“13-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (1-р хэсэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 63–66
“13-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 63–66
13-р хичээл
Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах
1-р хэсэг
Зорилго
Сайн мэдээний үндсэн зарчим, ёслолуудыг хүүхдүүддээ заах хүсэл, чадвараа нэмэгдүүлэхэд нь оролцогчдод туслах явдал юм.
Бэлтгэл
-
Та “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг хэрэгжүүлж болох арга замуудыг бодож үзээрэй.
-
Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон тодоор бичсэн гарчгуудыг тунгаан бод. Долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг заах арга замуудыг эрэлхийл. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Хичээл заах зөвлөмж
Эцэг эхийн сургаал хүүхдүүдэд нь итгэлдээ хүчтэй байхад тусалж чадна.
Дараах зургуудыг самбарт зур.
-
Энэ хоёр зураг юуг төлөөлж байна вэ? Энэ зургууд хүүхэд өсгөх талаар юу зааж байна вэ?
Хэрэв оролцогчид энэ асуултад хариулж чадахгүй байвал 12-р хичээлд мод тарих тухай өгүүлсэн ерөнхийлөгч Хинклигийн түүхийг тэдэнд сануул. (Хэрэв та энэ хичээлийг дангаар нь зааж, 12-р хичээлийг заагаагүй бол самбар дээрх зургуудыг ярилцахын өмнө 58–59-р хуудсыг үзнэ үү.)
Зүүн талын мод эцэг эх нь гэр орондоо сайн мэдээг заагаагүй, үүний дагуу амьдраагүй учраас сайн мэдээнээс хөндийрч байгаа хүүхдийг төлөөлж байна. Баруун талын мод эцэг эхийнхээ үг, үлгэр жишээгээр дамжуулан сайн мэдээнээс суралцаж байгаа хүүхдийг төлөөлж байна. Хүчтэй салхи дэгдэхэд утсаар уяулсан зулзган мод шулуун чигээрээ ургана. Үүнтэй адил эцэг эх нь хүүхдүүддээ сайн мэдээний энгийн зарчмуудыг заах юм бол хүүхдүүдийнх нь итгэл хүчтэй хэвээр үлдэх магадлал өсдөг.
Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг унш.
-
Энэ судрын хэсэгт цэдэглэснээр, Их Эзэн эцэг эхээс хүүхдүүддээ юу заахыг хүсэн хүлээдэг вэ? (Оролцогчдын хариултыг дор харуулснаар самбарт жагсаан бич.)
-
Эцэг эхчүүд хүүхдүүдээ бага байхад эдгээр зарчим, ёслолыг заах нь яагаад чухал вэ?
Тэргүүлэх бишопоор үйлчилж байхдаа бишоп Робэрт Д.Хэйлс: “Багадаа залбирахыг заалгасан мөн эцэг эхтэйгээ хамт залбирдаг байсан хүүхдүүд өсөж том болоод залбирдаг болох нь гарцаагүй. Багадаа Бурханыг хайрлаж мөн Түүнийг амьд гэдэгт итгэсэн хүүхдүүд төлөвшсөн хойноо ч гэсэн сүнслэг байдлын хувьд үргэлжлүүлэн өсөж хөгжин, хайрын мэдрэмж нь нэмэгдэж байдаг” хэмээн тайлбарласан (Conference Report, Oct. 1993, 10; эсвэл Ensign, Nov. 1993, 10).
Эцэг эх нь сайн мэдээний анхны зарчим, ёслолуудыг хүүхдүүддээ заах үүрэгтэй.
Дараах асуултуудыг ашиглан, эцэг эх нь үр хүүхдэдээ итгэл, наманчлалын зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэн, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад нь тусалж болох арга замуудыг ярилц. Ярилцлагыг хөтлөн явуулахдаа оролцогчдыг өөрсдийн амьдралын жишээнээс хуваалцахад урамшуулан дэмж.
