Лиахона
Амьдралын гайхамшигт бэлтгэл
2024 оны 7-р сар


“Амьдралын гайхамшигт бэлтгэл,” Лиахона, 2024 оны 7-р сар.

Амьдралын гайхамшигт бэлтгэл

Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн номлолдоо сурч мэдсэн зүйлс амьдралыг нь мөнхөд адисална.

Зураг
Хоёр залуу ахлагч гудамжаар алхаж байгаа нь

Бага байхаас минь л номлогчдын эрч хүч намайг соронз мэт татдаг байсан. Уругвайн Минаст байдаг манай жижигхэн салбарын ариун ёслолын нэг цуглааны үеэр нэгэн номлогч гэрчлэлээ хуваалцаж, номлолынхоо талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүний хэлсэн үгс миний бодол, зүрх сэтгэлд хоногшсон.

“Нэг л өдөр би номлолд үйлчлэх болно” гэж би өөртөө хэлэв.

Пристийн хувьд нэг их удалгүй надад номлогчдыг дагалдан хичээлд оролцох боломж олдсон юм. 16 насандаа би номлогч байх ямар байдгийг өөрийн биеэр үзсэн ба энэ нь мартагдашгүй үйл явдал байсан!

Намайг 18 нас хүрэхэд, манай салбараас номлолд гарсан хэдэн залуу номлолоосоо бууж ирсэн ба тэдний дотор Аргентинд үйлчлээд буцаж ирсэн эгч Ана минь байв. Тэдний туршлага, гэрчлэл бас миний зүрх сэтгэлийг хөндсөн юм.

19 насныхаа төрсөн өдрөөр би Аврагчийн сайн мэдээг тунхаглаж Түүний талбайд үйлчлэхээр урагш алхахаар нэрээ өгөхийг хүссэн (Сургаал ба Гэрээ 75:2-ыг үзнэ үү). Би номлолын бичиг баримтуудаа бэлдэж, илгээв. Миний дуудлага ирж, би ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын гарын үсэгтэй захидлыг нээгээд Уругвай, Парагвайн номлолд үйлчилнэ гэдгээ уншив. Би эх орондоо үйлчлэхээр дуудагдсан байлаа! Би “агуу баяр хөөрийн баярт мэдээг, бүр үүрдийн сайн мэдээг” (Сургаал ба Гэрээ 79:1) тунхаглах боломж тохиосонд баярлаж байв.

Би Уругвайн Монтэвидэо руу автобусаар хоёр цаг явсны эцэст номлолын оффис дээр ирлээ. Номлолын ерөнхийлөгч намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчоор онцгойлон адисалж, надад хамтрагч оноов. Тэр өдрийнхөө үдээс хойш бид хаалга тогшиж эхэлсэн юм.

Эхэндээ номлол миний төсөөлж байсан шиг тийм ч сайхан санагдахгүй байх үеүд гардаг байсан. Аз болж надад Их Эзэний үйлчлэлд өөрийгөө зориулахын баяр баясгаланг олж нээхэд тусалсан дуулгавартай, хөдөлмөрч хамтрагч байсанд талархдаг. Түүний үлгэр жишээ номлолын туршид намайг адисалсан.

Гэхдээ Аврагч Есүс Христийн төлөөлөгч болох бэлтгэлээ би аль эртнээс эхэлсэн юм.

Энэ бүхэн зангианы хавчаараас эхэлсэн

1962 оны 1-р сард намайг зургаан настай байхад номлогчдын нэг нь зангианы хавчаараа алга болгоод, оронд нь нэгийг авахаар аавын минь үнэт эдлэлийн дэлгүүрт ирсэн юм. Дэлгүүрт байхдаа тэд хэн нэгний гитар тоглож байхыг сонсжээ. Хэн тоглож байгааг асуухад аав маань тэднийг өрөө рүү оруулж, найзтайгаа танилцуулсан байна.

Ярилцаж байх зуураа аав найзтайгаа хамт номлогчдоос гитар тоглодог эсэхийг нь асуув. Нэг ахлагч нь бага зэрэг тоглодог гэжээ. Аавын маань найз гитараа түүнд өгч, тоглохыг хүссэн байна. Тэр хэдэн ая тоглож, хамтрагч нь дуулжээ.

