“Оршил,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), ix–xii
“Оршил,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, ix–xii
Оршил
Энэхүү цуврал хичээлийн зорилго
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа гэсэн энэ цуврал хичээл нь Сүмийн гишүүдэд гэрлэлт, гэр бүлээ хүчирхэгжүүлэх, гэр бүлийн харилцаандаа баяр баясгаланг олоход туслах зорилготой. Энэ нь хоёр хэсэгт хуваагддаг. “Гэрлэлтээ хүчирхэгжүүлэх” гэсэн А хэсэг нь ялангуяа гэрлэсэн хосууд болон гэрлэхээр зэхэж буй гишүүдэд тус болох юм. “Гэр бүлийг хүчирхэгжүүлэхэд гүйцэтгэдэг эцэг эхийн үүрэг хариуцлага” гэсэн Б хэсэг нь эцэг эх, эмээ өвөө нарт “[хүүхдүүдээ] Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүлэх” (Ефес 6:4)-д хичээл зүтгэл гаргахад нь тусална.
Энэ цуврал хичээл нь судар болон хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн заасан сургаал, зарчмууд дээр үндэслэгдсэн. Энэ нь viii хуудсан дээрх “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т онцгой анхаарал хандуулдаг.
Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг
Та гэрлэлтийн болон гэр бүлийн мөнхийн ач холбогдлыг мөн гэрлэлт, гэр бүлийг хүчирхэгжүүлэх асар их хэрэгцээ байгааг тунгаан бодсоноор энэ цуврал хичээлийг заах дуудлагынхаа гүн гүнзгий ач холбогдлыг ухаарч эхэлнэ. Та бүхнээ зориулан, залбиран байж бэлдсэнээр өөртөө болон гэр бүлдээ, цаашилбал энэ цуврал хичээлд оролцож буй хүмүүст адислалуудыг авчрах болно. Та дуудлагаа эрхэмлэн биелүүлэхээр хичээхдээ энэ болон x–xi хуудсан дээрх тоймлосон зарчмуудыг санаарай.
Өөрийгөө заахад бэлтгэх
Та энэ цуврал хичээлийг заах багшийн хувьд сайн мэдээний сургаалуудыг Ариун Сүнсний хүчээр заах үүрэгтэй. Та гэр бүлд зөвлөгөө өгөх мэргэжлийн сургалтад хамрагдах эсвэл гэр бүлүүдэд тулгарч болох бүх асуудлын шийдлийг олох шаардлагагүй. Ангийн ярилцлагууд нь оролцогчдыг амьдралынхаа талаар тунгаан бодож, залбирч мөн гэр бүлдээ өөрчлөлт гаргахад удирдан чиглүүлдэг байх учиртай.
Хувийн бэлтгэлээ хангах, өөрийн зааж буй хүмүүсийг хайрлах, Сүнсээр заах гэх мэт сайн мэдээг заах үндсэн, нэн чухал зарчмууд дээр тусламж хэрэгтэй бол дараах материалуудыг ашиглана уу. Үүнд:
-
“Gospel Teaching and Leadership,”section 16 of the Church Handbook of Instructions, Book 2: Priesthood and Auxiliary Leaders (35209 эсвэл 35903).
-
Teaching, No Greater Call (36123).
-
Teaching Guidebook (34595).
Цуврал хичээлийнхээ өргөн цар хүрээг санаарай
Анхны хичээлээ заахын өмнө цаг гарган, цуврал хичээлийг бүхэлд нь уншиж танилц. Энэ нь танд гэрлэлт, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд эдгээр хичээл хэрхэн уялдаа холбоотой ажиллахыг ойлгоход тусална.
Хичээл бүрд бэлтгэхдээ, цуврал хичээлийн талаар ерөнхий ойлголт өгөх агуулгын хүснэгтийг эргэн харах нь тустай байж болно. Заасан болон ойлгож мэдсэн зүйлсээ эргэн харж, хичээл болгоны сургаал, зарчмууд цуврал хичээлийг бүхэлд нь хэрхэн дэмжиж байгааг тунгаан бод.