-
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд би Түүний зан чанар, хандлагын талаар зөв ойлголттой байх ёстой. Эцэг эх нь Аврагчийн зан чанар, хандлагыг хүүхдүүддээ ойлгуулахын тулд юу хийж болох вэ?
-
Есүс Иайрын охиныг эдгээсэн (Марк 5:21–24, 35–43) мөн Нифай гуулин ялтаснуудыг авах зарлигийн (1 Нифай 3:1–7) хариуд юу хийсэн тухай түүхийг товч ярьж өг. Эдгээр судрын түүх Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
-
Амьдралынхаа туршлагыг хуваалцах нь хүүхдийн итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Амьдралын сорилт, бэрхшээлийг даван туулахад бидэнд итгэл тусалдгийг хүүхдүүддээ заах боломж бололцоог эцэг эх нь хайж байх ёстойг онцлон хэл. Жишээ нь, хэрэв хүүхэд хичээл дээрээ юм уу найзтайгаа асуудалтай байгаа бол эцэг эх нь судрын аль нэг хэсгийг хүүхэдтэйгээ уншин, удирдамж, тайтгарал авахын тулд залбирахад нь тусалж, дараа нь Их Эзэн хэрхэн тусалдгийг ойлгоход хүүхдэдээ тусалж болно.
-
Эцэг эхчүүд наманчлалын талаар хүүхдүүддээ заахдаа өдөр тутмын амьдралынхаа явцад зааж сургах боломж бололцоог эрэлхийлдэг байх нь яагаад чухал вэ?
Хүүхдүүд нь ухаалаг бус шийдвэр гаргахыг харсан үед эцэг эх шийдвэрийнхээ талаар юу гэж бодож байгааг нь мөн юуг өөрөөр хийж болох байсныг хүүхдүүдээсээ асууж болно гэдгийг тайлбарла. Тэд алдаагаа засаж залруулах боломжийг хүүхдүүдэд олгож, шаардлагатай бол Их Эзэнд болон гомдоосон буюу хохироосон хүмүүстээ харамсаж байгаагаа илэрхийлж болно. Эцэг эхчүүд жинхэнэ наманчлалаар дамжин ирдэг аз жаргал, амар амгаланг танин мэдэхэд хүүхдүүддээ бас тусалж чадна.
-
Залуу Алма (Мозая 27; Алма 36) болон антай-нифай-лихайчуудын (Алма 23) хөрвөлтийг хураангуйлан авч үз. Наманчлал, уучлалын адислалуудын үнэ цэнийг ойлгоход судрын эдгээр түүх хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
-
Оролцогчидтой хамт Мозая 18:8–10 ба Сургаал ба Гэрээ 20:37-г уншиж, баптисмын гэрээг хураангуйлан авч үз. Баптисмын гэрээ байгуулж, түүнийгээ сахихад бэлдэхэд нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ хэрхэн тусалж чадах вэ?
-
Баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахыг хүсэн хүлээхэд нь эцэг эхчүүд ямар арга замаар үр хүүхдэдээ тусалж болох вэ?
Эцэг эхчүүд “хүүхдүүддээ залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг” заах ёстой.
-
Хүүхдүүд залбирлыг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгоход эцэг эхийн үлгэр жишээ яагаад хамгийн сайн багш байдаг вэ?
-
Эцэг эхчүүд залбирлын үлгэр жишээ байхаас гадна залбирлын тухай хүүхдүүддээ ямар ямар зарчмыг зааж болох вэ? (Оролцогчдыг энэ асуултад хариулах үед дараах судрын хэсгүүд болон эшлэлүүдийг уншиж, ярилц. Эдгээр сургаалтай холбоотой туршлагаасаа хуваалцахад оролцогчдыг урамшуулан дэмж.
-
Иаков 1:5–6 (Хэрэв бид Түүнээс итгэлээр гуйх юм бол Бурхан бидэнд мэргэн ухааныг соёрхох болно.)