Номлогчид зүгээр л зангианы хавчаар хайн ирсэн ба ингэснээр манай гэр бүлийг Есүс Христийн сайн мэдээтэй танилцуулсан юм. Бид номлогчидтой сайн найзууд болж, хичээл заалгаж эхэлснээр сайн мэдээний үр суулгагдаж, эхлээд ээж Элсагийн, дараа нь эгч Ана, Стэлла хоёрын, сүүлд нь миний зүрх сэтгэлд соёолж эхэлсэн билээ.

Тэр өдрөөс хойш манай гэр бүл номлолын ажлыг улам ихээр хайрлах болсон. Би номлолд үйлчилсэн, миний хөвгүүд ч номлолд үйлчилсэн бөгөөд одоо миний ач зээ нар номлолд үйлчлэхээр бэлтгэж, бас үйлчилж эхлэн, гурван үеийн номлогчид болж байна.

Номлогч байх хэзээ ч амар байгаагүй. Номлолын талбарт гарахын өмнө залуу эрэгтэй, эмэгтэй бэлтгэгдсэн байх шаардлагатай. Үүнд эцэг эх, гэр бүл, Сүмийн удирдагчид сайн үлгэр жишээ болж, өсвөр үеийнхнийг багаас нь бэлтгэхээр нэг баг болж ажиллах боломжтой.

Тэднийг бэлтгэхэд туслах нэг арга зам бол амьдралд хэрэгтэй ур чадварыг тэдэнтэй хуваалцах явдал юм. Мөнгө хуримтлуулах, хувцсаа угаах, индүүдэх, оёх, гутлаа тослох, хоол хийх, бусадтай ярилцах, бусдад үйлчлэх зэрэг ур чадварууд номлолд үйлчлэхэд нь тусална. Семинар, институтэд оролцох нь номлолд бэлтгэхэд тусалдаг бөгөөд гэр орон, чуулга, ангид сурсан зүйлийг нь нэмж бататгадаг.

Бидний дэмжлэг номлолын талбарт нь ч үргэлжлэх ёстой. Номлогчдод маань бараг өдөр бүр тохиолддог гайхалтай туршлагуудыг сонсох үнэхээр сайхан. Бид ч бас тэдний зааж буй хүмүүст тусалснаар үүнийх нь нэгэн хэсэг болж чадна. Жишээлбэл: Манай гэр бүлд хичээл заасан нэг номлогчийн маань ээж миний ээжтэй холбогдож, олон жилийн турш түүнд захидал бичин ээжид минь гэрээний зам дээрээ үлдэхэд тусалсан.

Бид ирээдүйн номлогчдыг бэлтгэхэд туслахдаа, номлолын ажил нь Сүм дэх уламжлал гэдгээс хавьгүй илүү зүйл бөгөөд энэ нь Их Эзэний урилга хийгээд тушаал (Матай 28:19-ийг үзнэ үү) гэдгийг санах хэрэгтэй. Эхлэлд Адам, Ева хоёр сайн мэдээг заасан. Дараа нь тэд хүүхдүүддээ сайн мэдээг заасан (Мосе 5:6–12-ыг үзнэ үү). “Мөн ийн Бурханы оршихуйгаас урагш илгээгдсэн ариун тэнгэр элчүүдээр мөн түүний Ариун Сүнсний бэлгээр тунхаглагдсан Сайн мэдээ эхлэлээс номлогдож эхлэв” (Мосе 5:58).

Энэхүү номлол үргэлжилсээр эдүгээ 71000 гаруй номлогчийн арми бий болжээ. Гэхдээ тэргүүн шугамд илүү олон, бүр олон номлогч, бас гишүүдийн арми бидэнд хэрэгтэй байна.

Зураг
Хоёр номлогч эгч залбирч байгаа нь

Бид номлолдоо юу сурч болох вэ?

Номлолд байхдаа би ажилдаа зүгширч, захиасныхаа талаар илүү гүнзгий бодож эхэлсэн билээ. Би сайн мэдээ үнэн гэдгийг үргэлж мэдэрдэг байсан ч үнэхээр үнэн гэдгийг мэдэж авахыг маш их хүсдэг байсан. Би залбирч, мацаг барьж, судалж, дараа нь хариултаа хүлээсэн.

