Орон нутгийн хуудсууд
Рүтстек чуулган 2024
2024 оны 2-р сарын 27-оос 3-р сарын 3-ны хооронд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод ЕХХҮГС-ээс 13 дахь жилдээ зохион байгуулсан “RootsTech” гэр бүлийн түүхийн хамгийн том чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн биеэр болон зайнаас оролцож, гэр бүлийн түүх, ургийн бичигт ашиглагдаж байгаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи, арга барил, мэдээ мэдээлэл авахаас гадна алдартай зочдын сонирхолтой илтгэлээс суралцах боломжтой байдаг. Монголчуудын хувьд энэхүү арга хэмжээнд биечлэн оролцох боломж тэр бүр олддоггүй ч энэ удаад Юта мужид амьдардаг монголчуудаас гадна “FamilySearch” байгууллагын урилгаар Монголоос зарим хүндэт зочин биечлэн оролцсон юм. Тэдний заримынх нь сэтгэгдлийг сонирхуулъя.
Үндэсний Төв Архивын захирал Т.Сайнжаргал: “RootsTech-2024 чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Аrchives and Records Custodians Symposium” арга хэмжээнд оролцож, гэр бүлийн түүхээ бүрдүүлэх үзэсгэлэн хурал, шашны байгууллагын архивын үйл ажиллагаа, арга зүйтэй танилцсан маань маш сонирхолтой байлаа. Дэлхий нийтийн хандлага архивын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах, дата бүрдүүлэхэд чиглэж байгаа бас энд архивын үүрэг чухал юм гэдгийг онцолмоор байна” гэлээ.
Судалгааны ажлаар Солт Лэйк хотод ирэхдээ уг чуулганд оролцсон шашин судлаач, доктор Ж.Алтайбаатар: “Гэр бүлийн түүх буюу ургийн бичгээ хөтлөх явдал дэлхий нийтийн үйл хэрэг болсныг мэдэрлээ. Монголчууд ургийн бичиг хөтлөх олон жилийн түүх, уламжлалтай боловч хөгжлийн хувьд хоцорч эхэлсэн санагдлаа. Ургийн бичиг хөтлөх нь шинжлэх ухаан, технологийн дэвшилд түшиглэн олон улсын түвшинд маш сайн хөгжиж байгаа төдийгүй ердийн ухамсрын түвшинд хүмүүс гэр бүлийн түүхээ мэдэх зорилгоор хобби болгон хөгжүүлж байгаа нь ч харагдаж байна. Зөвхөн түүх бичиж үлдээх аргын тухайд цаасан тээгчийг ашиглахаас гадна дижитал технологи, хиймэл оюун ухаан ашиглах болсон нь маш их сонирхол татлаа” гэсэн юм.
Түүнчлэн уг чуулганд биечлэн оролцсон Сүмийн ОНХА-ны захирал С.Насанболд: “Гэр бүлийн түүхийн ажлаа итгэлтэйгээр хийх нь гишүүн бүрийн хувьд маш чухал бөгөөд Сүмийн зүгээс үүнийг дэмжин ямар их ач холбогдол өгч ажилладгийг би RootsTech чуулганд оролцсоноор мэдэрлээ. Учир нь энэ ажлаар дамжуулан авралын төлөвлөгөөний дагуу бид хайртай хүмүүстэйгээ мөнхөд хамтдаа байж чадна. Гишүүн бүр энэ чуулганы хөтөлбөр, хичээлүүдийг үзэж, гэр бүлийн түүхийн ажлыг хэрхэн хийх арга зүйг мэдэж аваасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж хуваалцав.