдэгт итгэдэггүй байсан” талаар доктор Акэрмэн ярьсан юм. “Энэ бол ташаа ойлголт гэдгийг бид мэднэ.” Бага насны хүүхдүүд ч гэсэн дарамт, сэтгэлийн шаналал, цөхрөл зэрэг мэдрэмжийг амиа хорлохтой холбож болох талаар тэр тайлбарласан.

Абүрто эгч: “Өөрсдөөсөө болон бусдаас өвчний шинж, тэмдгийг хэрхэн таньж сурах нь тус болж болох юм. Бид бас буруу, эрүүл бус бодлын загварыг олж харж, тэдгээрийг хэрхэн зөв, эрүүл бодлоор солих талаар сурч болно” гэж онцолсон.

Амиа хорлох явдал бидний бодож байснаас илүү олон тохиолддог

Дэлхий даяар бараг 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог ба энэ нь 15–24 насны хүмүүсийн дундах нас баралтын хоёр дахь том шалтгаан юм. АНУ-ын Юта мужид амьдардаг мянга мянган өсвөр насныхны дунд Бригам Янгийн Их Сургуулийн судлаачдын саяхан явуулсан судалгаагаар хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхний дунд ойролцоогоор 12 хувь нь амиа хорлох талаар нухацтай бодож, 4 хувь нь амиа хорлохыг завдаж байсныг олж тогтоожээ.

Статистик жишээ татахад, өсвөр насны 25 хүүхдийн 3 нь амиа хорлох талаар нухацтай бодож, нэг нь амиа хорлохыг завдаж байсан байна.

Хэрэв бид хямралын оргил цэгт хүрэхээс нь өмнө, өөрөөр хэлбэл бодол санаа нь төлөвлөгөө болж хувирахаас нь өмнө шаардлагатай дэмжлэг туслалцааг хүүхдүүддээ үзүүлж чадвал амаа барихаасаа өмнө бодлоо өөрчлөхөд нь туслах боломжтой.

Хаанаас эхлэх

Балчир наснаасаа хүүхдүүд мэдрэмжүүдийг ойлгож эхэлдэг ч үүнийгээ зөв тайлж сурахад нь бидний тусламж хэрэгтэй. Эхний алхам нь бага насны хүүхдэд сэтгэл хөдлөлтэй холбоотой үгсийн сантай болоход нь туслах явдал юм. Бид хүүхдүүдэд уурлах, гуниглах, сэтгэл гонсойх гэх мэт мэдрэмжүүдийн ялгааг ойлгуулан таниулж чадна. Хэрвээ хүүхэд юу мэдэрч байгаагаа тайлбарлаж чаддаг бол бид тэр мөчөөс хамтран ажиллах боломжтой. Бүр зургаан настай хүүхдүүдтэй насанд нь тохирсон арга замаар тэдэнд төрж буй хурц мэдрэмжийнх нь талаар ярилцаж, тэдгээр мэдрэмжийг нь тодорхойлж, шийдвэрлэхэд тусалж чадна.

Эртнээс ийм яриа өрнүүлэх нь эцэг эхчүүдэд хүүхдэд нь төрж буй сэтгэл хөдлөлийн ердийн хүрээг мэддэг болоход тусална. Ихэнх хүүхэд сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй байдаг. Энэ нь хэвийн зүйл. Бага насны хүүхдүүдтэй эртнээс, байнга ярилцах нь эцэг эхчүүдэд хүүхэд насны ердийн сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, аюултай бодол санаа хоёрын хоорондын ялгааг ялган таних сэтгэл хөдлөлийн хэмжүүртэй болоход тусалдаг.

Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх талаар ярих нь эцэг эхчүүдийн явуулдаг урьдчилан сэргийлэх бусад сургалттай адил юм. Бид машин хэрхэн жолоодох, ослын үед юу хийх тал дээр бэлддэг шиг амиа хорлох бодол төрөх үед хэрхэхэд хүүхэд, өсвөр үеийнхнийг бэлдэж чадна. “Бид хүүхдүүддээ сэтгэл хөдлөлийн ямар мэдрэмж төрж, найз нөхдөд нь ямар шинж тэмдэг илэрч болохыг ойлгуулж, тэднийг бэлтгэж чадна” хэмээн доктор Акэрмэн хэлсэн.