Хичээлд эртхэн бэлдэж эхлэх
Хичээл бүрд эрт бэлдэж эхэлбэл бэлтгэл тань улам амжилттай байх болно. Хичээлээ заасныхаа дараа шууд дараагийн хичээлээ хар. Хэрэв танд юу заах талаар ямар нэгэн ойлголт байвал хичээлийнхээ талаар долоо хоногийн турш бодох боломж бүрдэнэ. Энэ нь танд онцолбол зохих зарчим, ашиглаж болох арга барил, хуваалцаж болох туршлагаа илүү сайн мэдэж авахад туслах юм.
Оролцогчдын хэрэгцээнд хамгийн сайн нийцэх хичээлийн материалыг сонгох
Хичээл бүрийн сургаал, зарчмуудыг сайтар судлан, оролцогчдын хэрэгцээнд хамгийн сайн нийцэх хичээлийн материалыг сонгоход туслах Сүнсний удирдамжийг эрэлхийл. “Хичээлийн үр дүн таны зааж буй хүмүүст үзүүлж буй нөлөөллөөр хэмжигдэнэ” гэдгийг сана (Teaching, No Greater Call [1999], 103).
Хичээлээ хэрхэн заахаа шийдэх
Хичээл дээр юу заахаа шийдэхээс гадна хэрхэн заахаа шийдэх нь чухал юм. Та үргэлж оролцогчдыг мэдэж авсан сургаал, зарчмаа амьдралдаа хэрэгжүүлэхийг урамшуулах замаар заахыг хичээвэл зохино.
Энэ цуврал хичээлүүдийг лекц маягаар биш, харин ярилцлага маягаар явуулах нь илүү зохимжтой. Зааж буй сургаал, зарчмуудынхаа талаар утга учиртай ярилцлага өрнүүлж, оролцоход нь гишүүдэд тусал. Ангийн хэлэлцүүлгийн талаар Их Эзэний зөвлөгөө Сургаал ба Гэрээ 88:122 дээр байдаг. “Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд, харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог.” Ярилцлагыг хөтлөн явуулах талаар мэдээлэл авах бол Teaching, No Greater Call номын 63–70-р хуудсыг үзнэ үү.
Боломжтой бол хичээлийн зарчмуудыг судалж, ойлгоход нь оролцогчдод туслахын тулд олон арга замыг ашигла. Жишээ нь, самбарт бичих, үзүүлэн материал ашиглах, зураг үзүүлэх боломжуудыг эрэлхийл. Энэ болон бусад аргыг хэрхэн ашиглах талаар тусламж авах бол Teaching, No Greater Call номын 159–184-р хуудсыг гаргана уу.
Оролцогчдыг ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхэд урих
Сайн мэдээний багшийн хувьд та жинхэнэ эх сурвалжаас нь төдийгүй сонирхолтой арга замаар хуваалцсан ч үүндээ сэтгэл ханах ёсгүй. Таны зорилго бол хүмүүст ойлгож мэдсэн сургаал, зарчмынхаа дагуу амьдрахад нь туслах явдал юм. Сүмийн 11 дэх ерөнхийлөгч Харолд Б.Лий ингэж зөвлөсөн.
“Сайн мэдээний бүх зарчим, ёслол нь нэг талаараа сайн мэдээний сургаалыг амьдралд хэрэгжүүлэх замаар сурч мэдэх урилга юм. Хэн ч аравны нэгийг төлөх хүртлээ аравны нэгийн зарчмыг мэдэхгүй. Хэн ч мэргэн ухааны үгийг сахихгүйгээр мэргэн ухааны зарчмын талаар олж мэдэхгүй. Аравны нэг, мэргэн ухааны үг, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих эсвэл залбирах гэсэн зарчмуудын талаар хэн нэгний ярихыг сонсоод хүүхдүүд, бүр томчууд ч гэсэн үүнд хөрвөгдөх боломжгүй юм. Бид сайн мэдээний дагуу амьдарсан үед л үүнийг мэдэж авдаг. …
… Бид үнэндээ зарчим бүрийн дагуу амьдарснаар ирэх адислалуудыг мэдрэх хүртлээ сайн мэдээний сургаалын талаар сурч мэдэх нь үгүй” (Stand Ye in Holy Places [1974], 215).