-
2 Нифай 32:9 (Бид үргэлж залбирах ёстой. Бид Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирдаг.)
-
Алма 37:37 (Бид өөрсдийн хийдэг бүх зүйлд Их Эзэнтэй зөвлөлдвөл Тэрээр биднийг сайн сайхны төлөө удирдах болно.)
-
3 Нифай 18:19–21 (Бид Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирах юм бол хүссэн зөв зүйлээ хүлээн авах болно. Бид гэр бүлээрээ залбирах ёстой.)
-
Сургаал ба Гэрээ 112:10 (Бид даруу байх юм бол Их Эзэн бидний залбиралд хариулах болно.)
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “залбирлын хэлийг” ашиглахын ач холбогдлын талаар заасан. Англи хэлэнд you, your буюу чи, чиний гэсэн үгийн оронд Thee, Thou, Thy болон Thine буюу Та, Таны гэсэн хүндэтгэлтэй үгсийг хэрэглэдэг. Хүүхдүүд энэ хэлийг эцэг эхээсээ сурч болно гэж тэр хэлсэн.
“Бид ярьж байгаа хүмүүсийг сонсож байж, төрөлх хэлээ сурдаг. Бидний Тэнгэрлэг Эцэгтээ хандан хэрэглэдэг хэлний хувьд ч энэ бас адил үнэн юм. Залбирлын хэлийг сурах нь өөр ямар ч хэлнээс илүү амархан, илүү сайхан байдаг. Эцэг эх нь гэр орондоо өдөр тутам хэлдэг, янз бүрийн залбиралд хэрхэн ашигладгийг сонссоноор энэ хэлийг сурах онцгой боломжийг бид үр хүүхдэдээ олгох ёстой” (Conference Report, Apr. 1993, 20; эсвэл Ensign, May 1993, 18).
-
-
Эцэг эх гэр бүлийн залбирлыг хүүхдүүддээ заах цаг болгон хэрхэн ашиглаж болох вэ?
-
Хүүхдүүдийг хувиараа залбирахад урамшуулан дэмжихийн тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ?
-
Их Эзэний өмнө “цэх шулуун алхахыг” (С ба Г 68:28) эцэг эх үр хүүхдэдээ заах ёстой хэмээн Тэрээр хэлсэн. Хүүхдүүдээ “Их Эзэний өмнө цэх шулуун алхахад нь” урамшуулан дэмжихийн тулд эцэг эх нь гэр орон, гэр бүлийн орчноо ямар арга замаар ашиглаж болох вэ? (Сайн мэдээний хууль, ёслолуудыг дуулгавартай дагах, бүх цаг үед хаана ч байсан Бурханы гэрч болон зогсохыг эцэг эх нь хүүхдүүддээ заах болно гэсэн хариулт байж болно.)
-
Өвөө, эмээ болон гэр бүлийн ураг төрлийн бусад гишүүн сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүддээ заахад эцэг эхэд нь хэрхэн тусалж болох вэ? Гэр бүлийн ураг төрлийн гишүүдийн сайн үлгэр жишээ ямар байдлаар хүүхдүүдэд тусалж байхыг та харж байсан бэ?
Дүгнэлт
Зөв шударга ёсны зарчмуудыг үр хүүхдэдээ заах үүрэг хариуцлагыг Бурхан эцэг эхэд ноогдуулан өгснийг онцлон хэл. Энэ хичээлээр заасан зарчмуудын дагуу амьдрахыг хичээж, эдгээрийг хүүхдүүддээ илүү сайн заах арга замыг тодорхойлоход оролцогчдыг урамшуулан дэмж.
Сүнсний удирдамжийн дагуу энэ хичээлийн үеэр авч үзсэн сургаал, зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалц.
Оролцогчдыг Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 54–57-р хуудсыг үзэхийг санал болго. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Гэр бүлүүдийг бэхжүүлэх нь бидний нандин үүрэг” өгүүллийг унших замаар хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ашиг тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.