Залуу эмэгтэй завь зөөхөд тусалж байгаа нь

Үргэлжлүүлэн ярилцах

Хүүхдүүд томрохын хэрээр тэдэнтэй илүү том хүн шиг ярилцах хэрэгтэй. Бид нээлттэй асуулт тавьж, тэдэнд илэн далангүй хариулахыг зөвшөөрч болно. Хүүхдүүдийг хэцүү мэдрэмжээ нууж хаалгүй илэрхийлэхэд урамшуул. Хэцүү мэдрэмжүүдээ илэрхийлэх нь үүний хүчийг мөн үргэлжлэх хугацааг нь багасгадаг болохыг судалгаа харуулдаг.

Сэтгэл гутрах, амиа хорлох, урам хугарах талаар нээлттэй ярилцсанаар хүүхдүүд бодол, мэдрэмжээ чин сэтгэлээсээ хуваалцаж, сэтгэлээ айж эмээлгүй хуваалцаж болохоо мэдэж авдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн нэгэн зөвлөх: “Тэд бас та тэдэнд маш ихээр санаа тавьдаг бөгөөд аз жаргал, сайн сайхныг нь юу юунаас дээгүүр тавьдаг гэсэн баттай ойлголттой болдог” гэжээ.

Бидний үр хүүхдүүдээ хайрлах хайр, үзүүлдэг тусламж дэмжлэг Тэнгэрлэг Эцэгийн бидний хүн нэг бүрийг гэх хайрыг үлгэрлэх боломжтой. Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018): “Таны Тэнгэрлэг Эцэг та нарыг бүгдийг нь хайрладаг. Тэр хайр хэзээ ч өөрчлөгддөггүй. … Гунигтай эсвэл баяртай, цөхөрсөн эсвэл итгэл найдвартай байх бүхий л үед Тэрээр та нарыг хайрлаж байдаг. Хайрлуулах эрхтэй байгаа эсэхээс үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. Тэнгэрлэг Эцэг та нарыг ямар ч тохиолдолд үргэлж хайрладаг билээ” хэмээн заасан.

Амиа хорлох явдлын талаар хүүхдүүдтэйгээ ярилцсаны дараахан есөн настай хүү маань надтай ганцаарчлан ярьж болох уу гэж асуусан юм. Тэр надад амиа хорлох талаар, мөн хэрхэн ийн үйлдэх тухай бодож байснаа хэлж билээ. Түүнд ийм бодол төрж байсныг би төсөөлөө ч үгүй. Би түүнийг тэвэрч, зориг гарган надад хэлсэнд нь талархаад, түүнийг юу ч хийж, юу ч бодсон бай манай гэр бүлийн эрхэм нандин, хэрэгтэй гишүүн гэдгийг нь хэлж билээ. Харин би түүнд амиа хорлох бодол төрж буй эсэхийг болон сэтгэцэд нь өвчний шинж тэмдэг илэрч буй эсэхийг цаашид ажиглана гэж өөртөө амласан.

Амиа хорлох нь хариулт биш

Зарим өсвөр үеийнхэн амиа хорлох нь цөхрөлөөс ангижрах цорын ганц арга зам гэж боддог байж магад. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жэффри Р.Холланд ийн урамшуулсан. “Гэхдээ … би чинь олон алдаа гаргасан шүү дээ гэж бодож байсан ч … эсвэл гэр орон, гэр бүл, Бурханаасаа хэчнээн их холдчихсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би гэрчилж байна. Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй.”

Бага насны хүүхдүүдтэйгээ ярилцахаас гадна бид өсвөр үеийнхэнд ерөнхийлөгч Холландын өгсөн дараах загварын талаар ярьж болох юм. “Дотроо шаналан тэмцэж байгаа өсвөр үеийнхэн минь, та нар ямар ч асуудал, бэрхшээлтэй байсан амиа хорлох нь хариулт биш гэдэг нь тодорхой юм шүү. Энэ нь та нарын мэдэрч буй эсвэл бусдад учруулж байна гэж та нарын бодож буй тэрхүү шаналал зовлонгоос та нарыг чөлөөлөхгүй. Авч болох бүхий л гэрэл хэрэгтэй байгаа энэ дэлхийд та нарын бодгальд энэ дэлхийгээс өмнө өгсөн Бурханы мөнхийн гэрлийг битгий бөхөөгөөрэй. … Христийн амиа өргөн байж хамгаалсан амьдралыг бүү сүйтгэ. Бид та нарт туслах тул та нар энэхүү мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг үүрч чадна. Та нар бодож байгаагаасаа ч илүү хүчтэй. Бусад хүн, тэр дундаа Бурхан туслахад бэлэн байдаг. Та нар хайрлагдсан, үнэ цэнтэй, хэрэгтэй хүмүүс. Та бидэнд хэрэгтэй!”