Сүмийн сэтгүүлүүдэд Сүмийн гишүүд сайн мэдээний дагуу амьдарснаар хэрхэн адислагдсаныг харуулсан сүнслэг түүхүүд олон орсон байдаг. Та сэтгүүлийн индексээс хайж, ямар нэг сургаал, зарчмыг зааж болох түүхийг олж болно. Ангидаа ийм түүхүүдээс хуваалцахыг бод.
Хичээл болгоны төгсгөлд оролцогчдыг мэдэж авсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхэд урь. Тэднийг үйлдэл хийхэд урамшуулан уриалах хангалттай цаг үлдээхэд анхаар. Ийм урилгуудыг өгөх арга замыг төлөвлө. Жишээ нь, “Хүүхэд бол Их Эзэний өв” гэсэн 9-р хичээлийн дараа та хичээлийн гол зарчмуудыг эргэн харж, дараа нь оролцогчдыг хүүхэд болгонтойгоо цаг зав гарган, цагийг өнгөрүүлэх амлалт өгөхөд урьж болно.
Оролцогчдыг цуврал хичээлийнхээ судлах удирдамжийг ашиглахад урамшуулах
Хичээл бүрийг бэлдэх тоолондоо Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (36357) дээрээс холбогдох материалтай танилцах хэрэгтэй. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж мөн (2) хичээл болгон дээр буй өгүүлэл эсвэл өгүүллүүдээс уншихад урамшуулах арга замыг төлөвлө. Гарын авлага дээрх өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.
Оролцогчид хичээл болгон дээр гарын авлагаа авчрах ёстой.
Уламжлалт гэр бүлийн хүрээнд амьдардаггүй хүмүүсийн хэрэгцээнд тааруулах
Гэрлээгүй, бэлэвсэн, салсан эсвэл гэр бүлийн өөр хүнд нөхцөл байдалд амьдардаг оролцогчдынхоо хувийн нөхцөл байдалд мэдрэмтгий ханд. Сүмийн 12 дахь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах мэдэгдлийг сана.
“Бид … хожмын үеийн гэгээнтэн гэр бүлийн төгс жишээг баримталсаар байх ёстой. Зарим нь ийм гэр бүлд одоо амьдрах боломжгүй байгаа нь энэ талаар ярихаа болих хангалттай шалтгаан биш юм. Одоогоор олон хүнд ийм гэр бүлийг бий болгож эсвэл байгуулах аз завшаан байхгүй байгааг бид мэдэж байгаа тул гэр бүлийн амьдралын талаар болгоомжлон ярьдаг. Маш олон зүйл үүнээс шалтгаалдаг тул бид энэ жишгийг хөсөр хаяж болохгүй” (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 294–295).
Гэр бүлийн ноцтой асуудлыг шийдвэрлэх
Ярилцлагыг дэмжихийн зэрэгцээ оролцогчдод гэр бүлийн ноцтой асуудлаа илэн далангүй ярих нь зохимжгүй гэдгийг ойлгуулахад анхаар. Хэрэв оролцогчид ноцтой асуудлын талаар зөвлөгөө авахыг хүсвэл тэднийг бишоптойгоо ганцаарчлан уулзахад эвтэйхэн урамшуул. Тэр тэдэнд зөвлөгөө өгөх боломжтой. Тэр ХҮГ Гэр бүлийн үйлчлэл эсвэл Сүмийн жишигтэй нийцсэн тусламж үзүүлдэг олон нийтийн байгууллагуудыг санал болгож болно.