Нэг өдөр хичээл дээрээ би Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх түүхийг хуваалцсан юм.

“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа. …

Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс! гэж хэлэв” (Иосеф Смит—Түүх 1:16–17).

Тэр мөчид Ариун Сүнс миний зааж байгаа зүйлийг үнэн гэдгийг баталж байгааг би мэдэрсэн. Бошиглогч Иосеф Смит үнэхээр Эцэг, Хүү хоёрыг харсан; Мормоны Ном бол Бурханы үг бөгөөд Библийн хамт бидний Аврагчийг гэрчилдэг. Энэ нь миний бодгальд ямар их амар амгаланг авчирсан гээч. Хэдэн арван жилийн дараа ч энэ нь надад халуун дулаан мэдрэмж төрүүлсээр байдаг.

Миний номлол яг л сүнслэг байдлаараа магистрын зэрэг авахтай адил байсан. Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн номлолдоо сурч мэдсэн зүйлс амьдралыг нь үүрд адисална. Тэдний сурч мэддэг олон зүйлийн заримаас дурдвал:

  • Сайн мэдээний зарчмуудыг өдөр бүр хэрхэн судлах, залбирах, заах, хэрэгжүүлэх

  • 24 цагийн туршид хамтрагчтайгаа хэрхэн амьдрах

  • Эрүүл мэнддээ хэрхэн анхаарах

  • Хэрхэн төлөвлөх

  • Удирдах чадвараа хэрхэн сайжруулах

  • Бусдыг хэрхэн ойлгох

  • Ариун Сүнсийг хэрхэн эрэлхийлэх, сонсох, Түүгээр удирдуулах гэх мэт.

Номлолд үйлчилдэг залуу эрэгтэй, эмэгтэйчүүд номлолд сурсан зүйлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр хүчирхэгжиж, амьдралын сорилттой нүүр тулгарахад бэлтгэгддэг.

Өнөөдөр бол цаг нь

Бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

“Дэлхийн түүхийн цаг үеүдээс чухам өнөө үед л Аврагчийн маань тухай мэдлэг хүмүүний бодгаль бүрд илүү хамаатай, илүү зайлшгүй хэрэгтэй байна. Бид бүгдээрээ Есүс Христийг болон Түүний сургаалыг дагахыг сонговол, дэлхий даяарх хохирол сүйрэл дагуулдаг сөргөлдөөнүүд, хувь хүний амьдрал дахь асуудлууд ямар хурдан шийдэгдэж болохыг төсөөлөөд үз дээ.”

Өнөөдөр өөрийн хэн болохыг төдийгүй эр зоригоо харуулан Есүс Христийн сайн мэдээг хуваалцах цаг тань болжээ. Өнөөдөр залуус маань сургаал заах номлолд эсвэл үйлчлэлийн номлолд үйлчлэхээр Их Эзэний цэрэгт бэлтгэх өдөр юм. Дэлхийд та нар хэрэгтэй! Хүчирхэгжүүлэх ёстой өвдөг, өргөж босгох ёстой гарууд гэж бий (Сургаал ба Гэрээ 81:5-ыг үзнэ үү).

Их Эзэнээс ирсэн дараах урилга биднийг үйлдэхэд хөтөлж, үнэний тугийг дээш өргөхөд чиглүүлэх болтугай.

“Болгоогтун, та нар урагш одо[х] …нь миний таалал болой гэдгийг би та нарт хэлнэ.

Та нарт миний өгсөн илчлэлт хийгээд зарлигуудын дагуу үнэнийг тунхаглан дуу хоолойгоо бүрээн дуу мэтээр өргө.

Мөн ийн, хэрэв та нар итгэлтэй байх аваас, та нарт … алдар хүнд, мөн алдар суу, мөн үхэшгүй байдал, мөн мөнх амьдралын титмийг хүртэх болно” (Сургаал ба Гэрээ 75:3–5).

Эх сурвалж

  1. Аавын минь үнэт эдлэлийн дэлгүүрт ирсэн номлогчдыг ахлагч Ралф Харди, ахлагч Калвин Хэррон гэдэг байсан.

  2. Рассэлл М.Нэлсон, “Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” Лиахона, 2021 оны 11-р сар, 6.

Хэвлэх