Аюулын харанга дэлдэхээс ч өмнө та энэ тухай хэзээ ярих нь тохиромжтой талаар ханьтайгаа зөвлөлдөж болно. Та хүүхдүүдтэйгээ ярилцах цаг, хэлэх үгсээ удирдан чиглүүлэхэд туслахыг гуйн, залбирч байгаад Сүнсийг эрэлхийлж болно.

Хэн нэгний амиа хорлох сонголтын хариуцлагыг бид үүрэхгүй ч үүнээс сэргийлэх ямар нэгэн зүйлийг хийж чадна. Ерөнхийлөгч Холланд:

“Бурханы Төрсөн Ганц Хүү үхлийг ялан дийлж, бидэнд амьдрал бэлэглэхээр ирсэн.

Бид амьдралын тэр бэлэгт өөрсдийгөө бүрэн зориулж, энэхүү ариун нандин бэлгээс татгалзах эрсдэлтэй байгаа хүмүүст туслахаар яарах ёстой” гэж заасан билээ.

Эх сурвалж

  1. Рэйна И.Абүрто, “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65.

  2. Warning Signs of Suicide,” How to Help, Suicide, Life Help, Gospel Library-ийг үзнэ үү.

  3. Рэйна И.Абүрто, “Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!,” 65, Эх сурвалжийн 10-р эх сурвалж.

  4. Dale G. Renlund, “What We Know about Suicide” (video, 2018), ChurchofJesusChrist.org.

  5. Will Talking about Suicide Make Someone More Likely to Attempt Suicide?” FAQ, Suicide, Life Help, Gospel Library.

  6. John Ackerman, “How to Talk to Kids about Suicide,” On Our Sleeves: The Movement for Children’s Mental Health, Aug. 2022, onoursleeves.org.

  7. Рэйна И.Абүрто, “Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!,” 65.

  8. Кристин Франсис, “How to Talk to Your Child about Suicide: An Age-by-Age Guide,” University of Utah Health, Sept. 6, 2022, healthcare.utah.edu-г үзнэ үү.

  9. John Ackerman, in “Talking to Children under 12 about Suicide” (video), included with article “How to Talk to Kids about Suicide,” onoursleeves.org-ийг үзнэ үү.

  10. Рэйна И.Абүрто, “Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!,” 65, 13-р эх сурвалж.

  11. “Suicide Statistics,” SAVE: Suicide Awareness Voices of Education, save.org-ийг үзнэ үү.

  12. W. Justin Dyer, Michael A. Goodman, and David S. Wood, “Religion and Sexual Orientation as Predictors of Utah Youth Suicidality,” BYU Studies Quarterly, vol. 61, no. 2 (2022), 88-ыг үзнэ үү.

  13. Ackerman,“How to Talk to Kids about Suicide,” “Talking to Children under 12 about Suicide” (видео), onoursleeves.org-ийг үзнэ үү.

  14. Ackerman,“Talking to Children under 12 about Suicide” (видео), onoursleeves.org.

  15. Ackerman, “How to Talk to Kids about Suicide,” onoursleeves.org-ийг үзнэ үү.

  16. Naomi Angoff Chedd, in Sherri Gordon, “How to Talk to Your Kids about Suicide at Every Age,” Very Well Family, Nov. 16, 2022, verywellfamily.com.

  17. Томас С.Монсон, “Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141–144.

  18. Жэффри Р.Холланд, “Tалбайд хөдөлмөрлөгсөд.” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  19. Жэффри Р.Холланд, “Бүү ай, гагцхүү итгэ!,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36.

  20. Жэффри Р.Холланд, “Бүү ай, гагцхүү итгэ!,” 36.