Таны ашиглавал зохих материалууд
Сүм гэрлэлт, гэр бүлийн тухай үнэн сургаал, зарчмуудыг заахад танд туслах хангалттай сургалтын материалуудыг хэвлэн гаргасан. Хичээлээ бэлтгэх эсвэл заахдаа худалдаалах зорилгоор хэвлэн гаргасан материалуудыг ашиглахаас зайлсхий. Таны энэ цуврал хичээлийг заах үндсэн материалууд бол судрууд, энэ гарын авлага болон Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага байх юм. Энэ цуврал хичээлийн материалуудыг асар их бодож, залбирсны үр дүнд бэлтгэн боловсруулан гаргасан.
Нэмэлт эх сурвалж
Сүмээс хэвлэгдэн гарсан дараах материалууд нь энэ цуврал хичээлээр яригдсан сэдвүүдийн талаар нэмэлт мэдээлэл өгөх болно. Эдгээр материалыг Сүмийн хангамжийн төвөөс авах боломжтой. Та бас эдгээр номыг гэр бүлдээ ашиглахад оролцогчдыг урамшуулан дэмжиж болно (эдгээрийг Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын vi дахь хуудсан дээр жагсаасан).
-
Гэр бүлийн удирдамж (31180) Энэ удирдамж нь гэр бүлийн зохион байгуулалтыг тайлбарлаж, сайн мэдээг гэр орондоо заах талаар мэдээлэл өгч, санваарын ёслол, адислалуудын үйл явцыг тоймлон тайлбарладаг.
-
Сүмийн сэтгүүл дээрх гэрлэлт, гэр бүлийн тухай өгүүллүүд
-
Family Home Evening Resource Book (31106). Энэ ном нь гэр бүлийн үдшийн хичээлийг бэлтгэхэд эцэг эх, хүүхдүүдэд тусалдаг (3–160, 173–232-р хуудас). Энд гэр бүлийн үдшээ амжилттай хийх (163–170-р хуудас) санаанууд орсон байдаг бөгөөд хүүхдүүддээ тодорхой зарчим, үүрэг хариуцлагыг заах зөвлөмжүүд орсон байдаг (235–262-р хуудас). Энд мөн гэр бүлийн үйл ажиллагааны санаанууд орсон (265–340-р хуудас).
-
Teaching, No Greater Call (36123). Энэ материалд Сүмийн гишүүдийг сайн мэдээний багшийн хувьд өсөж хөгжихөд туслах зарчим, практик зөвлөмжүүд орсон.. Part D, “Teaching in the Home” (125–148-р хуудас) нь нэн ялангуяа эцэг эхчүүдэд тустай.
-
Teaching Guidebook (34595). Энэ удирдамж нь сайн мэдээг заах, сурах үйл явцаа сайжруулахад зориулсан зөвлөмжийг өгдөг.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (34285). Энэ товхимолд болзоо, хувцаслалт ба гадаад төрх, нөхөрлөл, үнэнч шударга байдал, үг яриа, мэдээллийн хэрэгсэл, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, дуу хөгжим, бүжиг, бэлгийн харьцааны цэвэр ариун байдал, ням гарагт баримтлах зүйлс, наманчлал, зохистой байдал ба үйлчлэлийн талаарх Сүмийн жишгүүдийн тойм орсон байдаг.
-
A Parent’s Guide (31125). Энэ гарын авлагад биеийн дотно харилцааны тухай хүүхдүүддээ заахад эцэг эхчүүдэд туслах зөвлөмж орсон.
-
Guidebook for Parents and Guardians of Handicapped Children (31123). Энэ удирдамжид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан зөвлөмж бий. Энд бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заахад нь эцэг эхчүүдэд болон бусдад тусалдаг, Сүмийн хэвлэн гаргасан материалуудын талаарх мэдээлэл орсон.
-
Cornerstones of a Happy Home (33108). Энэ товхимолд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байхдаа хэлсэн үгийг оруулсан.
-
Being a Righteous Husband and Father (35402). Энэ товхимолд Сүмийн 14 дэх ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн үг байгаа.
-
One for the Money: Guide to Family Finance (33293). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны гэр бүлийн төсвөө зохицуулах практик зөвлөмж энэ товхимолд багтсан.